– Business.MN сэтгүүлийн 2023 оны 10 сарын дугаар (№60) -т хэвлэгдсэн нийтлэл –
Монгол эрэгтэй хүний биеийн онцлогт тохирсон сорочка бүтээх зорилгоор С.Оюунтуяа “Хийлэн” брэндийг үүсгэн байгуулж, хувцас үйлдвэрлэлийн салбарт хөл тавьжээ. Ийнхүү тэрбээр ази, европ өмсгөлийг хуулбарлаагүй, монгол хүний биеийн бүтцэд тохирсон тусгай хийцийг бий болгож чадсан юм. 2017 онд компанийн гэрчилгээгээ гар дээрээ аваад 14 хонож байхдаа тэрбээр хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж буйгаа мэдсэн бол анхны бүтээгдэхүүн нь түүнийг амаржаад 14 хонож байхад худалдаанд гарч байв. Нэг ёсондоо, “Хийлэн” брэнд нь түүний үр хүүхэдтэй хамт өсөж торнин зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлсээр байна.
Яагаад эрэгтэй хувцас үйлдвэрлэл гэж?
Том, жижиг ямар ч үйлчилгээний төвүүдэд эмэгтэй бэлэн хувцсыг төрөл бүрийн сонголт, насны ангилалтайгаар худалдаалдаг. Харин эрэгтэй хувцас худалдаалах лангуу 10 дотор нэг байна гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ байдлыг ажиглаж, импортыг орлох эрэгтэй сорочка, футболк яагаад үйлдвэрлэж болохгүй гэж гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн С.Оюунтуяа 2017 онд найзтайгаа хамтран эрчүүдийг гоёх “Хийлэн” брэндээ үүсгэн байгуулжээ. Тухайн үед хүмүүс эмэгтэй хувцас үйлдвэрлэвэл эргэлт хурдан, бизнесээ 2-3 дахин өсгөж чадна гэж түүнд хэлэх тохиолдол цөөнгүй байв. Гэвч тэрбээр өөрийн олж харсан бизнес зураглалдаа итгэж, эрэгтэй хувцас үйлдвэрлэлийн салбарт хөл тавьсан юм. “Хийлэн” брэнд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байхдаа анхны бүтээгдэхүүн болох эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн цагаан өнгөтэй, хөвөн даавуун майкаа гэрээт оёдолчдоор оёулж, ойрын хүрээллийнхээ дэлгүүрүүдэд борлуулдаг байжээ. Дараа нь “Номин”, “Имарт, “Баясах трейд” зэрэг томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төв, супермаркетад танилцуулснаар дотоодын үйлдвэрлэгчээ дэмжинэ гэж бүтээгдэхүүнүүдийг нь харьцангуй шалгуур багатай хүлээн авч борлуултад гаргасан талаар “Хийлэн” брэндийн үүсгэн байгуулагч С.Оюунтуяа ярьж байна.
Монгол эрэгтэй хүний биеийн бүтцэд “төгс” зохицох хийц
“Хийлэн” брэнд эрэгтэй бомбер, сорочка, поло, хоёр төрлийн хантааз, дугуй захтай футболк, охидын даашинз, даавуун өмд, сурагчийн дүрэмт хувцас зэрэг нийт 15 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэд анхнаасаа монгол эрэгтэй хүний биеийн онцлогт тохирсон суулттай сорочка бүтээх зорилго өвөртөлжээ. Энэ зорилгодоо ч хүрч ази, европ өмсгөлийг хуулбарлаагүй, монгол хүний биеийн бүтцэд тохирсон хийцийг бүтээж чадсан юм. Дотоодын эрэгтэй хувцасны зах зээлийг өөрчлөх амбиц тээсэн “Хийлэн” брэндийн хамт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дэлхийн загварын чиг хандлага, трэндийг судалдаг. Тухайлбал, эрэгтэй сорочканы загварыг нь анзаарч харвал энгийн хийцтэй мэт боловч ханцуйны урт гурав, тайлны өргөн таван төрөлтэй, зах нь өндөр, нам, дэлгэмэл ба дэлгэмэл биш, энгэрийн халаастай, халаасгүй гэх мэтээр нарийн деталь ихтэй. Энэ бүх хийцийг өмсөх хүн л мэдэж, шилж сонгож авдаг учраас эрэгтэй хүмүүс “Хийлэн” брэндийн өөр өөр размер бүхий сорочкуудаас өөрт тохирсноо олоод баяртай гарах нь түгээмэл.
Дэлхийн зургаан улсад үйлдвэртэй, экваторын шугамыг хоёр бүтэн ороох хэмжээний даавууг жилд үйлдвэрлэдэг үйлдвэрээс түүхий эд, материалаа татан авдаг.
