“Happy Dent Service” компанийн үүсгэн байгуулагч, захирал Г.Болортуяатай ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Намайг Гомбо овогтой Болортуяа гэдэг. Шүдний эмч мэргэжилтэй. Нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Токиогийн анагаах ухаан болон шүдний их сургуульд дөрвөн жил сурч, докторын зэрэг хамгаалсан. 1999 онд Анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын тэнхимд Шүдний эмч мэргэжил эзэмшсэнээс хойш энэ салбарт 30 гаруй жил ажиллаад байна. Энэ ч утгаараа “Би салбараа мэднэ” гээд энэ бизнес рүү орсон. 2015 онд “Happy Dent Service” компаниа үүсгэн байгуулж, шүдний эмнэлгүүдэд материал хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлж эхэлсэн.
-Танай байгууллага ХААН Банкнаас зохион байгуулдаг “Бизнесийн менежментийн цогц” сургалтад хэзээнээс хамрагдаж эхэлсэн бэ?
–Миний хувьд 1999 онд Анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын тэнхимд Шүдний эмч мэргэжил эзэмшсэнээс хойш энэ салбарт 30 гаруй жил ажиллаад байна. Анх бизнесээ эхлүүлэхдээ “Би шүдний салбарыг мэднэ” гэсэн итгэл үнэмшил дээрээ энэ салбар руу орсон. Тэгээд 2015-2019 он хүртэл 4 жил ѳѳрийнхѳѳ хэмжээгээр ажилласан. Гэтэл зѳвхѳн мэргэжлийн байхаас гадна бизнесийн түвшний байхын тулд тасралтгүй хэрэгтэйг цаашаа яах, юу хийх гээд маш олон асуудлууд гарч суралцах хэрэгцээ урган гарч ирсэн. Яг энэ үед Хаан банкнаас явуулдаг менежментийн сургалтын талаар би мэдээлэл авч, хамрагдаж эхэлсэн юм. Би өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлсээ хүлээн зөвшөөрч бүх зүйлийг эхнээс нь эмх цэгцтэй болгож эхэлсэн. Бид стратеги, алсын хараа, үнэт зүйл, зорилго зорилтоо эргэн харж, тодорхой болгож, багаар ажиллаж эхэлсэн. Товчхондоо, энэ сургалт намайг, манай бизнесийг дараагийн түвшинд гаргаж өгсөн. Бид сургалтанд хамрагдаад яг нэг жил болж байна. 1 жилийн ѳмнѳ 24 олон улсын бэлтгэн нийлүүлэгчтэй байсан бол одоогоор манайх дэлхийн 35 орны үйлдвэрлэгчдээс шүдний эмчилгээний материал хэрэгсэл, тоног төхөөрөмж оруулж ирж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр хувийн хэвшлийн 400 гаруй эмнэлэгт нийлүүлдэг компани болсон. Бид энэ хугацаанд Дижитал эмчилгээг маш хурдтай нэвтрүүлж 30 орчим шүдний эмнэлэг, лаборатори үйлчлүүлэгчид тааламжтай, хурдан, чанартай эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Мѳн 100 жилийн түүхэн замналтай дэлхийн 120 оронд танигдсан Швейцари, Германы хамтарсан Ivoclar компаниас хамгийн сүүлийн дэвшилтэт PM5 CAD/CAM иж бүрэн лабораторийн тѳхѳѳрѳмж Монгол улсад анх удаа импортлогдон орж ирсэнээр 2023 оны шилдэг гүйцэтгэлтэй компаниар Хаппидент Сервис компани шалгарсан гээд олон олон амжилтууд ар араасаа хѳвѳрсѳн 1 жил ѳнгѳрч байна. Энэхүү амжилтыг бид Хаан банк, Содура консалтинг компаний хамтран зохион байгуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих Менежментийн цогц хѳтѳлбѳр, Стратегийн зѳвлѳх үйлчилгээ зэрэг сургалтуудын гайхалтай үр дүн гэж бид бодож байгаа.
-Компанийнхаа алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилгын талаар хуваалцахгүй юу?
