– Business.MN сэтгүүлийн 2023 оны 11 сарын дугаар (№60) -ын нийтлэл –
Тусгай зориулалтын худалдан авалтын компани (SPAC) нь арилжааны үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоо байгаа компанийг худалдан авах, нэгтгэх зорилгоор олон нийтэд анхдагч хувьцаагаа санал болгон (IPO) хөрөнгө босгох зорилгоор байгуулагдсан компани гэж ойлгож болно.
Амстердамын хөрөнгийн бирж 1602 онд Голландын Зүүн Энэтхэгийн компанийн анхдагч хувьцаа (IPO)-г гаргасан цагаас хойш компаниуд олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулагчдаас шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээ босгосоор ирсэн. Олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох буюу IPO хийх үйл явц нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь зах зээлд гаргахаас өмнөх үе шат бол хоёр дахь нь анхдагч хувьцаагаа олон нийтэд санал болгох явдал. Тэгвэл тусгай зориулалтын худалдан авалтын компани (SPAC) гэдэг нь арилжааны үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоо байгаа компанийг худалдан авах, нэгтгэх зорилгоор олон нийтэд анхдагч хувьцаагаа санал болгон (IPO) хөрөнгө босгох зорилгоор байгуулагдсан компани юм.
2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараагаас олон нийтийн зүгээс хөрөнгийн зах зээлд итгэх итгэл буурсан байдаг. Тэрхүү урам хугарах мөчлөгийг технологийн салбарын Twitter, Facebook тэргүүтэй стартапууд зогсоон, унтаа байсан олон улсын хөрөнгийн биржүүдийг хөдөлгөөнд оруулж байв. Түүний дараагаас дэлхий даяар Bitcoin тэргүүтэй криптовалютын алтан үе эхэлсэн. Гэхдээ криптовалют нь хөрөнгийн зах зээлтэй сүлжилдэх боловч тусдаа салбар гэдгийг хэлэх нь зүйтэй.
2019 онд олон улсын хэмжээнд ердөө 59 SPAC байснаа 2020 онд 247 SPAC бий болсон бол 2021 онд 613 SPAC IPO хийж тоон утгаараа дээд амжилт тогтоожээ.
Тусгай зориулалтын худалдан авалтын компани (SPAC) нь олон арван жилийн турш оршин тогтнож ирсэн хөрөнгө оруулалтын компанийн хэлбэр боловч Ковид-19 цар тахлын өмнөөс дэлхий нийтээр криптовалютын халуурал эхлэхтэй зэрэгцэн ихээхэн нэр хүндийг олж шинэ түрэлтээ эхлүүлсэн. Криптовалютыг үүсгэгч, хөгжүүлэгчид ихэнхдээ бизнесийн туршлага багатай, технологийн салбараас төрөн гарсан залуу бизнес эрхлэгчид байгаа бол тусгай зориулалтын худалдан авалтын компаниудыг санаачлагч, үүсгэн байгуулагчдын олонх нь нэр хүндтэй санхүүчид, олон жилийн туршлагатай хөрөнгө оруулагчид байдаг. Санхүүгийн салбарын өдөр тутмын энгийн ярианд хөрөнгө оруулалтын компанийн энэхүү хэлбэрийг хөрөнгийн биржийн тоглогчид голдуу тусгай чекийн компани, заримдаа хоосон чекийн компани ч гэж нэрлэх нь бий. Энэхүү нийтлэлд тусгай зориулалтын худалдан авалтын компани, SPAC, тусгай чекийн компани гэсэн нэршлийг зэрэг ашиглах тул уншигчид төөрч будилж магадгүй. Үнэндээ эдгээр нэршил бүгд нэг зүйлийн гурван өөр нэршил бөгөөд бичвэрт өгүүлэх тоо статистик, болж өнгөрсөн үйл явдлыг илүү тодотгох үүднээс хольж бичсэн болно.
