– Business.MN сэтгүүлийн 2023 оны 12 сарын дугаар (№61) -ын ковер нийтлэл –
“Сагсан бөмбөгийн спортоор бид мянга мянган оюутан залууст эрх тэгш боломжийг олгож, эерэг нөлөөлөл бий болгох замаар энэ салбарыг дараагийн шатанд гаргана” гэж Отгонбаярын Тэнүүн зургаан жилийн өмнө Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг өөртөө шийдвэртэйгээр авч, хувь нэмрээ оруулах ажлыг баг хамт олонтойгоо эхлүүлж байв. Тухайн үед тэрбээр Оюуны Ундраа групп хэмээх их айлыг тэргүүлж байсан цаг наргүй үетэй энэ бүхэн давхацна.
Гэхдээ спорт түүнд аливаа нөхцөлд хурдтай дасан зохицох, олон янзын хүмүүстэй эв дүйгээ олох, өөртөө ба бусдад боломжийг бий болгох, бие ба сэтгэлийн эрүүл мэндээ анхаарч зохицуулах, тууштай няцашгүйгээр хөдөлмөрлөх гэх мэт одоогийн ажил амьдралынх нь хэв маягийг тодорхойлж буй бүхий л чадварыг олж авахад онцгой нөлөөлсөн байна. Тиймээс ч Монголын залуу үе, хүүхдүүдэд үзүүлэх тус спортын нөлөөг тэлэхийн тулд тэрбээр их ажлынхаа хажуугаар тус холбоог удирдан зохион байгуулах ажилд ханцуй шамлан оржээ.
Өдгөө тус холбоонд хамаардаг 38 их, дээд сургуулийн 52 багийн 1000 тамирчин +2.8 голч дүнтэйгээр хичээл ба сагсан бөмбөгөө хослуулан өрсөлдөж байна. О.Тэнүүн Америкт ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээд тоглодог байх үед багийн гишүүдийн сурлагын байдал, голч дүн доошилбол тоглолтод оролцуулахгүй байх дүрэмтэйг олж харжээ. Хожим тэрбээр Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог тэргүүлж эхэлмэгцээ энэ санааг хэрэгжүүлж, тамирчид оюутны лигтээ тоглохын тулд давах ёстой босго оноог жил бүр ахиулах замаар дундаж голч дүнг +2.2 байсныг +2.8 болгож чадсан юм.
Өөрөөр хэлбэл, өмнө нь оюутан тамирчид хичээлдээ маш бага анхаардаг байсныг их сургуулиудын удирдлагуудтай хэлэлцэн зөв зохицуулалтуудтай уяснаар дээрх үр дүн гарсан аж. Тухайлбал, голч дүнгээ +3 руу оруулж сайжруулсан тохиолдолд холбооноос “Oюунлаг оюутан тамирчин” болон их сургуулиудын өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөрүүдээр дамжуулан амжилтыг урамшуулж байна. Эхний үеүдэд шилдэг тамирчид хүртэл дүнгээсээ үүдэн тоглох эрхгүй болж, талбайн гаднаас тэмцээн үзэж байсан ч, маш хурдтайгаар мэрийн дүнгүүдээ ахиулж багтаа буцаж ирснийхээ дараа энэхүү бодлогыг дэмжих болсон байна.
Манай улс 200 мянга гаруй оюутантай залуусын орон. Нэмээд бүх сургууль өөрийн сагсан бөмбөгийн баг ба нэрэмжит тэмцээнтэй болж нэр хүндийн тулаан болгон өрсөлдөж буй. Тиймээс сагсны спорт Монгол Улсад хүчтэй хөгжиж байна. Энэ бол амьдрах чадамж өндөртэй оюунлаг тамирчид бэлдэх, цаашлаад энэхүү спортоор дамжуулан олон нийтийн бие, сэтгэлзүйн боловсролыг сайжруулах зорилгыг хүчтэй урагшлуулж буй нөлөөлөлтэй ажил.
