Аялал жуулчлалын нэгэн компаний захирал надтай уулзахаар ирэв. Бид урьд өдөр нь утсаар товч ярилцсан байсан учир асуудал түвэгтэй, алдааг засах боломжгүйг би гадарлаж байлаа.
Тэдний компани гаднаас жуулчид авдаг, тоо нь байнга өсч, энэ жил олон жуулчин авна гэж төлөвлөж байжээ. Гэтэл ярилцаж, харьцаж байсан жуулчдын олонхи нь ирсэнгүй. Харин яагаад жуулчид эрс цөөрсний учрыг компаний захирал саяхан олж мэдсэн байв.
Тэдний компанид ажиллаж, жуулчидтай нь харилцдаг байсан ажилтан залуу өвөл ажлаасаа халагджээ. Компаний бүх харилцаа холбоог хариуцдаг байсан тэр залуу ажилдаа өөрийн хувийн и-мэйлээ ашигладаг байсан байна. Тэр ажлаас гарахдаа бичиг цаасаа ямар ч асуудалгүй хүлээлгэн өгч, тооцоогоо ном ёсоор хийж, түүний оронд орсон шинэ ажилтан ч ажилдаа хэл амгүй шамдан оржээ.
Зун боллоо. Ирэх жуулчид эрс цөөрчээ. Тэд учрыг мэдэхгүй байв.
Гэтэл … хөдөө явсан хүмүүс урьд ирж байсан хэсэг жуулчидтайгаа таарчээ. Харин нөгөө ажлаасаа халагдсан залуу жуулчидтай хамт явж байлаа. Тэр залуу шинэ компани байгуулж, хуучин компанийхаа жуулчдыг урвуулан авсан байв.
Яаж гээч? … Өөрийн и-мэйл хаягаар үргэлжлүүлэн харьцаж …
Домайн нэр бол зөвхөн Интернэтийн хаяг, бизнесийн брэнд төдийгүй өмчлөлийг заагч учир бүх и-мэйл, мэдээлэл компаний өмч байдаг.
Миний бодлоор, жуулчид ч энэ удаад шинэ компаниар үйлчлүүлж байгаагаа ойлгоогүй ирсэн байх. Гэхдээ тэр бол өөр асуудал. Тэр захирал хуучин ажилтан залуугийнхаа и-мэйлийг буцааж авахад туслаач гэж биднээс хүссэн юм. Биднийг учрыг олж өгч чадна гэж бодсон хэрэг. Харин бид түүнд тусалж чадаагүй.
Шүүх ч шийдэж өгч чадахгүй байсан байх. Яагаад гэвэл тэр залуу өөрийнхөө хувийн @yahoo.com и-мэйлийг ашиглаж бүх жуулчнаа авчирсан. Түүний бүх харилцаа хувийн хаягаар явсан, компаний хаягаар яваагүй.
Ямар ч компани ажилтныхаа хувийн и-мэйл, түүгээр ирж очиж буй мэдээллийг өмчлөхгүй. Ажиллаж байхад нь ч, дараа нь ч. Яахав, ёс суртахууны асуудал сөхөж болох юм. Гэхдээ шүүх ёс суртахууныг үндэслэл болгож хувь хүний и-мэйлийг компаний өмч гэсэн шийдвэр гаргах найдвар тун бага.
Хэрэв тэр компани өөрийн домайн хаягаар и-мэйл нээж, түүгээрээ албан харилцаагаа хөтөлдөг байсан бол ийм асуудал огт гарахгүй байсан. Домайн нэр бол зөвхөн Интернэтийн хаяг, бизнесийн брэнд төдийгүй өмчлөлийг заагч учир бүх и-мэйл, мэдээлэл компаний өмч байдаг.
Тэр захирал их хожимдож ухаарсан. Тэгээд надаас “Олон компани үнэгүй, хувийн и-мэйл ашигладаг. Тэд бүгдээрээ ийм аюулыг мэддэггүй юм байх даа?” гэж асуухад би “Мэддэг, харин ухамсарладаггүй байх” гэж хариулсан.
Мэдээлэл үнэтэй, заримдаа маш их үнэтэй гэдгийг бизнес эрхлэгч бүр сайн мэднэ. Гэсэн ч мэдэх, ухамсарлахын хооронд багагүй зай байдаг билээ.