3 гол санаа
- 2021 онд АНУ-д криптовалютын халуурал дээд цэгтээ хүрсэн ч криптовалютын тэргүүлэх биржийн нэг FTX сүйрснээр эл халуурал 2022 он гэхэд асар хурдан үгүй болсон. Тэр цагаас хойш крипто салбарын байдал улам хүндэрсээр байгаа учир эцсийн амьсгалаа авч байна гэж олон хүнийг үзэхэд хүргэлээ.
- Түүхийн туршид зохицуулалтгүй явж ирсэн тус салбар нь Засгийн газрын хяналт, үнийн уналт, хөрөнгө оруулагчдаа алдсан зэргээс шалтгаалж сүйрсэн гэж зарим нь үзэж байна. Харин зарим нь крипто салбарын тодорхой хэсэг бүрэн устах бөгөөд биткойн, блокчэйн зэрэг гол элементүүдийг харин ч гэрэлт ирээдүй хүлээж байна гэж дүгнэж буй.
- Хэдий бэрхшээл, сорилттой тулгарсан ч криптовалютын салбар нь америкчуудад санхүү, улс төрийн хяналтаа эргүүлэн авах боломжийг өгөх үүргээ биелүүлэх боломжтой аж. Үүний тулд тус салбар иргэдийн итгэлийг эргүүлэн олж авах ёстойгоос гадна дижитал валют нь мөнгөний бодлого, эсвэл хүчин төгөлдөр төлбөрийн системд эрсдэл учруулахгүй гэдгээ Төв банкнуудад харуулах шаардлагатай.
Агуулга
Мөнгөний ирээдүй хэмээн магтуулж байсан криптовалютын нэг төрөл болох биткойны үнэ 2021 оны 11 дүгээр сард 68 мянган ам.долларт хүрэв. Харин нэг жилийн дараа үнэ нь 18 мянган ам.доллар болтлоо навс унаснаас гадна тус салбарынхан криптовалюын FTX биржийн сүйрлийн гэрч болцгоолоо. Ихээхэн ирээдүйтэй гэгдэж байсан виртуал валютын ертөнц өдгөө улам бүр эмзэг, тусгаарлагдмал болж, зарим хүн “Криптогийн сүйрэл ирэв үү?” хэмээн асууж эхэллээ.
Оршил
Криптовалют буюу крипто нь хуурамчаар үйлдвэрлэх, эсвэл нэг валютын нэгжийг хоёр удаа зарцуулах бараг боломжгүй болгосон математикийн алгоритм, техник ашигласан дижитал валют юм. Маш олон криптовалют нь блокчэйн технологи гэж нэрлэдэг төвлөрсөн бус сүлжээг ашигладаг. Эл технологи нь маш олон компьютер холбогдсон том сүлжээг хамарсан дээд зэргийн хамгаалалттай, дистрибютэд систем юм.
Төвлөрсөн удирдлагын хяналтад байдаггүй учраас криптовалют нь аливаа Засгийн газрын зохицуулалт, эсвэл манипуляцаас ангид байдаг.
Криптовалют нь сүүлийн жилүүдэд маш олон шалтгааны улмаас түгээмэл ашиглагдах болсны заримыг доор дурдъя:
- Цөөн хэдэн институцийн гарт эрх мэдэл нь төвлөрдөггүй учраас ам.доллароос ч аюулгүй хэмээн магтуулж байсан
- Маш сайн хамгаалалттай
- Үнэ цэн нь асар хурдан нэмэгдэх боломжтой
- Хураамж, шимтгэл бага
Гэвч крипто зээлдэгчид ээлж дараалан дампуурсан нь маш олон криптовалютын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн 2022 оны дундаас криптогийн оршин тогтнолтой холбоотой асуудал хурцаар яригдах болов. Мөн оны сүүлчээр 32 тэрбум ам.долларын үнэлгээтэй криптовалютын FTX бирж дампуурсан нь крипто ертөнцийг доргиож, Конгресс болон АНУ-ын Үнэт цаасны хорооноос (SEC) шалгалт хийхэд хүргэв. Чухам энэ мөчид олон хүн криптогийн төгсгөл ирсэн эсэх талаар хэлэлцэх болсон билээ.
Таамаг 1: Крипто сөнөсөн
Криптовалютын салбарын эцсийн өдрүүд ирсэн гэж шинжээчдийг хэлэхэд хүргэж буй гол шалтгаан бол зохицуулалтын хямрал юм. Тус салбарт тавих хяналтаа АНУ-ын Үнэт цаасны хороо нэмэгдүүлж эхэлсэн саяхныг хүртэл криптогийн компаниуд ихэнхдээ ямар ч зохицуулалт, дүрэм журамгүй ажиллаж ирсэн. Бүртгэлгүй санхүүгийн үнэт цаасыг лицензгүй биржээр худалдаалсан болон брокер, төлбөр тооцооны үйлчилгээг хууль бусаар үйлдсэн гэсэн хоёр шалтгаанаар Binance, Coinbase зэрэг криптогийн тэргүүлэх компаниудад өнгөрсөн зургаадугаар сард торгууль тавьснаар SEC-ийн зүгээс эхний “сумаа тавьсан” юм. Засгийн газрын зохицуулалт, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах нь криптогийн олон компанийн хувьд маш том сорилт болно. Одоогоор криптотой холбоотой 150 гаруй хэргийг SEC шалгаж байгаа бөгөөд АНУ-ын крипто биржүүд хуулийн хүрээнд ажиллах, эс бөгөөс үйл ажиллагаагаа бүрэн зогсоох гэсэн хоёр сонголттой тулгарч магадгүй.
