Худалдааны төлөөлөгчөөс захирал болтол дэвшиж ажиллана гэдэг хүссэн хүссэн хүн бүрийн хийж чаддаг ажил биш болов уу. Өнөөдрийн зэрэгт хүрэхэд тань нөлөөлсөн амжилтын түлхүүр юу байв. Эндээс яриагаа эхэлье?
Хүн ямар ч ажил хийж болно. Хамгийн гол нь түүндээ чин сэтгэлээсээ хандах нь л хамгийн чухал гэж боддог. Би инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсөөд Техник Технологийн Дээд сургуульд таван жил мэргэжлийн онол, эдийн засгийн онол зааж, багшилж байлаа. Эхнэр маань анх намайг хувийн хэвшилд ажиллах санал гаргаж, би “Анунгоо”-д худалдааны төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан. Их сургуульд эдийн засгийн онол заадаг байсан хүн бараа бүтээгдэхүүн зарна гээд анх очиход их хүнд байсан. Хүн өөрөө юмыг хийнэ, бүтээнэ гэж зоривол чаддаг юм билээ. Багш байсан хүн ийм сайн борлуулалт хийгээд борлуулалтын захирал, маркетингийн захирал болоод явахад сургалт, хандлага, том байгууллагын соёл нөлөөлсөн.
Бизнесийн салбарт ажиллаад одоо 18 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд үе үеийн удирдлагуудынхаа итгэлийг алдсан удаа надад байхгүй.
MCS -ийн босгыг давж, үндэсний томоохон компанийн эд эс болж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж явсан түүхээсээ хуваалцвал?
MCS-д ажилд орохоор анкет бөглөсөн хүмүүсээс 60 асуулттай 60 минутын асуудал шийдвэрлэх тест авдаг. Түүнийг давсан IQ өндөртэй цөөн хүн байдаг. Тухайн үед би өндөр оноо авсан юм билээ. Ингээд MCS -ийн Анунгоо ХХК-д ажиллах явцдаа мерит зарчмаар өгссөн. Асуудлыг маш хурдтай дүгнэж, шийдвэр гаргадаг, зориглоод хийдэг. Болсон ч болоогүй ч ажлын ард гардаг, асуудлыг давдаг чадвар MCS -ийн Анунгоо ХХК д ажиллаж байхад надад суусан. MCS- ийн соёл бол ерөөсөө л хандлага. Хандлага сайтай хүнтэй л ажиллах хэрэгтэй.
Хандлага сайтай хүнтэй ажиллаж байхад ажил аяндаа бүтдэг. Энэ бол миний зарчим.
Хандлага муу байвал борлуулалтын сектор аюултай, хэцүү шүү дээ. Зарим нь хулгай хийнэ, явна, ирнэ, очно. Хандлага хэчнээн сайн гээд өөрөө хэлээд байсан ч гэсэн ажил, амьдрал нь зөрдөг хүмүүс байдаг. Худалдааны төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан. Түүнээс хойш менежер болон түүнээс дээш төвшинд ажилласан. Намайг шууд удирдаж байсан нэг захирал маань хатуу хүн байлаа. Би чинь анх компьютер дээр сайн ажиллаж чаддаггүй, хоёр хуруугаар л товшдог байлаа. Тийм хүнийг менежер болгож дэвшүүлсэн. Анунгоо ХХК дистрибьютер компани учраас борлуулалтын Procter&Gamble сургалтыг ажилтнууддаа маш сайн ордог байсан. Тэр сургалт байгаагүй бол би ингэж сайн өсөж дэвшиж чадахгүй байсан болов уу.
MCS -ийн группын шилдэг менежер болж, хүндэт жуух бичиг авна гэдэг том даваа шүү дээ. Олон аавын хүү уралдаж байхад тэнд од болж гялалзана гэдэг амаргүй даваа.
Хоёулаа гол яриандаа оръё. ”Арвайн үндэс” компанид ирж ажиллах болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
“Алтанжолоо групп” компаний захирлууд надад анх санал тавихад би “Ер нь үндэсний үйлдвэрлэгч компанид ажиллаж үзье. Маркетинг борлуулалтыг нь аваад явах юм байна, хүчээ үзье” гээд баяртай хүлээж авсан.
