Сингапурын биржийн тусгай зориулалтын худалдан авалтын компаниудыг татах хамгийн гол зорилго нь нутагтаа гадаадын үндэстэн дамнасан томоохон технологийн компаниудыг татах, Зүүн Азийн технологийн стартапуудад хөрөнгө оруулах ивээн тэтгэгчдийн сүлжээг бий болгох юм.
Зүүн Өмнөд Азийн эдийн засаг тэлэхийн хэрээр хувийн аж ахуйн нэгжүүдэд олон улсаас хөрөнгийн эх үүсвэр татах хэрэгцээ улам бүр нэмэгдэх болсноор Азийн анхны томоохон хөрөнгийн биржүүдийн нэг Сингапурын бирж (SGX) 2021 оны есдүгээр сарын 3-аас эхлэн гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын компаниуддаа тусгай зориулалтын худалдан авалтын компани (SPAC) бүртгүүлэх зөвшөөрлийг олгох болжээ. Сингапурын биржийн зохицуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Тан Бингун тусгай зориулалтын худалдан авалтын компанийг бирж дээрээ бүртгэх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Сингапурын бирж дээр хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж, бага эрсдэл амлаж чадахуйц SPAC компаниудад бид бусад биржээс илүү тодорхой, уян хатан хууль, эрхзүйн орчинд ажиллах боломжийг олгоно” гэдгээ амлаж байв.
Сингапурын биржээс SPAC тогтолцоог нэвтрүүлэхийн тулд дэлхийн нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын банкнууд, хувийн хөрөнгө оруулалтын болон венчур капиталын сангууд, корпорацын нэгдлээр дагнасан санхүүгийн компаниуд, хувийн хөрөнгө оруулагчид, хуульчид, аудиторуудын дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд 80 гаруй байгууллага, судлаач, шинжээчид оролцсон нь 2015 оноос хойш тус биржээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт хамгийн олон оролцогч санал бодлоо илэрхийлсэн үзүүлэлт болжээ. Сингапурын бирж нь боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг хамтын хүчин чармайлтаар дамжуулан жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын SPAC-ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд улсынхаа Үнэт цаасны хөрөнгө оруулагчдын холбоотой хамтран ажиллаж байна. Тус бирж нь SPAC-ийн ирээдүйн захирлуудыг бэлтгэх хөтөлбөрийг Сингапурын захирлуудын институтийн шүхэр дор зохион байгуулж эхэлсэн нь олон улсын залуу энтрепренерүүдийн анхаарлыг татдаг.
Тусгай зориулалтын худалдан авалтын компанийг азиуд бүрхүүл компани гэж тодорхойлох ба хөрөнгө оруулагчдыг нь ивээн тэтгэгч гэж нэрлэдэг.
Сингапурын жишиг индексийг үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн компаниуд давамгайлдаг. Сингапурын биржийн тусгай зориулалтын худалдан авалтын компаниудыг татах хамгийн гол зорилго нь нутагтаа гадаадын үндэстэн дамнасан томоохон технологийн компаниудыг татах, Зүүн Азийн технологийн стартапуудад хөрөнгө оруулах ивээн тэтгэгчдийн сүлжээг бий болгох явдал гэж энэхүү ажлыг хариуцаж буй Засгийн газрын агентлагийн мэдээнд мөн дурджээ. Тус бирж энэ төрлийн компаниудыг бүртгэж эхлэхдээ зах зээлийн үнэлгээний доод хэмжээ, SPAC IPO хийх хамгийн бага үнэ, хамгийн бага хувьцааны үнэ гэх мэт шинэ тогтолцоог нэвтрүүлсэн юм.
