“Youth Conference 2023” арга хэмжээ “Ажил амьдралын тэнцвэрт байдал, ажлын байрны сэтгэл зүй”, “Дэлхийн шилдэг их сургуулиуд, томоохон тэтгэлэгт тэнцэх нь”, “Дижитал ур чадвараа сайжруулах”, “Хувийн бүтээмжээ үнэлж сайжруулах нь” зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа. Тус арга хэмжээнд 22-26 насны 3000 гаруй залуус оролцож, залуусын нөөц боломж, шаардагдах ур чадварын талаар бодол, зөвлөгөө, туршлага, мэдрэмжээ хуваалцаж халуун яриа өрнүүлсэн юм.
Youth Conference 2023” арга хэмжээг оролцогч төвтэй байхад чиглэсэн. “Цойлогсод нь залуусын хамтын ажиллагааг дэмжиж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Бид олон улсад бүтээмжээрээ өрсөлдөх ёстой. Боломжоор дүүрэн энэ зуунд хаашаа чиглэх хэрэгтэйгээ харахыг хичээж өдөрлөгөө зохион байгуулсан хэмээн “Youth conference”ийн санаачлагч Б.Батзориг онцолж байв.
“Youth Conference 2023” -ийн зочдын луужин залуусыг хааш нь чиглүүлэв?
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин: Хүн амны модноос харахад 20-25 насны залуусын тоо бага байна. Гэхдээ 10-15 жилийн дараа 20-24 насны залуусын тоо өсөх хандлагатай байгаа. Энэ нь нийгмийн хөгжилд шууд нөлөө үзүүлнэ. Залуусыг улс төрд бага оролцоотой, сонгуулийн идэвх сул гэж байнга ярьдаг. Шалтгаан нь энэ насны залуусын тоо амьдрал дээр буурч байсантай холбоотой. Тэгэхээр ирэх 15 жилд та бүгдийн бодож байгаа санаа бодлыг дэмжих, ижил санаа бодолтой хүмүүс улам их нэмэгдэхээр байна. Энэ нь нийгэмд оролцох дуу хоолойгоо өргөх боломжийг илүү хүчтэй болгож өгснөөр та бүхний ирээдүйн боломж улам тэлнэ гэж бодож байна.
Хамтран үүсгэн байгуулагч, After school Б.Тэмүүлэн: Залуус боловсролын төсөл дээр ажиллахаар ирэхдээ л би гадагшаа сурмаар байна гэдэг. Хүний нөөцөө алдаж байгаа миний хувьд хэцүү санагддаг. Гэхдээ өмнө нь UNICEF-ийн нэг мундаг хүнтэй хамтарч ажиллах үед тэр хүн аливаа хөгжиж буй улс хөгжиннгүй улс орнуудад эерэг хандлагатай зөв хүнээ алдах магадлал байдаг. Богино хугацаанд тэр өвдөлтийг мэдэрнэ гэж байсан. Учир нь би хоёр хүний ажлыг хийх хэрэгтэй болдог. Гэхдээ тэр хүмүүс урт хугацаанд мэдлэг туршлагыг хуримтлуулж улс орондоо ирээд илүү үнэ цэнийг бүтээж, хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэх талаас харахаар явмаар байгаа залуусаа яваад ирээрэй л гэж уриалдаг. Яваад үзэх юмаа үзэж, бизнес харилцаанд орж, олон улсын түвшинд хөдөлмөр эрхлэлт хэрхэн явж байгааг харж, Монголдоо сурч чадахгүй байгаа ур чадвараа сураад буцаад ир гэж хэлдэг.
Монгол улсын шигшээ багийн тамирчин О:Энхбаатар: Хүн ямарваа нэг зүйлийг хийхдээ түүндээ өөрийгөө 100 хувь зориулж, анхаарлаа хандуулах шаардлагатай гэж боддог. Тамирчид сүүлийн үед мэргэжлийн болж байна. Өмнө нь амьдралын шаардлагаар ажлаа хийгээд, орой ажлаа тараад сагсаа тоглодог байсан бол одоо спортод хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч байгууллагууд бий болж байна. Энэ нь ар гэр, амьдралдаа санаа зовох зүйлгүйгээр зөвхөн сагсандаа төвлөрч бэлтгэлээ хийх боломжийг гаргаж өгч байна. Ингэснээр олон улсад гарч, дэлхийд Монгол гэдэг улсыг танилцуулж байна.