“О.Тэнүүнийг энэ холбоог тэргүүлснээс хойш үйл ажиллагаа нь цэгцэрч, оюутны лигээс шинэ хүчирхэг тамирчид төрдөг, бэлтгэлийн хүчтэй бааз болчихлоо” гэж сагсан бөмбөг сонирхогч залуус хоорондоо ярилцаж буйг бичээч би бээр онгоцонд зорчих үедээ санаандгүй сонссон нь энэхүү нийтлэлийг бичих үестэй таарсан байдаг.
Одоогийн спонсорууд нэг нүдээрээ ч тоож хардаггүй байсан үед компанийнхаа нийгмийн хариуцлагыг сагсан бөмбөгийн спорт руу чиглүүлж, чамгүй мөнгөн ба оюуны хөрөнгө оруулалтыг зориулж иржээ. Үүнийг дэлхийн хөрөнгө оруулалтын тавцанд нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөг чухалчилж зорилгоо тодорхойлсон Impact investing гэж нэрлэдэг.
Яг одоо UG Arena -д танхим дүүрэн үзэгчдийн нүргээн дунд сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд зохион байгуулагдаж, спонсорлох хүсэлтэй байгууллагуудын тоо олширсныг бид харж бахдаж байна. Тоглолтуудыг харуулж буй LIVE сувгууд хэдхэн жилийн өмнө мөнгө авч цацалт хийдэг байсан бол өнөөдөр эсрэгээрээ мөнгө төлж байна гэдэг нь байдал 360 градус эргэсний шинж. Цаашлаад манай баг тамирчид Азийн наадам, Дэлхийн Оюутны наадам, 3:3 тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэлхийн хэмжээнд амжилт үзүүлэх хэмжээнд чансаа сууснаа харууллаа.
Олны танил байх гэдэг нэг хэрэг. Харин нөлөөлөгч байна гэдэг энэ цаг үеийн өөрчлөлт авчрагч манлайлагчдын хамгийн гол хүч.
Хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн оюутны наадамд явалгүй хоёр удаа өнжсөн оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг энэ жил Капитрон банкны дэмжлэгтэйгээр Хятадын Чиндуд болсон тэмцээнд оролцож, олон улсын тэмцээнд орох эрхээ сэргээжээ. Гадаад дасгалжуулагчтай бэлтгэлээ базааж, улмаар Олон улсын оюутны наадмын хотхонд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай 10 хоног өрсөлдсөн нь монгол залуусын хувьд харах өнцгөө тэлэх, ирээдүйд Монгол Улсдаа итгэх урам зоригийг өгчээ. Энэ бүх боломжийг О.Тэнүүн тэргүүтэй энэ цаг үед шинээр гарч ирж буй манлайлагчид бий болгож, ахиулж буй. “Оюутны лигт бэлтгэгдээд Супер лиг руу шилжиж үнэлэгддэг болчихлоо. Бид сайн тамирчдыг бэлтгэн гаргаж ирэх үүргээ маш сайн биелүүлж байгаа” гэж О.Тэнүүн бардам хэлсэн юм.
Одоогийн спонсорууд нэг нүдээрээ ч тоож хардаггүй байсан үед компанийнхаа нийгмийн хариуцлагыг сагсан бөмбөгийн спорт руу чиглүүлж, чамгүй мөнгөн ба оюуны хөрөнгө оруулалтыг зориулж иржээ. Үүнийг дэлхийн хөрөнгө оруулалтын тавцанд нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөг чухалчилж зорилгоо тодорхойлсон Impact investing гэж нэрлэдэг. Монгол Улсын хувьд сагсан бөмбөг нь бүх насны иргэдийн спортын боловсролд тэргүүлэх байр суурьтай оролцож, хүүхэд залуус багаасаа олон ур чадварыг олж авах орчин нөхцөл нь болдог. О.Тэнүүн зөвхөн хүүхдүүд гэлтгүй насан хүрэгчид рүү чиглэсэн ажилд ч анхаарал хандуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Сая Сая Сагсчид“ ТББ-ынхаа хүрээнд “Нэмэх 30” лигийг эхлүүлсэн бол ирэх жилээс хүүхдийн хөгжлийн лигийг мөн эхлүүлэхээр зэхэж байна. Тус спортын Монгол дахь эрс шинэчлэл, хурдтай ахиц нь энэ талбар бол нийгэм, эдийн засгийн хувьд нөлөөллийн хөрөнгө оруулалт татахуйц гэдгийг баталж, олон бизнес эрхлэгчийг оролцуулах боллоо.
