“Urban Jeans” брэндийн үүсгэн байгуулагч, “Денимон” ХХК-ийн захирал Д.Тунгалаг нь Испани хэлний орчуулагч, нягтлан мэргэжилтэй. Орчуулагч болон Улаанбаатар их сургуульд багш, Англи улсад нягтлангаар ажиллаж байсан. Тэрбээр саяхан олон улсын нэр хүндтэй “The International Woman Entrepreneurial Challenge” шагналыг хүртээд байгаа билээ. Түүний дэлгүүр Улаанбаатарт 14, орон нутагт 15, ОХУ-ын Улаан Үүд, Эрхүү хотод тус бүр нэг салбартай. Хятадад удахгүй дэлгүүр нээх бол, Англи, Франц, Итали улсад салбар нээхээр судалж байна.
“Urban Jeans” хэрхэн бий болсон бэ?
Дүүгийнхээ байрыг зараад үнэтэй лангуу түрээсэлж, түүнийгээ тохижуулан, бас үнэтэй модон тавилгууд хүртэл захиалгаар хийлгэсэн ч борлуулалтгүйн улмаас үүдээ барихад хүрсэн. Хожим нь тэр тавилгаа эвдэх үеийн мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байсан хэмээн Д.Тунгалаг захирал дурслаа. Энэ бол жилдээ 6,5 тэрбум төгрөгийн орлоготой Монголын анхны хувцасны масс үйлдвэрлэл бүтээсэн Д.Тунгалаг болон түүний “Urban Jeans” брэндийн эхэлсэн цэг юм.
Тэрбээр нөхөр, хоёр охины хамтаар амьдардаг. 2000 онд Англид очоод амьдралыг үзэх үзэл, амьдралын хэв маяг, харилцаа, орчин нөхцөл гээд хоёр орны ялгаа, өндөр хөгжилд алмайран “соёлын шок”-нд орж, ёстой л амьдралын их сургуульд арван жил суралцсан гэдэг.
Англи хэлгүй байсан тул буудлын цэвэрлэгчээс авахуулан төрөл бүрийн хар бор ажил хийж, зургаан жилийн дараагаас нягтлан мэргэжлээрээ ажиллах болсон байна. Харин нөхөр нь их сургуулийн багшаар ажиллаж, арван жилийн дараа түүнийг Монголд ирсэн хойно ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийж, ирэн очиж байсан аж.
Хэдий Англид дундаж айлын амьжиргааны түвшинд дутагдаж, гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан ч түүний гэх аав, ээж, найз нөхөд гээд үнэ цэнэтэй бүхэн эх нутагт нь байлаа. Ингээд нөхөртэйгөө ярилцаж, эх орондоо шинэлэг бизнес эрхлэх санааны эрэлд гарчээ.
Ээж нь хүүхдүүддээ олны нүдийг хужирласан гоёмсог хувцас урлаж, өмсгөдөг байсан тул түүнд хувцсаа өөрөө хийж болдог гэдэг сэдэл эртнээс бий болжээ. Хамгийн гол нь яг юу урлах вэ? Гэхдээ тэр энэ талаар удаан бодоогүй. 1990-ээд онд “босоо” жийнс моодонд ороход энэхүү моодыг дагаж, сонирхон өмсдөг хүмүүсийн нэг нь Тунгалаг байв. Ердөө л дуртай зүйлээ ажил хэрэг болгон барьж авсан хэрэг. Бизнесээ эхлэхийн өмнөхөн дүүгээ Турк улс руу явуулж, жийнсний үйлдвэрт 14 хоног ажиллуулж, туршлага хуримтлуулсан тухайгаа ярилаа. Өөрөө ч өдөрт хэдэн цагаар ч хамаагүй интернэтээр судалгаа хийдэг байсан гэнэ. Учир нь жийнс хийх арга технологи өнөө хэр дэлхийд нууцлагдмал хэвээр байгаа. Эсгүүрт орсон ганцхан жийнс долоо хоногийн дараа л бэлэн болдог гээд чамгүй их ажиллагаатайг тэр мэднэ.
