Дөт замаар урагшил
“Содура Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал, Олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх Ц.Алтангэрэл зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй гэхээсээ илүү ухаалаг байх хэрэгтэйг онцолж байна. Учир нь ухаалаг байснаар илүү дөт замаар барианд хүрэх боломжтой. Хүч, нөөцөө бодитой тодорхойлж, хаана, хэрхэн хүрэхээ оновчтой төлөвлөсөн цагт зорилгодоо хүрэх аялал тань илүү утга учиртай байх болно. Гэвч дийлэнх тохиолдолд, дөнгөж бойжиж буй гарааны бизнес болон жижиг, дунд бизнесүүд аялалаа дөтлөх “газрын зураг”-аа оновчтой зураглаж чаддаггүй. Хэдий тийм ч бас сайн мэдээ бий. Өнөө цагт зөвлөх үйлчилгээний ачаар жижиг, дунд бизнесүүд ч мөн алс хэтээ тольдож, мөрөөдөлдөө хүрэх боломж бүрдээд байна. Гол нь мөрөөдөлд хүргэх дөт замын хөтчөө зөв таних нь чухал юм.
Өдгөө дэлхий дахинд бизнесийн зөвлөх үйлчилгээний эрэлт асар хурдацтай өсөхийн зэрэгцээ зөвлөх үйлчилгээний зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ ч нэмэгдэж байна.
Өнгөрсөн онд менежментийн зөвлөх үйлчилгээний дэлхийн зах зээлийн хэмжээ 976.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол энэ онд нэг их наядад хүрэх төлөвтэй байна.
Ялангуяа цар тахлын уршгаар бизнесийн талбарт бий болсон таагүй уур амьсгалыг эерүүлэхэд зөвлөх үйлчилгээний оруулсан хувь нэмэр их байсныг олон улсын шинжээчид онцолж байна. Мөн энэ хэрээр зөвлөх үйлчилгээнд итгэх бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдсэн гэж тэд үзэж байна.
Харин манай улсын хувьд, зөвлөх үйлчилгээний зах зээл хэр тэлж байгаа талаар нарийн тоо судалгаа байхгүй ч зөвлөх үйлчилгээ авах соёл харьцангуй төлөвшиж байгааг “Содура Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл онцоллоо. Тус компани нь менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2016 онд байгуулагджээ. Удирдлагын менежмент, стратегийн чиглэлээр голчлон зөвлөгөө өгдөг “Содура Консалтинг” өнгөрсөн найман жилийн хугацаанд 100-аад компанид зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бол орон даяар 2000 гаруй захирал, менежерийг чадавхжуулсан байна. Өдгөө тус компани худалдаа үйлчилгээ, барилга архитектур, тээвэр ложистик, ноос ноолуур, хөдөө аж ахуй зэрэг маш олон салбарын бизнесүүдэд замын зургийг нь гарган өгч байна.
Стратегиа төлөвлөх нь зам дөтлөх эхний алхам төдийгүй бусдын туулсан замаар урагшлахдаа мэдээлэл, судалгаатай хандвал бартаа саад ч бага байна.
Гэвч жижиг, дунд бизнесүүд хар чадлаараа л замаа туулдаг. Уйгагүй хөдөлмөрлөснөөр ямар нэг амжилтад хүрч болох ч бага нөөцөөр илүү их үнэ цэн бүтээ гэсэн бизнесийн алтан зарчим, бичигдээгүй хууль бий. Мэдээж бага нөөц гэдгийг цөөн ажиллах хүч, чанаргүй түүхий эд гэж ойлгож болохгүй. Нөөцийг мөн л зөв удирдах шаардлагатай. Монголын жижиг, дунд бизнесийн салбарын тухайд ажиллах хүчний тоо өндөр хэрнээ улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөө бусад улстай харьцуулахад бага. Тийм ч учраас “Содура Консалтинг” зах зээлд байр сууриа бататгаж, урагшлах хүсэлтэй жижиг, дунд бизнесүүдтэй илүү их хамтардаг. Тэднийг чиглүүлэх нь улс орны эдийн засагт ч чухал ач холбогдолтой гэж компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл тодотгож байсан юм.
