Анхаарал татаж буй 3 асуудал
- Ирэх таван жилд дэлхий хамгийн дээд цэгтээ хүртэл хална. Хүний үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хий болоод цаг уурын мөчлөгөөс хамаарсан халалт зогсолтгүй нэмэгдсээр хөнөөлт хэмжээнд хүрнэ.
- Ойрын хэдэн арван жилийн турш дэлхийн хүмүүс тэрбум тэрбумаараа хэт халууны нөлөөнд өртөх болно.
- Засгийн газрууд эмзэг хотууд ба түүний оршин суугчдын хэт халалтыг даван туулах нөхцөлийг сайжруулах, хөргөлтийн үр ашигтай бөгөөд хоргүй технологийг зах зээлд нэвтрүүлэх зэрэг ард иргэдээ эрсдэлээс хамгаалах алхмуудыг нэн даруй хийж эхлэх ёстой.
Дүгнэлт
Дэлхийн Цаг уурын Байгууллагын сүүлийн сарын тайланд мэдээлснээр ирэх таван жилд дэлхийн температурын халалт дээд хэмжээндээ хүрнэ гэжээ. Ирэх таван жилийн аль нэгэнд дэлхий урьд өмнө байгаагүй хэмжээнд халах магадлал 98% байна. 2100 он гэхэд дэлхийн хүн амын тэн хагас нь жил бүр хамгийн цөөндөө 20 хоногийн турш тэсвэрлэшгүй халуун ба хэт чийгшилтэй нүүр тулна.
Дэлхийн температур нэмэгдсээр буйн учир шалтгаан ба хэт халалтын нөлөө, мөн засгийн газрууд тулгарч буй хямралыг хэрхэн үзэж буй талаар экспертүүдийн үзэл бодлыг хураангуйлж байна.
Үндсэн мэдээлэл
АНУ-ын засгийн газар хэт халалтыг “Дор хаяж 2-3 хоногт 90 хэмээс дээш гарсан халуун ба хэт чийгшил болно” гэж тодорхойлсон байна. Байгал орчны судлаачид, дэлхий дахинд хэт халууны нөхцөлд амьдрах хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэх бөгөөд энэ нь цаашид зогсохгүй болохыг хэлжээ.
Дэлхийн уур амьсгал XIX зуунаас эхлэн халж эхэлсэн бөгөөд ихэнх хэсэг нь хүн төрөлхтөн шатах ашигт малтмал хэрэглэж, дулаан хуримтлуулдаг хийг агаар мандалд цацсанаас үүсэж бий болсон нөхцөл байдал юм.
Энэ цаг үеэс нүүрсхүчлийн хийн дулаарлаас гадна цаг уурын мөчлөгийн Эль Нино буюу далайн гүн давхаргад дулааныг шилжүүлэх, халуун агаар буцаан суллах үзэгдэл хавсран нэрвэж байна. Уур амьсгалын мэргэжилтнүүд Эль Нино үзэгдэл энэ зун тохиож хамгийн өндөр температурт хүрч хална гэж үзэж байна.
Хэт халалт хүн амын цөөнх ядуу эмзэг хэсэг болон өдрийн турш халууныг барьж, буцаан ойлгоод харин шөнөдөө шингээсэн дулаанаа ялгаруулаад хөрж амждаггүй хар асфальтан зам бүхий хот суурин газрын оршин суугчдад илүү хүнд тусах юм. Мөн хангалттай сүүдэр, гадаа агаарт байх боломжтой газар багатай бол хотын оршин суугчид хэт халууныг тэсвэрлэхэд хэцүү байх болно.
АНУ-д цаг агаартай холбоотой нас баралтын гол шалтгаан болж буй хэт халалт хэд хэдэн замаар ноцтой хохирол авчирдаг.
- Хүн амын цочмог болон архаг өвчнүүдийг сэдрээх, халуунд цохиулах, аль нэг эрхтний үйл ажиллагаа доголдох,
- Зам, цахилгаан дамжуулах шугам гэх зэрэг дэд бүтцийг гэмтээх,
- Эрчим хүчний системийн хэт ачаалал үүсгэх,
- Мал амьтан үхэх, газар тариалан гэмтээх
- Ган гачиг нэрвэх, ой хээрийн түймэр дэгдэх,
Хэт халалт нь чийгшлийн нөлөөгөөр улам бүгчим болох бөгөөд хүмүүст илүү халуун болж мэдрэгддэг байна.
- Фарангейтийн 70 хэм, 40%-ийн чийгшил нь хүнд тааламжтай байдаг бол чийгшил 70% болж нэмэгдэхэд тэсэхийн аргагүй халуун болдог байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын хэдэн арван жилд агаарын температур нэмэгдэхийн хэрээр дэлхийн хэт халуун, чийглэг хэсэгт амьдарч буй хүмүүс, тэр дундаа Энэтхэг, Хятадад хэдэн тэрбум хүн агаар хөргөх төхөөрөмж худалдаж авах шаардлагатай болно.
