Нийслэл хотын хөгжил цэцэглэлтийг хойд бүс рүү тэлж, олон нийтэд зориулсан амрах тухлах, салхилах орчныг бүрдүүлсэн анхдагч концепцтой, худалдаа үйлчилгээний салбарт шинэ соёлыг хэрэглэгчдэдээ ойртуулж буй маш сонирхолтой төслийг хэрэгжүүлэгч ‘’Мастер групп’’-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй ярилцлаа.
“Мастер групп”-ийн хувьд урьд нь оффисын зориулалтай барилгын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан чамгүй туршлагатай. Одоо худалдаа үйлчилгээний төсөл хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэгчийн өнцгөөс харахад энэ хоёр зах зээлийн ялгаа ямар байна?
Маш их ялгаатай. Биднийг цоо шинэ зах зээл угтаж авсан. Өөрсдийн хийж буй бизнесээс шалтгаалсан эрс тэс ялгаатай. Тухайлбал, худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс талбай худалдан авахдаа бизнесийн орчин буюу хүний хөл хөдөлгөөнийг чухалчилдаг бол оффисын талбай худалдан авч байгаа хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна гэж үздэг. Тэгэхээр тэдний үндсэн хэрэгцээ шаардлага ялгаатай гэсэн үг.
Худалдаа үйлчилгээний төв бол олон нийтэд зориулсан барилга. Тийм ч учраас бид Go.to market төслийг хэрэгжүүлэхдээ гоё сайхан, бат бөх барилга барихаас ч илүү чухал зүйл нь хүний хөл хөдөлгөөнийг их байлгах, татах хүчийг бүрдүүлэх, ирсэн хүмүүсийг тав тухтай байлгах, хүн төвтэй, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эргэн тойронтойгоо зөв эко систем үүсгэх зэрэгт илүү анхаарал хандуулж байна.
Go.to market төслийг хэрэгжүүлэх санааг хэрхэн олсон бэ?
Төслийг эхлүүлэхээсээ өмнө заавал худалдаа үйлчилгээний төсөл хэрэгжүүлнэ гэж шийдээгүй байсан. “Хаана ямар эрэлт үүссэн байна?”, “Ямар нийлүүлэлт хийгдэж байна?” гээд суурь судалгаа хийж үзээд худалдаа үйлчилгээ, коммюнити центр, энтертайнмент салбарт эрэлт хэрэгцээ өндөртэй, өрсөлдөөний ялгарал сайтай, олон улсын шинэ чиг хандлагыг тусгасан бүтээн байгуулалт хийхээр шийдсэн.
Мэдээж маш олон талын судалгаа хийсэн байх. Судалгаагаар гарсан гол үр дүнгээс танилцуулж болох уу?
Манай компанийн бусдаас ялгарах онцлог бол судалгаа гэж би боддог. Анх 2008 онд зургаан ажилтантай компаниа эхлүүлэхэд хоёр нь судлаач байсан. Бид судалгаанд маш их хүч, хөрөнгө оруулалт, цаг хугацаа зориулдаг. Ялангуяа шинэ төсөл эхлүүлэхийн өмнө зах зээлийн цогц судалгаа хийдэг.
Go.to market төслийг хэрэгжүүлэхийн тулд 2.5 жилийн хугацаанд 27 төрлийн багц судалгаа хийсэн байна. Нэг судалгаагаа цаг хугацааны өөр өөр үечлэлд давтан хийж баталгаажуулдаг. Жишээлбэл, хэрэглэгчийн судалгаа гэхэд 1400 хүнээс, бизнес эрхлэгч 1200 хүнээс түүвэр судалгаа авсан гэх мэт. Өндөр хөгжилтэй орнуудын худалдаа үйлчилгээний төвүүдийн чиг хандлага хаашаа чиглэж байна, хэрэглэгчийн зан төлөв яаж өөрчлөгдөж байна, ямар худалдааны төвүүд амжилттай байдаг, ямар нь амжилтгүй болдог талаар дотоодын зах зээлийн болон гадаад benchmark жишиг судалгааг хийсэн. Ингэхдээ олон улсын ISO стандартаар судалгаа хийдэг мэргэжлийн судалгааны байгууллагууд болох MMCG, SICA болон МУИС-ын социологийн тэнхимийн багш нараар удирдуулсан багуудтай хамтран ажилласан. Бид долоо хэмжиж биш 14 хэмжиж нэг огтолсон гэхэд болно.
