Zangia.mn сүүлийн үед ямар төслүүд дээр төвлөрч ажиллаж байна?
Монголын хөдөлмөрийн зах зээлийн шилжилт хөдөлгөөний 90 дээш хувь Zangia.mn платформ дээр явагдаж байна. Одоогийн байдлаар Zangia.mn-д 900 гаруй мянган хүн бүртгүүлж, 10 мянган байгууллагын 20,000 мянга орчим ажлын байрны заранд CV-гээ илгээсэн байна. Үүнд бүх түвшний ажлын байр орж байгаа.
Zangia.mn нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад урьд өмнө байгаагүй боловсролын соён гэгээрүүлэх төслийг хэрэгжүүлж яваа. Үүний нэг нь Zangia Аcademy, нөгөө нь Zangia Audio юм. Zangia Аcademy нь сүүлийн жил хагасын хугацаанд мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх 150 гаруй хичээлийг үнэгүй байршуулсан. Мөн англи, солонгос хэл зэрэг хэрэгцээт хэлнүүдийн албан ёсны олон улсын цогц сургалтуудыг оруулсан байгаа. Zangia Audio-гийн хувьд 350 гаруй аудио ном, аудио хичээлтэй.
Zangia.mn энэ хоёр төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь манай иргэдийн боловсрол, мэдлэг, ур чадварын түвшин олон улстай харьцуулахад асар их хоцрогдолтой байна. Үүнээс болж компани, хувийн хэвшлийнхэн хүссэн хүнээ олж чадахгүй, хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүссэн . Ихэнх компани хүлээн авсан CV-нийхээ ердөө 5%-ийг л шүүж авдаг. Харин үлдсэн 95 хувийг хангалтгүй гэж үзэж байна гэсэн барагцаа статистик байна. Иймд Zangia.mn мэдлэг, ур чадварын хоцрогдлыг мөнгө олох, бизнес хийх арга хэрэгсэл байна гэж үзэхгүйгээр хэрхэн боловсрол мэдлэгтэй ажилтнууд бэлдэж, хөдөлмөрийн зах зээлийн хүний нөөцийг хомсдолыг шийдэж, иргэн бүр ажлын байртай, чадвартай байхад хувь нэмрээ оруулах вэ гэдэг үүднээс эдгээр төслийг эхлүүлсэн.
Хөдөлмөрийн зах зээлд яг ямар ур чадвар хамгийн их хомсдолтой байна вэ?
Олон улсад хэдэн зүйл ажиглагдаад байна. COVID-19-ээс хойш Солонгос, Америк, Австрали, Японд ажилгүйдлийн түвшин эрс багассан. Учир нь эдийн засаг тэлж, ажилгүй хүмүүсээ шингээж, ажлын байртай болгосон ч ажиллах хүч нь хүрэлцэхгүй хэвээр байна. Тийм болохоор хүрэлцэхгүй хүчээ манайх шиг улсуудаас авч байна. Цар тахлаас хойш манай 60 мянга гаруй залуу эх орноосоо явсан. Энэ нь манай ажиллах хүчний хомсдолд их нөлөөлж байна. Манай улсад ажилгүйдлийн тоо ихсээд байгаа хэрнээ компаниуд хэрэгцээтэй ажилтнуудаа олж чадахгүй байна. Яагаад гэвэл ур чадварын хомсдолтой холбоотой ажилд орох хүсэлтэй байгаа хүмүүсээ компаниуд нь голоод байна. Энэ гологдоод байгаа хүмүүс сарын 300, 400 мянган төгрөгөөр янз бүрийн курст бүртгүүлдэг. Тийм болохоор энэ нөхцөл байдлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах үүднээс улсын хэмжээнд үнэ төлбөргүй 150 төрлийн мэргэжлийн сургалтыг онлайнаар санал болгож байна. Сонирхож буй хүмүүс орж бүртгүүлээд хэрэглэхэд болно. Эдгээр сургалтад ямар ч хураамж, төлбөр төлөхгүй.
Zangia.mn нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад урьд өмнө байгаагүй боловсролын соён гэгээрүүлэх төслийг хэрэгжүүлж яваа.
Хамгийн чухал давуу тал нь эдгээр хичээлийг үзэж ур чадвараа дээшлүүлэхээс гадна энэ мэдээлэл тухайн хүний CV-д бүртгэгдэнэ. Ажил авах компаниуд CV-ийг нь харж, ямар ур чадвартайг нь мэдсэнээр нэмж асууж, баталгаажуулах явц хялбаршиж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд танайх олон улсын арга хэмжээнүүдэд оролцон хүний нөөцийн чиг хандлагатай танилцаж, заримаас нь дотооддоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж ярьсан. Энэ талаараа дэлгэрүүлээч
Өнгөрсөн хавар Америкт болсон арга хэмжээнд манай компаниас гурван хүн очиж оролцсон. Мөн намар Сөүл хотод Global HR forum-д яваад ирсэн.
Америкт болсон хурлаар хүний хөгжлийг технологитой хэрхэн холбох вэ, төрөл бүрийн сургалтын орчныг технологиор хэрхэн шийдэх вэ гэдэг тухай голчлон яригдсан. Гучаад мянган хүн цугласан дэлхийн хэмжээний энэ хуралд Монголоос Zangia.mn-ий гуравхан хүн очсон. Гэтэл Солонгосоос 200 гаруй, Энэтхэгээс 800 гаруй, Хятадаас 900 шахам, Вьетнамаас 100 гаруй хүн оролцсон. Энэ нь улс орнууд хүний хөгжлөө маш өндөр түвшинд анхаардаг болсныг харуулж байна. Учир нь улс орны хамгийн том баялаг нь хүн юм. Бидний ярьдаг зэс, нүүрс, алт, газрын тос биш. Монголын хамгийн том баялаг нь хүн. Гэтэл бид хүнээ хөгжүүлэх тал дээр анхаардаггүй.
