Олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсондоо олон бизнес эрхлэгч баярлан хөөрдөг боловч энэхүү шинэ алхам нь олон сорилтыг дагуулдаг. Ингээд хөрөнгө оруулагчдыг компанийн үйл хэрэгт хэрхэн идэвхтэй оролцуулах, захирлуудын зөвлөлийг хэрхэн сэтгэл хангалуун байлгах талаар өгүүлье.
Крис Коллетт
Компаниа олон нийтийн болгох нь энтрепренерийн карьерын хамгийн сэтгэл хөдөлгөм, оргил мөчүүдийн нэг юм. Таны бүтээн босгож, хөрөнгө оруулагчдад зориулж таны “дипломын ажлыг” нь бичсэн компани хөрөнгө босгохын тулд тоолж баршгүй олон цагийг олон тооны гуравдагч талын зөвлөхүүдтэй өнгөрүүлсний эцэст цөөн хэдэн үүсгэн байгуулагчдын хүрч чаддаг тэрхүү түвшинд хүрчээ.
Гэвч баярын туузууд дээрээс унаж дууссаны дараа, танай хувьцааны ханш эрчээ авч эхлэх үед жинхэнэ сорилт эхэлнэ. Та хөрөнгө оруулагчдын сонирхлыг хадгалахын төлөөх мөнхийн тулаанд татагдан орох бөгөөд институцын болон жижиг хөрөнгө оруулагч нарт компанийнхаа өөрчлөгдөн хөгжиж буй бизнес моделийн талаар мэдээлэл хүргэж, хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр хэр амжилттай хэрэгжиж буй талаар удирдлагын багтайгаа ярилцах, үнэлэх ёстой болно. Өөр компанитай нэгдэх, бусад компанийн хувьцааг худалдан авах, зах зээлийн судалгаа, компанийн засаглалд хөрөнгө оруулагчид илүү их үүрэг гүйцэтгэх болсноор хөрөнгө оруулагчидтай харилцах функц нь танай байгууллагад илүү стратегийн шинж чанартай болж эхэлнэ. Энэ бүхэн компаниас ихээхэн хүчин чармайлтыг шаардах бөгөөд танд багагүй хэмжээний тусламж хэрэг болно. Гэхдээ тодорхой хэмжээний бүтээлч байдал, хүчин чармайлтын ачаар та IPO-гийн дараах эринийг эрч хүч, урам зориг дүүрэн эхлүүлэх боломжтой.
Хөрөнгө оруулагчдыг тайван байлгахад цаг зарцуулах
Хувийн компани байх үед боломжит хөрөнгө оруулагч нартай уулзах нь амаргүй, зүдэргээтэй процесс байсан бол одоо албан ёсоор нээлттэй компани болсноор танай амьдрал улам хүнд болж эхэлнэ. Жишээлбэл, Хойд Америкт нээлттэй компаниуд нь хөрөнгө оруулагч нартай 150-200 уулзалт хийдэг бөгөөд жилд 100-150 байгууллагуудтай холбоо тогтоодог байна. Эдгээр тооноос харахад хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга (roadshow) хийх, эсвэл нэг хөрөнгө оруулагчтай тусгайлан уулзах цагийг угаас завгүй ажлын хуваарьтаа багтааж оруулах нь энтрепренер болон түүний удирдлагын багт ихээхэн сорилт болдог аж.
Хойд Америкт нээлттэй компаниуд нь хөрөнгө оруулагч нартай 150-200 уулзалт хийдэг бөгөөд жилд 100-150 байгууллагуудтай холбоо тогтоодог байна.
Гэвч ингэхээс өөр аргагүй. Тэрхүү хөрөнгө оруулагчид компанийн нүүр царай болсон хүн, удирдагчтай уулзаж, тэдний хэрэгжүүлж буй алсын харааг ойлгох ёстой юм.
Харамсалтай нь цахим шуудан, эсвэл утсаар ярих нь цаг хэмнэх арга биш. Ялангуяа боломжит хөрөнгө оруулагч нартай эхэн үеийн, танилцуулга уулзалт хийж байгаа үед ийм арга тохирохгүй. Та үүнээс арай их хүчин чармайлт гаргах ёстой. Хэрэв та, эсвэл дээд түвшний өөр нэг захирал орон нутгийн салбар, бага хурал, хэвлэлийн ярилцлагад орохоор гадагш явж байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч нартай уулзах, царайгаа харуулахад зориулж заавал цаг гарга. Энэ их чухал.