Тэнгэрлиг медиа нэгдэл-ийн ТУЗ-ийн дарга Г. Уянга: Цаг хугацаа гэдэг маш чухал. Хүн цаг хугацаанд төлөвшиж хүмүүждэг. Чи компанийн захирал, менежер, ажилтан байх нь хамаагүй. Хүн хоорондын харилцаанд орж байдаг. Чи аль үе байх нь хамаагүй заавал багийн тоглолт хийх ёстой. Хэн ч байсан багийн гишүүн болдог. Багт баатар байхгүй гэдэг үг бий. Өөрийгөө дөвийлгөж, би ийм хийлээ, тэр тэглээ гэж залуус гомдоллох нь их байдаг. Ялангуяа Z үеийнхэн. Хүн хоорондын харилцаанд орж багийн тоглолт хийж байгаа үед өөрийгөө хэрхэн багийн сайн тоглогч байх вэ гэдгийг чухалчлах хэрэгтэй.
ONDO, Гүйцэтгэх захирал Б.Мандуул: Бидэнд ярьж байгаа хүн нь хэн бэ гэдгээс үл хамаарч агуулга нь юув гэдгийг анхаарч ухаардаг байх хэрэгтэй. Эгогоо дарж, хүйсээс үл хамаарч бид олуулаа хийж чадна гэдэгт итгээрэй.
Залуусыг тулгарах асуудлаа шийдэх үйлдэлд хөтлөв
Сэтгэл зүйн боловсрол өнөө цагийн гол сэдвүүдийн нэг. Залуус ажил амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалж, өөрийн сэтгэц, биеэ эрүүл байлгах вэ талаар Positive Dadal-ийнханы воркшопийн илтгэл, хэлэлцүүлгээ өрнүүлэв. Тэд ажил эрхэлж буй хүмүүсийн дунд, тэр дундаа GEN Z үеийнхэнд тулгараад буй ажлаас халшрах хам шинжийн тухай оролцогч залууст ярьж, зөвлөмж өгч, үзэл бодлоо хуваалцлаа. Залуус мэдлэгтэй болсноор сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, үүссэн тохиолдолд асуудлаа шийдэх хэрэгтэйг ойлгуулж, үйлдэлд хөтлөв. Учир нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 56 хувь нь ажилтнууддаа асуудал тулгарсныг мэддэг хэрнээ арга хэмжээ авахгүй байгаа нь олон улсын болон өөрсдийнх нь хийсэн судалгаагаар гарчээ. Үүнээс үүдэж сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар залууст зөвлөгөө өгч, тест бөглүүлж, үр дүнд нь тулгуурлаж тохирсон зөвлөмж санал болгосон талаар сэтгэл судлаач Г.Ундрахжаргал ярьж байв.
Спорт – Боловсролын хослол
Дан ганц спортоор хичээллэсэн 1000 хүүхдийн нэг эсвэл хоёр нь л мэргэжлийн лигт ордог. Түүнээс цааш карьерын бэрхшээл тулгардаг байна. Өөрөөр хэлбэл спорт, боловсрол хоёрыг хослуулж тэнцвэртэй авч явахгүй бол залуус талбайгаа орхиод цаашаа амьдралаа хэрхэн авч явах нь асуудал болж хувирдаг байна. Хэчнээн супер тоглогч байсан ч заавал хичээлдээ анхаарах хэрэгтэй гэсэн санал зөвлөмжийг “Youth Conference 2023” арга хэмжээний “Хувийн бүтээмжээ үнэлж сайжруулах нь” сэдвээр залууст дайлаа. Учир нь манайд хэт олон лиг байна. Залуус сагсандаа улайраад хичээлээ хийхгүй, анхаарах цаг завгүй болдог. Бид мөрөөдөж болно. Гэхдээ өөрийгөө сайн ойлгох ёстой гэдэг үүднээс тамирчны манлайлалтай боловсролын чухлыг уялдуулж тэнцвэржүүлж явах хэрэгтэй. Нэг зүйл рүү туйлширч явбал нөгөөхөө алдчихаад байна. Амьдрал дээр гараад нөгөө од байсан тамирчин энгийн ажил хийж чадахгүй байх жишээ зөндөө бий. Хөрвөх чадвар муутайгаас гадна хөрвөх гэхээр боловсорч чадаагүйгээсээ болж ичиж, өөртөө итгэх байдал нь алдагдах нөхцөл үүсдэг. Тийм болохоор спортоор дамжуулж хүүхдүүдэд хичээл хийх болон соён гэгээрүүлэх хүсэл төрүүлэх зорилготой хэмээн МОСБХ-ийн ерөнхийлөгч О.Тэнүүн онцолж байв.