Эмч сувилагч, эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж бол эрүүл мэндийн салбарын тулгын гурван чулуу юм. Энэ гурван чулуу хэдий чинээ “бат бөх” байна эрүүлийг хамгаалах үйлс төдий чинээ үр дүнтэй байна. Өдгөө эрүүл мэндийн салбарын тулгын чулууг түшилцэж буй эрүүл мэндийн салбарын бизнес эрхлэгчид ёс зүй, хариуцлагатай байдлыг дээд зэргээр эрхэмлэх болжээ. Тэдний нэг нь 2014 онд үүсгэн байгуулагдсан “Биомед трейд” компани. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээг олон улсын жижигт нийцүүлэх зорилго өвөрлөн урагшилж буй энэ хамт олон улсын чанартай бүхий л эмнэлэгт хүрч ажиллаж байна. Мөн хувийн эмнэлгүүдийн 70 орчим хувьд бүтээгдэхүүнээ нийлүүлээд байна.
“Биомед трейд” компани үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ л хамгийн чанартайг нь Монголдоо нутагшуулах зорилго тавьсан гэдэг. Ийм ч учраас тэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр БНХАУ-д нэгт эрэмбэлэгддэг Mindray брэндтэй хамтран ажиллаж, улмаар 2020 оноос Монгол Улсын зах зээлд албан ёсны онцгой эрхтэй борлуулагч (exclusive distributor) -аар ажиллаж эхэлсэн байна. Нэр хүндтэй брэндийг сонгож, тэр брэндийнхээ албан ёсны борлуулагч болж чадсан нь үйл ажиллагаагаа орон даяар тэлэхэд хамгийн том түлхэц үзүүлснийг гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэ тодотгож байсан юм.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын байгууллага цар тахлын үед дэлхийд тэргүүлэгч Mindray үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүдийг Монголд нийлүүлэхээр болсон нь “Биомед трейд”-д зах зээлээ тэлэх шинэ боломжийг нээн өгчээ.
Тухайн үед амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, тарианы шахуурга, дусал хийх шахуурга зэргийг Mindray нийлүүлж, “Биомед трейд” компани бизнесийн түншийн хувиар орон даяар суурилуулалт, завсар үйлчилгээг нь хариуцан ажиллажээ.
Түүнчлэн “Интермэд”, “Сонгдо”, “Номун”, “Шинонмед”, “Сөүл клиник”, “Мөнгөн гүүр” гэх зэрэг томоохон хувийн эмнэлэгт суурилуулсан унтуулгын аппарат, хяналтын монитор, амьсгалын аппарат, дуслын шахуургууд нь урд хөршид чанар хэрэглээ, найдвартай байдлаараа тэргүүлдэг шилдэг бүтээгдэхүүн байсан учраас хувийн эмнэлгүүд ч тэдэнтэй хамтрахыг илүүд үзэх болсон байна.
“Биомед трейд” компанийн гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэ “Манай улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч байхгүй учраас тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал зөвхөн ханган нийлүүлэгчдийн ёс зүй, хариуцлагатай байдлаас хамаардаг. Ханган нийлүүлэгчдийн хариуцлага, ёс зүйгээс Монгол Улсын эмчилгээ, оношлогооны чанар хамаарна” гэж хэлсэн нь энэ салбарт ханган нийлүүлэгчид ямар чухал болохыг илтгэнэ.
Гүйцэтгэх захирал М.Бат-эрдэнийн хувьд, 2003 онд ШУТИС-ийг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгссөн. Энэ чиглэлээр дотоодод сурч төгссөн хоёр дахь төгсөлтийн мэргэжилтнүүдийн нэг. Үүнээс өмнө эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчид зөвхөн хилийн чанадад л цөөн тоогоор бэлтгэгддэг байжээ. Харин одоо ШУТИС, АШУҮИС, “Этүгэн”, “Хүрээ” зэрэг хэд хэдэн сургуульд энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг болсон ч өнөө хэр нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд манай улсад дутагдалтай хэвээр байна. Гэхдээ үүнийг эергээр харвал эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт маш том орон зай нээлттэй байна гэсэн үг юм.
