Инстаграм аяллын энэ эрин үед зарим залуус хөтөчгүй аяллыг сонирхох болжээ. Тийм учраас тэд Зүүн Азийн уудам тал нутаг бүхий нэгэн улс руу хошуурч байна.
***
Шөнө дунд, хүчтэй бороон дунд бид хоёр Монголын яг тэг дунд шороон зам дээр зогсож байлаа. Гаталж болохоор гол санагдав.
Би үеэл Коул Пауллины хамт хоноглох газар хайж байсан агаад түрээсэлсэн жийп машинаараа өдрийн турш гол, горхи гаталсаар ядарсан байлаа. “Зүгээр л юм шиг байна. Гатлах гээд үзье” гэж би хэлэв.
Коулыг хаазлахад огт харагдахгүй байсан голын эргийг урд дугуй мөргөж, доодох чулууг нь хүчтэй цохив. Машин маань тун эвгүй өнцгөөр чулуунд тэвхдэгдэж, машины тал нь усан доор оржээ. Машины хаалганы завсраар ус орж, хөлийг минь норгож эхэллээ. Түрээсэлсэн эд хөрөнгө маань голын урсгал дагаад хөвчихвөл яана гэсэн бодол орж ирэв.
Машины уухилах дуу чимээг сонсоод ойролцоох гэр буудлаас хоёр эрэгтэй гарч ирэв. Гар утасныхаа Google Translate дээр “This is dangerous” гэсэн бичгийг харуулангаа нэг нь цээж хүрсэн усыг туулан машин руу ойртлоо. Би айх завдалгүй хэтэрхий сандарсан байлаа.
Түүнийг утсаар ярих үед нь би борооны цуваа зээлүүлэв. Азаар сүлжээ барьдаг газар аж. Нэг цагийн дараа ачааны машинтай эр хүрч ирлээ. Түүнийг татаж эхлэхэд Коул хамаг хүчээрээ хаазалснаар машин голоос гарав.
Коул төрөлх Лос-анжелесийнхаа хар ярианы үгийг ашиглан “Яг л Диснейлэнд шиг байлаа шүү. Ямар айхтар аялал вэ” гэв.
Коул Филадельфид, би Лондонд гээд бид хоёр өөр өөр тивд амьдардаг ч жилдээ нэг удаа шинэ улс руу аялдаг юм. Энэ жил бид хоёр Монголоор нэг долоо хоног аялахаар шийдсэн.
1981-1996 оны хооронд төрсөн миллениалууд буюу над шиг залуус сүүлийн 10 жилд Монгол шиг судлагдаагүй улсууд руу аялж байгаа бол бусад насны жуулчид Санторини, Эйфелийн цамхаг, Колизейд шавж байна. Аяллын цөөн хэдэн алдартай цэгүүд л инстаграммын пост, аяллын блогууд дээр ахин дахин гарч ирдэг өнөөгийн ухаалаг гар утасны эринд бид хэт их автсаны нөлөө нь энэ байж ч магадгүй. Хэт их зүйлийг үзэж хардаг болсноор бид санамсаргүй, гэнэтийн зүйлсээс холоо тасарчээ.
Бие даан аялах жуулчдын хүслийг ашигтайгаар эргүүлэхийг Монголын Засгийн газар хичээж байна. Тэд 23-40 насныханд зориулсан дижитал маркетингийн кампанит ажилд хөрөнгө хаяж байгаа бөгөөд уудам ногоон тал, Карибын тэнгисийнх шиг хөх нуурууд, улбар шар элсэн манхнуудын бичлэгийг интернэтэд тавиулах зорилгоор нийгмийн сүлжээний инфлюнсерүүдийг эх орондоо урьжээ. Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны судалгаанаас үзвэл тус улсад ирсэн жуулчдын 49 хувь нь 40-өөс доош насныхан байв.
Жуулчны компаниуд энэхүү өсөн нэмэгдэж буй сонирхлыг хангахын тулд нүүдэлчин анчид болон бүргэдүүдийн жил бүрийн цуглаан болох “Бүргэдийн баяр”, Европ, Азийг туулсан автомашин, мотоциклийн “Монгол Ралли”, эсвэл 600 миль үргэлжлэх “Монгол Дерби”-г залуу жуулчдад санал болгож байна.