Хүмүүсийн мэдэхээр анх АПУ-гийн “есөн давхар цагаан” гэх орон сууцны подвальд байрлаж, гурван оёдолчинтой, өдөрт 10 өмд оёдог байжээ. Эхэндээ жийнсний “деним” хэмээх материалаа Хятадаас оруулж ирж, бүтээгдэхүүнээ танилаараа дамжуулан шууд болон дам борлуулдаг байв. Олсон багахан ашгаа эргээд үйлдвэрээ сайжруулахад л зарцуулна. Харин “Urban Jeans” өнөөдөр 130 гаруй ажилтан, өдөрт зөвхөн жинсэн өмд гэхэд 500 ширхгийг үйлдвэрлэж байна. “Wrangler”, “Gucci”, “Levi`s” брэндүүдийн түнш БНСУ дахь шилдэг үйлдвэрээс “деним” материал болон даавуугаа татдаг аж.
Тэрбээр энэ бизнесээ 20 мянган ам.доллароор эхлүүлсэн.
Дүү нь компаниа удирдаж, харин эгч нь Англиас санхүүжилт илгээх байдлаар нэг жил ажилласан гэдэг. Удалгүй тэрбээр эх орондоо ирэв. Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, амжилттай явуулахын тулд өөрөө ирж, дүүтэйгээ гар нийлэн эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай болсон хэрэг. Бизнестэйгээ биеэр танилцаж, судалгаа хийсний дараагаар хороололд лангуу түрээслэн, нэрийн дэлгүүрээ нээлээ. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад бүтээгдэхүүний борлуулалт маш муу байв. “Дүүгийнхээ байрыг зараад, хамаатан саднаасаа мөнгө зээлчихсэн, галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн энэ үед би алдаж байсан ч болих, энэ бүгдийг орхих эрх надад байгаагүй.” хэмээн Д.Тунгалаг дурслаа.
Телевизээр реклам цацна гэдэг өндөр үнэтэй, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд ахдана. Гэхдээ юу хийж буйгаа олон нийтэд хүргэж байж бүтээгдэхүүний борлуулалт сайжрахыг мэдэрсэн тул Солонгосын олон ангит киноны төгсгөлийн анги дундуур хоёрхон секундын реклам ганцхан удаа цацав. Тухайн үедээ л хүмүүсийн хошуурсан кино байсан учраас реклам маш олон хэрэглэгчид хүрч, маргааш өдөр нь “Urban Jeans”-ийн дэлгүүр хүний хөлд дарагдаж нэг өдрийн дотор багагүй орлого олж, ихэд баярласан талаар Тунгалаг захирал ярив. Эндээс бизнесд маркетинг ямар чухал үүрэгтэй болохыг тэрбээр сайтар ойлгож авсан бөгөөд одоо бүтээгдэхүүнийхээ маркетингэд онцгой ач холбогдол өгдөг болжээ.
Маркетингаа хэрхэн хийдэг вэ?
Хямралын үед ашигтай ажиллаж, үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан тэдний нууц маш энгийн. Ердөө уйгагүй оролдлого, зардал үл харамласан маркетинг. “Urban Jeans” компани маркетинг, брэнд хөгжүүлэлтийн долоон хүнээс бүрдсэн албатай. Бүгд залуучууд, “Urban jeans”-ийн хамгийн өртөг өндөртэй алба гэгддэг. Брэндийн дүр төрх, сурталчилгааны санаа, зохиол, зураг авалт гээд маркетингтай холбогдох бүх ажлыг энэ алба л тодорхойлж хийдэг. Онлайн пэйж хуудас, сайт хөгжүүлэлтээ ч давхар хариуцна. Түүгээр барахгүй даавуун дээр хэвлэх дахин давтагдашгүй хээг мөн тэд зурдаг байна.
Тус компани бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан бүх төрлийн даавуун хувцас, үндэсний хувцасны “Хүрээ коллекц” брэндээ гаргах болов. Бизнесээ эхлүүлсэн жилүүдэд жинсэн өмдөө 32900 төгрөгөөр худалдаалж байсан бол үйлдвэрээ өргөжүүлснээр 25900 төгрөгөөр өнөөдөр худалдаж байна.
Ажилчдаа хэрхэн дэмждэг вэ?
