Дижитал бүтээгдэхүүн бүтээхэд анхаарах гол зүйл:
- Хэрэглэгчийг сонсох хэрэгтэй байна. Хэрэглэгч бүгдийг шийддэг.
- Дижитал бүтээгдэхүүн бүтээхдээ хэрэглэгч төвтэй, хэрэглэгчийн бодит дата судалгаан дээр суурилж шийдвэрээ гарга. Түүнээс захирал, дизайнер төвтэй шийдвэр биш.
- Бүтээгдэхүүнээ баг дотроо турших нь буруу. Багийн гишүүд хэрэглэгч биш.
- Үйлчлүүлэгчид программистаар бүтээгдэхүүнээ хийлгэлгүй, өөрөө бэлэн багажуудыг ашиглаж апплейкишн угсрах боломж нээлттэй байна.
“Digital Product Conference 2023” арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт дөрөв дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Хүмүүс дижитал бүтээгдэхүүн гэхээр апплейкшн эсвэл цахим хуудсыг IT-ын аль нэг гүйцэтгэгч байгууллагаар хийлгэх тухай ойлгодог. Үүнээс гадна дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон байгууллагуудад бүтээгдэхүүн үйлдвэрлэх шатад шаардлагатай чадварлаг мэргэжилтнүүд дутагдалтай байна. Иймд “Digital Product Conference 2023” арга хэмжээ зохион байгуулагчдын зүгээс аливаа дижитал бүтээгдэхүүний санаа үүсэхээс эцсийн бүтээгдэхүүн болж зах зээлд нэвтрэх хүртэлх бүх шатны цогц мэдлэгийг оролцогч талуудад олгох, шийдвэрлэх боломжгүй асуудал байвал мэдээлэл авч, асуудлаа шийдээсэй хэмээн мэдлэг, туршлагаа харилцан хуваалцаж, туслах зорилгоор энэ удаагийн арга хэмжээгээ зохион байгуулсан юм. Үүний хүрээнд өртөөчилсөн байдлаар есөн илтгэл, хоёр хэлэлцүүлгийг өрнүүлэв. Гол илтгэлүүдээс тоймлон хүргэж байна.
“Инноваци санаа, өвөрмөц сратеги” сэдэвт илтгэл, Blind care хамтран үүсгэн байгуулагч Б. Батжаргал:
Санаа тулж, гаргахад хүндрэлтэй болж эхэлсэн бол нэгэнт гарсан санаан дээр хэрэглэгчийн асуудлыг зөв харснаар санаанаас давсан шийдлийг санал болгох боломжтой. Энэ нь санааны цар хүрээг тэлж өгнө гэсэн үг. Хэрэглэгчийг сонсох хэрэгтэй байна. Хэрэглэгч бүгдийг шийддэг. Бүтээгдэхүүн гаргаж байгаа хүмүүс өөрөө энэ их гоё санаа байна гээд итгэчихдэг. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг нь хэрэглэгч хэрэглээд ирэхээр ойлгохгүй, бодитой асуудлыг нь шийдэж өгөхгүй эсвэл бусад шийдлээс хялбарчилж өгөөгүй бол хэрэглээндээ сонгохгүй. Тэгвэл хэрхэн баталгаажуулах уу гэвэл хэрэглэгч сэтгэл хангалуун сонгож авч байгаа тохиолдолд энэ нь амжилттай санаа болго. Тэр санаагаа өрсөлдөөний биш ялгарах стратегиар хийвэл зах зээлд байршихад амар болно. Ялгарал гэдэг нь өнгө, логоны ялгарал биш. Хэрэглэгчдэд юу санал болгож байна вэ гэдэг тухай юм. Жишээ нь вино уламжлалт үйсэн бөглөөтэй байсныг эргэдэг бөглөөтэй болгочихвол ялгарал бий болж байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л тодорхойлт нь юм. Тэгээд та бүтээгдэхүүн болгохоор шийдсэн эцсийн санаа, стратегиа сайн гүйцэтгэх шаардлагатай.