2019 онд олон улсын хэмжээнд ердөө 59 SPAC байснаа 2020 онд 247 SPAC бий болсон бол 2021 онд 613 SPAC IPO хийж тоон утгаараа дээд амжилт тогтоожээ. Харин 2022 оны эхнээс криптовалютын зах зээл дээрх ханшийн уналтаас шалтгаалан, SPAC компаниуд ч бас шил дараалан дампуурах вий гэсэн болгоомжлолын үүднээс санхүүгийн салбар нь өндөр хөгжсөн зарим орны Засгийн газрууд хөрөнгийн зах зээл дээр зарим хязгаарлалтыг хийж, тусгай чекийн компани (SPAC)-д онцгой албан татвар тавих болсноор өнгөрсөн онд дөнгөж 86 SPAC IPO -гоо гаргажээ. SPAC-иуд 2020-2021 оны өсөлтийн үедээ тэтгэвэрт гарсан нэр хүндтэй санхүүчид, хамтын сангуудын ахлах удирдлагуудад бизнесээ даатгаснаар Goldman Sachs, Credit Suisse, Deutsche Bank зэрэг нөлөө бүхий санхүүгийн байгууллагатай үр дүнтэй хэлцэл хийн хөрөнгө татаж байв. Хэдийгээр 2023, 2024 онуудад IPO гаргах SPAC-ын тоо огцом өсөх төлөвгүй байгаа ч дайн, цар тахлын дараах олон улсын худалдаа, эдийн засгийн сэргэлтээс шалтгаалан Зүүн Азийн бүс нутагт 2025 оноос SPAC тэсрэлт болно гэсэн таамаг бий. Одоогийн байдлаар уг тэсрэлтэд хөрөнгө оруулалтын орчны эрхзүйн зохицуулалтаа сайжруулан бэлтгэж буй хот улс бол Сингапур юм.
Тусгай чекийн компанийг ихэвчлэн тодорхой бизнесийн салбарт туршлагатай хөрөнгө оруулагчид, гарааны бизнест мөнгөө оруулдаг санхүүгийн ивээн тэтгэгчид үүсгэн байгуулдгийг өмнө дурдсан. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд ирээдүйд амжилт олно гэж үзсэн гарааны компаниудыг худалдан авч IPO хийх зорилго агуулдаг ч хэлцлийн явцад мэдээлэл задрахаас сэргийлж, олон нийтэд төдийлөн төслөө дэлгэрэнгүй байдлаар танилцуулдаггүй. SPAC-ууд хувьцаагаа олон нийтэд санал болгохоос илүү даатгалын сангуудыг төлөөлдөг андеррайтерууд, үндэстэн дамнасан компаниудын хувьцаа, үнэт цаасны томоохон хэсгийг худалдан авч борлуулдаг, Засгийн газрын бондын арилжаагаар дагнасан Уолл Стрийт дэх халим гэж тооцогддог тэтгэврийн хамтын сангууд гэх мэт байгууллагын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, хамтран ажиллахыг өмнө нь түлхүү эрмэлздэг байв.
Тусгай чекийн компанийг ихэвчлэн тодорхой бизнесийн салбарт туршлагатай хөрөнгө оруулагчид, гарааны бизнест мөнгөө оруулдаг санхүүгийн ивээн тэтгэгчид үүсгэн байгуулдаг.
SPAC-уудын IPO хийн цуглуулсан хөрөнгийг анхны худалдан авалтын төслийн хэлцлээ дуусгахаас бусад тохиолдолд олгох боломжгүй, хүүтэй итгэлцлийн дансанд байршуулдаг. Худалдан авалтын даалгавраа биелүүлж, анхны зорилгодоо хүрээгүй тохиолдолд хуримтлуулсан мөнгийг хөрөнгө оруулагчдад буцааж өгөх бөгөөд SPAC эцэст нь татан буугддаг дүрэмтэй. SPAC нь анх байгуулагдахдаа төсөлд нэгтгэхээр төлөвлөсөн компаниа хоёр жилийн дотор худалдан авах үүрэг хүлээдэг. Үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол татан буугдах ёстой. Зарим тохиолдолд итгэлцлийн дансны хүүгээс олсон орлого SPAC-ийн эргэлтийн хөрөнгө болдог. Худалдан авалт амжилттай болсны дараа SPAC нь ихэвчлэн томоохон хөрөнгийн биржид хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр бүртгүүлэн өргөждөг.
Тусгай чекийн компаниуд 2019 онд анхдагч хувьцаагаар 13.6 тэрбум доллар босгосон. Энэ нь тэдгээрийн 2016 онд цуглуулсан 3.5 тэрбум ам.доллароос ойролцоогоор дөрөв дахин их байсан бол 2020 онд 83.4 тэрбум доллар, 2021 онд 162.5 тэрбум ам.доллар цуглуулжээ. Хэдийгээр тооны хувьд буурсан ч тусгай чекийн компаниуд 2022 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар 96 тэрбум ам.доллар, оны эцсийн дүнгээр 150 тэрбум ам.доллароос багагүй хэмжээний хөрөнгө босгожээ.
Олон нийтэд нээлттэй болох гэж буй компаниуд хөрөнгийн биржүүд дээр IPO хийх үйл явц нь зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг бол SPAC байгуулан хөрөнгө босгох нь хэдхэн сарын хугацаа шаарддаг. Боломжит худалдан авагч хайж буй зорилтот компаниудад хөрөнгө оруулагчидтай урт хугацааны хэлцэл хийх цаг хугацаа хязгаарлагдмал байдаг тул бизнесээ яаралтай горимоор тусгай зориулалтын худалдан авалтын компанид хүссэн дээд зэргийн үнээр зарах боломжтой байдаг.
