Засаглал хэмээх ойлголтын язгуур үндэс нь засаг буюу засах гэсэн үг билээ. Хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн хөгжлөө дагаад засаглалын төрөл, хэлбэрүүд ч хөгжин өөрчлөгдөж төрийн засаглал, байгууллагын засаглал, компанийн засаглал, сайн засаглалаас гадна орчин үед даяаршсан засаглал буюу “дэлхийн засаглал” гэдэг ойлголт хүртэл бий болж олон улсын харилцааг орлох хандлага бий болоод байна.Аливаа улс орны хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин олон хүчин зүйлээс хамаарах боловч түүнд засаглалын асуудал онцгой байр суурийг эзэлдэг.
Орчин үед дэлхий даяар “Компанийн сайн засаглал” гэдэг үг өргөн хэрэглэгдэж аливаа улс орны хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх болсон нь мэдээллийн хувьсгал, технологийн эрчимтэй хөгжлөөр бизнесийн талбар улам бүр “хавтгай” болон “өрсөлдөөн даяаршиж”, энэхүү асар хурдтай явагдаж буй “өөрчлөлтөнд” компаниуд хэрхэн дасан зохицож “тэсч үлдэх” эсэхтэй холбоотой байна. “Дэлхий хавтгай” (The World is Flat) номын зохиогч Томас Фрийдман 2009 оны есдүгээр сард Нью-Йорк хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр уулзаж, хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Би, даяаршлын үед аливаа улс орон хөгжихөд хамгийн хэрэгтэй байж болох дөрвөн зүйлийг хэлье. Нэгдүгээрт “интернэтэд холбоотой байх” буюу мэдээллээс хоцрохгүй байх, хоёрдугаарт боловсрол, гуравдугаарт сайн засаглал, дөрөвдүгээрт эрүүл орчин” хэмээн дурьдсан байдаг.
Өнөөгийн Монгол Улсын хөгжлийг сааруулж байгаа гол асуудал нь төрийн болон компаниудын засаглал “муу” байгаатай холбоотой гэж боддог. Үүнийг олон улсын болон судалгааны байгууллагууд, судлаачид бүгд хэлдэг. Энд, нэгэн судалгааны дүнг товч танилцуулбал: 2017 оны сүүлийн хагас жилд МҮХАҮТанхим, МУИС-ийн Бизнесийн Сургуультай хамтран хийсэн бизнесийн орчны судалгааны тайланд үзүүлэлтүүдийн боломжит дээд утга “7” оноо авахаас: Дэд бүтэц технологи 3.43; Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа 3.37; Эдийн засгийн орчин 2.96; Нийгэм соёл 2.93; Засаглал хууль эрх зүй 2.69 буюу хамгийн бага үнэлгээ авч, нийт үнэлгээний дундаж 3.03 оноотой байгаа нь манай бизнесийн орчин туйлын хангалтгүй түвшинд, түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд сайн засаглалын зарчмуудын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэнэ.
Олон улсын бизнесийн туршлагаас үзэхэд компанийн өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжил нь түүний засаглалын байдалтай шууд хамааралтай төдийгүй улс орны эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал ч эргээд компаниудын засаглалын байдлаас шууд хамаардаг байна. Компани нь зөвхөн ашгийн төлөө бус нийгэм, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), хэрэглэгч нарын өмнө хариуцлага хүлээж ажилладаг хуулийн этгээд. Тиймээс ч одоо үед компанийн үнэ цэнийг зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүнийх нь нэр хүндээр бус бизнест оролцогч бүх талуудын эрх ашгийг тусгасан нэгдмэл үнэ цэнийг бүтээснээр хэмжих болсон нь компанийн засаглалын хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүллээ.
Компанийн засаглалыг оновчтой удирдлага, зөв хяналт, хариуцлагатай байдлын цогц нэгдэл бүхий бодлого, үйл ажиллагаагаар “Баялаг бүтээх харилцаа” гэж хэлж болох бөгөөд энэ нь компанийн Гүйцэтгэх удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигчид бусад сонирхогч талуудын харилцааг хамарч, энд холбогдох асуудлуудыг хэрхэн шийдэж байгаагаар илэрдэг.
Компанийн сайн засаглалын тулгуур Тайлагнах, Шударга байх, Ил тод байдал болон Үүрэг хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хамгийн гол шаардлага нь компаниуд үүнийг хэрэгжүүлснээр тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг дээшлүүлнэ гэдгийг ухамсарлах явдал юм.
Компанийн сайн засаглал нь компанийн нэр хүндийг өсгөн зардлыг бууруулж, капиталын олдцыг нэмэгдүүлэн зээлийн өртгийг багасгаснаар үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн өсөлт хөгжлийг нь дэмжиж байдаг. Компанийн засаглалын хамгийн чухал элемент нь ТУЗ юм. ТУЗ нь компанийн үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ удирдан чиглүүлж, компанийн үйл ажиллагааны гол гол шийдвэрийг гаргадаг. Байнгын тогтвортой үйл ажиллагаатай, мэргэшсэн хараат бус гишүүдтэй ТУЗ нь компанийн сайн засаглалыг хэрэгжүүлдэг бөгөөд ийм шаардлага хангаагүй ТУЗ-ийн үед компанийн засаглал хэрэгжих нөхцөл бүрдээгүй байна гэж үздэг. Компанийн ТУЗ-ийн гишүүн нь дараах шаардлага хангасан хувь хүн байна.