Д.Тунгалаг захиралын хамгийн үнэт зүйлс бол хүн, ажилтнууд нь. Анхныхаа ажилтандаа өөрийн машинаа бэлэглэж, өөрөө явган явж байсан үе бий. Энэ онд л гэхэд гурван ажилтандаа тус бүрт нь 20-30 сая төгрөгийн байрны урьдчилгааг нь өгч, орон сууцтай болгосон бол хоёр хүнийг “Jeep” машинаар урамшуулжээ. Хүндээ хөрөнгө оруулж, хүнийг дэмжин сайшаахын ач холбогдлыг тэр сайтар мэддэг. Компанийн ажил нь сайн явж, ашиг орлого олж л байвал ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч, тэднийгээ дэмжихийг хичээдэг захирал.
“Urban Jeans”-д гурван жилийн өмнө ажиллаж байсан залуу саяхан түүнтэй холбогдож амьдралд нь том өөрчлөлт хийсэнд талархаж явдгаа илэрхийлж, одоо сайхан амьдарч байгаагаа ярьжээ. Гэр оронгүй, эхнэр нь нас барьж, нэг настай охин, долоон настай хүүгийн хамтаар хүндхэн амьдардаг ажилтан нь байжээ. Амьдралд нь учирсан энэ зовлон тухайн ажилтныг өдөр бүр баргар царайтай ажилдаа ирэхэд нөлөөлнө. Тунгалаг энэ байдлыг нь анзаарч, ажилтандаа түрээсийн байр олж өгч тохижуулан, охиныг нь цэцэрлэгт хамруулж, түүгээр барахгүй сэтгэл санаагаар унахад нь сэтгэл судлаач найз дээрээ хүртэл аваачиж, зөвөлгөө өгүүлж байсан удаатай.
Энэ мэтчилэн эмэгтэй хүнийхээ хувьд, захирал хүний хувьд ажилтнуудынхаа жаргал зовлонг хуваалцаж, хамтдаа хөгжиж дэвшихийг хичээдэг бизнес эрхлэгч юм. “Өөрийнхөө чадлаар шат ахиж, амжилттай яваад нь талархаж, амьдралд нь эерэг өөрчлөлтүүдийг хийж өгөхийг хүсдэг. Хамгийн гол нь мөнгийг олж болох ч хүний амьдрал маш богино. Утга учиртай, хэн нэгэнд баяр жаргал бэлэглэж амьдрах ёстой.” гэж тэр хэлсэн юм.
Ямар инноваци хийж байна вэ?
Санаачилсан нэгэн чухал ажил нь монгол хүний биеийн харьцааг тодорхойлсон явдал юм. Монголчуудын хөл, цээжний харьцаа ерөнхийдөө тэнцүү, европ хүмүүсийг бодвол ясаар жижиг ч, Азидаа том биетэйд ордог байна. Өмд авахад суулт нь багадах, эсвэл доороос нь тайрах асуудал гардаг учир гуян дээрээ байх ёстой цайралт өвдгөн дээрээ гарчихсан явах нь олонтаа. Энэ онцлогт тааруулж “U” хэлбэрийн суулттай зөвхөн монгол хүнд тохирох өмд урлах болжээ. “Urban Jeans” компанийн хувьд шинэ санаа, инноваци нэвтрүүлэх нь маш чухалд тооцогддог.
Тухайлбал, 2018 онд оёдлын машин болон эсгүүрийн технологио сайжруулж, даавууны хаягдлаа бууруулснаар 100 өмд хийдэг байсан материалаар 120 өмд оёдог болжээ. Үлдсэн даавууны үлдэгдлийг нь ажлын бээлий хийхээр ихэвчлэн Хараагүйчүүдийн нийгэмлэгийнхэн авдаг аж. Тунгалаг захирал “Хүн зорилгоо л зөв тавьж чадвал тэнд хүрэх арга замыг нэг мэдэхэд олчихдог. Хуралд очино л гэсэн бол таксигаар, автобусаар эсвэл алхаад ч хамаагүй ямар нэгэн аргаар очсон байдагтай адил юм.” хэмээн “WED Mongolia 2018” чуулганы үеэр хэлж байсан нь тодхон санагдана. Нээрээ л түүний монголын брэндийг төрүүлэх зорилго нь зөв байсан учраас энэ хүртэл яваад ирж чадсан юм.