Монгол Улсад эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн эм зүйчдийн өдрийг тохиолдуулан “Террамед” ХХК , “Эм” холбооны залуучуудын зөвлөл хамтран “Pharma Talk 2023” эм зүйн салбарын залуу манлайлагчдын форумыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Монголын эмийн салбарын шилдэг мэргэжилтнүүд хуран чуулсан энэхүү арга хэмжээнд 600 гаруй эм зүйч оролцсоноос 30 орчим хувь нь орон нутгаас зорин иржээ.
Харин зочин илтгэгчдийн хувьд, эм зүйн салбар болон маркетингийн салбарын уялдаа холбоо, дэлхийн эмийн маркетингийн чиг хандлага, хувь хүний хөгжил, байгууллагын соёл, менежмент, эм зүйч нарын хилийн чанадад мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж, хиймэл оюун ухааныг эм зүйн салбарт ашиглах туршлага зэрэг сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан юм.
Мөн “Pharma Talk 2023” арга хэмжээнд нэгдэж, шилдэг илтгэгч нарын илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонссон эм зүйч нар гурван кредит нэмж цуглуулсан нь арга хэмжээний ач холбогдлыг илүү тодотгож байна гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Нэгэн зууны түүхтэй Монгол Улсын эм зүйн салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, өдгөө 3000 орчим эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс дийлэнх нь эмийн сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бол 500 хүрэхгүй нь ханган нийлүүлэх байгууллагын хэлбэрээр ажиллаж байна. Мөн манай улс эм, эмнэлгийн хэрэгслийнхээ 80 орчим хувийг импортоор оруулж ирж байгаа учраас эрүүл мэндийн чанартай бүтээгдэхүүнээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад эм зүйн салбарын үүрэг оролцоо чухал гэдгийг салбарын төлөөллүүд хэлж байв.
Клиникийн профессор, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням:
Дийлэнх бүтээгдэхүүнээ импортоор авч байгаа манай улсын хувьд, эмийн чанарын асуудал тун чухлаар яригддаг. Гаднаас шинэ төрлийн бүтээгдэхүүн оруулахад бүртгэлийн үйл явц гурваас зургаан сар үргэлжилдэг. Маш олон шат дамжлага дамжиж байгаа нь нэг талдаа маш төвөгтэй мэт боловч лабораторийн чадамж олон улсын түвшинд хүрч хөгжөөгүй өнөөгийн нөхцөлд хяналт шалгалт өндөр байхаас аргагүй юм. Эмийг анхнаасаа сайн нягталж, дотоодын зах зээлд нэвтрүүлснээр эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж чадна.
Нөгөөтээгүүр хүн амын эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг ойлголт дутмаг байна. Хэчнээн чанартай эм байлаа ч түүнийг буруу хэрэглэвэл хор ч болж болно. Ялангуяа антибиотикийн хэрэглээ сүүлийн үед анхаарал татах хэмжээнд ирээд байна. Вирусийн гаралтай ханиаданд хүртэл антибиотик хэрэглэдэг. Энэ бол тун буруу. Тиймээс эмийн зохистой хэрэглээг бий болгоход эм зүйн салбарынхан анхаарах шаардлагатай болоод байна.
Террамед ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Цогтнаран:
Эм зүйн салбар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үүрэгтэйгээс гадна бизнесийн салбарын хувьд тасралтгүй хөгжиж байх шаардлагатай. Энэ салбарыг судалгаа шинжилгээ, инновацгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс эм зүйчид ч мөн дэлхийн чиг хандлага, хөгжлөөс хоцролгүй сурч хөгжиж, шинэ мэдээлэл авч байх хэрэгтэй болдог. Ийм ч учраас бид форумаар дамжуулан эм зүйч нараа чадавхжуулж, мэдээллээр хангахыг зорьсон.
Тухайлбал, бид БНХАУ-д мэргэжлээ дээшлүүлэх ямар гарц нээлттэй байгаа талаар эм зүйчдэд танилцууллаа. Үүнээс гадна Нидерланд улсын Эм зүйн олон улсын бизнесийн сургуульд суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэлээ. Нидерландад мэргэжлээ дээшлүүлж, хөтөлбөрт хамрагдахад дунджаар 12 мянган евро зарцуулдаг бол 3000 еврогоор буюу 75 хувийн хөнгөлөлттэй үнээр суралцах боломж байна. Тус сургуулийн захирал Петер Фелен өөрийн биеэр манай улсад хүрэлцэн ирж, энэ боломжийн талаар танилцуулахын зэрэгцээ хиймэл оюун ухааныг эм зүйн салбарт хэрхэн ашиглах, хиймэл оюун ухааны ямар ямар платформуудыг хэрэглэх талаар мэдээлэл хүргэсэн нь манай эм зүйч нарт маш том туршлага авчирна гэдэгт итгэж байна.
Зохион байгуулагчдын зүгээс “Рharma Talk форумыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эм зүйчид хуран чуулснаар салбарын хэмжээд тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдэл эрэлхийлэх, дэлхийн чиг хандлагаас суралцах гээд олон талын ач холбогдолтойг чуулганд оролцогчид онцолж байсан юм. Чуулганд оролцсон эм зүйн салбарынхан цаашид эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх тал дээр санаачилгатай ажиллахын зэрэгцээ олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг судалж нэвтрүүлэх, салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэж байсан юм. Мөн хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эм зүйчдийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг тэд тодотгож байлаа.