Зээлийн эдийн засагчаас ШАРК болсон нь
Лондонд улс төрийн эдийн засагч мэргэжлээр дөрвөн жил суралцан төгсөж ирээд О.Тэнүүн зээлийн эдийн засагчаар ажлын гараагаа эхэлжээ. Энэ хугацаанд тэрбээр хөрөнгө оруулалт хүсэж буй үүсгэн байгуулагчид, тэдний бизнесийн түүхтэй танилцаж, асуулт асууж, өөрийн биеэр бизнестэй нь танилцдаг байсан нь процессын хувьд зарим талаар одоогийн “Шарк Танк” нэвтрүүлэгтэй төстэй гэмээр.
2012 оны хавар Гурвалжингийн гүүрний Барилгын материалын захаас лифтний төмөр захиалчихаад буцаж явсан О.Тэнүүнийг алсаас нэгэн хүн учиргүй танимхайран даллажээ. Ямартай ч өөрт нь чухал юм хэлэх гээд байгаа бололтой. Дөхөөд очтол хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр инээмсэглэн угтаж “Чи Тэнүүн мөн үү? Биднийг таньж байна уу? Чи бид хоёрт итгэж зээл гаргаж өгч байсан шүү дээ” гэжээ. Түүнийг бодолхийлэн байтал “Зээлийн эдийн засагчийн ажлаа хийж байгаа юу? За, тэр ч яах вэ, ямартай ч чиний ачаар ах, эгч хоёрынх нь ажил овоо амжилттай яваа” гэж яриагаа үргэлжлүүлэв. Төмрөөр олон зүйл хийдэг болсноо дуулгаж “Хэрэг гарвал хэзээд бэлэн шүү” хэмээн талархлаа илэрхийлжээ.
“Хөрөнгө оруулагч талдаа үнэн бодит мэдээлэл өгч, итгэлцэл бий болгосон учраас энэ хөрөнгө оруулалтыг татаж чадсан”
Энэ үед тэрбээр “Оюуны Ундраа Пропертиз” ХХК -ийг үүсгэн байгуулж, Zaisan Square хэмээх төслийг хэрэгжүүлж байв. Түүнээс хойш тэрбээр эдийн засгийн хүндрэл, олон нийтийн эсэргүүцэл, улс төржилтийг даван туулж, хүн бүрийн очих дуртай Zaisan Hill цогцолборын бүтээн байгуулалтыг санаачлан удирдаж, 2018 онд ашиглалтад оруулсан билээ. Цогцолборын хамгийн олон хүн үйлчлүүлдэг Монголын анхны 4D кино театр болох одоогийн Prime Cineplex-ийг бий болгон байгуулахад тухайн үедээ шаардагдаж байсан дөрвөн сая ам.долларыг Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагч түүнд итгэж хөрөнгө оруулжээ. Олон улсын хэмжээнд “Хамгийн хашир, маш удаан хугацаанд судалгаа хийж байж гараа дэлгэдэг” гэгддэг Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид түүнд асар богино хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. О.Тэнүүн “Хөрөнгө оруулагч талдаа үнэн бодит мэдээлэл өгч, итгэлцэл бий болгосон учраас энэ хөрөнгө оруулалтыг татаж чадсан” гэж боддогоо хуваалцсан юм.
Анх түүнийг “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцох сургаар залуу, туршлагагүй бэлэн бизнес өвлөгч гэж харж, ярилцацгааж байв. Нэвтрүүлгийн явцад түүнийг гадаад, дотоодод бусдын адил цагийн ажил хийж үзсэн, Оюуны Ундраа группийн 30 жилийн түүхийн талыг буюу орчин үеийн амжилтыг нь бүтээлцэхдээ хийж үзээгүй ажил, сонирхон судалж үзээгүй бизнесийн талбар бараг байхгүйг үзэгчид аяндаа ойлгосон. Тэрбээр Оюуны Ундраа группыг санхүү, барилга, геологи, уул уурхай гэх зэрэг уламжлалт талбараас гадна үйл ажиллагаагаа төрөлжүүлж, ирээдүйг тодорхойлж буй нөлөөлөлтэй хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, мэдээлэл технологи болон шинэ трэнд болж буй салбар руу хүч түрэхэд манлайлж, хоёр дахь үеийн шинэ CEO гэдгээ харуулсан билээ.
