Санхүүгийн салбарын тулгын гурван чулуу гэгддэг банкны систем, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын хөгжил манай улсад тэнгэр газар шиг ялгаатай. Энэ “гурван чулуу”-ны хэмжээ эрс ялгаатай байх тусмаа санхүүгийн зах зээлийн “тулга”-н дахь “гал” бөхнө гэж шинжээчид үздэг.
Одоогоос жилийн өмнө банкны салбарын нийт актив 42.1 их наяд төгрөг байсан бол хөрөнгийн зах зээл маш бага орон зайд оршин тогтнож байсан юм. 2022 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 4.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байв.
Харин өнгөрсөн намраас системийн нөлөө бүхий банкнууд ээлж дараалан IPO хийж, олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжиж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч, 129 хувиар тэлээд байна. Монголын хөрөнгийн биржид 190 шахам хувьцаат компани бүртгэлтэйгээс зөвхөн таван банк л нийт үнэлгээний 52.7 хувийг бүрдүүлж байна.
Банкны салбарын шинэтгэлийн хүрээнд IPO хийсэн системийн нөлөө бүхий таван банк олон нийтээс 446.79 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол 70 мянга гаруй хөрөнгө оруулагч системийн нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигч болсон талаар ч Санхүүгийн зохицуулах хороо онцлон мэдэгдэж байна.
Сонирхолтой баримт: 31 жилийн өмнө хөрөнгийн биржид бүртгүүлж, зах зээлд хөл тавьсан ууган хувьцаат компани АПУ тэргүүлэгчийн байр сууриа банкнуудад тавьж өглөө. АПУ ХК ганцаараа нэг их наядыг давсан үнэлгээтэй “аварга” компани байсан бол одоо Хаан, Худалдаа хөгжлийн банкны араас гуравт эрэмбэлэгдэж байна.
Хөрөнгийн зах зээлд банкнууд хүч түрэн орж ирэхээс өмнө хөрөнгө оруулагчид хүнс үйлдвэрлэлийн салбар руу хошуурч байсан. Харин одоо АПУ, орон нутгийн өмчит Тавантолгойг эс тооцвол 400 тэрбум төгрөгөөс дээш үнэлгээ бүхий томоохон хувьцаат компаниуд бүгд банк санхүүгийн салбарын тоглогчид байна. Тэр дундаа финтекийн хөгжил нэгэнт эрчээ авч авсныг “Инвескор” ББСБ-ын зах зээлийн үнэлгээнээс харж болохоор байна.
Хувьцаа сонирхогчдын ёс мэт сонгож хувьцааг нь авдаг зарим компанийн зах зээлийн үнэлгээ ч анхаарал татаж байна. Жишээ болгон дурдвал, энэ оны зургаадугаар сарын 22-ны байдлаар “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 232 тэрбум төгрөг байсан бол “Монгол даатгал” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 195 тэрбум төгрөг байна. Харин “Сүү” ХК 138 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна. Мөн СU сүлжээ дэлгүүрийн франчайз эрхийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 137 тэрбум төгрөг болсон бол “Түмэн шувуут” ХК 66 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна. Өөр нэг анхаарал татах компани бол Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК. Баянхонгор аймагт Баян хөндийн алтны төслийг хэрэгжүүлэгч тус компанийн зах зээлийн үнэлгээ 310 тэрбум төгрөг байна.
Одоогоор хөрөнгийн зах зээлд “баавгай” унтаж буй ч зах зээлд “бух” ноёлох цагаар хувьцаат компаниуд алдсан үнэлгээгээ сэргээнэ гэсэн хүлээлт байна. Тиймээс гадаад, дотоодын зах зээлд хөл тавихаар шийдсэн бол тухайн компаниа судлахаас гадна гол индексүүд, макро эдийн засгийн үзүүлэлтүүд хааш чиглэж буйг нарийн анхаарах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Түүнчлэн салбаруудын онцлогийг ч харгалзан үзэж шаардлагатай гэж тэд хэлж байсан юм. Тухайлбал, улс орны эдийн засаг өсөх тусам банкны салбар тэлнэ. Энэ хэрээр хувьцааных нь үнэ цэн өснө гэж банкны андеррайтерууд IPO бүрийн өмнө онцолж байсан.