М.Бат-Эрдэнэ мэргэжлээрээ ажиллах тусам эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч, салбартаа тулгамдсан асуудалд шийдэл эрэлхийлж эхэлсэн нь хувийн бизнестээ ханцуй шамлан орох гол шалтгаан болсон гэдэг.
“Биомед трейд” компани есөн жилийн өмнө байгуулагдсан ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь 2017 он. Тухайн үед компанийн гүйцэтгэх захирлын хариуцлагатай албыг хүлээж авсан М.Бат-Эрдэнэ цөөн нэр төрлийн, энгийн ажиллагаатай тоног төхөөрөмж оруулж ирж байсан бол өнөөдөр 10 орчим улсаас салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн 100 гаруй нэр төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортолж байна.
Тухайлбал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчид болох Mindray, Masimo, Planmeca зэрэг компанийн тоног төхөөрөмжийг албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирж байна. Мөн Merck компаниас үр шилжүүлэн суулгахад шаардлагатай эмүүдийг импортолж, Монголд үр шилжүүлэн суулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван эмнэлэгт бүгдэд нь нийлүүлж байгаа аж. Түүнчлэн элэгний эмгэгийг эмчлэх урсобил эмийг хоёр тунгаар бүртгүүлж, дотоодын зах зээлд нутагшуулаад байна. Гэхдээ эмийн бүтээгдэхүүн “Биомед трейд” компанийн бизнест харьцангуй бага орон зайг эзэлдэг. Тус компани эмнэлгийн тоног төхөөрөмж тэр дундаа, хагалгаа, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг түлхүү оруулж ирдэг.
“Биомед трейд” компанийн бизнесийн гол түнш болох БНХАУ-ын Mindray компани бол дээр дурдсанчлан эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч төдийгүй дэлхийн үйлдвэрлэгчдийн дунд 2022 онд 25 дугаарт эрэмбэлэгдсэн томоохон үйлдвэрлэгч. Хагалгаа, эрчимт эмчилгээ, дүрс оношлогооны төхөөрөмжүүдээрээ тун алдартай Mindray хамтын ажиллагаандаа хариуцлагыг эрхэмлэн ажилладаг. Тийм ч учраас хамтрагчдынхаа итгэлийг алдалгүй, хамтдаа өсөх нь “Биомед трейд”-ийн хамгийн гол зорилго юм.
Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн дистрибьютер компаниуд хүч түрэн орж ирэхээс өмнө энэ салбарт соёл, хариуцлага хангалттай сайн төлөвшөөгүй байсан гэвэл хилсдэхгүй. Туршлага, мэдлэг дутуу компаниуд дулимагхан судалгаанд үндэслэн хямд, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх, нийлүүлсэн тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглах талаар оромдож мэдээлэл өгөх, эвдэрч гэмтлээ гэхэд засвар үйлчилгээнээс нь зайлсхийх, үйлчлүүлэгчийн санал сэтгэгдлийг үйлдвэрлэгчид хүргэхгүй байх гэх мэт саар хандлага ихээр гаргадаг байжээ. Харин “Биомед трейд” компани шинэ соёлыг хариуцлага, ёс зүйн хамтаар түүчээлэн түгээж байна. Энэ бол “Биомед трейд”-ийнхний хамгийн том бахархал. “Биомед трейд” компани хэрэглэгч, захиалагчтайгаа анх харьцсан цагаас эхлэн тэдний хамгийн сайн зөвлөн туслагч, хамтрагч нь болохыг эрхэмлэж ажилладаг.
Суурилуулсан тоног төхөөрөмжөө ашиглалтаас гарах хүртэлх хугацаанд буюу ойролцоогоор 10-15 жилийн хугацаанд засвар үйлчилгээг нь бүрэн хариуцаж, сэлбэг хэрэгслээр тасралтгүй ханган ажилладаг. Мөн бүтээгдэхүүний сонголтод ч маш сайн зөвлөгч байхыг эрмэлздэг.