Монголын “Шарк Танк” нэвтрүүлгийн хүрээнд хамгийн амжилттай явж буй бизнесүүдийн нэг БУРАМХАН үүний тод жишээ.
О.Тэнүүн олон салбарт бизнесээ тэлэх гэж судалгаа хийж, групп дотроо ТУЗ-даа pitch хийдэг байсан учраас олон янзын бизнес “Шарк Танк”-аар орж ирэхэд харьцангуй ойроос ойлгож, “Цаг үе нь мөн үү?”, “Зах зээл нь оновчтой юу?” гэх зэрэг шийдвэрлэх асуултыг асууж, өөрийн шийдвэрийг гаргаж байсан аж. Учир нь түүний “Шарк Танк”-аас ч өмнө хөрөнгө оруулсан бизнесүүдээс ганц нугачаанд бүдрээд, “Би дампуурсан” гээд хэнэггүй хэлэх санхүүгийн сахилга батгүй, итгэл даагаагүй бизнес эрхлэгчид нэлээд байсан нь түүнд сургамж, туршлага болж байв. Тэрбээр энэхүү давуу, сул талаа ашиглан Шарк болсон юм.
Хөрөнгө оруулалтыг тухайн бизнесийг үүсгэгч, авч явж буй хүнд нь л өгдөг. Мэддэг чаддагаа шаркуудын өмнө шавхаж байгаа ч, энэ хүн өсөлт, бууралттай тулсан ч тууштай байж чадах уу гэдгийг л сайн шинжих нь шаркуудын гол ажил. О.Тэнүүний хөрөнгө оруулсан, Монголын “Шарк Танк” нэвтрүүлгийн хүрээнд хамгийн амжилттай явж буй бизнесүүдийн нэг БУРАМХАН үүний тод жишээ. “Үүсгэн байгуулагч А.Солонгыг хүсэл мөрөөдөлдөө тууштай хандах хүн юм байна гэдгийг олж харсан учир итгэж хөрөнгө оруулсан” гэж тэрбээр хэлсэн. Энэхүү хөрөнгө оруулалтын чансааг БУРАМХАН чихрийн бизнесийн үүсгэн байгуулагч А.Солонгын үйл хэрэг өдгөө харуулж буй.
Оюуны Ундраа группт 15 жил ажилласан О.Тэнүүн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байгаад ажлаа өгөхөөр зоригтой шийдэж, Монгол Улсад тулгамдаж буй хөрөнгө оруулалтыг дэмжин дэлхий рүү гарах боломжийг нээж байгаа P&P хэмээх шинэ компаниа үүсгэн байгуулаад байна.
ХӨГЖЛИЙГ ХОЛБОН ТОГЛОНО
Түүний гардан бүтээн байгуулсан Zaisan Hill-д байршиж байсан үндэсний үйлдвэрлэгч тэргүүтэй олон түрээслэгч цар тахлын үед үүдээ барихад хүрсэн ч О.Тэнүүн багийн хамтаар хэлэлцэж, бизнес эрхлэгчидтэйгээ цуг Ковид-19 -ийн хүндрэлийг давахаар шийдэж, түрээсийг тэглэсэн нь уг цогцолбор ашиглалтад ороод удаагүй, олигтой орлого ч олж эхлээгүй үед тун зоримог шийдвэр болжээ. Энэ цаг үед хамгийн тогтвортойгоор өндөр үнэлэгдэж, хүндлэгдэж буй манлайлагчдын амжилтад EQ ур чадвар 80 хувь нөлөөлж буйг сэтгэл судлаач, зохиолч Даниел Голдмэн олон судалгаагаараа баталсан байдаг.