Банкнуудын хувьцааны ханш ирээдүйд хэр өсөхийг бат ноттой хэлж чадахгүй ч банкнууд зах зээл дэх “бух”-ууд байх болно гэдэгт банкны салбарынхан итгэлтэй байна. Гэхдээ одоо бол банкнуудын хувьцааны ханш анхдагч зах зээлийн ханшаасаа хол хөдлөөгүй байгаа. Энэ нь банкны хөрөнгө оруулагчдад гонсойх мэдрэмж өгч байж болох ч нөгөө талаар “банкны эзэн” болох боломж одоо ч нээлттэй байгааг илтгэж байна гэж ҮЦК-иудын төлөөллүүд сануулж байсан юм.
Түүхэн эргэлт гэдэг нь гарцаагүй
Банкнууд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсон нь Монголын санхүүгийн салбарын түүхэнд тодоор тэмдэглэх үйл явдал юм. Мөн одоогоос 10 жилийн өмнө иргэн бүрд тараасан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ч чухал гэж тодорхойлж болно. Ялгаагүй л баялгийн шударга хуваарилалтын төлөө гэх “лоозон” дор өрнөсөн үйл явдал.
Гэвч “Эрдэнэс Тавантолгой” хаалттай хувьцаат компани хэвээр байгаа цагт “1072 хувьцаа” ач холбогдлоороо “банкнуудын IPO”-г гүйцэхгүй.
“Өмч хувьчлалын үеэр тараасан цэнхэр, ягаан тасалбараар том үйлдвэрүүдийн хувьцааг авчихсан бол өдийд баяжчих байсан юм. Даанч хэдэн мал болгоод үхүүлчихсэн” гэж халаглах хүмүүс та бидний дунд бишгүй бий. Зарим нь бүр өмч хувьчлах эрхийн бичгээ номны завсар хавчуулаад мартчихсан байх жишээтэй. Тэр үед хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг нимгэн байсан байж болох ч банкны салбарын шинэтгэл мэдээллийн “шуурга” дунд өрнөж байна.
“Эхний тойрог”-ийн дараах банкнууд
Банкнуудын IPO, хувьцааны үнэ цэнийг учир мэдэх хөрөнгө оруулагчид хэдийнэ ойлгочихсон байсан. Стратегийн хөрөнгө оруулагчид мөнгөө бэлдчихээд захиалга нээгдэх эхний өдрийг “отож” байсан гэж хэлбэл хилсдэхгүй. Эхний өдрөө л банкнуудын хувьцааны захиалга дүүрч байсныг хөрөнгө оруулагчид анзаарсан байх. Бүх банкны хувьцаа эрэлттэй байсан учраас жижиг хөрөнгө оруулагчдын хувьцааг хувь тэнцүүлэн хуваарилсан.
Хамгийн анх IPO хийсэн системийн нөлөө бүхий банк бол Төрийн банк. Нийт хувьцааныхаа таван хувийг санал болгож, 22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байсан тус банкны хувьцааны эрэлт нийлүүлэлтээс гурав дахин давж, багахан хэмжээний нэмэлт хувьцаа нэмж гаргасан. Өндөр эрэлт үүсгэсэн учраас хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлмэгц эхний дөрвөн өдөрт Төрийн банкны хувьцааны ханш 1200 төгрөгт хүрч, хоёр дахин нугарсан. Гэвч тав дахь өдрөөсөө алгуур буусаар анхдагч зээлийн ханштайгаа ойролцоо төвшинд ирээд тогтворжсон юм.