Урьд нь би дандаа импортлогч компанид ажиллаж байсан хүн үндэсний үйлдвэрээ босгоё гэх зорилгоор “Арвайн үндэс” компанийг сонгон ажиллаж байна. Товчхондоо, “Арвайн үндэс” компанид 2021 оны нэг сараас ажиллаж эхэлсэн.
Үндэсний үйлдвэрлэгч компанид ажиллах, импортлогч компанид ажиллах хоёр юугаараа ялгаатай санагдаж байна вэ?
Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулаад явж болдог. Харин импортын бүтээгдэхүүнийг бид өөрчлөх боломжгүй. “Арвайн үндэс” бол монгол хүний хөрөнгө оруулалттай, монгол хүний оюун санаагаар бүтэж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани. Би өөрөө ч их үндсэрхэг үзэлтэй хүн. Тийм болохоор монголчууд юу хийж чадаж байна, түүнийг дэмжих ёстой гэж үзсэн учраас энд чадах бүхнээ зориулж байна.
“Алтан жолоо” групп маань 20 дахь удаа топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр энэ жил шалгарсан байна. Үүнд таны оруулсан хувь нэмэр бас орж байгаа болов уу?
Тухайн компанийн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурлаж ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Манайх энэ жил 29 дүгээр байрт орсон байсан. Энд том группийн, багийн ажил явж байгаа болохоор би өөрийгөө товойлгож ярих нь зохимжгүй болов уу.
Таныг энэ компанид ирээд маркетинг, борлуулалтын шинэ баг бүрдүүлж ажилласан гэж сонссон. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
Ер нь бол MCS -ийн Procter&Gamble -ийн сургалтуудыг зааж, хөдөлмөрийн зах зээлээс шинэ баг бүрдүүлж ажилласан. Тэнд багш, эмч гээд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байсан. Бизнесийн удирдлагаар сурч төгссөн хүмүүс ч байлаа. Энэ хүмүүстэйгээ гурав дахь жилдээ ажиллаж байна. Борлуулалтын хувьд ч тодорхой өсөлт авчирч байгаа. Би өөрөө нэгжээс эхэлсэн болохоор тухайн нэгж рүү орж ажиллах сонирхолтой. Тухайн ХТ (худалдааны төлөөлөгч), борлуулагчийн хандлагыг хардаг. Хэчнээн дээд сургууль төгссөн боловсрол, мэдлэгтэй хүн байсан ч хандлага зөв бол анхнаас нь зөв хийгээд сайн сурдаг. Иймд хандлага сайтай хүмүүсээр багаа бүрдүүлэхийг зорьсон.
Нууц биш бол борлуулалтын өсөлтөө тоон дүнгээр хэлэхгүй юү?
Ковид-19 -ийн үеийн борлуулалтаа хоёр дахин өсгөсөн. Сүүлийн гурван жилд “Арвайн үндэс” компани түүхэн борлуулалтыг хийж байна. Татварын үзүүлэлтээр бас нэлээд дээшилсэн байгаа.
Шингэн хүнсний зах зээл хатуу хуулиар зохицуулагддаг, амаргүй зах зээл. Ийм нөхцөлд та борлуулалтаа 2-3 дахин өсгөхийн тулд ямар стратегиар ажилласан бэ?
Тийм шүү. “Арвайн Үндэс” компани хэдийгээр байгуулагдаад 10 гаруй жил болсон ч борлуулалтын үндсэн сууриудыг энэ компанид ажиллаж эхэлснээр нутагшуулж эхэлсэн. Тухайлбал, борлуулалтын төвшинд persalling буюу урьдчилсан захиалгын системийг бүрэн хөгжүүлж, худалдааны төгс шийдэл болгоод явж байна. Одоо удахгүй интерактив “7х7” борлуулалтын шинэ программыг нэвтрүүлэх гээд бэлдэж байна. Энэ бол маш хөгжингүй программ. Үүнээс гадна онлайн захиалгад шилжихээр хөгжүүлэлт хийж, бэлтгэл ажилдаа ороод байна.
Борлуулалтын салбарт ажиллаж байхдаа юунд баярлаж, юунаас аз жаргалыг мэдэрдэг вэ?