Одоогоор манай улсад үйл ажиллагаа явуулж буй дийлэнх компани 3-5 жилээр алсаа харж байгаа. Харин үүнээс ч илүү алс хэтээ харж, урт хугацааны стратеги боловсруулж хэрэгжүүлье гэвэл юуны өмнө дараах зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй. Үүнд:
- Удирдлага үр дүнтэй сайн ажиллаж, хамт олныхоо хүндлэлийг хүлээж чаддаг эсэх
- Багийн гишүүд өөрчлөгдөх, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл өндөртэй эсэх
- Үр дүнгийн төлөө хариуцлагын соёл бүрдсэн эсэх, гүйцэтгэлийг шагнаж урамшуулдаг эсэх
Эдгээр нь байгууллага бүрд харилцан адилгүй байдаг. Тиймээс стратеги боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд нөлөөлөх хүчин зүйлийг бүрэн тооцоолж, зөвхөн тухайн компанид тохирсон арга барилыг боловсруулдгаа “Содура Консалтинг” онцолж байсан юм. Мөн стратегийн зөвлөх үйлчилгээ нь удирдлагын авах зөвлөгөө гэдгийг тодотгох нь чухал.
“Зарим гүйцэтгэх захирал стратегийн төлөвлөлтөөс зугтах хандлагатай байдаг. Аль болох дунд шатны удирдлагууддаа шилжүүлчихээд хамгийн сайн хувилбарыг танилцуулахыг даалгадаг. Энэ бол хамгийн буруу хандлага. Захирал заавал оролцох ёстой. Өнөөдөр зав гаргаж, механизмыг бүрдүүлж чадахгүй бол ирээдүйд үүнээс ч илүү цаг зарцуулна” гэдгийг “Содура Консалтинг” төсөл хэрэгжүүлж буй бүх компанийнхаа удирдлагуудад сануулдаг байна.
“Хэрэв хамтаараа стратегиа зөв тодорхойлж, зөв урагшилж чадвал нэг л мэдэхэд зорилгодоо хүрснээ анзаарах болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл мөн онцолж байсан юм. Тэд саяхан Дархан, Говьсүмбэр аймгууд дахь зөвлөх үйлчилгээнд хамрагдсан компаниудаараа явж, үр дүнгээ хэмжихэд зөвлөх үйлчилгээ авсан компаниуд нь гурван жилийн өмнөх зорилгодоо хүрцгээсэн байжээ. Үр дүнгээ хараад сэтгэл хангалуун байсан тэд хараахан биелж амжаагүй зорилтынхоо учир шалтгааныг ч мөн тодруулсан байна. Энэ мэтчилэн үр дүнгээ эргэж дүгнэдэг, дүгнэхдээ бодитоор үнэлдэг “зөв хөтөч”-ийг олж замчлуулах нь чухал юм.
“Содура Консалтинг” -ийн хувьд, 2016 оноос Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (MMCI) -ийн гишүүн болсон бол 2018 онд Олон улсын менежментийн зөвлөхүүдийн институт (ICMCI), 2020 онд Америкийн менежментийн зөвлөхүүдийн институт (IMC USA)-ийн гишүүн болсон, үйл ажиллагаандаа зөвлөх үйлчилгээний олон улсын ISO 20700 стандартыг мөрдөж хэрэгжүүлдэг байгууллага юм. Үүгээр зогсохгүй ХААН Банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг гадаад, дотоодын нэр хүндтэй байгууллагатай хамтран ажиллаж, жижиг, дунд бизнесүүдийг урагш ахихад мэргэжлийн зөвлөгөө өгдөг байна. Ийм ч учраас тэд үр дүнгээ тооцох, стратегийг зөв зураглах хариуцлагатай байдалд онцгойлон анхаардаг.
