3 гол санаа
- Үг хэллэгт суурилсан хиймэл оюун нь хүний өгч буй зааврыг хөрвүүлж, түүнийгээ роботын гүйцэтгэж чадах дэс дараалсан заавар болгон хувиргадаг.
- Ингэснээр роботоор тодорхой үүрэг даалгавар хийлгэхийн тулд загварчлах, программчлах шаардлагагүй болж, харин хүний хийдэг зүйлсийг яаж хийхийг нь хэлж өгч, сургах боломжтой олон үйлдэлт роботыг бүтээх боломжтой болно.
- Универсаль ажиллагаатай хиймэл оюун бүхий робот бий болсноор хүний хийдэг биеийн хүчний ажлыг нугалах хямд ажиллах хүчин үүсэж магадгүй.
Агуулга
ХХ зуунд автоматжуулалт нь үйлдвэрлэлийн шугамд ажилладаг хүмүүсийг роботоор сольсон. Үүнтэй адил, хиймэл оюунаар “зэвсэглэсэн” ChatGPT зэрэг хэрэгсэл нь зохиолч, мэдээлэлтэй ажилтай хүмүүсийн ажлын байрыг үгүй хийнэ гэж зарим хүн үзэж байна. Гэхдээ хиймэл оюуныг роботуудад суулгах явдал улам нэмэгдэж байгаа учир мэдээлэлтэй ажилладаг зохиолч, инженер нартай харьцуулбал ажилчин ангид улам их нөлөөлж болзошгүй юм.
Хиймэл оюун хэрхэн мэргэшсэн ажилчдыг орлох вэ?
Түүхээс үзвэл, робот нь зөвхөн хүмүүсийн программчилж өгсөн үүрэгт ажлыг л хийсээр иржээ. Роботыг загварчилж, программчлах нь эхэндээ багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг учраас автоматжуулалтыг маш тодорхой, давтан хийдэг үүрэгт ажилд, тухайлбал угсрах шугамд илүү их ашиглаж байна.
Харин ChatGPT зэрэг үг хэллэгт суурилсан хиймэл оюуныг ашигласан тохиолдолд асар их өөрчлөлтийг авчрах хоёр боломж үүсэж бий болно. Тодруулбал, тэд хүний хэлийг хөрвүүлж чадна, мөн компьютерын код бичиж чадна. Энэ нь урьдчилан программчлаагүй зааврын дагуу ажиллах боломжтой роботыг бүтээж болно гэсэн үг юм. Хиймэл оюун нь хүний тушаалыг хөрвүүлэн тайлж ойлгоод роботод зориулж компьютерын код бичиж, уг кодоо оруулахад робот тэрхүү зааврынх нь дагуу үйлдэл хийнэ. Энэ мэт роботууд нь онолын хувьд жижиглэн худалдаа, зоогийн газар, биеийн хүчний ажил, барилга болон бусад мэргэжлийн ажил дээр хүнийг орлох боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн, үг хэллэгт суурилсан хиймэл оюун нь одоохондоо зохиолчдоос тодорхой хэмжээнд хоцорч байгаатай адилаар хүний ур чадвараас тэр хэмжээгээр дутмаг хуманойд роботыг бүтээх юм бол робот нь биеийн хүчний хөдөлмөр голлосон хөдөлмөрийн зах зээлд тэргүүлэх байр суурьтай болох юм. Учир нь зохиолч зэрэг ажил мэргэжил нь маш онцгой, сод чанарыг л эрхэмлэдэг (цөөн сайн зохиолч, баян, нэр алдартай болж, ихэнх зохиолч тэгж чаддаггүй) бол биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчдийн зах зээлд тийм үзэгдэл ажиглагддаггүй. Гэтэл агуулахын асар авьяаслаг ажилтан нь дундаж ажилтантай ижил хэмжээний цалин авдаг (ядахнаа л менежментийн түвшинд ажилладаг болж албан тушаал дэвших хүртлээ. Гэхдээ ингэснээр тэрбээр биеийн хүчний ажил эрхлэхээ болих юм) билээ.
