“Бизнес Цэнэг” сургалт хэлэлцүүлгийн “Дижитал эриний стратеги” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын ярианаас онцлох санаануудыг хүргэж байна.
Панелист С.Болор-Эрдэнэ \“Могул Сервис энд Саппорт” ХХК-н гүйцэтгэх захирал\:
- Цахим шилжилт хийх гээд удирдлага шийдвэр гаргаад явахаар ажилчид дотор digital team бий болдог. Тэгэхээр дижитал баг, уламжлалт багуудын хооронд ур чадварын зөрүү гарч, ойлголцоход хүндрэл үүсдэг. Энэ асуудал дээр удирдлагууд анхаарч, стратегиа боловсруулах хэрэгтэй болов уу. Нөгөө талаас цахим шилжилт хийнэ гээд хүмүүстээ үүрэг өгсөн хэрнээ удирдлага нь өөрөө мартчихсан уламжлалт аргаар яваад байдаг тал бий. Үүнээс болж дижитал руу шилжиж чаддаггүй. Удирдлагын манлайлал, стратеги, бодлого үүн дээр маш чухал.
- “Могул” групп цахим шилжилтүүдийг тодорхой хэмжээнд хийгээд явж байна. Хэрэглэгчдээ цахим шилжилт хийхэд нь туслах зорилготойгоор, программуудаа өөрсдөө эхлээд туршиж, хэрэглэж үздэг. Амазон дээр байдаг программуудыг монголдоо хөгжүүлж байгаа, тэгэхээр гадагшаа урсдаг мөнгө дотооддоо үлдэж байна гэсэн үг юм.
Панелист Д.Ончинсүрэн: \“Onch and Company”-н үүсгэн байгуулагч, ерөнхий захирал\
- Дотоод үйл ажиллагаагаа автоматжуулах, хэрэгжүүлэх ажил яагаад фэйлдээд байгаа юм бэ, яагаад тэр төсөл цагтаа дуусахгүй байгаа юм бэ, ERP-г хэрэгжүүлэхэд яагаад олон жил болоод байгаа юм бэ гэхээр гар ажиллагаатай уламжлалт процессуудыг автоматжуулах үйл явцыг бид удирдаж чадахгүй байгаа юм. Хоёрдугаарт, автоматжуулна гэдэг бол тодорхой хэмжээнд сахилга батжуулахыг хэлнэ. Гар ажиллагаагаар бид хүссэн үедээ, сарын эцэст ажлаа бөөндөж хийдэг байсан бол автоматжуулахаар хүмүүс цаг минутаар ажиллах шаардлагатай болдог. Энэ өөрчлөлтийг удирдаж чадахгүй байгаа юм. Сахилга батжуулах, яагаад бид энэ зүйлийг хийж байгаа гэдгийг ухамсарлхж, ойлгох, манлайлах дутагддаг. Мөн цахим шилжилт хийхэд төсөв мөнгө хэрэгтэй гэдгийг удирдлагууд ойлгох хэрэгтэй.
- Жижиг дунд бизнесүүд шинэ системийг соргогоор хүлээж авдаг болох хэрэгтэй. ChatGPT ашиглах шаардлагатай. Сарын ажлыг 24 цагийн дотор хийх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж энд байна. Нягтлан бодогчдын ажлыг робот хийдэг болох нь мэргэшсэн нягтлан бодогчдын бүтээмжийг хэд дахин ихэсгэх юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тэгэхээр бид дижитал шилжилт, хиймэл оюунаас айх хэрэггүй юм.
Панелист Ц.Мэндбаяр \“Intelmind” ХХК-ийн гүйцэтгэх захирал\:
- Бизнес эрхлэгчид маш олон технологийн шийдлийн дунд амьдрах юм байна, байнга солигдож, шинэчлэгдээд явах юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Мэдээлийн технологийг ашиглаж, бизнесийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, технологийг өөрийнхөө стратегитай уялдуулж сурах хэрэгтэй. Agile management-ийг компанийн менежментийн ажилтнууд бүгдээрээ бүхэлд нь ойлгож байж компанийн үр өгөөж нэмэгдэнэ гэхээс нэг хоёр хүн мэдээд нэмэргүй. Agile management хэрэгжүүлэхгүй бол дижитал шилжилт явахгүй. Бид юунд бэлэн байх вэ гэхээр технологи дээр суурилсан бизнес загварууд ар араасаа гарч ирж, тэдний дунд бид шилжиж явах юм байна гэдэгт бэлтгэлтэй байх ёстой.
Панелист Н.Энхжаргал \“Гэрэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал\:
- “Гэрэгэ системс” бол технологийн компаниудаас иргэдэд хамгийн ойр байдаг компани гэж ойлгож болно. Ямар ч шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ байсан түүнийг Должин эмээ ойлгохгүй бол бусад хүмүүс ойлгохгүй гэж бид ярьдаг. Хүн ойлгодог юм хийж байж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэсэн санаа. “Гэрэгэ” киоскийг жилд 2.5 сая хүн ашигладаг. Маш их тоо. Олон аппликейшн байхад яагаад киоск дээр овоороод байна гэхээр хүмүүс дижитал системүүдийг ойлгох, цахим бүтээгдэхүүнийг ашиглах боловсрол, ур чадвар нь тааруу байна. Монголчууд бүгдээрээ ухаалаг утастай, бүгдээрээ фэйсбүүк ухаад сууж байдаг боловч бодит байдал дээр массаараа технологийг сайн ойлгохгүй байна.
- Юун AI, юун ERP систем гэж бодож байгаа хүмүүс олон бий. Дижитал шилжилт гэдгийг жил бүр компанидаа нэг программ нэвтрүүлэх гээд ойлгочихьё. Ажлын төлөвлөгөөгөө “Excel” дээр явж байгаа бол “Microsoft planner” рүү шилжүүлье. Дараа жил хүний нөөцийн программтай больё гэх мэтээр бага багаар өөрчлөгдсөөр гурван жилийн дараа гэхэд бүрэн шилжинэ гээд бодчих хэрэгтэй.