Төрийн сан дээр цалин гацах болсны шалтгаан
Сүүлийн хэдэн сар Төрийн сан дээр цалин гацсан гэх яриа чих дэлсэх болсон. Цалингаас цалингийн хооронд амьдардаг дундаж монгол өрхөд цалин хоёроос гурав хоног хойшлоно гэдэг асуудал. Тэгвэл цалин төрийн сан дээр гацах болсны шалтгааныг Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хаалтын үеэр олж мэдсэн юм. Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн банк, Сангийн яамтай хамтран хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаатай төслөөс гарсан нэг үр дүн бол Төрийн сан цахим хэлбэрт шилжсэн явдал байв.
Тодруулбал, 21 аймаг, 365 сумын төрийн сангийн нэгжүүд системийн интеграцид орсноор цаашид Төрийн сангаар дамжих төлбөр тооцоо автоматаар цахим санд бүртгэгдэж эхэлсэн байна. Үүний үр дүнд Сангийн яам 2022 онд нийт 388 төрийн сангийн нэгжээр дамжуулан төсвийн 4530 байгууллагын 30 мянга гаруй дансны гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу цахимаар хийж гүйцэтгэжээ.
Төрийн сан цахимд шилжихийн бас нэг давуу тал бол төсвийн байгууллага гүйлгээ хийхэд зарцуулдаг хугацаа болон тээврийн зардал хэмнэгдэхээс гадна цаасан төлбөрийн хүсэлтийг халснаар цаасны хэрэглээ буурах юм. Төрийн сангийн цахим шилжилт орон нутгуудад харилцан адилгүй байгаа тул олон нийт хүлээцтэй хандахыг албаны хүмүүс энэ үеэр зөвлөж байлаа.
Шилэн данс бидэнд ойртсоор
Шилэн дансны тухай хууль 2015 онд батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байсан. Тэгвэл Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж, энэ хүрээнд шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинэчлэн хөгжүүлжээ. Тодруулбал,
2023.01.01-ээс (shilendans.gov.mn) сайт жинхэнээсээ “шилэн” болж бидэнд ойртсон байна. Тодруулбал, шилэн дансны сайтад төрийн алба хаагчид гараар мэдээлэл шивж оруулдаг байдлыг халсан байна.
Улмаар, шилэн дансыг тендер, татвар, төсвийн гүйцэтгэл, орон нутгийн хөгжлийн сангийн цахим хуудсуудтай интеграцид оруулснаар дээрх мэдээллүүд автоматаар шилэн дансанд орж ирдэг болжээ.
Нээлттэй засаглалын гол тулгуур хүчин зүйл нь ил тод, нээлттэй төсөв байдаг. Энэхүү шинэчлэлийн үр дүнд иргэд, олон нийт төрийн байгууллагын төсвийн мэдээлэлд цахимаар хяналт тавих боломж бүрджээ.
Түүнчлэн шилэн дансны цахим хуудсыг хөрөнгө оруулалтын мэдээлэл болон цахим санхүүгийн тайлантай холбох ажил удахгүй хийгдэж дуусах юм байна.
Төр-хувийн хэвшлийн түншлэл сайжирна
Манай улс төр хувийн хэвшлийн түншлэлд анхаарал хандуулж 2010 онд Концессын тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийн хүрээнд 40 орчим төсөл хэрэгжсэн боловч амжилттай кейс байхгүй гэхэд болно. Тэгвэл Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Төр хувийн хэвшлийн түншлэлийн” хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Уг хуулийн төслийг боловсруулахдаа Концессын хуулийн алдаа, оноонд анализ хийж, НҮБ-ээс гаргасан жишиг хуулиас санаа авч, 9 бүлэг 60 зүйлтэй батлуулсан. Хууль ирэх оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхлэнэ” гэж байлаа.
Олон улсын жишгээр төр хувийн хэвшлийн түншлэлд аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж, хэрэглэгчид төлбөрийг нь төлж, эцсийн бүлэгт өмч төрийн мэдэлд үлддэг.
Тодруулбал, Солонгос улсад хувийн хэвшил сургууль бариад 20 жил ажиллуулж, өөрсдөө зардал, ашгаа авсны дараа сургууль төрийн мэдэлд ирдэг. Манай улс энэ жишгээр сумдын эрчим хүч, автозам гэх мэт асуудлыг шийдвэрлэж эхлэх юм байна.