Обзерв Консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч Д.Отгонбатын “Бизнес цэнэг” сургалт, хэлэлцүүлэг дээр тавьсан “Чанар байгууллагын стратеги болох нь” илтгэлээс гол санааг тоймлон хүргэж байна.
Бизнес эрхлэгчид санаатай болон санамсаргүйгээр байдлаар бүтээгдэхүүн үйлчилгээндээ чанарыг анхдагч шинжээр бүтээдэг байна. Тэгвэл чанар гэж гэж юу вэ?
Аливаа ойлголт цаг хугацааг дагаж үзэл санаа нь өөрчлөгддөгтэй адил “Чанар” гэх ойлголт мөн үеэ дагаж хувьсаж байна. Түүнийг дэлгэрүүлж харвал:
1-р үе шат: Бүтээгдэхүүний чанар
2-р үе шат: Бүтээгдэхүүн+процессын чанар
3-р үе шат: Процесс+бүтээгдэхүүн+компанийн чанар
4-р үе шат: Хүмүүс+процесс+технологийн чанар
Өдгөө ихэнх салбарын бүтээгдэхүүний чанарт стандарт тогтож, санаа зовох асуудал биш болж хувирчээ. Харин түүний оронд хүн+технологийн чанар нэмэгдсэн юм. Байгууллагууд аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай зэрэгцэн шинэ технологи болох хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэгтэй хэр хөл нийлүүлж, процессын сайжруулалтдаа хэрхэн ашиглаж байна вэ гэдгээ бодох ёстой болов. Өөрөөр хэлбэл технологийг мэддэг, ашигладаг эсвэл бий болгодог хүн тухайн байгууллагын чанарт чухлаар тооцогдож байна. Иймд бизнесээ удирдаж буй хүмүүс технологи+процесс+хүний чанартаа хөрөнгө оруулж, стратегиа боловсруулж, ирээдүйгээ зураглах хэрэгтэй .
Чанарыг хэрхэн бүтээх вэ?
Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлийн наад захын шаардлагыг хангаж чадсанаар бусадтай өрсөлдөнө. Гэхдээ үүгээр чанарыг бүтээсэн гэж хэлэхгүй. Хүмүүс дийлэнхдээ чанар гэдгийг бүтээгдэхүүний эдэлгээ даах чанар гэж боддог байна. Гэвч зах зээлийн өрсөлдөөнд давуу тал болох танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэгчийн өчүүхэн хэрэгцээг хангаж чадсан зүйл нь стратегийн давуу талыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч өөрийн бүтээгдэхүүндээ бусдаас ялгарах онцлог, үнэ цэнийг шингээж чадсанаар чанарыг бүтээнэ. Чанарыг бүтээхэд нэмүү өртөг шингэсэн үйлдэл хийх шаардлагагүй. Харин бүтээлчээр сэтгэж, ажлаа чин сэтгэлээсээ хийх тухай юм. Чанарыг бүтээхэд дараах агуулгыг шингээж болно. Үүнд:
- Хэрэглэгчдэд ямар үнэ цэн бүтээх вэ
- Ямар асуудлыг шийдэж өгөх вэ
- Зах зээлд буй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс илүү ямар зүйлийг шингээж болох уу гэдгийг бодож болох юм байна.
Чанар стратегитай уялдах нь
Ковид-19 цар тахал технологийн хөгжлийг улам хурдасгалаа. Ирээдүйд технологиуд процессын чанарыг ч өөрчлөх нь байна. Хүний оролцоотой үйлдэл багасаж, ажлыг робот хийдэг болсон. Үүнийг дагаад процесс аяндаа өөрчлөгдөнө. Тэгэхээр ирээдүйд хүний юу чухал болох вэ гэвэл хүний мөн чанар, суралцах чадвар, технологиудыг ашиглах чадвар, технологийг бүтээх чадвар байх болно. Тэгэхээр ирээдүйд тэнцвэртэй компанийг бий болгож, чанар стратегийг холбож явах дүр зураг харагдаж байна. Стратеги байгууллагын онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Гэхдээ нийтлэг зорилго нь ашгаа нэмэгдүүлэхэд чиглэдэг. Ашигтай чанар уялдана. Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхгүй бол үүссэн асуудлыг шийдвэрлэхэд шууд болон шууд бус зардал гардаг. Чанар нь байгууллагын амжилтад нөлөөлөх нэн тэргүүний асуудал мөн тул ямарваа нэг компани асуудалтай бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлсээр амжилтад хүрсэн эсвэл тэргүүлэх магадлал бага байдаг байна.