“Дэлхий улам хавтгай болж, хүмүүс шинэ хил хязгаарыг сонирхож байна. Хүмүүсийн очих дараагийн газар бол Монгол” гэж Монголд найман удаа ирсэн Бали улсын иргэн 36 настай Санжай Чойгял өгүүлэв.
Адал явдалд дурлагчдыг соронзодно
Коул бид хоёрыг долоодугаар сарын сүүлчээр Улаанбаатарт ирэхэд шинэ нисэх буудлынх нь гааль дээр гадаадын зочид урт дараалал үүсгэн зогсож байлаа.
Орегоны Оливиа Ханкел “Монгол дерби”-д оролцохоор, Хойд Каролинагийн палеонтологийн сургуулийн оюутан Вилли Фреймут үлэг гүрвэлийн олдвор судлахаар хоёр дахиа ирсэн бол Чойгял Монголын төв хэсэгт орших Орхоны хөндий рүү машинаар аялахаар найзуудтайгаа хамт иржээ. “Монгол руу аялна гэхээр хамт аялах хүмүүсийн тоо хурдан нэмэгддэг” гэж Чойгял хэлэв.
Өнгөрсөн онд Монгол Улс 250 мянган жуулчин хүлээж авсан нь цар тахлын хязгаарлалтаа цуцлаад байсан уржнан жилтэй нь харьцуулбал зургаа дахин их тоо юм. Жуулчдын ихэнх нь ОХУ, БНСУ, Казахстан зэрэг зэргэлдээ улсуудаас иржээ. Гэхдээ Европ, АНУ-аас ирэх жуулчдын тоо 2021-2022 оны хооронд бараг 500 хувиар нэмэгдсэн байна.
“Таж Махалтай харьцуулбал хамаагүй сонирхолтой, тэс өөр, сэтгэл татам мэдрэмжийг Монголоос авах боломжтой” хэмээн тус улс руу экстрим аялалд дурлагчдыг илгээдэг Adventurists компанийг үүсгэн байгуулагч Том Морган хэлээд “Юу ч төлөвлөлгүй ирсэн нь дээр” гэж зөвлөв.
Дөрвөн дугуйтай майхан
Коул бид хоёр ч үнэндээ нэг их төлөвлөгөө гаргаагүй. Бид хоёр үүргэвчээ үүрээд, Sixt-ээс машин түрээслээд л ирсэн. Sixt-ийн Монгол дахь салбар нь банкны шилжүүлэг ашигладаг бөгөөд ирэхээсээ өмнө бид хоёр 2000 гаруй ам.доллар шилжүүлсэн. Луйвардуулсан байх вий гэж эмээж байв.
Харин Sixt дээр ирээд захиалгыг маань авсныг мэдээд санаа амрав. Тэгтэл бид муу мэдээ сонсов. Бид хоёрын сонгосон жийпийг унасан өмнөх түрээслэгчид нь машиныг гэмтээсэн аж. Sixt-ийн агент бид хоёрт дээрээ майхантай Оросын УАЗ фургоныг оронд нь санал болголоо. Хөгжим тоглуулагч байхгүй, агааржуулагч нь халуун агаар үлээдэг ч бат бөх машин аж.
Машинтай болсон нь азтай тохиол байлаа. Sixt-ийн захиалга дүүрсэн, хотын бусад түрээслүүлэгч нар ч мөн адил.
“Энэ улиралд манайх гурван удаа бүх машинаа гаргасан. Тиймээс бид ажиллах өдрөө нэмсэн” гэж Follow the Tracks компанийг хамтран үүсгэн байгуулагч Макс Муэнч хэлэв. Өнгөрсөн жилээс жуулчдад үйлчилж эхэлсэн түүний компани харилцагч нараа машин захиалахад нь тусалж, сүлжээгүй үед ашиглах боломжтой газрын зургууд бүхий таблет өгдөг байна. “Ковидын дараа хүмүүс эрх чөлөөг дахин мэдрэхийг хүсэж байна. Тэд үүнийгээ Монголын хязгааргүй тал нутгаас олж авахыг хичээдэг” гэж тэрбээр нэмж хэлэв.
