Сэтгэл хөдлөл дундаас хүнийг хамгийн их донтуулдаг нь уур хилэн ажээ. Уурлах үед зүрхний цохилт өндөрсөж, цус бүх биеэр эрчимтэй гүйж биед эрч хүч орж өөрийгөө өмөөрөн зөвтгөх, бүх үнэн шударга өөрийн талд орж дайсныхаа бурууг хурцаар харж түүнийг дарж дархан тугаа мандуулах хүсэл эрмэлзэл оргилно. Уурын эхний үед катэкломайн хэмээх гормон ялгаран биеийг тэмцэх эсвэл зугтах огцом хөдөлгөөнд бэлтгэнэ. Энэ нь удаан үргэлжлэхгүй болов ч үүнтэй зэрэгцэн ялгардаг адреналин, кортизол харин биеийг олон цаг, зарим үед өдрөөр ч үргэлжлэх эрч хүчтэй бэлэн байдал оруулна. Үргэлж ууртай байдаг хүмүүс хар тамхинд донтсон мэт уур уцаар, тэндээс ялгарах гормон, биеийн сэргээшинд донтсон байдаг гэж хэлж болно.
Уурыг эхлүүлэх үндсэн нөхцөл нь биеийн таагүй стрэссдсэн байдал бөгөөд тайван байдалтай хүн хир баргийн зүйлд уурладаггүй. Уур нь уурыг өлгийддөг бөгөөд хурдан дарж авахгүй бол хилэгнэсэн, шүүмжилсэн, өшөөрхсөн бодлууд гал авалцах мэт өрнөж хэрүүл, зодоон цохион гэх мэт ихэвчлэн сөрөг үр дагавартай үйлдэлд хүргэдэг. Мөн уурласан үед зүрхний даралт ихсэж судсаар гүйх цусны хэмжээ огцом ихсэж үргэлжид ихээр уурладаг хүн зүрх судасны өвчтэй болох аюултай. Уураа дарж тайван байдалдаа эргэн орох 3 аргийг санал болгож байна:
- Ууртай бодлыг сарниулах. Асуудлыг эерэг талаас нь харахыг хичээснээр уурыг тань хүргэсэн нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах завшааныг танд олгох болно. Машин барьж байхад тань өөр машин түрэн орж ирж барьц алдуулах үед уур тань хүрвэл энэ хүнд яаралтай ажил гарч дээ эсвэл энэ хүн их яаруу хүн байна даа гэх мэт бодвол тухайн хүн өөрийг чинь л сонгон доромжилж урдуур чинь дайрсан мэт реакци үзүүлэх хэрэггүй болно. Уур хилэнгийн сэтгэл хөдлөлийн зорилго нь балмад эртний цагт хүний оршин тогтнох амьд явах байдал аюулд орсон үед биеийг хурдан түргэн хөдөлгөж дайтах эсвэл зугтахад бэлтгэх юм. Хүн урдуур тань дайрахад танд шударга бус санагдавч эцэст нь та хүй нэгдлийн үеийнх шиг модны мөчир дээр эсвэл агуйд цаг, өдөр тутмын түгшүүрт сууж байгаа биш болохоор аль болох тайван хандаж уур хилэнд өөрийгөө алдахгүйг хичээж болно.
- Юуг захирч чадах, чадахгүйгээ санах. Хүн таныг муулах, хүн машинаараа урдуур чинь дайрах, банканд байх урт дараалал гэх мэт бидний унтууцал төрүүлдэг ч яг тухайн цаг үед тэдгээр нь бидний захиргаанд байгаа зүйл биш юм. Хэрвээ зарим нэг зүйл туйлын буруу, шударга биш, өөрчилмөөр санагдвал түүнийг өөрчилж чадах боломж бололцоог тайван байх үедээ сэтгэн бодож хэрхэн нөлөө үзүүлэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хүнд муулуулмааргүй байвал тухайн хүнтэй үзэл бодлын зөрүүгээ тайвнаар ярилцах (гэвч хүн муулж байгаа хүн ихэнхдээ өөрийн асуудлыг муулж байгаа хүндээ тусгаж байдаг гэдэг), замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох нийгмийн сүлжээний уриалга эхлүүлэх эсвэл дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зохих газар мэдээлэх, банкны удирдлагад хандан үйлчилгээний дараалал ачаалал бууруулах дээр арга хэмжээ авах гэх мэт. Хэрвээ таныг уурлуулдаг зүйлийн талаар юу ч хийх боломжгүй бол ядаж л тэдгээрийг тоомсорлохоо больж болно.
- Нөхцөл байдлыг өөрчлөх. Хэцүү хүн ч юм уу асуудал тулгарсан үед тухайн байдлыг тайвнаар шийдэх боломжгүй үед аль болох асуудлыг орхиж гадаа алхах, хөгжим сонсох, байгальд гарах гэх мэтээр уураа дарж болно. Өөрийгөө тайвшруулах нь амьдралын хамгийн гол чадвар гэж сэтгэл зүйчид үздэг. Сэтгэл хөдлөлийн ухаан өндөртэй нярай хүүхэд гэхэд ганцаараа байхдаа өөрийгөө тайвшруулах чадвартай байдаг аж. Сэтгэл хөдлөлийн тархи маань олон сая жил биднийг удирдаж ирсэн тул бид өөрсдийн хүслийн эсрэг сэтгэл хөдлөлдөө автах нь бий ч тэрхүү сэтгэл хөдлөл хэр удаан биднийг удирдах вэ гэдгийг ухаалгаар зохицуулах боломжтой байдаг. Сэтгэл хөдлөлийн өндөр ухаан чадвартай хүн биеэ барих, ухаалаг шийдвэр гаргах давуу талтай. Насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ухаан нь үндсэндээ тогтсон байдаг ч уурыг тань хүргэдэг сэдэв дээр өөр бодол бодож, эсвэл тэндээс гарч сурснаар өөртөө илүү эрүүл, ухаалаг дадал суулгах боломжтой.
Уурыг гаргах хэрэгтэй, хоорондоо хэрэлдэж зодолдох хэрэгтэй гэж үздэг үзэл нь физиологийн хувьд маш буруу юм. Дээр хэлсэнчлэн уурлах тусам уур нэмэгддэг, уураас үүссэн гормоны урсгал мэдрэлийн системд урт хугацаагаар үлдэж биеийг стрессдүүлж бодлогогүй буруу шийдэл шийдвэр гаргахад хүргэдэг. Мөн уур нь эрүүл мэндэд нөлөөлж зүрх судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Яаж ч бодсон ууртай хоёр хүн хэрэлдсэнээс уужуу тайвнаар саналаа хэлэлцэж асуудлаа шийдсэн нь эерэг, зөв үр дүнд хүргэх боломж өндөртэй шүү дээ.
Тэгэхээр тайван байх нь уурын эсрэг ерөндөг, эрүүл мэндийн ундарга бөлгөө. Эго таныг стрессдэж ядарсан үед эзгүйчилж уур болон илэрч бие сэтгэлийг тань эзэмдэн тийм ч таатай биш үр дүнд хүргэнэ. Тайван байдал эго-г дарж уур бухимдлаас сэргийлж нөхцөл байдлыг эергээр харж шийдэхэд тань тусална.