Тусгай зориулалтын худалдан авалтын компанийг азиуд бүрхүүл компани гэж тодорхойлох ба хөрөнгө оруулагчдыг нь ивээн тэтгэгч гэж нэрлэдэг. Энэ төрлийн компаниуд арилжааны үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоо байгаа компанийг худалдан авах, нэгтгэх зорилгоор олон нийтэд анхдагч хувьцаагаа санал болгон (IPO) хөрөнгө босгох зорилгоор байгуулагддаг. Бүрхүүл компаниуд анх байгуулагдахдаа өөрийн анхдагч хувьцааг хөрөнгө оруулагчдад худалдах замаар хөрөнгө босгох ба тэрхүү хөрөнгөөрөө зах зээл дээрх ашиг нь өсөх ирээдүйтэй компаниудын шууд эсвэл анхдагч хувьцааг нь худалдан авах замаар эзэмшдэг. Энэхүү үйл явцыг санхүүгийн шинжээчид de-SPAC хэлцэл гэж нэрлэдэг. Үйл явц нь уламжлалт анхдагч хувьцаа гаргахаас хурдан. Тусгай зориулалтын худалдан авалтын компаниудын санал болгодог de-SPAC хэлцлийн бусад давуу тал нь ердийн IPO хийхтэй харьцуулахад үнийн тодорхой байдал юм. SPAC хэлцлийн үед бизнесээ худалдах гэж буй нь зорилтот компанийн үүсгэн байгуулагчид ивээн тэтгэгчидтэй шууд үнэ, нөхцөлөө тохирох боломжийг олгодгоороо нэлээн давуу талтай.
Сингапурын бирж дээр бүртгүүлэх тусгай зориулалтын худалдан авалтын компани (цаашид SPAC) -д дараах үндсэн шаардлагыг тавьдаг. Үүнд:
- Зах зээлийн хамгийн бага үнэлгээ нь 150 сая сингапур доллар буюу 111 сая ам.доллар байх
- De-SPAC нь IPO хийснээс хойш 24 сарын дотор хийгдэх бөгөөд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд 12 сар хүртэл сунгах ёстой.
- SPAC IPO-ийн доод үнэ нь нэгж хувьцаанд таван сингапур доллар (3.7 ам. доллар) байна.
- SPAC нийт гаргасан хувьцааныхаа 25-аас доошгүй хувийг эзэмшдэг байх ёстой.
- Ивээн тэтгэгч нь SPAC-ийн зах зээлийн үнэлгээнээс хамаарч гаргасан IPO-оос доод тал нь 2.5-3.5 хувийг захиалах ёстой.
- Бие даасан захирлуудын 50-иас дээш хувь нь хэлцлийг зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн 50-иас дээш хувь нь уг хэлцлийг дэмжсэн тохиолдолд de-SPAC-ийг үргэлжлүүлж болно.
- Хувьцаа эзэмшигчдэд олгох баталгаа нь салгаж авах боломжтой байх бөгөөд IPO хийх үед олгосон ордеруудыг хөрвүүлснээс үүсэх хувьцаа эзэмшигчдэд олгох дээд хэмжээг 50 хувиар хязгаарласан байна
- Ивээн тэтгэгчид SPAC дахь IPO-оос түдгэлзсэн тохиолдолд зургаан сарын хугацаанд бирж дээрх de-SPAC худалдан авалтад оролцох эрхгүй болно
SPAC-д цугларсан орлого нь зөвхөн бизнесийн нэгдэл хийх зорилготой тул тухайн компанийн үйл ажиллагаа дээрх зорилгод нийцэж буй эсэхийг баталгаажуулахын тулд хэд хэдэн шаардлагыг Сингапурын биржээс тавьдаг. Бизнесийн нэгдэл дуусах хүртэл IPO-ийн нийт орлогын 90-ээс доошгүй хувийг дундын эскроу дансанд байршуулах ёстой. Эскроу агент нь Сингапурын Мөнгөний газраас (MAS) баталсан бие даасан байгууллага байх ёстой бөгөөд бизнес нэгдэх зорилго, SPAC-ийг татан буулгах болон бусад тодорхой нөхцөл байдлаас бусад тохиолдолд эскроу данс дахь мөнгийг компани буцаан авах боломжгүй.
Биржийн жагсаалтад орсон өдрөөс хойш SPAC нь 24 сарын дотор бизнесийн нэгдлийг дуусгаагүй тохиолдолд биржид дахин 12 сараар сунгах хүсэлт гаргаж болох ч хэлцэл заасан хугацаанд биелээгүй бодит шалтгааныг нарийн тайлбарлах үүрэг хүлээдэг. Мөн SPAC-ийн хувьцаа эзэмшигчдийн 75-аас доошгүй хувийн саналаар (үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчид болон удирдлагын багийн саналыг оруулаагүй) тухайн сунгалтыг батлах ёстой. Бизнесийн нэгдэл нь томоохон хэмжээний шинэ бизнесийг бий болгох ёстой байдаг. Иймээс тусгай зориулалтын худалдан авалтын компанийн анхны бизнес, эсвэл олж авсан хөрөнгө (Өөрөөр хэлбэл, de-SPAC) нь эскроу дансанд байгаа хөрөнгийн 80-аас доошгүй хувийн зах зээлийн үнэлгээтэй тэнцүү байх ёстой. Гэсэн хэдий ч Сингапурын биржээс томилсон тусгай санхүүгийн зөвлөх, шинжээчид 80 хувийн босгыг тохиолдол бүрээр чөлөөлж болдог.
