Э.Жавхланбаяр ажил дээрээ хааяа ядрахдаа үйлдвэрийнхээ заал руу орно. Тэндээс хэвлэлийн машинаас гарч буй шинэхэн сав баглаа боодлуудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ харж, хэдхэн жилийн өмнө энэ бүхнээ хэрхэн эхлүүлж байсан, одоо ямар болсныг эргэн нэг бодоход эрч хүч сэргэнэ. Хөндлөнгийн хэн нэгэн үйлдвэрт орвол тийм сайхан үнэр гэж хэлэхгүй ч түүний хувьд энэ бол хамгийн тааламжтай нь. Учир нь энэ бол түүний хөдөлмөрийн үнэр юм.
***
Хүүхдүүд том болжээ
Царамтайн Арвай компани эдүгээ 70 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Э.Жавхланбаярыг БНХАУ-д тоног төхөөрөмжийн том үзэсгэлэнд оролцож, олон хотоор яван тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй уулзсан урт аяллаас дөнгөж ирээд байхад нь ярилцсан юм. Тэрээр үйлдвэрийнхээ хүчин чадал, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх зорилгоор Монголын зах зээлд тохирсон тоног төхөөрөмжийн бүрдлийг захиалчхаад ирсэн, барилгын ажил бараг дундаа орж байгаа гэдгийг дуулгалаа.
Санхүүгийн том компанийн аудитын албыг ахалдаг, өндөр цалин авдаг байснаа гэнэтхэн юугаа ч мэдэхгүй салбар луу үсрэн орж, нялх хүүхдээ, ар гэрээ орхин гадаадын үйлдвэрүүдээр баахан явж, хотоос зайтай газар үйлдвэр бариад эхлэхэд “Монгол эмэгтэй хүнээс л ийм тэнэг зориг гарна” гэж нэг хүн хэлж байсныг дурсав. Тоног төхөөрөмж, түүхий эдээ авчирч, гадаад мэргэжилтэн урьж угсруулаад л болчихлоо гэж бодтол мэргэжлийн боловсон хүчнээс эхлээд тооцоолоогүй олон бэрхшээл дундуур зүтгэхээс өөр аргагүй болжээ. Үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байтал цар тахал гарсан нь улам хүнд сорилт болов. “Ажил олгогч болж, цалин тавьдаг болоод үс маань бууралтсан” гэж хэлээд тэр инээв.
Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд удаагүй байсан түүнд сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэхэд маш их тэвчээр, хүчин зүтгэл гарна гэдгийг мэдэж байсан ч оролдоод үзэхээр шийдсэн нь үр дүнгээ өгч байна. Тус үйлдвэр 2021 оны тавдугаар сард Монголд анх удаа сав баглаа боодлын сүүлийн үеийн технологи болох матт, гялгар хосолсон хэвлэлтэй технологийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлж, харилцагч нарынхаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иноваци шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Түүнчлэн удахгүй ISO стандарт нэвтрүүлэхээр бэлдэж байна.
Ийнхүү Э.Жавхланбаяр зургаан жилийн өмнөөс хоёр “хүүхэд” бойжуулсны нэг нь өнөөдөр сургуулийн насанд хүрч, нөгөө нь дотоодын зах зээлд хэдийнээ танигдаж, өсөлтийн замдаа эргэлт буцалтгүй оржээ.
Брэндийн үнэ цэнийг нэмнэ
Э.Жавхланбаяр Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байхдаа хүнсний болон ахуйн хэрэглээний сав баглаа боодол, гялгар уутны салбарыг сонирхож, гурван жил орчим судалжээ. Нэгэн удаа Японд энэ төрлийн үзэсгэлэн дээр очоод тэнд оролцож байсан Монголын зарим компанийн бүтээгдэхүүний сав баглаа боодол нэлээн болхи байгааг харжээ. Жишээ нь, буруу нээгддэг, өнгө, текст дээр олон улсын стандартад нийцээгүй зэрэг алдаанаас болж бүтээгдэхүүн өөрөө чанартай хэрнээ сав баглаа боодлоосоо шалтгаалж үнэ цэн нь буурч байгааг анзаарав.
