Гурван гол санаа
- Хэрэглэгчийн оролцоог шинээр бүтээх, үйл ажиллагаагаа оновчтой болгохын тулд Coca-Cola, Sephora, Walmart зэрэг дэлхийн топ брэндүүд хиймэл оюуныг хөшүүрэг болгон ашиглаж байна.
- Шинэ бараа бүтээгдэхүүний санаа гаргахаас эхлээд эрэлтийн таамаг үүсгэх зэргээр хиймэл оюун нь бизнесийн үйл ажиллагааг өөрчилж, процессуудыг автоматжуулж, хэрэглэгчтэй харилцах харилцааг сайжруулж, логистикийг оновчтой болгож байна.
- Хиймэл оюун маш их боломжийг амлаж буй боловч брэндүүд нэр хүндээ хамгаалахын тулд уг технологийн хязгаарлагдмал байдалд маш сайн анхаарах ёстой. Тухайлбал, генератив хиймэл оюун нь худал хуурмаг, таамаглахын аргагүй үр дүнг үүсгэх магадлалтай.
Агуулга
Өдгөө хиймэл оюун зөвхөн судлаач, хөгжүүлэгчдийн асуудал байхаа больжээ. Дэлхийн томоохон брэндүүд эл технологийг ашиглаж ундааны шинэ амт үүсгэх, виртуал нүүрний хувиргалт хийх, хэрэглэгч нарыг яг таарсан пүүзээ сонгоход нь тусалж байна.
Энэ удаад дэлхийд тэргүүлэх Coca-Cola, Sephora, Nike, Amazon, Walmart брэнд хиймэл оюуныг ашиглан хэрхэн хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, үйл ажиллагааг оновчтой болгож байгааг танилцуулъя.
Coca-Cola: Оролцоог нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ашиглана
Coca-Cola компани шинэ бүтээгдэхүүний санаа гаргах, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюуныг дараах аргаар ашиглаж байна:
- Ундааны шинэ амт гаргах. 2023 онд тус компани Ү3000 амтыг хиймэл оюунтай хамтран бүтээснээр анхдагч болж байв. Алс тэртээх оноор нэрлэгдсэн уг шинэ амтыг “сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл, өнгө, амтаар дамжуулан ирээдүйг ундаа уугчид хэрхэн төсөөлж” байгаа талаарх хиймэл оюуны төсөөлөлд үндэслэн гаргасан байна.
- Баяжуулсан бодит байдлын (AR) ертөнцөд нэвтрэх. Stable Diffusion компанийн бүтээсэн генератив хиймэл оюуныг ашиглан Coke компани Y3000 амтыг сурталчилсан. Тодруулбал, тэд хэрэглэгчдийнхээ ямар ч хамаагүй орчинд авахуулсан гэрэл зургийг хүлээж авсны дараа түүнийг нь ирээдүйн ертөнцөд байгаа мэтээр уг хиймэл оюун хувиргаж байв.
- Хиймэл оюунтай хамтран уран бүтээл хийхийг дэмжих. Тус компани 2023 онд OpenAI-тай хамтарч, “Create Real Magic” уралдааны брэндингийг хийх, хувь хүнд зориулсан баярын картыг үүсгэх зорилгоор уран бүтээлчдийг хэлний GPT-4 модель болон дүрс үүсгэгч DALL·E программ ашиглан бүтээлээ ирүүлэхийг уриалж байв.
Sephora: Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах
Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор Sephora компани 2013 оноос хиймэл оюун ашиглаж эхэлжээ. Тус компанийн өдгөө ашиглаж буй хиймэл оюуны гол хэрэглүүрүүд бол:
-
- Хүссэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ мэдээллийг авах, гоо сайхны үйлчилгээний цаг захиалах зэргийг хялбаршуулахын тулд чатботууд ашигладаг.
- Суурь тос, сүүдэртүүлэгч, уруулын будагны өнгийг туршиж үзэхэд нь хэрэглэгч нартаа туслахын тулд нүүр танигч бүхий Virtual Artist функцийг ашигладаг.Мөн эл функц нь нүүр будалтын нэгбүрчилсэн заавар, нийгмийн сүлжээнд хуваалцах товчлуур ашиглан нүүр будалт, гоо сайхны үйлчилгээний үр дүнг найзууд болон дагагч нартайгаа хуваалцах боломжийг олгодог.
- UV оптик сканнер ашиглан арьсны давхаргын нарийвчилсан шинжилгээг хийдэг арьс оношилгооны хэрэглүүр бий. Улмаар арьс арчилгааны мэргэжилтэн хэрэглэгчийн арьсны нас, хүрээлэн буй орчны нөлөө, тохирох бараа бүтээгдэхүүний санал зэргийг багтаасан маш тодорхой мэдээллийг гар утас руу нь илгээнэ.
Nike: Пүүзний размер тааруулах болон автоматжуулалт
Nike компани хэрэглэгчийн туршлага, компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд хиймэл оюунд хөрөнгө оруулж, дараах чиглэлээр ашиглаж байна:
- Хэрэглэгчийн хөлд яг таарах размер, тухайн хэрэглэгчид тохирох барааг санал болгодог аппликэйшн.
