Байгууллагынхаа ирээдүйд шаардлагатай ур чадварыг тодорхойлж, гарч болзошгүй ур чадварын зөрүүг нөхөх стратегиа боловсруулсан уу?
Технологийн хурдтай хөгжил, глобальчлал, цаг уурын өөрчлөлт гэх мэт нөхцлүүд дэлхий даяар ажиллах зан төлөв, ажлын байрны шаардлагад өөрчлөлт оруулах нөхцлийг бий болгож, түүнийг дагаад шинэ боломжууд, шинэ сорилтууд бидэнд тулгарч байна.
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ур чадварын зөрүүтэй байдал байгууллагуудад томоохон сорилтыг бий болгож, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх арга барил, ирээдүйд шаардагдах ур чадваруудаа тодорхойлж, ур чадварын зөрүүгээ нөхөх, байгууллагын хэмжээнд ур чадвараа оновчтой удирдах хэрэгцээ бий болж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт ур чадварын сэдэв дээр анхаарлаа хандуулж, энэ талын судалгаа шинжилгээний ажил нэмэгдэх хандлагатай байна. Үүний жишээ нь Харвардын Их Сургууль, Стенфордын судалгааны хүрээлэнгийн явуулсан судалгаанд хатуу ур чадвар буюу техникийн ур чадвар нь амжилтанд 15% хувь нэмэр оруулдаг бол 85% нь зөөлөн ур чадвараас хамааралтай гэжээ.
World Economic Forum-аас гаргасан Future of Jobs тайланд ойрын 5 жилд цахим шилжилттэй холбоотойгоор нийт ажлын байрнуудын 54%-д нь тавигдах шаардлага буюу ур чадварын шаардлага нь өөрчлөгдөнө гэж таамагласан байна. McKinsey-ийн хийсэн судалгаагаар гүйцэтгэх удирдлагуудын 87% аль хэдийн ур чадварын зөрүүгээс шалтгаалсан асуудалтай тулгарч байгаа ба тэдний талаас бага хувь нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ урьдчилж төлөвлөж харж чадаж байгаа гэжээ.
Монголын бизнесийн байгууллагууд хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулахад ажлын байранд тавигдаж байгаа шаардлагад хатуу ур чадвар буюу техникийн болон боловсрол, туршлага, хэлний мэдлэг зэрэг ур чадваруудыг илүү чухалчилж, зөөлөн ур чадвар буюу хувь хүний харилцаа холбоотой нийгэм-сэтгэлзүйн чадваруудыг орхигдуулж байна. Гэтэл сүүлийн үед бизнес, эдийн орчинд үүсээд байгаа томоохон өөрчлөлтүүд нь байгууллагуудад ямар ур чадваруудыг шаардаж байгаа вэ гэдгээ бид тодорхойлох, түүнийгээ бүрдүүлэх шаардлагатай болж байна.
World Economic Forum-аас 2025 он гэхэд хамгийн их эрэлттэй байх ТОП10 ур чадварыг тодорхойлсон байна.
Харин танай байгууллагын богино, дундын хугацааны зорилгуудыг хэрэгжүүлэхэд ямар ур чадварууд хэрэгтэй байгаагаа тодорхойлсон уу? Магадгүй байгууллагын үйл ажиллагаандаа цахим шилжилт хийхээр төлөвлөж байгаа бол шаардлагатай дижитал ур чадваруудаа бүрдүүлж чадсан уу гэдгээ нэг харах хэрэгтэй болж байна.
Байгууллагын ирээдүйд шаардлагатай ур чадварыг тодорхойлох нь хүний нөөцийн удирдлага болон байгууллагын удирдлагын багийн хамтын ажиллагаагаар хийгдэх ажил юм. Байгууллагад шаардлагатай ур чадваруудыг дараах алхмуудын дагуу тодорхойлдог.
- Байгууллагын гадаад, дотоод нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагыг судлах
- Ирээдүйд шаардлагатай ур чадваруудаа тодорхойлох
- Өнөөгийн бодит ур чадвартай харьцуулж, ур чадварын зөрүүг тодорхойлох
- Ур чадварын зөрүүг нөхөх стратеги боловсруулах
- Хүний нөөцийн үйл ажиллаганы төлөвлөгөөнд ур чадварын зөрүүг нөхөх стратегийг хөтөлбөр болгон тусгаж, хэрэгжүүлэх
Ур чадварын хэрэгцээ, зөрүүг тодорхойлох нь хүний нөөцийн бүхий л үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь хүний нөөц, орон тооны төлөвлөлт, цалин урамшууллын бодлого, сургалт хөгжлийн бодлого, карьер хөгжлийн бодлого гэх мэт.
Бид байгууллагынхаа богино, дунд хугацаанд тавьсан зорилгууддаа хүрэхийн тулд ямар төсөвтэй, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэхээ нарийн төлөвлөхийн зэрэгцээ эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудаа тодорхойлж, төлөвлөх шаардлагатай байна.
Эх сурвалж: mogulconsulting.mn