Гол үр дүн гэвэл, хэрэглэгчдийн дөрвөн үндсэн шалгуур байна. Ойрхон байх, өргөн сонголттой байх, цогц үйлчилгээтэй, тав тухтай байх, бас боломжийн үнэтэй байх. Харин бизнес эрхлэгчийн хувьд хүний хөл хөдөлгөөн ихтэй байх, өсөж өргөжих зах зээлтэй байх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь чухал гэж судалгаагаар гарсан.
Байршил нь анхаарал их татаж байна. Байршил сонголтын талаар дэлгэрүүлбэл?
Байршил сонгохын тулд Улаанбаатар хотыг 39 бүсэд хувааж нарийвчилсан судалгаа хийсэн. Хаана нь нийлүүлэлт хийгдэж байна, эрэлт хаана хамгийн их байна, дараагийн өсөлт хаана явагдах гэж байна гэх мэт. Ингэж судлахад таван байршил шигшигдэж гарсан. Эдгээр таван байршилд концепц тестлэх судалгааг үйлчлүүлэгчид болон бизнес эрхлэгчдийн дунд явуулахад гурван байршил эрэмбэлэгдсэн. Тэгээд бид №1-ээр гарсан байршлыг сонгосон. Энэ байршил бол худалдаа үйлчилгээний төвийн хувьд хамгийн эрэлт ихтэй, өрсөлдөөн бага, зах зээлийн ирээдүйн өсөлт өндөр байршил.
Олон улсын жишгээр худалдааны төвийн гол хэрэглэгч нь 500 м радиус доторх буюу алхаад ирэхэд 10 минут хүртэл хугацаа зарцуулах хүмүүс. Дараагийнх нь 2 км радиус дотор буюу машинаар явахад 5-10 мин зарцуулах үйлчлүүлэгчид, тэгээд зам дагуу буюу ороход хялбар байршсан үйлчлүүлэгч байдаг. Go.to market -ийн хувьд энэ гурван төрлийн хэрэглэгчид өөр өөр давтамжтай ирнэ гэж үзэхэд өдөрт дунджаар 12-14 мянган үйлчлүүлэгчидтэй байна гэж тооцоолсон. Энэ нь ойролцоогоор ХУД -ийн И-март, УИД, Сандэй, Дүнжингарав төв шиг хүнтэй гэсэн үг.
Go.to market нь хотын төвөөс ердөө 1.5км зайтай байршсан байхад яагаад “хойд бүсийн хамгийн том зах” гэж нэрлэж байгаа вэ?
Нийслэл хотыг баруун, зүүн, хойд, урд болон төвийн гэж таван хэсэгт хувааж үзвэл хамаг л гоё сайхан, хөгжингүй бүхэн хотын төвөөр болон урагшаа төвлөрч байна. Шинэ худалдааны төвүүд бас Зайсан, Яармаг болон хотын төвөөр баригдаад, нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан. Гэтэл үйлчлүүлэгчийн хувьд замын түгжрэлд орох сонирхолгүй, завгүй амьдралын хэмнэлээс шалтгаалаад гэрийнхээ ойроос, зам дагуу худалдан авалтаа хийхийг хүсэж байна. Бид яг энэ хэрэгцээг олж хараад, 178 мянган айл өрхийн зах зээлтэй хойд бүсийг зорилтод зах зээл гэж үзээд хойшоо явдаг төв замыг түшиглэсэн.