Дижитал бүтээгдэхүүн бүтээхэд хамгийн чухал бөгөөд заавал дамжих шат нь UXUI дизайн хөгжүүлэлт юм. Дизайны шийдэлдээ хэрэглэгчийн шаардлага, туршлагыг хэрхэн зөв ашиглах, цаашлаад UXUI дизайны шийдэлдээ хэрхэн зөв гаргаж баталгаажуулах, бүтээгдэхүүний дизайн дээр хэрхэн багаар хамтарч ажиллах сэдвээр дараагийн илтгэл өрнөв.
Procraft агентлагийн үүсгэн байгуулагч, UXUI дизайнер, үүсгэн байгуулагч Э.Цогт:
Хүмүүс санаагаа олоод шууд дизайнераар хийлгэх гэдэг. Шууд энэ үйлдлийг хийвэл бүтэлгүйтнэ. Жишээ нь зээл авах апплейкишн хэцүү байсан ч санхүүгийн хэрэгцээ тулсан үед ухаж ойлгож, ашиглаж сурна эсвэл хүнээр заалгадаг. Тэгэхээр таны олсон санаа хэрэглэгчдэд үүн шиг өндөр үнэ цэн бий болгож чадаж байна уу гэдэг чухал юм. Харин харахад их сайхан дизайнтай мөртлөө хэрэглэх үнэ цэн байхгүй апплейкишнийг хэсэг хугацаанд хэрэглэж байгаад болих эсвэл өрсөлдөгч рүү чинь явчихна. Тэгэхээр хэрэглэгчдэд өгөх үнэ цэн суурьтай тоо нь бат бэх, амттай байхын зэрэгцээ дизайн нэмэгдэж байж бүтэн болдог. Энэ хоёр хамтдаа биеэ балансалж явах ёстой. Хэрэглэгчдэд өгөх үнэ цэнээ яаж онож эсвэл баттай болгох вэ гэвэл хэрэглэгчийг битгий бодуул гэх зарчим бий. Сайн дизайн харагддаггүй. Хэрэглэгч нэг мэдэхэд зээл авч, хоол захиалж, бараагаа авчихсан байвал маш сайн дизайнтай байна гэсэн үг. Яаж тийм байхыг та би мэдэхгүй. Харин хэрэглэгч л мэднэ. Бидний ихэнхдээ алддаг алдаа нь өөрсдийгөө хэрэглэгч гэж боддог. Тэгээд ингэж хийвэл ойлгомжтой эсвэл ингэж хийвэл ойлгохгүй гээд шийдчихдэг. Хэрэглэгч яавал ойлгох вэ гэдгийг эртхэн мэдэх ёстой. Ингэхдээ воркшоп хийж багаараа нэгдсэн ойлголтод хүрч, туршилтын загвараа хийж, таван өөр зорилтод хэрэглэгчээр шууд хэрэглүүлж шалгуулах хэрэгтэй. Воркшоп дээрээ бүх санаагаа гарга. Одоо заавал дизайнер гоё санаа гаргана гэсэн зүйл байхгүй. Хэрэглэгчээ илүү ойлгож байгаа нь илүү гоё санаа гаргана. Бас бүтээгдэхүүнээ дотроо туршина гэсэн юм байхгүй. Багийн гишүүд хэрэглэгч биш.