Түүнчлэн, тусгай ур чадвар шаардсан ажил мэргэжил эрхэлдэг хүмүүсийн хомсдол цаашид урт хугацаанд үргэлжилбэл робот нь энэхүү хомсдолыг бууруулах гол шийдэл болох магадлалтай.
Хиймэл оюун хэзээ жирийн ажилчдыг орлох вэ?
Ийм роботууд бодит амьдрал дээр бий болоход хэр хугацаа үлдээд байна вэ? Технологи нь нэгэнт бий болсон учир ийм шилжилт хэзээ эхлэх талаар ярих нь утгагүй зүйл бөгөөд хамгийн гол нь хэр хурдан, хэр хол ийм шилжилт явагдах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ нь эргээд роботууд төрөл бүрийн үүрэгт ажлыг хэр сайн гүйцэтгэх, хүн ажиллуулсантай харьцуулбал хэр өндөр зардалтай байхаас ихээхэн хамаарна.
Роботууд одоо хэр сайн ажиллаж байна вэ?
Одоогоор зах зээлд ашиглагдаж буй роботууд нь тодорхой цөөн үйлдлийн дагуу хязгаарлагдмал үүрэг гүйцэтгэж буй. Гэхдээ судалгааны шатандаа яваа зарим загвар нь хүний хэлийг хөрвүүлж, түүнийгээ робот гүйцэтгэх боломжтой заавар болгон хувиргаж байгаа бол зарим загвар нь хүнтэй ижил түвшинд хоёр хөл дээрээ алхах, явах чадвараа харуулж эхэлсэн. Мөн зарим компани эдгээр чадварыг нэгтгэсэн загвар гаргахаар ажиллаж байна. Тиймээс ойрын жилүүдэд ур чадварын хувьд хүнээс тодорхой хэмжээгээр буюу үг хэллэгт суурилсан хиймэл оюун нь өдгөө зохиолчдоос ямар хэмжээгээр дутмаг байгаа вэ, тэр хэрээр дутуу хөгжсөн роботууд бий болох нь тодорхой юм.
Энэхүү дүгнэлтийг хуманойд роботын салбарт идэвхтэй ажиллаж буй компаниуд, тэдний бүтээгдэхүүн, төслийг судалсны үндсэн дээр гаргажээ. Тус салбарын гол тоглогчид бол:
Хиймэл оюунд суурилсан робот хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч нь одоогоор 1X Technologies компани юм. Жижиглэн худалдааны салбарт бараа өрөх, хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг “EVE” нэртэй дугуйт роботоо тус компани борлуулж эхэлсэн. Уг робот нь уламжлалт робот болон хиймэл оюуны удирдлагыг хослуулан хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, алсын зайнаас хүн удирддаг боловч зарим ажлыг бие даан хийдэг байна. Энэ оны сүүлчээр 1Х компани хиймэл оюуны бүрэн удирдлагатай NEO нэртэй роботынхоо захиалгыг авч эхэлнэ. Та уг роботыг өөрийн төрөлх хэлээр сургаж, яг л хүн ажиллуулж байгаа мэт заавар, тушаал өгч болох юм. NEO нь хүн хэлбэртэй бөгөөд алхаж, гүйж, шатаар авирч, хаалгаар орж гарч, 20 кг хүртэлх ачааг өргөх чадвартай.
Tesla компани 1Х-ийн NEO загварын шууд өрсөлдөгч гэж болох роботыг хөгжүүлж байна. Agility Robotics бол 1Х-ийн өөр нэг өрсөлдөгч юм. Тус компани “Digit” нэртэй хоёр хөлтэй, логистикийн чиглэлийн роботыг борлуулдаг бөгөөд овон товон гадаргуу дээгүүр явах, биет зүйлийг барих, 15 хүртэлх кг жинтэй зүйлийг өргөх чадвартай. Саяхнаас тус компани үг хэлээр сургаж, бараа материалыг зөөх чадвартай робот бий болгохын тулд хиймэл оюун ашиглаж эхэлжээ.