Олон нийтэд нээлттэй болох гэж буй компаниуд хөрөнгийн биржүүд дээр IPO хийх үйл явц нь зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг бол SPAC байгуулан хөрөнгө босгох нь хэдхэн сарын хугацаа шаарддаг.
Байгууллагын хөрөнгө оруулагчидтай харьцуулахад маш бага хэмжээгээр арилжаа хийдэг цахим брокерын пүүсүүд, уламжлалт жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын дотроос тусгай зориулалтын худалдан авалтын компаниудын хэлцлээ нууцлах үүднээс олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй сул талыг ашиглан өгөөжийг нь хэт өсгөн мэдээлэх, хууран мэхлэх үйлдэл гаргаж байгаа нь энэ төрлийн бизнесийн нэг эрсдэл болоод байна. Мөн хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчид тусгай зориулалтын худалдан авалтын компани ирээдүйд өндөр өсөлтийг үзүүлэх гарааны компанийг нээн илрүүлж, ашигтай худалдан авах хэлцэл хийнэ гэж хүлээдэг ч зарим тохиолдолд хэлцэл амжилтгүй болж, хүссэн хэмжээний үр дүн үзүүлэх компани олдоогүйгээс төсөл татан буугдах, анх оруулсан хөрөнгийн үнэ цэн буурдаг сул тал энэ бизнест бий. 2022 онд энэ төрлийн компанийн 55 гэрээ хэлэлцээр цуцлагдаж, тусгай чекийн 65 компани хоёр жилийн дотор хэлцлээ дуусгаж чадаагүй гэх шалтгаанаар бүрэн хаагдсан байна.
Тусгай чекийн компанийн өгөөж нь анхдагч хувьцаагаа санал болгох сурталчилгааны үе шатанд танилцуулсан хүлээлтийг хангахгүй тохиолдол гардаг. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн 97 орчим хувийг эзэлдэг 3000 том хувьцаат компанийн гүйцэтгэлээр зах зээлийн нийт үнэлгээг хэмждэг Рассел 3000 индексийн мэдээлснээр 2020 оноос хойш IPO гаргасан 172 тусгай чекийн компанийн өгөөж төслийн анхны өгөөжийн амлалтаас доогуур гарсан гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын үүсгэн байгуулсан Truth Social цахим программын анхдагч хувьцааг Digital World Acquisition Corp (DWAC) хэмээх тусгай чекийн компаниар дамжуулан олон нийтэд хүргэсэн байдаг. 2022 оны хавар уг хэлцлийг зарласны дараа нэгж хувьцааны үнэ 100 орчим ам.долларт хүрч өссөн бол 2022 оны эцэст DWAC-ийн нэгж хувьцааны үнэ 18 орчим ам.доллароор буураад байна. Санхүүгийн шинжээчид тусгай чекийн компанийн нэр хүндийг унагаж буй гол шалтгааныг хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй урлаг, спортын одууд, сошиал инфлюнсерүүд анхнаасаа хэрэгжих боломжгүй луйврын шинж чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг гайхалтай шинэ SPAC гэж олон нийтэд танилцуулж, сурталчлах нь хэрээс хэтэрснийг дурдах болсон. Бизнесийн салбарт чаддаг чаддагаа хийх гэсэн бичигдээгүй дүрэм бий. Ялангуяа олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар нь хэн нэгэн олны танил хүний үзэмжээр үр ашиг, өгөөж нь нэмэгддэг салбар огт биш. Монголд олон нийтийн сүлжээнд өрнөж буй койн, токенд мөнгөө оруулан өсгөсөн, алдсан гэх маргаан мэтгэлцээнийг ажиглаж байхад удахгүй манай хөрөнгийн бирж дээр SPAC-ийг цоо шинэ дэлхийд байхгүй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэлбэр гэж сурталчлан ашиг багатай төслүүддээ олон нийтийн мөнгийг татах компаниуд гарч ирэн түүнд нь хөрөнгө оруулсан хүмүүс хожим нь бас л гомдол санал ярих вий гэсэн болгоомжлол төрж буйг нуугаад яахав. Тусгай чекийн компаниар хөрөнгө босгох, түүнд хөрөнгөө оруулах нь ашиг, алдагдлын алийг ч хүлээж болох энгийн бизнесийн хэлбэр. Дандаа ашиг олдог бизнес гэж дэлхийд байхгүй. Харин хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг мэдээлэлгүй, ашигтай гэсэн бүхэн рүү хуйлардаг сүргийн сэтгэлгээтэй хүмүүсийн алдах магадлал хязгааргүй.