Тухайн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний цар хүрээ, төсөв мөнгө, ирээдүйн өргөжин тэлэх байдал гээд бүх зүйлийг нь харгалзан үзсэний үндсэн дээр боломжит сонголтуудаас хамгийн сайныг нь тэд санал болгодог. Том хагалгаа хийдэггүй л бол ашиглахгүй “том” хүчин чадлын төлөө өндөр үнэ төлөх шаардлагагүйг тэд харилцагчдадаа зөвлөдөг. Харин маш нарийн ажилбартай, хариуцлагатай мэс ажилбар хийдэг бол танайд үүнээс бага хүчин чадалтай аппарат байж болохгүй гэдгийг ч шударгаар зөвлөдөг аж.
Өөр нэг зарчим нь суурилуулаад л орхичихдог бус сургалт, худалдан авалтын дараах үйлчилгээг бүрэн үзүүлэхийг ч тэд зорьдог. Энэ бол хамгийн том давуу тал нь. Хэчнээн сайн төхөөрөмж авсан ч түүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй бол харамсалтай. Тиймээс суурилуулсан даруйдаа хэрхэн ашиглах талаар эмч, мэргэжилтнүүдэд нь сургалт зохион байгуулж, тоног төхөөрөмжийн инженерүүдэд нь ч зөвлөгөө өгдөг байна.
Бүтээгдэхүүний цаашдын засвар үйлчилгээнд ч тэд онцгой анхаардаг. Үйлдвэрлэгчийн өгсөн баталгаат хугацаанд ямар нэг асуудал гарвал түүнийг 3-5 хоногт үнэгүй засаж өгдөг. Мөн сэлбэг нь солигдохоор бол үнэгүй сольдог байна. Үүнээс гадна үйлдвэрлэгчээс өгсөн баталгаат хугацаа дууссаны дараа ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээг нь бүрэн хариуцна.
Ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс тэднийг ялгаруулах бас нэгэн давуу тал нь эргэх холбоо. Бизнест буух эзэн буцах хаягтай байна гэдэг хамгийн чухал зүйл.
“Биомед трейд”-ийнхний хувьд хамгийн эрхэмлэдэг зүйл нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж. Тийм ч учраас тэд хамтран ажиллаж буй эмнэлгүүдээсээ сэтгэл ханамжтай байгаа эсэхийг нь байнга лавлаж, судалгаа явуулдаг аж. Хэрэв тухайн эмнэлэг авсан бүтээгдэхүүнийхээ талаар ямар нэг сэтгэгдэл хэлбэл түүнийг үйлдвэрлэгчид уламжилдаг. Энэ нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сайжруулах боломжийг олгодог байна. Хэрэглэгч, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн гурвалсан холбоо бол хамтдаа ахих хамгийн чухал зарчим гэдгийг “Биомед трейд” компанийн гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэ тодотгож байсан.
Тус компанийн хамт олон идэвхтэй үйл ажиллагаа явуулсан зургаан жилийн хугацаанд төсөөлөөгүй амжилтад хүрсэн нууцаа хариуцлагатай байдалтайгаа холбон тайлбарласан бөгөөд улс орон даяар бараг бүхий л эмнэлэгтэй хамтын ажиллагаатай болж чадсан нь эргэх холбоотой байхад сайтар анхаардгийнх хэмээж байв. Тухайлбал, жилдээ 1-2 аймагт Service Week арга хэмжээг зохион байгуулж, инженер дутагдалтай аймгуудад компанийн инженерүүдээ томилолтоор ажиллуулдаг нь орон нутгийн эмнэлгүүдэд ихээхэн ач тусаа өгдөг байна. Үнэ төлбөргүй зохион байгуулдаг энэ арга хэмжээний үеэр орон нутгийн эмнэлгүүд засвар үйлчилгээ авахын зэрэгцээ инженерүүддээ ч сургалт авдаг аж.
Үүгээр зогсохгүй компанийн бүх тоног төхөөрөмж сери дугаараараа бүртгэлтэй учраас хэзээ, хаана суурилуулсан тоног төхөөрөмждөө хэдийд, ямар үйлчилгээ хийхээ “Биомед трейд”-ийнхэн маш тодорхой мэддэг.