Google-ийн хиймэл оюуны салбар компани болох Deepmind хүний зааврыг код болгож хөрвүүлдэг программ бүтээхээр ид ажиллаж байна. Саяхан тэд ганц гараараа биет зүйлийг барьж, хөдөлгөх чадвартай, хиймэл оюунд суурилсан RT-2 роботоо танилцуулсан. Уг робот нь өмнө хараагүй биет зүйлээ юу болохыг интернэтээс хайж олж тодорхойлдог, хайрцагт байгаа зүйлсийг ажигласны үндсэн дээр зөв хайрцагт нь хийх зэрэг үйлдлийг хийх чадамжтай юм.
Boston Dynamics компани “Atlas” роботоороо олонд танигдсан ч түүнийг арилжааны зориулалтаар бус судалгааны платформ болгон ашигладаг. Гэхдээ уг робот нь салбартаа толгой цохих уян хатан чадвар, хөдөлгөөний чадамжтай юм. Тухайлбал, “Atlas” нь тэгш бус гадаргуу дээгүүр явах, саад дээгүүр харайх, хөл дээрээ эргэж буух, биет зүйлсийг өргөх, шидэх чадвартай.
Робот хөдөлмөр хэр зардалтай вэ?
Ажил үүрэг гүйцэтгэх тал дээр робот нь өртөг, зардал багатай байж чадах уу? Роботын ажлыг цагаар үнэлнэ гэж үзвэл хариулт нь “тийм” байх нь гарцаагүй юм.
Tesla компани Optimus роботынхоо үнийг 20 мянган доллароос доош барина гэж буй ч шүүмжлэгчид үүнийг нь боломжгүй гэж үзэж буй. Agility Robotics компани Digit роботоо 250 мянган доллароор зардаг бөгөөд дараагийн загваруудын үнийг бууруулна гэдгээ мэдэгдсэн.
Харьцуулахад, долоо хоногт 40 цаг ажилладаг хүн жилд 50 долоо хоног ажиллахдаа нэг цагийн 10 долларын цалин авна гэж үзвэл нэг жилд 20 мянган долларын цалин авах юм. Үүн дээр ажил олгогчийн төлдөг төрөл бүрийн татвар, даатгалыг нэмбэл 25 мянган доллар болж өснө. Тиймээс 20 мянган долларын үнэтэй робот нь цагийн 10 долларын цалинтай ажилтны ажлыг хийнгээ нэг хүрэхгүй жилийн дотор зардлаа бүрэн нөхөх боломжтой.
Гэхдээ хүнээс ялгаатай нь роботууд байнга ажиллах боломжтой. Хэрэв робот өдөрт 16 цаг, долоо хоногийн долоон өдөрт ажиллавал хүн шиг 40 цаг бус 112 цагийн ажил хийнэ. Ингэснээр нэг робот долоо хоногт 2.8 ажилтны хийх ажлыг дуусгах юм. Үүнд үндэслэж тооцоо хийвэл 250 мянган долларын үнэтэй робот нь дөрөв хүрэхгүй жилийн дотор өртгөө нөхөж чадна.
Мөн үйлдвэрлэгч нар роботоо шууд борлуулахаас гадна, түрээслэх, лизингээр авахыг санал болгодог. Энэ нь урьдчилаад их хэмжээний зардал гаргахаас сэргийлж, компаниудад, ялангуяа жижиг, дунд компаниудад робот технологийг үйл ажиллагаандаа илүү хялбараар нэвтрүүлэх боломжийг олгож байна. Түүнчлэн зарим үйлдвэрлэгч роботын ажилласан цагаас нь шалтгаалж төлбөр нэхэмжилдэг аргыг хэрэглэж эхэлжээ.