Нэгэнтээ “дугуйн эзэнт гүрэн” гэгдэж байсан Хятад улс дугуйн дөрөөнөөс дотоод шаталтын хөдөлгүүр лүү эрчтэй шилжсэн нь тус улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчинд хоорондоо холбоо бүхий адармаатай сорилтуудыг тулгажээ. Бээжин гэхэд утаанд бүрхэгдэж, агаарын бохирдолтой тэмцсэн хот болон хувирав. Эдийн засгийн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт, тээврийн хэрэгсэл олширсон зэрэг нь тус хотын байгаль орчинд, ялангуяа агаарын чанарт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Харин Бээжин сүүлийн жилүүдэд агаарын чанараа сайжруулах чиглэлд гайхамшигтай амжилт гаргаснаар ижил бэрхшээлтэй тулгараад буй бусад хотод үлгэр дуурайл болж байна.
Суурь шалтгаан
Сүүлийн 20 жилийн хөгжлийг нь өмнөх 20 жилтэй харьцуулбал Бээжин хотын ДНБ, хүн ам, тээврийн хэрэгслийн тоо тус бүр 1078, 74, 335 хувиар нэмэгджээ. (эх сурвалж: UNEP 2019)
Тээврийн хэрэгслийн тоо, сая
График 1: Бээжин хотын тээврийн хэрэгслийн өсөлт, 1998-2017 он, UNEP 2019
Хятад улс дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч, ашиглагч улс болсноор түлшний хэрэглээний сөрөг талуудтай нүүр тулсан. Нэмээд, өвлийн үеэр дулааны зориулалтаар их хэмжээний нүүрс түлдэг нь хотын агаарын чанар муудахад нөлөөлж, 2013 онд нэг куб метрт агуулагдах нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ (PM2.5) дунджаар 101.56 микрограм болжээ. Хавар нь Монголын говиос элсэн шуурга “айлчилж”, байдлыг бүр хүндрүүлдэг. Их бохирдолтой үед гудамжинд алхах хүмүүсийн хувьд маск хэвийн үзэгдэл болж, хотын иргэдэд тулгарч буй сорилтыг бодитоор сануулдаг байлаа. Нарийн ширхэгт тоосонцрын бохирдолд удаан хугацаагаар өртөх нь хүний амьдрах хугацааг мэдэгдэхүйц бууруулж, зүрх судас, амьсгалын замын өвчин тусах эрсдэлийг эрс нэмэгдүүлдгийг АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академийн 2017 оны судалгаанд дурджээ.
Динамик стратеги
Эл хямралтай тэмцэхийн тулд Бээжин агаарын бохирдлын хяналтын багц арга хэмжээг олон талт, бохирдлын эх үүсвэр тус бүрийг чиглэсэн цогц хүчин чармайлтын хамт хэрэгжүүлэв. Эл өөрчлөлтийн амин сүнсэнд нь метрог нэмэгдүүлэх, машин төвтэй метрополисоос тогтвортой хөдөлгөөнт байдал бүхий хот болох чин хүсэл нь оршиж байлаа. Хиймэл дагуулын өндөр чанарын алсын зайн мэдрэгч, лазер радар зэрэг шинэлэг технологи ашигласан агаарын чанарын хяналтын сүлжээг 2016 онд байгуулав. Бээжин даяар 1000 гаруй мэдрэгч суурилуулж, РМ2.5 тоосонцрыг хэмжих сүлжээ бий болгов. Эл сүлжээ нь бохирдол ихээр ялгаруулдаг бүс, цагийг өндөр нарийвчлалтай тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэжээ.
График 2: Бээжингийн РМ2.5 мэдрэгч бүхий сүлжээ (Beijing Municipal Environmental Monitoring Center, 2017)
Муж, улсын дэмжлэгтэйгээр, тухайлбал 2001-2006 он, 2011-2016 оны Таван жилийн амбицтай төлөвлөгөөний ачаар Бээжин тээврийн салбараа шинэчлэх аялалд гарав. Эл шинэчлэл нь хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх, хурдны замын тоог бууруулах, машины зогсоолын заалтыг чангалах зэргийг хамарч, Хятадын уламжлалт хот төлөвлөлтийг сэргээх буюу алхах, хүн ам шигүү суурьшсан газруудыг шугаман транзит чиглэлээр холбохыг эн тэргүүнд тавихад дахин ач холбогдол өгч эхэлсэн юм. Үүнээс ямар үр дүн гарав? Хувийн тээврийн хэрэгслийг хөрөнгө чинээгээ гайхуулах боломж биш гэж үзэх болсноор Бээжингийн иргэд нийтийн тээвэр, дугуй унах, цахилгаан машин ашиглаж эхлэн, хотын тээврийн дүр төрхийг эрс өөрчлөв.