Одоогоос эхлэн 2050 он хүртэл секунд тутам 10 эйр кондейшн зарагдана.
Гэвч өнөөдрийн сэрүүцүүлэх төхөөрөмжүүдийг маргаашийн хэт халуун ба чийглэг нөхцөлд тэсвэртэй байхаар зохион бүтээж хараахан чадаагүй байна. Одоо бидний хэрэглээнд байгаа сэрүүцүүлэгч төхөөрөмжүүд агаарыг хөргөх бус, агаар дахь чийгшлийг арилгахад эрчим хүчийг зарцуулдаг бөгөөд энэ нь үр ашиггүй процесс юм. Эсрэгээрээ агаарыг дулаацуулах нөлөөтэй байдаг.
Эйр кондэйшнүүд нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 4%-ийг бүрдүүлдэг нь агаарын тээврийн салбараас 2 дахин их байна.
Ирэх хэдэн арван жилд олон тэрбум хүн хэт халууныг бууруулахаар сэрүүцүүлэх төхөөрөмж худалдан авах болно, хэрэв энэ хэвээр үргэлжлэх юм бол илүү их эрчим хүч дэмий үрэгдэж, илүү их хүлэмжийн хий ялгарах болох нь ээ.
Ирээдүйн чиг хандлага
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн төрөлхтөн хэт халуунд дасан зохицож чадахгүй үе ирэх төдийгүй энэ үзэгдэл олон зуун жилийн турш үргэлжлэх болно. Учир нь 100 сая жилийн өмнөөс хөгжиж ирсэн хүний биеийн температур маш удаанаар өөрчлөгддөг. Хэрэв манай гараг цельсийн 2.5-3 хэм дулаарвал дэлхийн хүн амын ихэнх хэсэг нь аяндаа биеэ байх ёстой хэмжээнд нь хөргөж чадахгүй нөхцөл байдалд орох болно.
Гэсэн хэдий ч хэт халалт нь хүнийг гэнэт үхүүлнэ гэсэн үг биш юм. Улс орнууд хэт халуунд дасан зохицож болно, тэгэхээс ч өөр арга байхгүй. Жишээлбэл, ажлын цагийг өөрчлөх, өдрийн хамгийн халуун цагийг гэртээ өнгөрөөх зэргээр дасан зохицох шаардлага тулгарна.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар засгийн газрууд хэт халуунд одоогоос бэлдэж, дараах алхмуудыг хийх ёстой.
- Сэрүүн хорооллууд байгуулах. Хотууд илүү их мод, ургамал тарих, төвлөрсөн хот суурин газрын температурыг бууруулахын тулд зам хучилтад хөргөлтийн технологи бүхий дулааныг бууруулдаг материалыг ашиглах ёстой. Энэ нь одоогийн байдлаар халууны улмаас нас барж буй дөрвөн хүн тутмын нэгийг аварч, дулаарлыг 40-70 жилээр хойшлуулах боломжтой юм.
- Илүү их сүүдэр бий болгох. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд автобусны зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болон хөл хөдөлгөөн ихтэй бусад газруудыг илүү сүүдэрлэх боломжийг тооцож тодорхойлох ёстой.
- Өндөр эрсдэлтэй иргэдийн сэрүүцэх боломжийг хангах. Орон сууцуудыг төвлөрсөн халаалтаар хангадгийн адил хөргөлтийн үйлчилгээ үзүүлэх ёстой болох бөгөөд хотууд орлого багатай хорооллуудад хөргөлтийн татаас өгөх ёстой.
- Сэрүүцүүлэх төхөөрөмжүүдийн туршилт, стандартыг шинэчлэх. Ирэх жилүүдэд дэлхийн хамгийн халуун, чийглэг хэсэгт амьдардаг хэдэн тэрбум хүн агааржуулагч худалдаж авах шаардлагатай болох тул улс орнууд үр ашиггүй, хуучирсан сэрүүцүүлэх төхөөрөмжүүдийг 95 градусаас дээш температурт эсвэл өндөр чийгшилд туршиж үзээгүй бол айл өрх, албан байгууллагуудад ашиглуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Илүү үр ашигтай технологийг зах зээлд гаргахын тулд агааржуулагч, сэрүүцүүлэгч төхөөрөмжийн стандартыг шинэчлэх замаар үүнийг хийх боломжтой. Хуучныг шинээр солих нь шаардлагагүй эрчим хүчний хэрэглээг бууруулж, цахилгааны төлбөрийг багасгаж, 2050 он гэхэд 100 тэрбум тонн/метр хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх бөгөөд энэ нь дэлхийн хоёр жилийн хугацаанд ялгаруулдаг нүүрсхүчлийн хийн хэмжээ болно.