-Би 2008-2012 онд Японд мэргэжил дээшлүүлэхээр суралцсан юм. Тэр үед миний шүд өвдөөд шүдний зураг авахуулсан. Монголдоо сувгийн эмчилгээ хийлгэсэн байсан, тэр шүдний зургийг хараад би нүүр хийх газаргүй болж байж билээ. Япон эмч нарын, багш нарынхаа хийж байгаа эмчилгээ, үйлчилгээг хараад монголчууд бид ийм хэмжээнд хүрэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Үүний тулд бид эмч нараа мэргэшүүлж, чадавхжуулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ сайжруулах ёстойг ойлгосон. Тэгэхээр манай алсын хараа бол монгол эмчийн хийсэн эмчилгээ үйлчилгээ дэлхийн хаана ч гологдохооргүй болгох, үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмж, материал хэрэгслийг нутагшуулах, эмч нарыг чадавхжуулах юм. Харин бидний эрхэм зорилго бол шүдний тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн дунд манлайлах, шүдний эмчилгээ, гажиг засал, согог засал, хүүхэд гээд чиглэл бүр дээр мэргэшсэн хамт олон болохоор хичээн ажиллаж байна.
-Шүдний эмч нарыг чадавхжуулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын төлөө та бүхэн ямар ажлууд хийж байна вэ?
-Манайхаас санаачлан эх орондоо эмч нарыг чадавхжуулах сургалтыг жилд 2-3 удаа зохион байгуулдаг. Үүнээс гадна Швейцарь, Итали, Герман, Бээжин, Шанхай, Америкт болдог маш олон сургалтад бид эмч нарынхаа хамт явдаг. Тухайн тоног төхөөрөмж, технологийг эзэмшихийн тулд бүрэн тоноглосон том төвүүдтэй танилцаж, суралцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсээр байна. Жилд давтагдсан тоогоор 120-130 эмч гадны орноос туршлага судалдаг. Шүдний эмнэлзүйн салбарт шинэ тоног төхөөрөмж байнга шинээр нэвтэрч байгаа тул бидэнд сурах зүйл маш их. Сурч мэдсэнээ эх орондоо ирээд практикт нэвтрүүлж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг үргэлж өөрсдийгөө дайчилж байдаг салбарынхаа эмч нараар би маш их бахархдаг.
-Та бизнесийнхээ цар хүрээ, цаашид өсөж, тэлэх боломжийн талаар хэрхэн харж байна вэ?
-Манай салбар, зах зээл бол цаашид тэлж хөгжих боломжтой. Учир нь хүн амын төвлөрлийг дагаж Улаанбаатар хотод шүдний эмнэлэг, эмч нар үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл хөдөө орон нутагт, ялангуяа суманд шүдний кабинет гэж алга. Өндөр хөгжсөн мэдээлэл технологийн эрин зуунд шүдний өвчний хүндрэлээр амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Энэ бол гашуун түүх. Энэ бол шүдний эмчилгээ үйлчилгээ 3.5 сая монголчуудад тэгш хүрэхгүй байгаагийн тод жишээ. Үүн дээр эрүүл мэндийн салбар, яам, хууль тогтоох байгууллага нэлээд ажиллаж байна. Сумдыг шүдний кабинеттай болгох, хувийн эмнэлэгт даатгал оруулах гэх мэтээр. Хүн хаана байна, тэнд 32 шүд байгаа. Тэгэхээр сумдад, цаашилбал захын хорооллуудад шүдний эмнэлэг байгуулах, тэднийг тоног төхөөрөмж, материал хэрэгслээр хангах асуудал бидний толгой дээр ирнэ гэсэн үг. Энэ бол бидний зах зээлийн боломж юм.
-Шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, материал хэрэгслийг нийлүүлдэг компани Монголд хэчнээн бий вэ. Энэ зах зээлийн онцлог нь юу вэ?
-Бид маш том үйлдвэрлэгч Хятад улстай хил залгаа байдаг. Манай салбарынхан урд хөршид болдог олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож, хямдралтай үнээр жилийнхээ татан авалтыг хийдэг. Үнийн хувьд боломжийн боловч харьцангуй хямд үнээр авсан тоног төхөөрөмжөө угсарч, суурилуулж, ашиглаж, нутагшуулахад багагүй хүндрэл гардаг тал бий. Үүн дээр бид менежмент хийж, харилцагчдадаа үнэ цэн өгч ажилладаг. Манай хамт олон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт, суурилуулалт дээр мэргэшсэн учраас манайд хандах бизнес эрхлэгчид жилээс жилд нэмэгдсээр байна. Бас төлбөрийн хувьд уян хатан нөхцөлийг санал болгодгоороо давуу талтай. Ерөнхийдөө харилцагчид маань маш өндөр боловсролтой, сурч мэдэх эрмэлзэлтэй, B2B буюу бизнесээс бизнестэй харилцдаг учраас нэг нэгнийгээ ойлгож, хүлээж авдаг.