Төрийн банкны дараа Голомт банк IPO хийсэн. Голомт банкны хувьцааны эрэлт бараг 70 шахам хувиар давж, мөн л нэмэлт хувьцаа гаргасан. Гэвч олон нийтээс 118 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Голомт банкны хувьцааны ханш хоёрдогч зах зээлд төдийлөн өсөхгүй байсаар 20 хувиар унаад байна. Энэ бол системийн нөлөө бүхий бусад банктай харьцуулахад хамгийн том уналт юм.
“Голомт”-оос бараг таван сарын дараа хамгийн өндөр хүлээлт, хамгийн их үнийн дүн бүхий IPO болсон нь Хаан банкны IPO байв. Хаан банкны хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн эхний гурван хоногт 35 хувиар өссөн. Хувьцааныхаа 10 хувийг олон нийтэд арилжиж, 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Хаан банк зах зээлийн үнэлгээг хоёр их наяд төгрөгөөр тэлж, анхдагч зах зээлийн ханш нь ч өсөлттэй хэвээр байна.
Харин сүүлд Худалдаа хөгжлийн банк болон ХасБанк тун ойрхон хугацаанд IPO хийлээ. Худалдаа хөгжлийн банк олон улсын биржид давхар бүртгэлтэй компани болж, гадаад зах зээлд хөл тавих алсын хараатай байгаагаа IPO хийх үеэрээ мэдэгдсэн. Энэ ч утгаараа хувьцаагаа олон жижиглээгүй. Нэгж хувьцаагаа ч хямд үнэлээгүй. 33 мянган төгрөгөөр анхдагч зах зээлд гарсан тус банкны хувьцааны ханш мөн л өсөлттэй байна.
Банкны салбарын шинэтгэлийн хүрээнд нээлттэй хувьцаат компани болж, банкнуудын “буухиа”-г өндөрлүүлсэн “гол тоглогч” бол ХасБанк. ХасБанкны тухайд, байгуулагдсанаасаа хойш хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлөөс зайлсхийж, засаглалын эрүүл бүтцийг хадгалж ирснээ онцолдог. ХасБанкны толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийг Монголын алт, Олон улсын санхүүгийн корпорац, Канадын үндэсний банк гэх мэт өөр хоорондоо харилцан хамааралгүй 12 байгууллага, иргэн эзэмшдэг. Мөн нэг хувьцаа эзэмшигч нь дангаараа 20 хувиас илүүгүй хувь эзэмшдэг юм. Харин 677 төгрөгөөр анхдагч зах зээлд гарсан хувьцааных нь ханш зургаадугаар сарын 23-ны байдлаар 620 төгрөг болж унажээ.
Банкнуудын IPO Хаан банкаар үргэлжилж байхад сонирхолтой хөдөлгөөн хөрөнгийн зах зээлд бий болсон. Нийт хөрөнгийн хэмжээ нь 15 их наяд төгрөгт хүрсэн энэ “аварга” банк хөрөнгийн зах зээлд хөл тавих сургаар хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж эхэлсэн юм. Хаан банкны анхдагч зах зээлийн арилжаа эхлэхийн өмнө бүх хувьцаат компанийн хувьцааны ханш унасан. Хөрөнгө оруулагчид энэ хөдөлгөөнөөс “дохио” авчихад илүүдэхгүй. Банкнууд “дараагийн тойрог”-т нэмэлт хувьцаа гаргаж, ахин IPO хийх үеэр энэ байдал дахин давтагдахыг үгүйсгэхгүй.
Банкнууд юуны төлөө “буухиалав”
Банкны систем хурдацтай тэлж байлаа. 2015 онд банкны салбарын нийт хөрөнгө 21 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол одоо 46 их наядад хүрээд байна. Гэвч энэ өсөлттэй зэрэгцэн салбарын ирээдүйг нь боомилох “хорт хавдар” төлжиж эхэлсэн юм. Банкны засаглал санаа зовох хэмжээнд хүрэв. Арилжааны банкнуудад гурав хүртэлх тооны хувьцаа эзэмшигч хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмших нь түгээмэл болсон байлаа.
