Хүний оюун ухааны гайхалтай чадвар бол санаа (idea) болон ойлголтыг (concept) бүтээж хөгжүүлэх юм. Бид илүү олон цогц санаа болон ойлголтыг эзэмших тусам илүү олон юмс үзэгдлийн учир шалтгаан, үр дагаврыг тайлбарлаж чадна. Ингэснээр хувийн болон нийгмийн асуудалд илүү ухаалаг оновчтой шийдвэр гаргадаг. Жишээлбэл, хувь хүний санхүүгийн ойлголт, мэдлэгээ хөгжүүлсэн хүн санхүүгийн хамгийн зөв шийдвэр гаргадаг.
Хүн оюуны ухааны хувьд ингэж боловсрох нэг гол арга нь номтой нөхөрлөх байсаар ирсэн. Чухам энэ санааг “Энлайтен” хураангуй номын аппликэйшныг санаачлагчид өөрсдийн үйлчилгээний алсын хараа болгожээ. Ингээд орчин үеийн хүмүүсийн завгүй амьдралын хэв маягт тохируулж, дэлхийн шилдэг номын хураангуйг текст болон аудио хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэдэг “Энлайтен” платформыг бүтээжээ. Уншигч, сонсогчид энэ системээс өдөр тутамдаа хаана ч, хэзээ ч номуудын гол санааг агуулсан хураангуйг ердөө 30 минутад сонсох боломжтой. Эдүгээ “Энлайтен”-д 150 орчим номын аудио хураангуй байгаа бөгөөд бүртгэлтэй уншигчийн тоо 20 мянгыг даваад байна.
Аппликэйншныг санаачлагч Г.Энхсайхан нь Япон болон Англи улсад дээд боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрбээр энэ төслийг эхлүүлсэн шалтгаанаа дурдахдаа “Номын сан чимээгүй, эл хуль газар боловч дэлхийг өөрчилсөн сая сая санаа эндээс л төрдөг хамгийн сонирхолтой, гайхалтай орчин. Хүүхэд наснаасаа л номын ач тусыг ойлгож ухаарсан учраас аль болох номтой ойр байж, Монголд номын сан байгуулах зорилго тээж ирсэн” хэмээн ярилаа.
Улмаар нэг жилийн турш төлөвлөгөө боловсруулж, 2021 оны дөрөвдүгээр сард аппликэйшнээ зах зээлд нэвтрүүлсэн байна. Тухайн үед цар тахлын хатуу хөл хориотой байсан тул бүх ажлаа цахимаар амжуулсан нь тэдэнд томоохон туршлага болсныг ч дурдаж байв.
Цаашдаа “Энлайтен”-ийнхан номын хураангуйгаар дамжуулж залуучуудын дунд ном унших дадлыг бэхжүүлэх, эзэмшсэн мэдлэг чадвараа гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо хуваалцах соёлыг төлөвшүүлэхдээ өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой гэж Г.Энхсайхан хэллээ. .
Номын хураангуйг сонсохын дэлгэрэнгүй ач холбогдол
Хүн бүрд оюун санаа болон сэтгэл зүйн хувьд өсөж дэвшин суралцах хэрэгцээ байдаг. Ялангуяа өнөөгийн нийгэмд залуучуудад мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх шаардлага маш их. Албан ёсны боловсролын системээр боловсрол эзэмшихээс гадна номоос маш их мэдлэг хуримтлуулдаг.
Гэхдээ орчин үед зузаан ном тэврээд суух цаг тэр бүр олдохоо байсан тул номын хураангуйг сонсох нь чанартай мэдлэг, мэдээллийг богино хугацаанд, хялбар аргаар авах хамгийн тохирсон шийдэл юм. Түүнчлэн тухайн номын хураангуйг сонссоноор дэлгэрэнгүй хувилбарыг цааш нь үргэлжлүүлэн унших эсэхээ шийдэж, цагаа хэмнэнэ. Мөн уншигчийн сонсож ойлгох чадвар нь уншиж ойлгох чадвараасаа илүү хөгжсөн бол аудио ном сонсох нь шинэ зүйлд суралцахад хамгийн сайн арга зам болно. 2009 онд АНУ-д аудио номын талаар хийсэн судалгаанд бичсэнээр аудио ном сонсох нь нүдээ амраах сайн талтайгаас гадна илтгэгчийн дуу хоолойг нарийн мэдэрснээр илтгэх, ярих чадвар хөгждөг байна. Мөн гадаад хэл дээр сонсвол сонсгол сайжирдаг.
Номыг хураангуйлан аудио хэлбэрээр хүргэх нь олон төрлийн мэргэжлийн хүмүүсийн ур чадвар шаарддаг амаргүй ажил бөгөөд тухайн номын хураангуй нь сонсогч гол санааг цэгцтэй, логик дараалалтай тогтоож авахаар хийгдсэн байх ёстой. “Энлайтен” аппликэйшны ард 11 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажилладаг.
Тэд зах зээлд нэвтрүүлсний дараа хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан шаардлагатай хөгжүүлэлтийг хийсээр иржээ. Тухайлбал, контентын бүрэлдэхүүн хэсэгт нийтлэл болон үлгэр нэмж аудио хураангуйг баяжуулж, технологийн UX/UI дээрх нэмэлт сайжруулалтыг хийсэн байна. Үүний зэрэгцээ хамгийн сүүлд авсан хэрэглэгчдийн судалгааны дүгнэлтээр тэдний сэтгэл ханамж өндөр байгааг Г.Энхсайхан онцоллоо.