Даавуу ч хадгалалтын стандарт шаардана
“Хийлэн” брэнд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүндээ ашиглагдах түүхий эд, материалыг олон улсын, инновац шингээн ажилладаг үйлдвэрлэгчээс татан авахаар удаан хугацааны турш судалгаа явуулжээ. Ингээд өмнөд хөршийн дэлхийн зургаан улсад үйлдвэртэй, экваторын шугамыг хоёр бүтэн ороох хэмжээний даавууг жилд үйлдвэрлэдэг үйлдвэрээс түүхий эд, материалаа тэд татан авах болсон юм. Тэр дундаа, даавуун материал сонгохдоо өндөр шалгууртай ханддаг учраас тухайн даавууны бүтэц, орц, найрлагыг сайтар шинжиж, эцсийн сонголтоо хийдэг байна. Аливаа бүтээгдэхүүн зах зээлд чансаагаа алдахгүй, байнгын хэрэглэгчтэй байхад чанар хамгийн чухал. Тиймээс ч “Хийлэн” брэндийн хамт олон бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн зөв хадгалалтад онцгой анхаарч, их хэмжээгээр татан авахгүй байх, агуулахдаа зөв хадгалах зарчмыг баримтлан ажилладаг.
Үндэсний үйлдвэрлэлээ улам дэмжие
Албан байгууллага, компаниуд өнгө аяс, хэв маягаа тодотгож, өөрийн гэсэн лого бүхий хувцсаар жигдрэх болсон. “Хийлэн” брэндийн үйл ажиллагааны нэг чиглэл нь байгууллага, хамт олны тусгай захиалгат үйлдвэрлэл юм. Тэд захиалагчдынхаа өнгө аяс, онцлогийг бүрэн шингээж, чанартай түүхий эдээр, хүссэн тоо хэмжээгээр, давтагдашгүй хэв маягтай бүтээгдэхүүнийг тусгайлан үйлдвэрлэдэг. Хамгийн сүүлд гэхэд л сурагчдын дүрэмт хувцас, охидын даашинз, уул уурхай, банк, санхүүгийн байгууллагын захиалгыг хийж гүйцэтгэжээ. Байгууллага, хамт олон ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хариуцлагаа ухамсарлаж, импортын бүтээгдэхүүн сонгохоос татгалзах болсныг тэд онцолж байв.
“Хийлэн” брэндийн үйл ажиллагааны нэг чиглэл нь байгууллага, хамт олны тусгай захиалгат үйлдвэрлэл юм.
“Хийлэн” брэнд бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барьж, боломжит үнээр зах зээлд нийлүүлэхийг зорьдог. Энэ нь брэндийн гол бодлогын нэг. Тухайлбал, “Ковид-19 цар тахлын үед юанийн ханш, хил гааль, тээврийн үнэ огцом өсөхөд бүтээгдэхүүнүүдээ цар тахлын өмнө болон дараа үйлдвэрлэсэн хэмээн ангилж, ялгаатай үнээр борлуулж байв.
Дотоодын үйлдвэрлэгч гэхээр л үнэ хямд байх ёстой мэт үзэх хандлага нийгэмд бий. Гэвч үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, материалуудыг импортлон авдгаас гадна гааль болон бусад төрлийн татвар, ажилтнуудын цалин, бусад урсгал зардал зэрэг нь бүтээгдэхүүн тус бүрийн үнэд шингэх хэрэгцээ үүсдэг. Гэсэн ч үндэсний үйлдвэрлэгчид аль болох боломжит үнээр бүтээгдэхүүнээ борлуулах эрмэлзэлтэй байдгийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй болов уу хэмээн “Хийлэн” брэндийн үүсгэн байгуулагч хэлж байна.
Инновацлаг бүтээгдэхүүн
“Хийлэн” брэндээс онцлохгүй байхын аргагүй бүтээгдэхүүн нь дотроо майктай сорочка. Үүнийг Монголд байхгүй инновац шингэсэн бүтээгдэхүүн гэж хэлж болно. Доторх майк нь суга хэсэгтээ хөлс шингээгчтэй, биеийн дулааныг хадгалдаг, агшиж сунадаггүй, мөн бөөгнөрөхгүй материалаар хийгддэг. Энэхүү цамц нь хөлрөмтгий хүмүүст тохиромжтой төдийгүй хэсэгчилж өнгө алдахаас санаа зовох шаардлагагүй юм.
Сэтгэл хүрэх газар бие хүрнэ
Энэ онд “Хийлэн” брэнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмжээ. Хэдийгээр үйлдвэрийн байраа түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа ч 2-3 жилийн дараа өөрийн гэсэн үйлдвэрийн цогц байртай болох том мөрөөдөл тээж явна. Аливаа байгууллагын үйл ажиллагааны чанар ажилтнуудын бүтээмжийн чанартай шууд холбоотой. Тиймээс “Хийлэн” брэндийн үүсгэн байгуулагч С.Оюунтуяа ажилтнуудаа сэтгэл амар, үр бүтээмжтэй орчинд ажиллуулахыг зорьж, ирээдүйд барих үйлдвэрийн байрандаа хүүхдийн өдөр өнжүүлэх, ажилтнуудын амрах өрөө, гал тогоо, ажилчдын байр, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж байна.