Google Maps-тай нүүдэлчид
Хязгааргүй хоосон тал нутаг ямархуу болохыг бид хоёр удахгүй мэдрэв.
Тус улсын 3,2 сая хүн амын бараг тал хувь нь замбараагүй зам, хаа сайгүй баригдсан өндөр шинэ барилгууд бүхий нийслэл хотдоо шавааралдан амьдардаг. Харин монголчуудын дөрөвний нэг хувь нь нүүдэлчин хэв маягаа хадгалж үлдээд хязгааргүй талд гэрт аж төрдөг. Тэд жилд дээд тал нь дөрвөн удаа малтайгаа отор нүүдэл хийдэг юм.
Google Maps-аар зам заалган хотоос гарахад тэнгэрийн хаяа харагдахгүй аж. Адуун сүрэг өвс идэнгээ сүүлээрээ ялаа үргээнэ. Бид эл сүргийн холын хамаатныг олж харахаар машинаа Хустайн байгалийн цогцолборт газар руу жолоодож байлаа. Смитсонианы онцолсноор энэ бол дэлхий дээр үлдсэн сүүлчийн жинхэнэ зэрлэг адууны авралын орон ажээ.
Шороон замаар нэг цаг орчим явсны эцэст жижиг, шороо болсон орох хаалганы өмнө хүрч очив. Тус цогцолборт газрыг олоход хэцүү байдаг уу гэж би менежер Б.Батзаяагаас асуухад “Ихэнх жуулчин хөтөчтэй ирдэг. Гэхдээ та нар шиг залуу хүмүүс өөрсдөө олоод ирдэг юм” гэж хариуллаа.
Монгол Улсын харилцаа холбоо гайхмаар сайн хөгжжээ. Сум суурин нь хоорондоо хол зайтай ч аялах хугацаандаа бид хоёр байнга сүлжээтэй явсан. Нэг өдөр говьд тэмээ харж суунгаа нэгэн бүтэшгүй гэмээр зүйлийг хүртэл би оролдоод амжив: Ticketmaster-аас Тэйлор Свифтын Era`s Tour-ийн тоглолтын тасалбарыг захиалах (гэхдээ олон хүний адил би авч чадаагүй).
Иргэд болон жуулчдад зориулж интернэтийн хүртээмжийг сайжруулахын төлөө Монголын Засгийн газар их ажил хийж байна. Тус улсын газар нутгийн 84 хувьд интернэтийн сүлжээ орсон бол малчин айлууд нарны хавтантай учир гар утсаа цэнэглэх боломжтой юм. Мөн Улаанбаатараас жуулчид их очдог зорих газрууд руу засмал зам тавьж байна.
Эдгээр бүтээн байгуулалт нь залуу аялагчдад Монголоор чөлөөтэй аялах боломжийг олгосноор тал нутгаар гадаадын төрөл бүрийн нүүдэлчид явах болжээ. Хустайн нуруунд тахь харсны маргааш бид хоёр Чингис хааны нийслэл Хархорумд хоёр долоо хоногийн аяллаар яваа их сургуулийн найз хоёр Европ эмэгтэйтэй таарав. Тэд мөн л хөтөч хөлслөхөөс татгалзаж, гар утсаа газарч болгожээ.
“Бүх зүйлийг урьдчилан зохион байгуулсан аялал хийхийг бид хоёр хүсээгүй. Амрахад тохиромжтой гэж үзсэн газартаа хоноглоод явж байна” хэмээн Испаниас ирсэн Мариа Гали Реню (31 нас), Австрийн иргэн Ханна Винклер (30 нас) хэлэв.
Хурдан морины уралдаан болон мөндөр
Коул бид хоёр ч хүссэн газраа буудаллаж байв. Шөнө нь машин дээрх майхны дээгүүр нумран харагдах Сүүн замын доор хоноглож, өдөр нь алтан шаргал канола, эсвэл голын дэргэд өдрийн хоол хийж иднэ. Бяцхан говь гэгддэг Элсэн тасархай дээр хоёр бөхт тэмээ унаж үзэв.
Аялал дундаа орж байхад би Коулыг ятган монголчуудын очих дуртай Цэнхэрийн рашаан руу замаа өөрчлөв. Шороон замаар цаг хэртэй давхисны эцэст морь унасан хэсэг хүүхэдтэй таарав. Ойртоод харвал тэд цамцан дээрээ дугаар наажээ.