Цаашлаад уг салбарын дотоодын зах зээл, тоног төхөөрөмж, олон улсын чиг хандлага, импорт гэх мэтээр тал бүрээс нь судлах тусам хэрэв сав баглаа боодол, шошго, гялгар уутыг дотооддоо үйлдвэрлэвэл импортыг орлоод зогсохгүй үйлдвэрлэгчдэд маш том үнэ цэн өгч болох юм гэдэг итгэл үнэмшил нь улам бэхжив.
Эндээс хамгийн чухал нь сав баглаа боодол тухайн бүтээгдэхүүний брэндийн үнэ цэнийг хадгалах, тодруулах арга хэрэгсэл болдог. Учир нь хүнсний үйлдвэрлэл ширүүн өрсөлдөөнтэй. Өрсөлдөөнтэй болохоор тухайн компани шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ брэндингийн кампанит ажилд их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүн хүч, хичээл зүтгэл гаргадаг. Гаднын экспертүүд хөлсөлнө, үнэтэй дизайн гаргуулна гэх мэт.
Харин энэ бүхний үр дүн, өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүний “амин сүнс”, хувь заяа, хэрэглэгчийн сонголтод шууд нөлөөлөх байдал нь сав баглаа боодол дээр илэрдэг. Ийм нөхцөлд гадаадад захиалж хийлгэх нь дотоодод захиалснаас илүү эрсдэлтэй. Заавал их хэмжээгээр захиалж, төлбөрөө урьдчилаад бүрэн хийж байж үйлдвэрлэгчийн гар дээр ирдэг, буруу үйлдвэрлэсэн ч буцаалт байхгүй, өнгө нь зөрөх зэрэг алдаатай уут ирэхэд хөрөнгө мөнгөө гаргасан компани энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөд зах зээлд гаргахаас өөр зам байдаггүй, цаг хугацаа алдана, үргүй зардал гарна, брэндингийн хөдөлмөр талаар болно.
Харин дотоодод үйлдвэрлүүлж байгаа тохиолдолд захиалагч талын төлөөлөл үйлдвэр дээр ирээд хүүхэд шиг бойжуулж бий болгосон брэнд нь сав баглаа боодол болоод гарч ирэхдээ шингээсэн санаа, мэссэж нь алдагдаж буй эсэхийг шалгаж, засаж сайжруулах бололцоотой.
Түүнээс гадна хүнсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг өөрчлөх, ISO авах үед түүнийгээ сав баглаа боодол, шошго дээрээ нэмэх эсвэл Наадам, Цагаан сар гэх мэт тэмдэглэлт баярын үеэр бүтээгдэхүүн дээрээ хэрэглэгчдэдээ зориулаад мэндчилгээ бичих зэрэг олон талын хэрэгцээтэй. Импортоор авч буй тохиолдолд тэр болгоныг шингээн шинээр захиалга хийхэд дахин зардлын хэмжээ их гардаг.
Мөн нэг компани хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол бүтээгдэхүүн бүрийн хэрэглэгчдийн тоо, зах зээл, амьдралын мөчлөг нь өөр өөр. Бүгдэд нь зориулаад олон тооны сав баглаа боодол захиална гэдэг хэтэрхий хайран, үрэлгэн хэрэг болно. Харин дотоодын үйлдвэрт захиалбал энэ хэрэгцээний шийдлүүдийг хурдан хугацаанд боловсруулж гүйцэтгэдэг.
Царамтайн Арвай компани үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэгчдэд тухайн бүтээгдэхүүнд тохирох өвөрмөц шийдэл, санаануудыг зөвлөдөг нь харилцагчдад таалагддаг. Энэ талаар Э.Жавхланбаяр “Янзага” жигнэмэгтэй холбоотой нэгэн түүх ярив. Дотоодын нэгэн томоохон үйлдвэрийн нойтон салфетканы уутыг тэд рулоноор буюу автомат савлагаагаар үйлдвэрлэдэг. Гэхдээ салфетканы наалтыг Хятадад захиалж хийлгэдгийг, тийм наалт хийдэг тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байна. Гэхдээ тэр тоног төхөөрөмжийг зөвхөн нойтон салфетканд зориулаад захиалгагүй үед сул зогсоох нь үр ашиггүй байсан учраас Талх Чихэр ХК-ийн Жигнэмгийн үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт жигнэмгийнхээ боодлыг нойтон салфетка шиг нээдэг болгох саналыг тавьжээ. Тус компанийн удирдлагад энэ санаа таалагдаж, эцэст нь хэрэглэгчид Янзага, Сарьдаг гэх хоёр жигнэмэг идэх явцад боодлыг нь олон удаа нээж, хаах шийдэлтэйгээр хэрэглэгчдийнхээ гарт очжээ. Ингэснээр нэгдүгээрт брэндүүд илүү орчин үелэг болж, хоёрдугаарт тоног төхөөрөмж сул зогсолтгүй болсон байна.