Менежерээ алдах нь том алдаа
“Дунд шатны менежерүүдээ тогтвортой ажиллуулах тал дээр удирдлагууд алддаг. Зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтдаа замын зургаа гаргачихаад жилийн дараа очиход таван хүнтэй удирдлагын багаас ганцаараа сууж байх тохиолдол бий. Энэ бол мөрөөдөлдөө хүрэх аялал бүтэлгүйтэх хамгийн том шалтгаан” гэж -Содура Консалтинг- компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл ярьж байна. Ажилтнууд, зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт, техник технологи, хөрөнгө оруулалт чухал ч гэлээ энэ бүхнийг холбож ажилладаг хүмүүс бол менежерүүд.
Менежерүүд тогтворгүй бол өсөлт хөгжлийн талаар ярих хэцүү. Сайн менежер нэг газар ажилд орчихоод гаръя гэж боддоггүй. Тэдэнд карьер чухал. Мөн дунд шатны менежерүүд өсөж хөгжих сонирхолтой байдаг учраас “өсдөг компани”-д дуртай. Тиймээс тэднийг суралцах, хөгжих боломжоор хангаж байх нь чухал.
Түүнчлэн дунд шатны менежерүүд итгэлцлээс болж ажлаа орхих нь түгээмэл. Шалтгааныг нь тайлбарлая. Жижиг, дунд бизнесийн талбарт гэр бүлийн компаниуд цөөнгүй байдаг нь өөрийн чадлаар урагшилж буй менежерийн хажуугаар чадвар сул хамаатны хүн ажиллаад эхлэхээр тэдний урам зориг бөхдөг. Гэр бүлийн компанид хамаатнуудаараа, эхнэр нөхөр, үр хүүхдүүдээрээ ажиллаж болох ч зарчмаа маш сайн тодорхойлох шаардлагатай. Өсөх ирээдүйтэй гэж итгэсэн ч хамаатнуудын ойлгомжгүй харилцаан дунд сайн менежер тогтож үлдэхгүй гэдгийг “Содура Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл хэлж байсан юм.
Харин ажилтнуудын тухайд, менежертэйгээ ойлголцоогүй гэх шалтгаанаар ажлаас гарах нь элбэг. Гэхдээ менежер сайн бол ийм асуудал бага гарна.
Захирлуудын хувьд, стратегийн хэрэгжүүлэлтдээ анхаарч, том зургаар удирдах ажилдаа анхаарах, өдөр тутмын удирдлагыг дунд шатны менежерүүдэд даалган хийлгэж сурах нь чухал. Үүний тулд чадварлаг дунд шатны менежер хэрэгтэй. Тийм ч учраас менежерүүдэд зориулсан сургалт, дасгалжуулалтыг “Содура Консалтинг” компани тогтмол зохион байгуулдаг.
Хөрөнгө нэмэхийн өмнө
“Содура Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл зөвлөх үйлчилгээний компани байгуулахаасаа өмнө банк, санхүү, бизнесийн байгууллагад 25 жил удирдах албан тушаалд ажиллаж байжээ. ХААН, Богд банканд Байгууллагын банкны захирлаар ажиллаж байхдаа компаниудтай тулж ажилладаг байсан түүний хувьд олон компанитай харьцах тусам тэдний алдаа, оноог маш тодоор анзаарч эхэлсэн байна. Тухайн үед зээл, санхүүжилт хэрхэн татах, юунд анхаарах тухай асуулт ч их ирдэг байсан нь түүнийг зөвлөх үйлчилгээний салбарт хөл тавихад нөлөөлжээ.