Оюуны Ундраа группт 15 жил ажилласан О.Тэнүүн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байгаад ажлаа өгөхөөр зоригтой шийдэж, Монгол Улсад тулгамдаж буй хөрөнгө оруулалтыг дэмжин дэлхий рүү гарах боломжийг нээж байгаа P&P хэмээх шинэ компаниа үүсгэн байгуулаад байна. Ингэхдээ нийгэм, байгаль орчны ач холбогдлыг чухалчилж, Монгол Улсын иргэн бүр ашигтай, орлоготой байх нийгэм рүү чиглүүлж, Impact investing чиг хандлагыг баримтлан ажиллана гэдгээ онцолж байв. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь буцалтгүй тусламж биш бөгөөд бизнес ба сайн үйлс хоёр тусдаа ойлголт биш, харин олон нийтийн тусын тулд ажиллангаа ашиг олж болдог бизнесийн загвар гэдгийг харуулж, дэмжихэд оршино. Хэдий “Оюутны сагсан бөмбөгийн холбоо” өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлэх түвшинд хараахан хүрээгүй байгаа ч О.Тэнүүний зориулсан хөлс хүч Impact investing байж ирсэн бөгөөд залуус тоглолтын тасалбараа худалдаж аваад үздэг, бизнесийнхэн хэрэглэгчидтэйгээ холбогдох оновчтой суваг гэж тус спортыг сонгодог болоход чиглүүлж, хүнд үеэс гаргаж чадсан нь хамгийн том нөлөө байв. Тийм учраас энэ нийгэмд зориглож ордог “мөс хагалагч” цөөн, өрнүүлж, хөгжөөн дэмждэг нь олон байдаг.
Энэ нийгэмд зориглож ордог “мөс хагалагч” цөөн, өрнүүлж, хөгжөөн дэмждэг нь олон байдаг.
Тэрбээр өнгөрсөн нэг жилийг сурах жил болгон зарлаж, топ сургуулиуд болох Harvard, Insead-д сурч, Олон улсын туршлагатай топ бизнесмэнүүдтэй туршлага солилцож, уулзалт, хурлуудад идэвхтэй оролцож, дэлхийн шилдэг бизнес эрхлэгчдээс тусгайлан зөвлөгөө хичээл авч, мэдлэг мэдээллээ хуваалцжээ. Цаашид ч тасралтгүй суралцагч байснаар О.Тэнүүн өөрийгөө бусдад, Монголд Улсад хэрэгтэй, нөлөөлөлтэй, өөрчлөгч хүч байж чадна гэж итгэж байна. Хэрэв хүн нийгмийн амьтан байгаад бид эргэн тойрныхондоо бодож буйгаасаа ч илүү нөлөө үзүүлж чаддаг юм бол, хувь хүн бүр өөрсдийгөө хөгжүүлэхэд тасралтгүй шамдах нь улс орныг өөрчлөх хамгийн хүчтэй нөлөө болж таарна гэж сэтгэлзүйч Ванесса Бонн дүгнэсэн байдаг.
Японы М&A компанитай хамтран ажиллах санамж бичиг зуран Монголын бизнесийг дэлхий рүү гаргах үүд хаалгыг нээх алхмыг тэрбээр хийгээд буй. Цаашлаад өөрийн туршлага, олон улсын танилын хүрээгээрээ дамжуулан Монгол Улсын стартап, жижиг, дунд бизнесийнхэнд хөрөнгө оруулалтын боломжуудыг нээж өгөх, тэрхүү хөрөнгө оруулалтын шатанд хүрэхэд шаардлагатай зөвлөгөөг өгч, хамт хөгжиж, олон улсад гарна гэж үзэж байна. Хэдий тэрбээр өөрөө бизнесээ шинээр эхлүүлж байгаа ч гэсэн алдаж, онож үзсэн бизнесийн туршлага, хүрээлэл ба спортоос олж авсан өндөр мэдрэмж, тууштай байдлаараа замаа товчилно гэж харж байна. Алдахаас айдаг, замын дундаас няцдаг байсан бол О.Тэнүүн Оюуны Ундрааг орхихгүй байсан биз ээ.