Үүнд:
1. Хувь хүний хувьд: Нэр хүндтэй, үнэнч шударга ажилладаг, хариуцлага хүлээх чадвартай, ТУЗ-ийн ажилд оролцох зав чөлөөтэй, багаар ажиллах чадвартай
2. Мэргэжил, дадлагын хувьд: Санхүү, эдийн засаг, менежмент, хууль; салбарын туршлага; эрсдэлийн удирдлага; компанийн засаглал; бизнес төлөвлөгөө боловсруулах; хөрөнгө оруулалтын үндэслэл тооцоолол хийх чадвар зэрэг болно.
Өнөөгийн байдлаар дэлхийн нийт бизнесийн байгууллагын 70 гаруй хувийг гэр бүлийн бизнес эзэлж (манай улсын хувьд ч мөн адил), эдийн засгийн өсөлт, ажлын байр, дундаж орлоготой давхаргыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Гэвч гэр бүлийн бизнес ихэнхи тохиолдолд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй нь бизнесийн харилцаагаа голдуу албан бус хэлбэрээр явуулдагтай холбоотой. Судалгааны үр дүнгээс харахад гэр бүлийн бизнесийн гуравны нэгээс дөрөвний гурав нь үүсгэн байгуулагчийнхаа үед бизнесээ зогсоох буюу бусдад худалддаг байна. Зөвхөн 5-15 хувь нь л үүсгэн байгуулагчийн гурав дахь үе хүртэл оршин тогтнодог ажээ (ОУСК, 2008).
Судалгааны үр дүнгээс харахад гэр бүлийн бизнесийн гуравны нэгээс дөрөвний гурав нь үүсгэн байгуулагчийнхаа үед бизнесээ зогсоох буюу бусдад худалддаг байна.
Гэр бүлийн бизнес өргөжиж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гэр бүл амьдралын дараагийн мөчлөгтөө орж, шинэ үе, гэр бүлийн олон гишүүд бизнесийн үйл ажиллагаанд оролцож эхэлдэг. Гэр бүлийн бизнесийн хоёр дахь үе шатнаас эхлэн гэр бүлийн засаглалын албан ёсны тогтолцоог бий болгож, гэр бүлийн гишүүдийг сахилга баттай болгон болзошгүй зөрчилдөөнөөс сэргийлэн бизнесийн үйл ажиллагааны тасралтгүй үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлага үүсдэг байна.
Гэр бүлийн бизнесийн судалгааны үр дүнгээс харахад нийт өрхийн бизнесийн 71 хувь нь гэр бүлийн гишүүдийн бизнес дэх оролцооны явцад үүсэх зөрчил, маргаан, ашиг сонирхлыг зохицуулах ямар нэгэн дүрэм, журамгүй байна.
Цаашдаа ч гэр бүлийн бизнест нилээдгүй сорил, бэрхшээл тулгарах нь ойлгомжтой бөгөөд эдгээрийг шийдвэрлэхэд сайн засаглалын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс засаглалын тогтолцоог бүрдүүлэн аль болох эрт эхлүүлж, компанийн удирдах гол этгээдүүдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, хоорондын харилцааг тодорхой зааж өгөх шаардлагатай.
Манай улсын гэр бүлийн компанийн засаглалын өнөөгийн дүр төрх гэвэл үүсгэн байгуулагч нь бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, зөвхөн хань, үр хүүхдээ мэдлэг, чадвараас нь хамааран гүйцэтгэх засаглалдаа багтаасан байдаг.
Гэр бүлийн компанийн дийлэнхид нь ТУЗ байхгүй, байгаа цөөхөн нь гэр бүлийн гишүүдээс гадна мэдлэг чадвар багатай, ойр дотно ганц хоёр хүнээ оруулах нь түгээмэл бөгөөд үүсгэн байгуулагч нь ТУЗ-ийн дарга эсвэл Ерөнхийлөгч болж ганц хүний үнэмлэхүй засаглал ноёрхдог. Монголын нэгээс дээш гэр бүлийн эзэмшилд байдаг, нэлээд томорч, жилийн эргэлт, ажилчдын тоо нь салбартаа нөлөөтэй болсон компаниудын хувьд сайн засаглалын тухай судалж мэдэх, цаашдаа ухаалгаар нэвтрүүлэх шаардлага бодитойгоор гарсныг сүүлийн үед гарч буй томоохон компаниудын хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан, тэмцлүүд харуулж байна. Нэг гэр бүл эзэмшдэг компаниудын дотоод зөрчлийн мэдээлэл бага боловч гардаггүй гэсэн үг биш юм.
Хэдийгээр, “Компанийн тухай хуулийн 75.2-д … ХХК-ийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ТУЗ-гүй байж болно” гэж заасан байдаг ч улс орныхоо эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэр бүлийн компаниудын хувьд бизнесээ урт хугацаанд тогтвортой, өндөр ашигтай авч явахын тулд компанийн сайн засаглалын тогтолцоог нэвтрүүлэх нь бизнесийн нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлж буй явдал болно.