Биечлэн уулзах болон цахим шуудангаар харилцахын төгс хослол учраас видео хурал нь хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн харилцааг сайжруулах өөр нэг хувилбар юм (гэхдээ хөрөнгө оруулагчдаас эхний удаад хөрөнгө босгож байгаа тохиолдолд энэ стратеги нь тийм ч үр дүнтэй биш. Учир нь тэд удирдлагатай нүүр тулж уулзахыг хүсдэг).
Олон нийтийн сүлжээ бол харилцааны өөр нэг тун оновчтой арга хэрэгсэл юм. Ялангуяа танай компани олон тооны жижиг хөрөнгө оруулагчтай, худалдан авах талыг төлөөлдөг аналистууд танай компанийг дагадаг тохиолдолд энэ арга тохиромжтой. Сүүлийн хоёр жилд нийгмийн сүлжээг ашиглах бодлогоо тодорхойлсон компаниудын тоо эрс өсөж байна. Гэхдээ нийгмийн сүлжээ нь дорвитой үнэ цэн нэмж чаддаг эсэх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Ямартай ч энэ бол хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх, танай компанийн талаар онлайн орчинд ямар яриа явагдаж байгааг мэдэх нэг арга юм.
Хөтөлбөрийн үр дүнг хэмжих
Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр үр дүнтэй байсан эсэхийг та оны эцэст хэрхэн үнэлж дүгнэх вэ? Үүнд өгөх тодорхой бөгөөд амар хариулт харамсалтай нь үгүй боловч хэдэн авууштай санааг дурдъя.
Танай компани чухам юунд хүрэхийг зорьж буйгаа эхнээсээ зөв тодорхойлж, зорилгоо ил тод илэрхийлснээр хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлэх, одоогийн хөрөнгө оруулагчдаа хадгалж үлдэх боломжтой. Эдгээр зорилгодоо хүрч байгаа эсэхээ хэмж, гэхдээ заавал тухайн жилийн дөрөвдүгээр улирал, эсвэл захирлуудын зөвлөлийн хурал хүртэл хүлээх хэрэггүй, биелэлтийг нь байнга хэмж.
Жишээлбэл, хэт олон гадаад хүчин зүйл нөлөөлдөг учраас компанийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй явагдаж байгааг зөвхөн хувьцааны үнээр хэмжих нь учир дутагдалтай. Харин үүний оронд хамгийн шилдэг хэмжүүр бол танай хувьцааг худалдаж аваад худалдсан талуудын анализийг сонсох, удирдлагын багийн саналыг авах, зах зээл ерөнхийдөө (жижиг хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээлэл, олон нийт гэх мэт) танай талаар юу гэж хэлж байгааг мэдэх юм.
Танай компани чухам юунд хүрэхийг зорьж буйгаа эхнээсээ зөв тодорхойлж, зорилгоо ил тод илэрхийлснээр хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлэх, одоогийн хөрөнгө оруулагчдаа хадгалж үлдэх боломжтой.
Хэрэв танайх Хөрөнгө оруулагчидтай харилцах албатай бол хөрөнгө оруулагчдыг хариуцсан мэргэжилтний хувьд ажлаа хэр сайн хийж байгаа талаар, дээр дурдсан талууд танай компанийг хэрхэн үнэлж дүгнэж байгаа болон танай компанийг хөрөнгө оруулах хэр сонирхолтой боломж гэж үзэж буй талаар ажилтнуудаасаа асуух хэрэгтэй. Эл харилцааг та ганцаараа хариуцдаг байсан ч ийм асуултыг өөртөө тавь. Ингэх нь маш чухал.
Бизнесийн болон хөрөнгө оруулалтын түүхийн талаараа тухайн компани бусдад ямар мессежийг хэрхэн хүргэж байгаа нь авч үзэх ёстой өөр нэг хүчин зүйл юм. Та нар энэ талаар сонирхсон хүмүүст тодорхой тайлбарлаж чадаж байна уу? Тэдэнд илүү тодорхой мэдээлэл хүргэх шаардлага байна уу?
Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдад хүргэж буй мессежийг тэд хэрхэн хүлээж авч байгааг байнга судал. Ингэхдээ цахим шуудан илгээх, утсаар ярих, нийгмийн сүлжээ ашиглах, зорилтот анализийн бусад аргуудыг хэрэглэх, нүүр тулж уулзах зэрэг албан болон албан бус аргуудыг хослуулан ашиглаж болно. Ямар арга хэрэглэх нь тийм ч чухал бус, хамгийн гол нь байнга хэрэглэх ёстой. Ялангуяа олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилждаг компани болсон эхний өдрүүдэд ийм аргыг заавал хэрэглэх шаардлагатай.
Эх сурвалж: Entrepreneur