- Эрэлт хамгийн их байгаа байрлалуудыг таамаглах, олж тогтоох. Ингэснээр хэрэглэгчид бараа хүрэх хугацааг бууруулах, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах ач холбогдолтой.
- Бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулахын тулд технологийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулах.
Amazon: Хиймэл оюуныг үйл ажиллагааны салшгүй хэсэг болгох
Amazon компани үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд хиймэл оюуныг гүнзгий нэвтрүүлж, дараах байдлаар ашиглаж байна:
- Худалдан авалтын өмнөх түүх, браузераа ашиглах байдал зэрэгт нь үндэслэж зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан бараа бүтээгдэхүүнийг санал болгож эхэлснээр ирээдүйн худалдан авалтыг таамаглах, худалдан авалт хийх сэдлийг төрүүлдэг болов.
- Дуу хоолойны тусламжтайгаар худалдан авалт хийх. Amazon-ий хиймэл оюуны туслах Alexa нь дуу хоолойны заавар ашиглан бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжийг 80 улсад 15 хэл ашиглан бий болгоод байна. Alexa мөн бараа санал болгох, сануулах үйлдэлтэй
- Хүргэлтийг шуурхай болгох зорилгоор:
-
- Захиалга ихсэх магадлалтай цэгүүдийг олж тодорхойлох замаар дэлхий даяар 400 сая барааны эрэлтийг өдөр тутам таамаглах.
- Замын хөдөлгөөн, цаг агаарын бодит цагийн мэдээлэлд үндэслэж бараа хүргэх замуудыг үнэлэх, хүргэлтийн маршрут гаргах.
Walmart: Супер дэлгүүрүүдэд хиймэл оюун ашиглах
Дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны компани болох Walmart хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, дэлгүүрийн болон нийлүүлэлийн сүлжээний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хиймэл оюун ашиглаж байна:
- Худалдан авалтад туслах чатботууд нь ялгаатай бараануудыг харьцуулах, тухайн хэрэглэгчид таарах бараа бүтээгдэхүүн санал болгох, төрсөн өдрийн үдэшлэгээ төлөвлөх, баяр ёслолын чимэглэл сонгох, оюутны байрны өрөөг засах зэрэгт нь хэрэглэгчдэдээ тусалдаг.
- Генератив хиймэл оюуны хэрэглүүр нь хэрэглэгч нарт дараах байдлаар тусалдаг:
- Барааг 3D буюу виртуал байдлаар харах
- Илүү тохирсон, оновчтой үр дүнг авахын тулд веб болон аппликэйшний үр дүнг шинэчлэх
- Барааны үзүүлэлтүүдийн чансаа болон худалдан авагчдын санал шүүмжийг харах
- Хиймэл оюун бүхий баяжуулсан бодит байдлын аппликэйшн нь дэлгүүрийн ажилтнуудад барааны нөөцийг зайнаас үнэлэх боломжийг олгодог. Инэгснээр дэлгүүрийн лангуу, агуулахын хооронд байнга явах нь багасч, агуулахын менежментийн хугацааг гуравны нэгээр бууруулна.
Ирээдүйд
Худалдан авагчдын оролцоо, хэрэглэгчийн туршлага, үйл ажиллагаагаа сайжруулахын тулд том брэндүүд хиймэл оюун ашиглаж эхэлснээр салбарын жижиг компаниуд ч өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд уг жишгийг дагана гэж шинжээчид үзэж байна.
Түүнчлэн ирээдүйгээ бат найдвартай хамгаалж, хурдацтай өөрчлөгдөж буй дижитал орчинд амьд үлдэх зорилгоор ингэхээс өөр аргагүй гэж дүгнэх хүмүүс ч бий. Эл өөрчлөлт нь хиймэл оюуныг дараах байдлаар ашиглахад төвлөрөх ажээ:
-
- Өөрчлөгдөн буй сонголт, хүсэлтэд нь нийцсэн, зөвхөн тухайн хэрэглэгчид тохирох туршлагыг өгөх.
- Өрсөлдөөнөөс нэг алхмын өмнө алхахын тулд маркетингийн стратегиа оновчтой болгох, салбарын өөрчлөлтийг урьдчилан таамаглах
- Чатбот, виртуал туслахууд ашиглан хэрэглэгч нарт 24/7 цагаар туслах
- Бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулахын тулд процессуудаа автоматжуулах
- Контент, мессеж, стратегиа тогтмол шинэчлэх замаар байнгын сайжруулалтыг дэмжих
Гэхдээ хиймэл оюуны шинийг бүтээх, сэтгэх нөөц боломжоос хүртэхдээ болгоомжтой байх ёстойг шинжээч нар компаниудад анхааруулжээ. Ялангуяа генератив хиймэл оюун нь худал хуурмаг, таамаглахын аргагүй үр дүнг үүсгэх магадлалтай. Брэндүүд нэр хүндээ хамгаалахын тулд уг технологийн хязгаарлагдмал байдалд маш сайн анхаарах ёстой юм.