Манай их, дээд сургуулиуд жил бүр 35 мянган төгсөгч хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байна. Гэвч тэдгээр нь ажлын байранд шаардагдах мэдлэг, ур чадвар олж авч чадахгүй байна. Компаниуд ч ажилтнууддаа хангалттай хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэх тал дээр сайн ажиллахгүй байна.
Жишээ нь компаниуд цалингийн сангийнхаа дунджаар 0,5 хувийг хүнээ хөгжүүлэх, сургахад зарцуулж байна. Харин олон улсад дөрвөн хувиас дээш буюу манайхаас 8 дахин байдаг. Сүүлийн үед Япон, Солонгос болон бусад өндөр хөгжилтэй орнууд бүр цалингийн сангийн 8 хүртэл хувиар хүндээ хөрөнгө оруулж байна. Тэгэхээр бид энэ талдаа анхаарч хүнээ хөгжүүлэх ёстой. Бүх асуудлын шалтгааныг төртэй холбохгүйгээр компаниуд юу хийх боломжтой вэ гэдэг өнцгөөс хармаар байна.
Хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар зарим айдас бий болсон. Та ямар бодолтой байна вэ?
Энэ сэдэв өнгөрсөн 10 дугаар сард Солонгост болсон форум дээр дэлгэрэнгүй яригдсан. Өндөр хөгжилтэй орнууд хиймэл оюуныг эрчимтэй судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр туршиж байна.
Харин манайд үйлдвэрлэл сайн хөгжөөгүй. Түүхий эдийн экспорт, худалдаа, үйлчилгээ давамгайлсан эдийн засагтай бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн бүтцийг шууд тодорхойлдог. Тиймээс манай хөдөлмөрийн зах зээл хиймэл оюунаас болж том эрсдэлд орохгүй. Харин мэдээллийн технологийн чиглэлд их боломж бий. Монголын бүх томоохон компанид мэдээллийн технологийн ажилтны дутагдалтай байгаа. Тиймээс өнөөгийн хүүхэд залуучууд программчлалын чиглэлээр дагнавал Монголдоо төдийгүй олон улсад гарах үүд хаалга нээлттэй.
Солонгост болсон форумаар боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн заагийг үгүй хийхийг уриалж, talent хувьсгал хийх тухай яригдсан гэсэн. Энд яг ямар өөрчлөлтийн талаар яригдав?
Уламжлалт хэлбэрээр оюутнууд их сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд ажлын байранд очдог. Гэтэл Монголд их сургуулийн боловсрол чанарын түвшинд хүрэхгүй, оюутнуудыг ажлын байранд бэлдэж чадахгүй байгааг дээр дурдсан.
Манай улсад ажилгүйдлийн тоо ихсээд байгаа хэрнээ компаниуд хэрэгцээтэй ажилтнуудаа олж чадахгүй байна. Яагаад гэвэл ур чадварын хомсдолтой холбоотой ажилд орох хүсэлтэй байгаа хүмүүсээ компаниуд нь голоод байна.
Харин хөгжингүй орнуудад ажиглагдаж буй нэг асуудал нь сайн боловсрол авч байгаа ч тэр нь ажлын байртайгаа нийцэхгүй байх тохиолдол байдаг. Энэ зөрүүг барууныхан олон төрлийн мэргэжлийн хичээлийг цахимаар олгор замаар арилгахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, нягтлан бодогч болохын тулд дөрвөн жил зарцуулж өөрийн мэргэжилд хамааралгүй хичээл судлах шаардлагагүй гэсэн үг. Тухайн суралцагч зургаан сарын хугацаанд ч шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшиж болно. Тиймээс Google, Microsoft зэрэг компаниуд өөрсдийн бизнест хэрэгтэй ур чадваруудыг олгох, үнэлэх сургалтын хөтөлбөр, тест боловсруулж, шаардлага хангасан хүмүүсийг ажилд авдаг жишиг рүү аажмаар шилжиж байна. Нэг үгээр, хүн ажилд орохын тулд дөрвөн жил сурч, заавал диплом авах шаардлагагүй гэсэн үг.
Тийм учраас Zangia Academy онлайн хичээлүүдийг үнэгүй байршуулж, цаашдаа энэ шилжилтийн түүчээлэгч болохыг зорьж байна. Гэхдээ бид эхний ээлжинд аль болох олон хүнд хүртээмжтэй байх ерөнхий мэдлэгийн олон хичээлийг байршуулж байна. Салбар бүр өөрийн гэсэн гүнзгий сэдэвтэй. Дараагийн шатанд ахисан түвшний хичээлүүдийг оруулна.
Та англи хэлтэй хүмүүст зориулж гаргасан цэснийхээ талаар тайлбарлавал?
Монгол оюутнууд гадагшаа явах нь эрс нэмэгдсэн. Тэд англи хэлтэй болоод буцаж ирэхдээ англи хэл хэрэглэдэг орчинд ажиллахыг хүсдэг. Гэтэл ирээд ийм компаниудыг хаанаас олох вэ гэдэг асуудал бий. Мөн гадаадын компани, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд цөөнгүй. Тэдний хувьд заавал гадаадад төгссөн байх шаардлагагүй, гэхдээ англиар чөлөөтэй ярьдаг хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Энэ хэрэгцээг хангах үүднээс зөвхөн англи хэл дээр байх цэсийг гаргасан. Нээгдээд сар болоогүй байгаа ч эрэлт ихтэй, амжилттай хэрэгжиж байна.