“Хайрцаглагдсан” хариуцлага
Аливаа үйлдвэрлэлийн нэг том онцлог нь хариуцлагаар бизнесийн үнэ цэн улам өсөж байдаг, зарим тохиолдолд хагас цэрэгжсэн зохион байгуулалтаар ажиллах шаардлагатай болдог. Ялангуяа сав баглаа боодлын хувьд хамтрагч үйлдвэрүүд, тэдний цаана хэрэглэгчид хүлээж байдаг болохоор алдагдал хүлээхээр байсан ч үйлдвэрлэхээс өөр аргагүй үе тохиодог.
Цар тахлын үеэр дотоодын үйлдвэрлэгчид Царамтайн Арвайн ашиг тусыг илүү сайн ойлгосон байна. Тэр үед импортоор сав баглаа боодлоо авдаг байсан олон компанийн бүтээгдэхүүн тасалдсан бол Царамтайн Арвай түүхий эдийн нөөцтэй байсан учраас гэрээтэй ажиллаж байсан үйлдвэрүүдэд тийм зүйл тулгараагүй, ингэснээр бизнесийнх нь, ажилчдынх нь орлого тасалдах эрсдэлээс зайлсхийжээ.
Одоогоор манай улс сав баглаа боодлынхоо 70 орчим хувийг импортоор хангадаг хэвээр байгаа.
Хариуцлагыг нэмдэг бусад хүчин зүйл гэвэл чанар, эрүүл ахуйн шаардлага юм. Чанарын тал дээр АПУ ХК-ийн шошгуудыг хийсэн нь хамгийн том шалгуур байсан тухай Э.Жавхланбаяр ярилаа. Жишээ нь, нэг см-ыг 10 хуваасан нарийвчлалтай шошгын хэмжээ, хэвлэлтийн шаардлагыг энэ хамт олон үйлдвэрлэж чаджээ. Эхэндээ нэг цэвэр усных нь 30 хувьд шошго үйлдвэрлэж, дараа нь гурван төрөл, зургаан төрөл бүтээгдэхүүн гэх мэтээр найдвартай ханган нийлүүлэгч болж, эдүгээ АПУ ХК-ийн бүх шошгуудыг үйлдвэрлэдэг болжээ.
Эрүүл ахуйн тал дээр сав баглаа боодол нь хүнсний аюулгүй байдлын салшгүй хэсэг, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл юм. Тиймээс дотоодод үйлдвэрлэхэд эрүүл ахуйн хувьд илүү найдвартай байдаг.
Түүнчлэн тогтвортой хөгжлийн үзэл санааны дагуу сүүлийн үед гялгар уутыг байгальд ээлтэй, нарны гэрлээр задардаг, дахин боловсруулдаг түүхий эдээр хийдэг технологиуд нэвтэрсэн. Сав баглаа боодлын зарим бүтээгдэхүүн дахин боловсруулж болдог түүхий эд материалаар хийгддэг, дараа нь траншейны таг, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, сантехникийн хоолой, кольцо гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг болсныг Э.Жавхланбаяр сонирхууллаа.
Одоогоор манай улс сав баглаа боодлынхоо 70 орчим хувийг импортоор хангадаг хэвээр байгаа. Нийгэм, эдийн засгийн том ач холбогдолтой хэрнээ бодлогын дэмжлэг бараг байхгүй, боловсон хүчний хомсдолтой ч Э.Жавхланбаярын бизнес нөр их хөдөлмөр, итгэл хүлээсэн үйл ажиллагааныхаа ачаар органикаар өссөөр байна. Тэрээр сав баглаа боодлын олон улсын сүүлийн үеийн соёл, хандлагыг үргэлж судалж, цаашдаа дэлхийн түвшний үйлдвэрлэл эрхлэхийг зорьж байгаа гэдгээ онцоллоо.