Agile гүйцэтгэлийн менежментийн үйл явцыг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн гүйцэтгэх үүргийг авч үзье.
Гүйцэтгэлийн менежментийн уламжлалт арга барилыг халах үед хүний нөөц нь байгууллагын дотоод сэтгэлгээний өөрчлөлтийг удирдан чиглүүлэх ёстой. Тэд удирдлага, ажилтнуудад энэ өөрчлөлтийг удирдахад болон байнгын санал хүсэлтийн үр шимийг хүртэхэд нь туслах хэрэгтэй. Гэхдээ энэ ажил нь практик дээр яаж явагдах вэ? Бид танд санаа өгөхийн тулд анхаарах ёстой хэд хэдэн зөвлөгөөг доор жагсаав.
- Багаар эхэл
Байгууллагад ямар нэгэн зүйл хийх томоохон шинэ арга замуудыг гаргахдаа жижиг зүйлээс эхэл. Ялангуяа agile гүйцэтгэлийн менежмент нь танай байгууллагад тохирох зөв арга мөн эсэхэд эргэлзэж байгаа бол эхлээд туршилт явуулаарай. Жишээлбэл, та ажилтнуудын гүйцэтгэлд зориулсан agile хандлагыг эхлээд хязгаарлагдмал хугацаанд зөвхөн нэг багт /санхүүгийн хэлтэс/ туршиж, дараа нь гүйцэтгэлийн мэдээлэл, оролцогчдын санал хүсэлтийг цуглуулж үр дүнг үнэлэх боломжтой. Уг хэрэгжүүлэх баг нь байнга санал хүсэлт илгээхэд дассан баг болон/эсвэл өөрийн тань баг байж болно.
- Удирдлага, ажилтнуудыг гүйцэтгэлийн менежментийн арга барилд сурга
Та туршилтаасаа олж авсан үр дүнгээ дүгнээд байгууллагынхаа хэмжээнд agile гүйцэтгэлийн удирдлагын үйл явцыг нэвтрүүлэхээр шийдсэн бол тухайн байгууллагын сэтгэлгээний өөрчлөлтийг эхлүүлэх цаг болжээ. Гүйцэтгэлийн менежментийн энэхүү арга барилаас хэрхэн хамгийн их үр дүн гаргах, гүйцэтгэл, хөгжлийн зорилгоо хэрхэн тодорхойлох, санал хүсэлтийг хэрхэн хүргэх, хүлээн авах талаар удирдлагууд болон ажилтнуудад тайлбарла. Ялангуяа удирдлагуудын хувьд үйл процесс дахь тэдний үүргийг тодорхой болго. Үүнийг хийх гайхалтай арга бол туршилтын багийн удирдлага, ажилтнуудыг татан оролцуулах явдал юм. Зөвлөгөө, арга барил, сорилт бэрхшээлийг туршсан хүмүүс нь ойлгуулбал илүү үр дүнтэй байх болно. Хүмүүс сайн мэдэхгүй хүмүүсээс илүүтэй хамтран ажиллагсадтайгаа холбоотой байж, асуулт тавьж, асуудлаа хуваалцаж чаддаг.
- Тасралтгүй санал хүсэлт солилцохын үнэ цэнийг онцлон ойлгуул
Тасралтгүй санал хүсэлт солилцсоны дүнд ажилтнууд, баг болон байгууллагад үүсэх үнэ цэнийн талаар удирдлагуудад ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл, оролцоо сайжирч, эргэц багасаж, бүтээмж нэмэгдэж, гүйцэтгэл сайжирна гэх мэт. Тасралтгүй, шуурхай санал хүсэлт, харилцан яриа нь практикт ямар байх талаар жишээгээр тэдэнд тайлбарла. Энэ нь тэдэнд багтаа үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт, төсөөллийг олгох болно.
- Олон эх сурвалжаас санал хүсэлт цуглуулах ажлыг хялбарчлах
Ажилтнуудын 62% нь хамтран ажиллагсдаасаа илүү их санал хүсэлтийг хүлээн авах хүсэлтэй байдаг байна. Иймд энэ санал хүсэлтийг цуглуулах хялбар замыг үүсгэх нь зайлшгүй шаардлагатай юм. Ажилтнууд санал хүсэлтээ цуглуулахын тулд хамтран ажиллагчид болон удирдлагуудтайгаа хялбархан хуваалцах боломжтой санал хүсэлтийн маягтыг үүсгээрэй. Та өөр өөр асуулт бүхий хэд хэдэн хувилбар үүсгэж болно. Жишээлбэл, зарим нь гүйцэтгэлд, заримд нь хөгжил, өсөлтөд, заримд нь багаар ажиллахад төвлөрсөн асуултуудыг үүсгэж болно.
- Хөгжлийн төлөвлөгөө гаргахад туслах
(Шинэ) ажилтнууд танай байгууллагад байгаа бүх хөгжил, ажил мэргэжлийн өсөлтийн боломжуудын талаар мэдэхгүй байж магадгүй. Удирдлагууд болон ажилтнуудад үүнийг чиглүүлэхэд нь тусал. Ингэснээр ажилтнууд өөрсдийн өсөлт хөгжилтөд бодитой зорилго тавьж чадна. Үүнийг хэрэгжүүлэх янз бүрийн арга замууд байдаг. Жишээлбэл, та байгууллагынхаа өөр өөр албан тушаалын ажил мэргэжлийн чиглэлийг тодорхойлж, багийн өсөлтийн төлөвлөгөөгөө хуваалцах эсвэл ур чадварын тооллогоор тодорхойлсон ур чадварын дутагдлыг зааж өгч болно.
- Ил тод, хариуцлагатай байдлыг дэмж
Ажилтнууд байгууллагын болон багийн зорилго, гол үр дүн (OKR) гэж юу болох, өөрсдийн зорилго нь юу болох, тэдгээр нь байгууллагын OKR-тэй хэрхэн холбогдож байгаагаа мэдэж буй эсэхийг нь шалгаарай. Учир нь ажилтнууд өөрсдийн бие даан болон багаараа гүйцэтгэж буй ажил нь том дүр зурагт хэрхэн хувь нэмэр оруулж байгааг илүү сайн ойлгосноор ажилтнуудын оролцоо ихээхэн нэмэгддэг.
- Ажиглах, үнэлэх, давтах
Гүйцэтгэлийн өгөгдлийг үнэлэх, удирдлагууд болон ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авах замаар гүйцэтгэлийн удирдлагын системийн үр дүнг хянах. Аль нь сайн, юу нь болохгүй байгаа талаар мэдээлэл цуглуулж, тохируулга хий. Agile арга бол эцсийн дүндээ тасралтгүй сайжруулалт, үнэ цэнийг хүргэх явдал юм.
Байгууллагууд өнөөдрийн болон ирээдүйн ажиллах хүчний хүлээлтийг биелүүлэхийн тулд ажилтанд илүү төвлөрсөн байх ёстой. Agile гүйцэтгэлийн менежмент нь ийм төрлийн ажлын байранд төгс тохирно. Agile гүйцэтгэлийн менежмент нь ажилтнуудад олон эх сурвалжаас байнга санал хүсэлт авах, удирдлагатай тогтмол ярилцах замаар гүйцэтгэл, хөгжлийн эрх мэдлийг олгодог.
Холбоо барих мэдээлэл:
Утас: 976-88085704, 94101180
Имэйл: info@hrconsulting.mn
Сургалт, зөвлөх үйлчилгээний мэдээлэл: www.hrconsulting.mn
Хүний нөөцийн бодлогын баримт бичиг: www.hrmanager.mn