Цар тахлын өмнөхөн банкны салбарын шинэтгэлийн тухай яриа эрх баригчдын дунд халуун сэдэв болж, 2021 онд УИХ Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Мөн хөгжлийн баримт бичгүүдэд банкны салбарын шинэтгэл, хөрөнгийн зах зээлийн тэлэлтийн талаар ч тусгасан юм. Шинэтгэлийн гол зорилго нь банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах байв.
Банкнууд цөөн эзэдтэй байх хөгжил дэвшилд нь олон талаар “чөдөр” болдог. Тухайлбал, банкны хувь эзэмшлийн төвлөрөл өндөр байх тусам санхүү, төлбөрийн чадваргүй болох эрсдэл нэмэгддэг байна. Европт хувь эзэмшлийн төвлөрөл өндөртэй банкнууд орлогоо тогтвортой харагдуулахын тулд зээлийн эрсдэлийн сангаа өөрсдийн үзэмж, тооцоололд үндэслэн тогтоох нь ч хэвийн үзэгдэл байжээ.
Манай улсын хувьд, арилжааны банкнуудад хяналт тавих тогтолцоо сул байсан. Зөвхөн Монголбанк л тодорхой давтамжтайгаар хяналт шалгалт хийнэ. Иймээс хувь эзэмшлийн төвлөрөл өндөртэй банкнуудын эрсдэлтэй үйл ажиллагаанд тухай бүрд нь хяналт тавих боломжгүй байсан гэж болно. Харин одоо Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, олон нийт гээд бүхий л талаас хяналт тавих боломж бүрдээд байна.
Гэхдээ нэг зүйлийг ахин сануулъя. Системийн нөлөө бүхий банкнууд нийт хувьцааныхаа 5-11 хувийг л олон нийтийн мэдэлд өгсөн. Хамгийн өсөлттэй салбарын “тоглогчид” болох банкнууд хуруу дарам цөөн эзэдтэй хэвээр л байна.
Одоогоор ХасБанкны толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг шууд байдлаар тус банкны хувьцаа эзэмшигч болгохоор ажиллаж байна.
Банкнууд үүдээ нээж, багахан завсар гаргасан ч иргэд, хөрөнгө оруулагчид мэдээлэлд ойр байж чадвал хамгийн өсөлттэй салбарын эзэд болж, ногдол ашиг хүртэх боломжтой.
Эх сурвалжууд удахгүй “хоёрдугаар тойргийн буухиа” эхлэх гэж буйг сануулж байна. Тодруулбал, Төрийн банк энэ ондоо багтан нэмэлт хувьцаа гаргаж, ахин IPO хийх төлөвтэй байна. Салбарын шинэтгэлийг өртөөлж буй энэ буухиа цөөн эздээс хамааралтай банкнуудын засаглалыг зөв болтол үргэлжилнэ. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээдийн хамтран эзэмших хувь 20 болтол банкнууд хувьцаагаа арилжина.
Банкнууд олон нийтээс хөрөнгө оруулалт татсанаар банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанар сайжирч, эрсдэл даах чадвар нь нэмэгддэг. Мөн эзэд нь банкны үйл ажиллагаанд хэт оролцох, улс төрийн шахаанд орох, ашиг сонирхлын зөрчилтэй зээл олгох зэрэг эрсдэлт байдлаас ч холдоно. Нөгөө талаар, хөрөнгийн зах зээл тэлэх нь бизнесийн орчинд гэрэл асаадаг. Банкнууд IPO хийхээс өмнө хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэж байсан бол банкнууд энэ талбарт нэгдсэнээр 20.8 хувьтай тэнцэж ирлээ. Хөрөнгийн зах зээл тэлснээр хөгжлийн хөдөлгүүр болсон компаниуд зээлийн хараат байдлаас ангижирч, олон сувгаар санхүүжилт татах боломж бүрддэг. Ингэснээр популизмын гол бай болсон зээлийн хүү ч буурах боломжтой гэж эдийн засагчид үзэж байна.