Түүнээс гадна криптогийн салбар уналтад орно гэсэн өөр хэд хэдэн шалтгааныг шинжээчид нэрлэж буй. Тухайлбал.
- Үнийн уналт: ихэнх криптовалютын үнэ, үнэлгээ 2021 оны 11 дүгээр сарын оргил түвшнээс бараг гуравны хоёр хувиар унаад байгаа бөгөөд дээд амжилт тогтоож байсан үетэй харьцуулбал гүйлгээний хэмжээ нь өчүүхэн (10 орчим хувь) төдий болоод байна.
- Хөрөнгө оруулагчид ашгаа олж, хэдэн тэрбум ам.доллар өвөртөлж аваад криптогийн ертөнцийг орхисон.
- Луйвар: Том компаниас эхлээд жижиг компани, стэйбл койноос өгсүүлээд бирж, NFT, койноо бирж дээр анхлан борлуулах арга, токен гээд криптогийн бараг бүхий л талбар нь залилан, хууран мэхлэлтээр “бөөстсөн”. Тэр тусмаа криптогийн компаниудын оршин тогтнол, анхны суурь нь тэр чигтээ эрсдэл, залилангаас эхлэлтэй байв.
- Хөөсрөлт, тогтворгүй байдал: Санхүүгийн маш олон хэрэгслийн үнэ байнга өсөж, буурдаг жамтай боловч криптогийн үнийн хэлбэлзэл нь таамаглах даанч боломжгүй байдаг. NFT, бирж дээрх койны борлуулалт зэрэг нь гэнэт гарч ирж, хүмүүсээс олон тэрбум ам.доллар татсаныхаа дараа сүйрч байв.
- Крипто хэт нууцлаг: Ойлгохгүй зүйлдээ хүмүүст хөрөнгө оруулахгүй. Блокчэйн технологи анх бий болсноос 14 жилийн дараа ч маш олон хүн уг технологи хэрхэн ажилладаг болон Web3, токен, койн, NFT гэж юу болох, крипто хөрөнгийг хэрхэн худалдаж авах, оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн удирдахаа мэдэхгүй хэвээр л байна. Хүмүүс сонирхохгүй, хөрөнгө оруулагчид байхгүй бол крипто салбар цаашид улам жижгэрэх нь гарцаагүй.
Таамаг 2: Крипто сөнөөгүй
Дижитал валют нь Холбооны нөөцийн банкийг ажилгүй, шаардлагагүй болгож, Уолл Стрит, Мэйн Стритийн байр суурийг эзэлнэ, вебийг Web3 орлоно гэх мэт криптотой холбоотой зарим мөрөөдөл огт биелэхгүй нь тодорхой болсон ч бусад талбар нь амьд бөгөөд цаашид хөгжих бүрэн боломжтой гэж зарим мэргэжилтэн үзсээр буй.
Тухайлбал:
- Биткойн нэр хүндтэй хэвээр байна. Хүмүүс биткойныг хөрөнгө оруулалтын сайн сонголт гэж үзсэн хэвээр байгаа бөгөөд банкны сүлжээ ашиглах боломжгүй нөхцөлд, тухайлбал Украин дахь хүний эрхийн төлөө тэмцэгчид, уур амьсгалын дүрвэгч нарт мөнгө шилжүүлэх зэрэг тохиолдолд биткойн нь зөв сонголт болж байгаа юм. Түүнчлэн зах зээлийн өгсөлт, уруудалтын үед ч биткойн нь тогтвортой хэвээр үлдэж, санхүүгийн томоохон институцүүдэд хүлээн зөвшөөрөгдөх болов.
- Блокчэйн бол санхүүгийн салбараас гадна эрүүл мэнд, санал хураалт, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага зэрэг бусад салбарт эрс өөрчлөлт авчрах хүчирхэг, нийтлэг технологи юм.
Ирээдүйн төлөв
Криптовалютад эргэлзэх, үгүйсгэх олон шалтгаан байгаа ч зарим шинжээчийн үзэж буйгаар ойрын жилүүддээ бүр алга болгож болохгүй. Учир нь цахим валют бол америкчуудад санхүү, улс төрийн хяналтаа гартаа авах потенциальтай байх боломжтой. Энэ хүлээлтийг биелүүлэхийн крипто салбарынхан залилагчид гэсэн өөрсдийн муу нэр хүндээс ангижирч, олон нийтийн иттгэлийг олох хэрэгтэй. Түүнчлэн цахим валют нь зээл, мөнгөний бодлого эсвэл төлбөр тооцооны системийн дэд бүтцэд эрсдэлгүй гэдгийг төв банкнуудад батлах шаардлагатай болж байна.