Дэлхийн хамгийн том хөгжиж буй эдийн засагтай улсын нийслэлийн хувьд Бээжин нь тогтвортой хөгжилд хүрэх Хятадын аялалд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Эл аяллын хүрээнд зөвхөн машинаас үүсэж буй бохир ялгарлыг бууруулахаас гадна илүү цэвэр агаар, ногоон орчныг бий болгох шаардлагатай. Бодлогын цогц шийдлийн ачаар Бээжин хот илүү цэлмэг тэнгэрийн төлөөх аялалд гарлаа. Бага ялгаралтай бүс (LEZ) зэрэг санаачилга нь агаарын бохирдлыг бууруулах, газарзүйн тодорхой хил хязгаарын хүрээнд агаарын чанарыг сайжруулах Бээжингийн тэмцлийн чухал зэвсэг юм. LEZ бүсэд агаар бохирдуулдаг машин нэвтрэхийг хориглож, илүү цэвэр, ялгаралгүй тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрдөг. Эдгээр бүс нь хүмүүсийг машинаа солих гол хөшүүрэг болсон юм.
Цэвэр агаартай болох Бээжингийн тэмүүлэлд өөр олон бодлого нөлөөлсөн. Тээврийн хэрэгслийн дугаарыг сугалаагаар олгох, торгууль, хуучин машинаа хаяхыг хөхиүлэн дэмжих зэрэг нь агаарын бохирдол үүсгэгч машиныг жагсаалаас гаргах хүслийг нь илэрхийлж байлаа. Тээврийн хэрэгсэлд ялгарлын хатуу стандарт тавьж, цахилгаан машиныг дэмжиж, автобусны паркаа шинэчилсэн нь тус хот зорилгодоо үнэнч хэвээр гэдгийг харуулав. Мөн аж үйлдвэрийн бүсийг хаах замаар нүүрсний хэрэглээг бууруулж, халаалтын системүүдээ сайжруулав. Хойд хил дээрх ойжуулалтын төслүүдийн үр дүнд 15 жилийн өмнө элбэг байсан элсэн шуурга өдгөө Бээжингийн хавраар бараг үзэгдэхээ больжээ. Төвлөрлийг бууруулах үндэсний бодлогын салшгүй нэг хэсэг болсон Бээжингийн арга барилын хүрээнд илүү цэвэр, тогтвортой тээвэр лүү шилжих дүүргүүдийн санаачилгыг улам дэмжиж байна.
Зураг 3: Бээжингийн бохир агаарт мотоцикл унасан иргэн замын хөдөлгөөнд оролцож байна
Уялдаатай хүчин чармайлт, бүс нутгийн нөлөө
Бээжингийн амжилт зөвхөн тус хотоор хязгаарлагдсангүй. Тианжин, Хебей зэрэг мужтай агаарын бохирдлыг хянах хамтарсан арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж байна. Хамтын төлөвлөгөө, нэгдмэл стандарт, гамшгийн эсрэг нэгэн зэрэг хариу арга хэмжээ авах, мэдээлэл хуваалцах нь бүс нутгийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулав. Эдгээр мужид РМ2.5 тоосонцрын нягтрал 2013-2017 онд 25 хувиар буурсан нь хамтын хүчин чармайлтын эерэг нөлөөг харуулж байна.
Агаарын бохирдол буурсан нь иргэд илүү олон жил наслахад нөлөөлсөн тухай EPIC-ийн судалгаанд дурджээ. Жишээлбэл, Бээжингийн РМ2.5 тоосонцрын хэмжээ буурсан нь хотын иргэдийг 4.6 жилээр урт наслахад нөлөөлөх боломжтой аж. Улс даяар наслалт 2013 онтой харьцуулбал хоёр жилээр нэмэгджээ. Хятад улс дэлхий даяар агаарын бохирдол 2013-2020 онд буурахад чухал нөлөө үзүүлж, нийт бууралтын 75 хувийг бүрдүүлсэн. Гэтэл Өмнөд Ази (Бангладеш, Энэтхэг, Балба, Пакистан) 2000 оноос хойш тоосонцрын бохирдлыг бууруулахад ахиц гаргаж чадаагүй байна.
Бээжин хотын РМ2.5 агаарын бохирдлын жилийн дундаж түвшин, 2012-2022 онд (нэг куб метр агаарт агуулагдах микрограмм)
График 4: Бээжин хотын РМ2.5 агаарын бохирдлын жилийн дундаж түвшин, 2012-2022 онд
Айсуй зам
Дэлхийг хамарсан хотжилтын энэ эрин үед Бээжин нь эдийн засгийн өсөлтөө хадгалангаа метрополис хот чиглэлээ хэрхэн өөрчилж болдгийг харуулсан алтан гадас болж байна. Агаарын бохирдолтой эрс хатуу тэмцсэнээр тус хот тогтвортой тээвэр болон эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хослуулж болдгийг илтгэн харуулав. Бээжин хот үлэмж ахиц гаргаад байгаа ч сорилтууд бас бий. РМ2.5 тоосонцрын дундаж түвшин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх түвшингээс зургаа дахин их хэвээр байгаа бөгөөд 2021-22 онд бохирдол буурсан нь өвлийн олимпын үеэр авсан арга хэмжээтэй холбоотой байж болох юм. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд зардал саад болсоор байна. Зардал багатай, хүмүүсийн хүсэлд нийцсэн арга барил хэрэгтэй гэдэг нь улам бүр тодорхой болж байгаа бөгөөд энэ тохиолдолд карбон зах зээл, байгаль орчны татварыг ашиглаж болох юм.
Нийтлэлч: Ноор Алам
Эх сурвалж: Sustainable Mobility