Дижитал бүтээгдэхүүний санааг олж, дизайнаа гаргасны дараах алхам нь бүтээгдэхүүнээ хөгжүүлэх буюу код бичих шат байдаг. Зах зээлд дижитал бүтээгдэхүүний анхны хувилбар гаргахад зардал, хүн хүч, цаг хугацаа их зарцуулдаг байна. Хэрэглэгээнд нэвтэрснээр хэрэглэгчид баталгаатай ашиглах уу. Хамгийн эхний нийтлэлд дурдсанчлан санаа хязгаарлагдмал. Дийлэнх санаан аль хэдийн бүтээгдэж, хэрэглээнд нэвтэрсэн байдаг. Тэгвэл код бичилгүйгээр дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой шийдлүүд бий болсоор байна.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тухай “Low code solution” илтгэлийг “IOTECH, IO институт”-ийн үүсгэн байгуулагч, багш Б.Тулга:
Санаагаа олж, дизайнаа гаргачихаад туршлагатай хөгжүүлэгч хайдаг. Магадгүй туршлагатай хөгжүүлэгч миний санааг ойлгоод чанартай хийж өгнө гэж боддог байх. Учир нь тэдэнд өөрийн гэсэн кодын сан байдаг. Та хэдийн ярьсан дийлэнх санаан бараг хийгдсэн болохоор бид нар хэдэн процессийг сольж ажилладаг. Тэгэхээр чанартай хурдан хийдэг байж магадгүй. Системийг зах зээлд гаргасны дараа системийн арчилгааны талаар асуудал үүсдэг. Бизнес хөгжихийн хэрээр төлөвлөгөөт сайжруулалт байнга явагддаг. Тэгэхээр нөгөө туршлагатай компани, программастийн бэлдээд тавьсан үндсэн код руу гар түрэх хэрэгтэй болдог. Хүн бүр өөрийн сангаараа бичиж өдөг. Нөгөө программист гарч явсаны дараа систем доголдох үед өөр хүн орж ирэх шаардлага үүснэ. Тэр үед нөгөө шинэ хүн нь сисемтэйгээ цоо шинээр олон сараар танилцах хэрэгтэй болдог. Дижитал бүтээгдэхүүний 90 хувь төлбөрийн суваг заавал оруулдаг. Харамсалтай манай программистуудын нэг нь л гэхэд шинээр 10 удаа төлбөр төлөх модул бичсэн байдаг. Яахав зарим нэг ухаалаг нь нэг модулаа л янзалж явдаг. Монгол улсад төлбөр төлөх систем аль хэдийн тодорхой болсон болохоор энэ системд гар дүрэх шаардлагагүй байгаа юм. Нэмэлт код бичих ямар ч шаардлагагүй гэсэн үг. Кодууд нь бэлэн байна. Төлбөр төлөх гэх мэт үндсэн фунцуудыг бэлдэж тавъя. Ямар ч хүнд хийж өгсөн энэ төлбөр төлөх кодоо л өгнө гэх хэрэгтэй байна. Олон улсад “low code no code” гэдэг зүйл байдаг. “Low code no code” гэдэг юу гэсэн үг вэ гэвэл нөгөө программистууд нь багаж хийнэ. Гол нь та програмчлалын хэл мэдэхгүй ч гэсэн программ хийж болно. Энэ нь өөрийнхөө санааг зуруулж, дизайнаа гаргасан дижитал бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд хугацааг 90 хувь богиносгож өгдөг. Тэгэхээр хямд аргаар дизайн зуруулсан бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломжтой болж байна. 2025 он гэхэд нийт шинэ бизнесийн санааны 70 хувь “low code” юм уу эсвэл “no code” ашиглаж бүтээгдэхүүнээ хийнэ гэсэн үг. Ямар нэг бизнес санаа хийхдээ эхлээд программист хайх биш “low code no code” платформ байна уу гэж хайх хэрэгтэй гэсэн үг. 2021 оны “low code”-ийн зах зээлийн үнэлгээ нь 7,61 тэрбум ам.доллар байна. 2027 он гэхэд 4 дахин нэмэгдэж, 36,43 тэрбум ам.доллар болно. Тэгэхээр их ирээдүйтэй байна гэсэн үг. Дараа жил гэхэд программ хангамжийн мэдлэггүй, программчлалын хэлгүй хүмүүс энэ программ хангамжийн салбарт ажиллаж, ямар нэг “low code no code” solution-аар нийт бүтээгдэхүүний 65 хувийг хийнэ гэсэн урьдчилсан тамааг байна. Харин программистууд бидэнд үндсэн фунцээ хөгжүүлэх боломж ирнэ. Ингэж байж л хөгжил явагдана.
“Digital Product Conference 2023” арга хэмжээний таван төрөлд манлайлсан таван шилдэг дижитал бүтээгдэхүүнийг тодруулсан. Эдгээр бүтээгдэхүүнд хөндлөгийн шүүгчид нээлттэй санал өгч, үр дүнг нээлттэй зарласан юм.