Банкнаас танил тал хайх, амьдарч буй орон сууцаа зээлийн барьцаанд тавихаас эмээх зэргээр итгэлтэй бус байдал гаргах нь санхүүжилт татаж чадахгүй байх нэг шалтгаан болдог байна. “Итгэлтэй бус байгаагийн шалтгаан нь сайн мэдэхгүй байх. Хийж буй бизнес нь судалгаа, тооцоо багатай, зах зээлд хэрэглэгчийн асуудлыг шийдсэн үнэ цэнийг санал болгож чадаагүй, өнгөц, богино хугацааны, таамаг төдий шийдэл санал болгож байгаа хүмүүс голдуу итгэлтэй бус байдаг. Өөртөө итгэлгүй байхад зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, бүр ажилтнууд ч хамтрахаас татгалзана. Тиймээс өөртөө итгэлтэй байхын тулд зах зээлд хэрэгцээ байгааг түрүүлж олж хардаг, асуудлыг бусдаас онцгой чадамжаар, өвөрмөцөөр шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ийм бизнес эрхлэгчийг ажилтнууд, хамтрагчид, зээлдүүлэгчид, хөрөнгө оруулагчид хүрээлж байдаг. Гэхдээ итгэлтэй гэдэг нь сохроор итгэлтэй байхыг хэлэхгүй. Сохор итгэлийг санхүүгийнхэн хамгийн гярхай таньдаг” гэж “Содура Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл хэлж байсан юм.
Мөн компаниуд бизнесээ өргөжүүлэх гол шийдэл нь зөвхөн зээл гэж хардаг. Энэ бол хамгийн том алдаа гэдгийг тэрбээр онцолсон. Хөрөнгийн зах зээлд хөл тавьж, олон нийтэд хувьцаа, бонд санал болгох замаар илүү хямд нөхцөлтэй санхүүжилт татаж болно. Ингэснээр компанийн засаглал ч мөн эрүүлждэг байна.
Зөвлөх үйлчилгээ авснаар борлуулалтын орлого, хөрөнгө оруулалтын өгөөж өсөх магадлал илүү өндөр. Тиймээс хуримтлагдсан сул мөнгөөрөө ахин хөрөнгө оруулах нь хамгийн оновчтой хувилбар. Хэрэв хөрөнгөө хэрхэн удирдахаа мэдэхгүй бол мөн л зөвлөхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө санхүүгээ зузаатгах оролдлого тань бүтэлгүйтлийг тойрч өнгөрөх болно гэж “Содура Консалтинг” зөвлөж байна.
Холыг харж, алсад тэмүүл
Манай улсын эдийн засаг, зах зээлийн цар хүрээ харьцангуй жижиг. Энэ нь бизнесүүдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байдаг. Хүрээгээ тэлж, байр сууриа бат эзэлж чадаагүй олон компани үүдээ барьж буйн зэрэгцээ маш олон компани амиа аргацаах төдий явсаар байна.
Бизнесүүд өрхийн хэрэглээнд суурилсан худалдаа, үйлчилгээний бүтээгдэхүүнд төвлөрснөөр өнөө, маргаашаа аргацаах бол олон улсын зах зээлд тэмүүлэх нь өргөн боломжийг нээж өгнө гэж “Содура Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл зөвлөж байна. Тиймээс монгол компаниуд цаашид нэмүү өртөг шингэсэн экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нь чухал юм.
Мөн технологийн бизнес, ноолуурын салбарынханд гадаад зах зээл нээлттэй байгааг тэд онцолж байсан юм. Гагцхүү тогтвортой, ногоон хөгжлийн зорилтод бизнес загвараа нийцүүлэх хэрэгтэй. Манай улсын экспортын орлогын 90 гаруй хувь нь эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс бүрддэг учраас эдийн засгаа “ногооруулах” нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ч гэж тодорхойлж болох юм. Тиймээс урт хугацаанд өрсөлдөх чадвартай оршин тогтноё гэвэл Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхаарч үзэх шаардлагатайг тэд онцолж байсан юм
Тиймээс “Содура Консалтинг” компани экспортын чиг баримжаатай бизнесүүдийг дэмжих зорилгоор гадаад худалдааны зөвлөхүүдтэй хамтарч, хамтарсан зөвлөх үйлчилгээг ч үзүүлдэг байна. Тэдний зөвлөгөөг авч, олон улсын зах зээлд нэвтэрсэн гар урлал, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид ч цөөнгүй бий.