ХТ буюу худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхад сарын сүүлийн өдөр хамгийн сайхан байдаг байсан. Харин борлуулалт, маркетингийн захирал хүний хувьд оны сүүлийн өдөр надад хамгийн баяр жаргалтай өдөр байдаг. Яагаад гэвэл тухайн жилийн бизнесийн төлөвлөгөөгөө хийчихсэн, үр дүн амжилт авчирсан, шинэ оныг угтахад, дараагийн бизнес төлөвлөгөөгөө авахад бэлэн зогсож байдаг болохоор тэр.
Тэгвэл хамгийн хэцүү, бэрхшээлтэй санагддаг зүйл нь юу вэ?
Хамгийн хэцүү үе бол шинэ брэндүүд маань гарч ирээд зах зээлд сайн нэвтрэхгүй, лангуун дээр борлогдохгүй удах үед жаахан урамгүй байдаг.
Шинэ брэндийг олонд таниулж, хэрэглээнд нэвтрүүлнэ гэдэг бол цэвэр маркетингийн ажил. Маркетингийн захирал хүний хувьд “Арвайн үндэс” компанид ирээд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцвал?
Маркетинг гэдгийг манайхан сурталчилгаа хийх, инфлүүнсерээр яриулах гэж ойлгодог. Гэтэл эд бол маркетингийн зөвхөн нэг хэсэг.
Маркетинг бол ерөөс брэндбүүкээс л эхэлнэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Брэндбүүк дээр бичигдсэн зүйл бол маркетингийн хууль.
Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид брэндбүүкдээ онцгойлон анхаарах хэрэгтэй. Брэндбүүк, концесцгүй бол шинэ брэнд хийнэ гэж байхгүй. Миний хувьд “Арвайн үндэс” компанид ажиллаж эхэлснээр бүх брэндээ шинэчлээд явж байна. Мөн Ube hero, “Саян”, Aurora, “Ёслол” брэндүүдийг дотоодын зах зээлд шинээр нэвтрүүлж, хэрэглэгчдийн гарт хүргээд байна. Залуучуудын дунд хамгийн зөөлөн шар айраг гэдгээрээ танигдсан Ube hero. Харин “Саян”, Aurora брэндүүдийн үйлдвэрлэлийн процесс нь усыг азонжуулж, хоргүйжүүлж гаргадагаараа онцлогтой. Залуучуудын хэв маяг, хандлагыг судлаад жилд болж өгвөл нэг шинэ брэнд гаргаж, ард түмний хамгийн дуртай бүтээгдэхүүн болгохыг зорьж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар “Арвайн үндэс” компани хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?
Манайх 27 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Грамм, савлагаагаар нь ангилбал SKU 70 орчим болно. Борлуулалтын тухайд шинэ брэндүүд маань хараахан нутагшиж амжаагүй байна. Дэлхийн брэнд оруулж ирэхгүй л бол шинэ, залуу брэндүүдийг таниулахад амаргүй. Үндэсний үйлдвэрлэл алдагдалгүй, ашигтай ажиллахын тулд гаднын том брэндийг импортлох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Миний хувьд дистрибьютер компанид ажиллаж байсан туршлагатай учраас бид ямар нэгэн компаний албан ёсны дистрибьютер болж ажиллах сонирхолтой гэх үүдээ. Мөн дэлхийд алдартай виски, шар айраг зэрэг импортын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа. Үүнээс гадна бас экспортод анхаарал хандуулж эхэлсэн. Бид үндэсний брэндээ экспортод гаргахын төлөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Япон, Солонгос, Герман улсын зах зээлд цөөн тоогоор гаргасан. Европын холбоо руу мөн хандсан байгаа. Энэ мэтээр шинэ зүйл санаачлан, цар хүрээгээ тэлсээр байна.
Компанийнхаа үнэт зүйл, алсын харааг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
”Арвайн үндэс” компанийн үнэт зүйл бол ажилтнууд. Нийт 212 ажилтантай. Дээр нь 21 аймаг дахь салбарын гэрээт ажилтнууд, түгээлтийн жолооч нарыг оролцуулбал 300 орчим хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна.
Ирэх жилүүдэд манай улс бүх л салбарт ажиллах хүчний хомсдолд өртөх нөхцөл үүссэн. Тийм болохоор бид хандлага сайтай хүмүүсээр багаа бүрдүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулахад онцгой анхаарч байна. Манай компанийн уриа бол “Брэндээр ялгарч, чанараар түүчээлнэ”. Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг чухал зүйл бол эздийн сэтгэл. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртгийг Монголдоо шингээе гэсэн сэтгэлтэй захирлууддаа би талархдаг. “Алтан жолоо” группийн менежментийн баг ийм сэтгэлтэй байдаг болохоор ажил нь амжилттай явж байгаа гэж би ойлгодог.