Наймаас дээш насны нэг охин, 41 хүү уралдах гэж байв. Аав ээж нь машин, мотоциклоороо морьдыг хашин гарааны зурхай руу чиглүүлэв. Тэд инээмсэглээд өөрсдийг нь дагахыг дохиж занган бид хоёрт ойлгууллаа. Морьд гараанаас гарсны дараа бид ч мөн дагаад хөдөлж, цагт бараг 50 миль хурдалж буй морьдтой хамт ногоон талаар давхилаа.
Морьд барианд оронгуут мөндөр орж эхэллээ. Баяр ёслол тэр дороо бужигнаан болон хувирч, зарим уралдаанч хүүхэд барианд оронгуут мөндөрт цохиулсаар шууд уул руу давхиж одов.
Халуун рашаан руу дөхөх тусам хүчтэй бороо машины шилийг цохиж, гадаа шавхай үүсжээ. Монголд хамгийн түгээмэл Приус машин олноороо зам дагуу шаварт суужээ. Үерлэсэн голыг гатлах бүрийд усны түвшин машины хамартай ойртож ирэх бөгөөд машинд ус орж ирнэ.
Хүчтэй борооны улмаас халуун рашаан мөн үерлэжээ. Бүлээн усан санд чичирч байтал англиар ярьдаг нэг монгол хүү “Уучлаарай та нар халуун уснаас хоцорчхож” гэж өрөвдөв.
Аалз айлчлав
Тааруухан замаар удаан явсны эцэст бид эцсийн зогсоол дээрээ буюу гүн цэнхэр Хөвсгөл нууранд ирлээ. Бид хоёр гэрт хоноглохыг хүссэн учир Умбаа хэмээх 43 настай Э.Цэрэндаш руу утасдав. Түүний утасны дугаар фэйсбүүкт байсан юм.
Умбаа, эхнэр, хоёр хүүгийн хамт бид хоёрыг угтан авч илүү гэртээ оруулав. Оройн хоолонд тэд хонь, адууны мах, төмс, лууван чанажээ. Хоолны дараа ясыг нь цохиж чөмгийг идээд унтахын өмнө сарлагийн сүүтэй цай уулаа. Орондоо хөрвөөж байхдаа утасныхаа гэрэлд нэг зүйл нүүрэн дээр минь явахыг анзаараад цохиж унагалаа. Хартал зоосны хэмжээтэй аалз байх нь тэр.
Маргааш нь бид хоёрыг Умбаа бүтэн өдөр мориор аялуулав. Зэрлэг цэцэгс ургасан нугаар шогшиж, цаа буга харж, нуур луу өнгийсөн уулан дээр гарч, өдрийн хоол идэнгээ наранд залхууран хэвтсэн нь аяллын маань амар амгалан төгсгөл байлаа.
Улаанбаатарт ирээд Sixt-ийн агентын хажууд машиндаа санаа зовон зогсож байх үед зэрлэг цэцэгс тэртээ хол санагдав. Гол гаталж байхдаа машинаа гэмтээсэн болов уу? Машин маань бөөн шавар шавхай болсон учир хэлэхэд хэцүү байлаа.
Анх бид хоёрын түрээслэх ёстой байсан гэмтэлтэй жийпийг бодонгоо барьцаанд үлдээсэн 1400 доллароо бараг л үлдээгээд явахад өөрсдийгөө бэлтгэж байлаа. Агент ашгүй айдсыг минь үгүй хийв. Машины бүх зүйл хэвийн байна гэж тэр бээр хэллээ. Шаварт суух нь Монголд машин барихын салшгүй нэг хэсэг бололтой.
Түүний ажил тарж байсан учир бид хоёрыг нисэх буудал хүргэж өгөх санал тавив. Цаг хангалттай их байгаа гэж бид хоёр бодож байсан ч Улаанбаатарын аймшигтай түгжрэлээс шалтгаалаад нислэгээсээ золтой л хоцорсонгүй. Монголд бүх зүйл төлөвлөснөөр өрнөдөггүйн сүүлийн сануулга нь энэ байлаа.
Лорен Жексон (Нью-йорк таймс)