Тухайлбал, хөрөнгө оруулагч-зөвлөхийн хувьд О.Тэнүүний нэн тэргүүнд өгөх зөвлөгөө бол бизнесээ эхлүүлж буй хүмүүс санхүүгийн сахилга баттай байхад маш сайн анхаарах, мөн хойшлуулалгүй суралцаж, санхүүгийн менежментээ эхнээс нь зөв авч явахыг зөвлөв. Харин хоёрт нь, зүгээр нэг авах зарах тухай бус янз бүрийн хэлцэл, өгөө аваа бүхий хамтралуудаар дамжуулан өөр боломжууд нээгдэж болохыг олж харахаар эрэлхийлэх хэрэгтэй. Өөрөө хэлбэл, нэг боломжийг нөгөөгөөр сольж харах хэрэгтэй гэсэн үг.
Манай орны хувьд дундаж нас 27.1 байгаа нь бүтээмж өндөр, идэвхтэй хэрэглэгчид бүхий хүн амтай улсад тооцогдоно. О.Тэнүүний бодлоор мөн олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Монгол Улс хурдтай хөгжих боломж цаг хугацаа нь яг одоо гэнэ.
Харин гуравт, дэлхийн трендийг ажиглаж олон улсад гарахуйц бизнес эрхлэх явдал гэж О.Тэнүүн үзэж буй бөгөөд өөрөө ч энэ чиглэлд шинэ бизнесүүд хөгжүүлж, олон улсад гарахаар зорьж байгаа аж. Ямар насны бүлэгт тулгуурлаж, хэнд зориулж бизнес хийх гээд байгаагаа гүйцэд ойлголгүй бизнес хийх нь энэ цаг үед том алдааны эхлэл. Насны бүтцийн хувьд 25-40 насныхан бол хамгийн идэвхтэй хэрэглэгчид байдаг. Үүнээс цааш бүх талаар хүний хэрэглээ багасдаг байна. Манай орны хувьд дундаж нас 27.1 байгаа нь бүтээмж өндөр, идэвхтэй хэрэглэгчид бүхий хүн амтай улсад тооцогдоно. О.Тэнүүний бодлоор мөн олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Монгол Улс хурдтай хөгжих боломж цаг хугацаа нь яг одоо гэнэ.
Энэ нь Монгол Улс Sweet Spot буюу хөгжихөд хувьсгалын тохироо бүрдсэн хамгийн таатай үе дээрээ байгаа бөгөөд энэ үеийг зөв ашиглаж чадахгүй аваас “The last kick at the can” гэгддэг хамгийн сүүлийн боломжоо алдаж “Middle Income Trap” буюу “Дундаж давхаргын хавханд” ороод удаж буй орнуудын эгнээрүү гулсах эрсдэл нүүрлээд байна.
Эдийн засгийн хүндийн хүч баруунаас зүүн рүү шилжиж, идэвхтэй хэрэглэгч, бүтээгч нь Азид төвлөрч буй. Тухайлбал, Энэтхэг улсын дундаж нас 28. Жил бүр нэг сая өрх дундаж давхарга руу шилжиж байна. Одоогоор тус улсын хүн амын 31 хувь нь дундаж давхаргад хамаарч байгаа бол 2031 он гэхэд 40 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ тохиолдолд залууст чиглэсэн бизнес хүчтэй цэцэглэх бол Японд хөгшчүүлд зориулж бизнес хийх нь онодог. Тэгэхээр зөвхөн дотоодын зах зээлийг бодолгүй энэ олон боломж нээгдэж буй орнуудыг харж бизнес хийх, насны бүтцэд тулгуурласан бизнесүүдийг дэмжих бодлогыг төр баримтлах хэрэгтэй хэмээн О.Тэнүүн үзэж байна. Хөгжиж буй орнууд руу Монголынхоо бизнес эрхлэгчтэй хамтран тэлж хөгжих нь түүний дараагийн том амбиц.
Олны танил байх гэдэг нэг хэрэг. Харин нөлөөлөгч байна гэдэг энэ цаг үеийн өөрчлөлт авчрагч манлайлагчдын хамгийн гол хүч болжээ. Яг одоогийн бидэнд олгогдож буй зах зээлийн таатай нөхцлийг “чулуу болгон хувиргаж”, дараагийн Сингапур болоход өдгөө Монгол Улсаа хөгжүүлэх ачааг үүрэлцэж эхэлж буй шинэ үеийн залуусын ухаалаг шийдэмгий манлайлал гол үүрэг гүйцэтгэхээр байна.