Өмнө нь та ахуйн хэрэглээний зах зээлд ажиллаж байсан. Харин одоо шингэн хүнсний зах зээлд хүч үзэж явна. Эрс тэс зах зээлд хандах иргэдийн хандлага танд мэдрэгддэг байх?
Ахуйн хэрэглээний зах зээлд бид соёлын үрийг тарьж байлаа. Шүдээ энэ оо -оор ингэж угаана, угаалгын нунтаг энд үйлдвэрлэсэн нь сайн гээд л таниулж явлаа. Би “Анунгоо”-д Pampers, Farry, Always, Discreet, Shoulders, Blend-a-med импортолдог компанийн ажилладаг байсан. Эдгээр үгсийг хүмүүсийн чихэнд хоногшуулж чадсан. Ахуйн бараа бүтээгдэхүүнийг хүмүүс харж үзээд, өнгө үзэмжтэй байвал худалдаж авдаг, хэрэглэж үзээд таашаалтай байвал цаашид сонгоод явахад асуудалгүй байдаг. Шингэн хүнс бол үүнээс тэс өөр бизнес. Хүн өөрөө амталж үзнэ, мэдэрнэ. Яг чанартай бүтээгдэхүүн мөн үү гэдгийг өөрөө амсаж, хэрэглэж үзээд дараа нь сонгодог. Харин одоо шингэн хүнсний зах зээлд орж ирээд энийг ингэж амсвал танд ийм мэдрэмж өгнө гэдгийг мэдүүлэх гээд явна. Монголд согтууруулах ундааг үйлдвэрлэлийн аргаар хийдэг болоод 100 жил болж байна. Гэхдээ согтууруулах ундааг зөв хэрэглэх соёл нийгэмд төлөвшиж чадаагүй л байна. Шартана гэдэг бол үндсэндээ буруу хэрэглээ бөгөөд энэ нь элгийг гэмтээж, олон төрлийн өвчний шалтгаан болдог.
Манай улсын шингэн хүнсний зах зээлд хэчнээн компани өрсөлдөж байна вэ?
АПУ, “Спирт бал бурам” компаниуд нэгдсэнээс хойш өрсөлдөөн гэж үгүй, монополь зах зээл болчихлоо. Тэгэхээр бид өрсөлдөх гэхээсээ илүү зах зээлийн чиг хандлагаа дагаж хөгжихийг зорьж байна. Шингэн хүнсний зах зээл бол нэлээд хатуу, ширүүн зах зээл. Лангууны 90 хувьд АПУ, үлдсэн 10 хувьд нь бусад жижиг компани бүтээгдэхүүнээ тавьдаг. Энэ зах зээлд анх хөл тавьж байхад бэрхшээлтэй зүйл их байсан. Харин одоо бид маркетинг, борлуулалтын идэвхжүүлэлтүүд хийж 90:10 -ын харьцааг өөрчлөхийг зорьж ажиллаж байна. Бид брэндинг идэвхтэй хийж буй ч үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж чадалгүй, 30-40 хувийг нь л ашиглаж байна гээд бод доо.
Лангуун дээр ийм том өрсөлдөөн болдог гэж бодсонгүй?
Монголчууд чанартай эсэхийг анзаарахгүй, хамгийн их өрөлттэй бүтээгдэхүүнийг л лангуун дээрээс худалдаж авдаг. Тэгэхээр эргээд хэрэглэгчийн боловсролыг сайжруулмаар санагдаж байгаа юм. Бүх дэлгүүр өөрсдөө импортлогч болчихсон. Сүлжээ дэлгүүр дээр “Лангуу авъя. Манай бүтээгдэхүүнийг өрөөд өгөөч” гэхээр “За, өрөөд өгье. Мөнгөө өг” гэх хандлагатай. Үндэсний үйлдвэрлэл явуулж байгаа компани эдийн засгийн хувьд ямаршуу байх вэ. Бодоод үз дээ. Эздийн хөрөнгийн суурь байгаагүй бол би энэ зах зээл рүү орж ирж ажиллахгүй байлаа. Энэ хатуу зах зээлд орж ажиллана гэдэг их зориг шаардана. Жижиг компаниуд бол өрөвдөлтэй шүү дээ. Хэчнээн сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлээд ч нэмэргүй.