Энэ бүсэд шинэ орон сууцны барилгажилт эрчимтэй явагдаж хүн амын нягтрал нэмэгдэж байна. Мөн Үндэсний урлагийн их театр, Татварын ерөнхий газар, эмнэлэг зэрэг томоохон барилгууд баригдаж байгаа хэр нь хүмүүсийг уулзуулах, коммюнити үүсгэх, үйлчилгээ авах боломжтой цогцолбор байхгүй учир бид энэ байршлыг сонгосон.
Төсөл бүрэн ашиглалтад орсноор хүрээлэн буй орчиндоо ямар үнэ цэнийг өгөх вэ?
Олон улсын benchmark судалгаа хийхэд хамгийн чухал нь уулзах цэг болж чаддаг төвүүд амжилттайгаар олон жил оршин тогтнодог юм байна. Үүнийг community lifestyle center гэдэг. Энэ нь хүмүүс худалдан авалт хийж үйлчилгээ авангаа хүүхдээ тоглуулдаг, найз нөхөдтэйгөө уулздаг, хэн хэн нь уулзахад дундаа ойрхон, нийтийн эзэмшлийн өргөн талбайтай, заавал мөнгө төлж нэг газар орох биш зүгээр уулзаад суух боломжтой тийм орчныг хэлж байгаа юм.
Бидний хувьд барилгын дээврийг ашиглалттай болгосон, мөн гадна террас хэсэг нийлээд 5,100 м.кв талбайг олон нийтийн үнэгүй амарч тухалж болох орон зайг маш тав тухтай, шинэлэг тохижилтоор бүтээж байгаа. Зарим худалдааны төвүүд шиг дээрээ 16 ч юм уу давхар орон сууц бариад илүү ашиг олж болох байсан ч үүнээс татгалзсан. Энд хүмүүс гэр бүлээрээ ирлээ гэхэд бүгд хийх зүйлтэй байх нь чухал. Ингэснээр энэ бүсийн хэрэглэгчдийн одоогийн амьдралын хэв маягт шинэ зүйлийг бүтээж байна. Барилгын дотор хэсгийг ч мөн ийм байдлаар шийдсэн. Дөрвөн давхраас шууд дээвэр рүү гарах таван ширхэг явган шат, дөрвөн лифттэй. Дотроо хоёр, гурав, дөрвөн давхрыг холбосон void орон зайг хоёр ч хэсэгт шийдсэнээрээ бусдаас ялгаатай.
Go.to market -ийн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна. Өмнө нь дурдсан бусад эрэлт хэрэгцээтэй байршилд салбар нээгдэх үү?
Өмнөх байршлын судалгаагаар эрэмбэлэгдэж гарч ирсэн байршлуудад хэрэглэгчийн судалгаа дахин хийгдэж байгаа. Яг хэрэгжүүлэх боломжтой байна уу гэсэн хяналтын судалгааны үр дүнгээс шийдэгдэнэ. Барилга энэ оны сүүлчээр ашиглалтад орно. Барилгын явц одоогоор 60 гаруй хувьтай явагдаж байгаа ч талбайн дүүргэлт 50 хувьд хүрээд байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд энэ нь борлуулалтын сайн үр дүн юм.
Бас нэг онцлох зүйл нь Go.to market ногоон барилгын шалгуурыг хангаж “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын зардлаа шийдсэн. Барилгын санхүүжилт 100 хувь шийдэгдсэн гэдэг нь барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэсэн үг. Худалдаа, үйлчилгээний төв нь олон нийтэд зориулсан байгууламж учраас хүн ба хүрээлэн буй орчинтойгоо зөв харьцаа үүсгэх нь чухал. Тиймээс бид барилгын дулаан алдагдлыг бага байлгах, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, ус ашиглалт хэмнэх технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндэд ээлтэй материал ашиглаж, хог хаягдлын менежментийг шийдэхэд түлхүү анхаарсан учраас ногоон санхүүжилт авч чадсан. Энэ нь буцаад Go.to market захад ажиллах бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах нь ойлгомжтой.
“Go.to market” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
7704-4444 дугаараар холбогдох, эсвэл албан ёсны фэйсбүүк хуудаст энд дарж нэгдээрэй.