Өнгөрсөн хугацаанд Америкт хамгийн амжилттай SPAC хэлцлийг хөрөнгө оруулагч Чамат Палихапития, Билл Акман нар хийсэн. Social Capital Hedosophia Holdings-ийн эзэн Чамат Палихапития 2019 онд тэрбумтан Ричард Брэнсоны Virgin Galactic компани дээр SPAC хийн 49 хувийг нь 800 сая ам.доллароор худалдан авсан. Энэхүү худалдан авалтын дараа Чамат Палихапитиягийн хөрөнгө огцом өсөж, 2021 онд тэрбээр Forbes сэтгүүлийн шинэ тэрбумтнуудын жагсаалтын 10-т жагссан. 1976 онд төрсөн Палихапития нь эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ, боловсрол зэрэг бусад венчур капиталистын үл тоомсорлодог салбарын компаниудад хөрөнгө оруулах зорилгоор 2011 онд өөрийн компаниа байгуулж байжээ. Дараа нь 2020 онд Pershing Square Capital Management-ийн үүсгэн байгуулагч Билл Акман өөрийн болон түүхэн дэх хамгийн том Pershing Square Tontine Holdings тусгай чекийн компанийг ивээн тэтгэж, 2020 оны долдугаар сарын 22-нд дөрвөн тэрбум ам.доллар цуглуулсан байна.
Хөрөнгийн зах зээл, хувьцаа сонирхож арилжаанд оролцдоггүй ч ирээдүйнхээ төлөө санаа тавьдаг олон хүний ярианаас тухайн үед тэр компанийн хувьцаанаас хэдийг авчихгүй яав даа гэсэн харамсангуй үг сонсож болно. Ихэнх жижиг хөрөнгө оруулагч, хувь хүмүүс ирээдүйтэй хувийн компаниудын талаар мэдээлэл олох боломж хомс байдгаас хамгийн тохиромжтой цагт нь хөрөнгө оруулж чадалгүй өнгөрдөг. Сүүлийн үед тусгай чекийн компаниуд зөвхөн том хөрөнгө оруулагчидтай харилцаж ирсэн түүхээ эргэж харах болсон. Хувь хүмүүст зориулсан тусгай чекийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг биржийн арилжааны сангууд бий болсон. Эдгээр сан нь ихэвчлэн тусгай чекийн компанитай нэгдэж, олон нийтэд нээлттэй болсон зарим компани, олон нийтэд нээлттэй болохыг зорьж буй гарааны компаниудыг анхдагч хувьцаагаа гаргахаас нь өмнө худалдаж авдаг. Хэрвээ хувь хүн, жижиг хөрөнгө оруулагч тусгай чекийн компанид хөрөнгө оруулж ашиг хүртэхийг хүсвэл иймэрхүү сангуудтай холбогдож болно.
Ирэх 10 жилийн дотор Зүүн Өмнөд Азийн орнуудын хөрөнгийн зах зээл идэвхтэй хөгжиж, Сингапур, Хонгконг, Шанхайн хөрөнгийн биржийн араас Хошимин, Бангкок, Жакартагийн хөрөнгийн биржүүд нэр алдраа дуурсгах цаг удахгүй биз ээ. Хүн төрөлхтөн одоогоор мөнгийг мөнгөөр нь үржүүлдэг санхүүгийн үйлчилгээг гүйцэх төрийн хүнд сурталд бага өртдөг бизнесийн хэлбэрийг олоогүй л байна. Дэлхийн нэр нөлөө бүхий санхүүч, эдийн засагчдын бичиж буйгаар хэдийгээр АСЕАН-ы орнуудын эдийн засаг эрчимтэй интеграцид орж байгаа ч Зүүн Өмнөд Азийн улсуудын хил хязгаар, соёлын ялгаа, ширэнгэн ойг гэтэлж бүс нутагт ирээдүйд цахиур хагалах шинэ компаниудыг нээн илрүүлэх нь төвөгтэй хэвээр байсаар л байна. Энэхүү саад бэрхшээлийг даван туулж 2025-2030 оны хооронд Зүүн Өмнөд Азиас ирээдүйтэй компаниудыг тодруулж, тэдгээрт хөрөнгө оруулах гол суваг нь Сингапурт бүртгэлтэй тусгай зориулалтын худалдан авалтын компаниуд байх биз ээ. Монголчууд бид ч энэхүү давлагаанаас үл хоцрон Зүүн Ази дахь шинэ бизнесүүдэд хөрөнгө оруулдаг тусгай зориулалтын худалдан авалтын компаниудын үйл ажиллагааг сонирхон хөрөнгө оруулж, эсвэл хөрөнгө оруулалт татаж байж бизнесээ өргөжүүлж, капитал хуримтлуулж чадна.