Төр засгаас шингэн хүнсний үндэсний үйлдвэрлэлийн чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэрийг та юу гэж хардаг вэ?
Энэ салбар тун хатуу хууль дүрэмтэй. Эрх зүйн орчны хувьд бол Монополийн хуулийг баталж, компаниудад шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх шаардлагатай. Наад зах нь аль нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн лангууны 90 хувийг эзэлдэг байж болохгүй. Улсдаа татвар, хураамжуудаа цаг тухайд бүрэн төлөөд явж байгаа нөхцөлд бизнесийн орчинд шударга зарчим үйлчлэх ёстой.
“Арвайн үндэс” компанийн цаашдын өсөлтийг та хэрхэн харж байна вэ?
“Манай бүх бүтээгдэхүүн нэг хаалгаар ордог болсон байгаасай” гэж хүсэж байна. “Арвайн үндэс” -тэй харилцахад амар юм аа гэдэг бодлыг хүмүүст бий болгоно гэж харж байна. Таван жилийн дараа гэхэд хэрэглэгчид маань чанартай, шинэ, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн лангуун дээр байна гэдгийг мэддэг болсон байх болов уу.
Шингэн хүнсний зах зээл дээр хэрэглээний соёлыг нэвтрүүлчихвэл асуудалгүй.
Алс ирээдүйд дистрибьютер компани болж, үйлдвэрлэгч, импортлогч хоёр салах болов уу гэж харж байна.
Дээр нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар согтууруулах ундааны градусыг багасгахыг хуульчилсан. Ерөнхийлөгчийн санаачлагаар 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулах шийдвэр гарсан. Тэгэхээр бид үндэсний үйлдвэрлэгчид учраас хүссэн хүсээгүй хуулиа дагаад бууруулаад явна.
“Инээмсэглэлээс илүү чухал хувцаслалт гэж үгүй”, “Инээмсэглэл – Энэ бол хэний ч зүрхэнд таардаг түлхүүр юм” гэх зэрэг үгсийг танай компанийн өнцөг булан бүрт наасан байна. “Арвайн үндэс” компанийн байгууллагын соёлд та хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?
Өмнө нь би хувийн нэг компани-д ажиллахаар очихдоо соёлын шоконд орж байсан удаатай. Харин “Арвайн үндэс”-д анх ирэхэд 2009 оны “Анунгоо”-д ажиллаж байсан үе шиг санагдсан. Тэгэхээр “Арвайн үндэс” бол өөрийн гэсэн соёлтой, өсөж байгаа компани юм болов уу. Манай захирлуудын хувьд MCS -ийн “бүтээгдэхүүн” -ийг авч ирээд байгууллагадаа ажиллуулж байгаа нь ч гэсэн оновчтой шийдвэр байсан болов уу. Би энэ компанид MCS-ийн соёлыг түгээж, тарьж буйдаа баяртай байдаг. Бас энэ компанид ирээд удирдлагын арга барилаас эхлээд олон зүйлд суралцаж байна.
“Арвайн үндэс” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар ажлуудыг хийж байсан бэ?
Манайх нийгмийн хариуцлагын хүрээнд “Арвайн үндэс” автобусны буудлыг тохижуулж өгөх хүсэлтээ төр засагт хүргүүлсэн байгаа. Өнгөрсөн жил тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд “Найрамдал” зуслангийн орчимд компаний ажилчдын зуслан байдаг тэнд 100 гаруй мод суулгаж, тарьсан. Ажилтнуудын дунд “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн уриа гаргаж өөртөө байгаа илүү зүйлсийг бусдад хандивладаг. Мөн хавдрын өвчтэй бяцхан үрсэд хандив өгөх аянуудад манай ажилтнууд маш идэвхтэй оролцдог. Үүнээс гадна “Арвайн үндэс” компани байгуулагдсан цагаасаа хойш Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа ахмад настан, эмзэг бүлгийн хүмүүст буцалтгүй тусламжаар нүүрс, нийгмийн халамжид шаардлагатай зүйлсийг авч өгч ирсэн юм билээ. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд, залуучуудыг соён гэгээрүүлэх зорилготой ажлуудыг соёл, урлагийн салбарынхантай хамтран хийсээр байна.