Шинэ үеийн дижитал эмнэлгүүдийг бүтээнэ
Энгийн ажиллагаатай эмнэлгийн тоног төхөөрмж импортолж бизнесээ эхлүүлсэн “Биомед трейд” өдгөө эрүүл мэндийн салбартаа шинэ соёл, өндөр хариуцлагыг түүчээлсэн томоохон нийлүүлэгч болтлоо өргөжин хөгжжээ. Тэд анхнаасаа бизнесийн процессоо маш сайн боловсруулж, юуг хэрхэн хийхээ сайтар ойлгосны үндсэн дээр энэ талбарт хөл тавьсан. Ийм ч учраас өсөлттэй ажиллаж чадсан гэж гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэ онцолж байв. Мөн ажилтнуудынхаа хурууг уншуулж, ирсэн, явсан цагийг бүртгэхээс илүүтэй бүтээмжийг нь хэмжиж, уян хатан ажлын хуваарийг санал болгодог учраас хамт олон нь ч ажилдаа илүү мотивацлаг ханддаг гэж тэрбээр хэлж байсан юм.
20 шахам хүнээс бүрдэх энэ хамт олон алс ирээдүйгээ бүр ч тодоор, бүр ч томоор зураглаж байна. Хагалгаа, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг түлхүү импортолдгийн хувьд, хүмүүсийн хэлж заншсанаар сэхээ, яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгыг тэд дэвшүүлжээ. Энэ хүрээнд унтуулгын аппарат, амьсгалын аппарат, хяналтын монитор зэрэг тоног төхөөрөмжийн шинэ технологийг нэвтрүүлж, хагалгаанд орох, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүдэд зориулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг ч санал болгохоор төлөвлөсөн байна.
Хагалгааны болон унтуулгын төхөөрөмжийг эмчилгээний бүтээгдэхүүний хамт цогцоор нь санал болгосноор энэ төрлийн тусламж, үйлчилгээг сайжруулна гэж тус хамт олон үзэж байна.
Тухайлбал, хагалгаанд орохын өмнө хоол сойх нь өвчтөнүүдэд маш том сорилт болдог. Төлөвлөгөөт хагалгаа хойшлох тусам хоол сойх хугацаа уртасдаг. Олон улсад өвчтөнүүд хагалгаанд орохын өмнө хоол сойж нүүрс ус, тамир тэнхээгээ алдах нь хагалгааны дараах үр дүнд сөргөөр нөлөөлнө гэж үздэг учраас хагалгаанаас өмнө хэрэглэж болох эрдэс бодис, энерги нөхөх, амтгүй, нүүрс-ус агуулсан бэлдмэлийг санал болгодог байна. Ингэснээр хагалгаанд орох өвчтөнд өлсөж, тамирдах мэдрэмж төрдөггүй аж. “Биомед трейд” ч мөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг Nestle групптэй гэрээ хийн дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдгийн хувьд төхөөрөмжүүдийн харилцан хамаарал бүхий үйл ажиллагаа, цогц системүүдийг эмнэлгүүдэд санал болгож, “шинэ үеийн дижитал эмнэлэг”-үүдийг цогцлооход анхаарч ажиллана гэсэн юм.
Өдгөө эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар асар хурдацтай хөгжиж, инженерүүд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, дэлхий нийтийн чиг хандлагаас цаг алдалгүй суралцах шаардлага бий болсоор байна.
Тиймээс “Биомед трейд” компани салбарын хөгжил, хүний нөөцийн асуудалд ч мөн онцгойлон анхаарах болжээ. Үүний нэг илрэл нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан олон улсын сургалт семинар юм. Тэд энэ арга хэмжээг зохион байгуулахдаа Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эмнэлгийн инженерүүдийн холбооноос экспертүүдийг урьж оролцуулсан нь инженерүүдэд ихээхэн мэдлэг, туршлага өгчээ. Цаашид ч энэ төрлийн үйл ажиллагаанд анхаарч ажиллахаа гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэ онцолсон. Мөн тэрбээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгчид аль нэг чиглэлийн тоног төхөөрөмжөөр дагнан хөгжих нь илүү ирээдүйтэй болохыг зөвлөж байв.
Хамгийн гол нь дистрибьютер компаниудын хариуцлагатай, ёс зүйтэй, эргэх холбоотой байдлаас Монгол Улсын эмчилгээ оношлогооны чанар хамаарна гэдгийг тодотгосон юм.