SPAC-ийн хувьцаа эзэмшигчид бизнесийн нэгдлийг батлахдаа үндэслэлтэй шийдвэр гаргаж буй эсэхийг баталгаажуулах зорилгоор биржээс тухайн компанийн ивээн тэтгэгч, томоохон хувьцаа эзэмшигчдийн санхүүгийн байрлал, бизнесийн түүх, эзэмшдэг тусгай зөвшөөрөл, ашиг сонирхлын зөрчлийн мэдээллийг шаардах эрхтэй.
Бизнесийн нэгдэл заасан хугацаанд дуусаагүй эсвэл үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлагад ноцтой өөрчлөлт гарсан тохиолдолд SPAC татан буугдана. Татан буугдах үед эскроу дансанд үлдсэн хөрөнгийг бүх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлэн хуваарилна. Сингапурын бирж дэх SPAC-ийн тогтолцооны онцлог нь үүсгэн байгуулагч, томоохон хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлагуудад компанид эзэмшиж буй хувь дээр нь суурилсан өөрийн хөрөнгийн доод оролцооны (MEP) шаардлагыг тулгадаг. Ингэхдээ жижиг, бие даасан хувьцаа эзэмшигчдийн эрхийг үүсгэн байгуулагч, томоохон хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай уялдуулахыг компаниас шаарддаг. Түүнчлэн SPAC нь уламжлалт IPO хийх замаар Сингапурын биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагчтай адил хязгаарлалтын дүрмүүдийг мөрддөг. Тиймээс SPAC-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчид болон удирдлагын баг, үүсгэн байгуулсан үнэт цаас гаргагчийн хяналтын багц эзэмшигчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд биржийн хязгаарлалтын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. SPAC-ууд Сингапурт бүртгэлтэй хуулийн этгээд болохын хувьд тус улсын Байгууллагын бүртгэлийн тухайд хуульд заасны дагуу гүйцэтгэх удирдлагаас гадна бүртгэлтэй хянагчийг ажиллуулах үүрэг хүлээдэг.
2022 оны нэгдүгээр сард батлагдсан Сингапурын Байгууллагын бүртгэлийн тухай хуулийн дагуу Сингапурт бүртгэлтэй гадаад, дотоодын компаниуд нэрлэсэн хувьцаа эзэмшигчид болон тэдгээрийн нэр дэвшүүлэгчдийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй болсон. Цаашилбал, бүртгэлтэй хянагчгүй компаниуд Засгийн газраас гаргасан жагсаалтад багтсан Сингапурын иргэн, аж ахуйн нэгжээс сонгон бүртгэлтэй хянагчаараа тодорхойлох шаардлагатай. Уг хуулиар Корпорацын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Сингапур эдгээр өөрчлөлтөөр дамжуулан мөнгө угаах болон тус улсын санхүүгийн салбарын бүрэн бүтэн байдалд заналхийлж буй бусад аюул заналхийлэлтэй тэмцэх ажлаа эрчимжүүлжээ.
Өмнө нь бизнес эрхлэгчид өөр хүний нэрийн өмнөөс хувьцаа эзэмшиж буй эсэхийг шалгах шаардлагагүй байв. Харин өөрчлөлтөөр нэрлэсэн хувьцаа эзэмшигчид нэр дэвшигчийн статусаа 2022 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор компанид мэдэгдэх ёстой болсон юм. Компаниуд нь нэрлэсэн хувьцаа эзэмшигч, нэр дэвшүүлэгчээс мэдээлэл авснаас хойш долоо хоногийн дотор нийтийн бус бүртгэлээ шинэчлэх ёстой. Энэхүү шинэ шаардлага нь Сингапур дахь компаниудыг хууль бус этгээдүүдийн хяналтад орох эрсдэлийг бууруулах зорилготой. Нэрлэсэн хувьцаа эзэмшигчийг дараах байдлаар тодорхойлно.
- Өөр хүн, компанийн нэрийн өмнөөс компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн этгээд,
- Өөр хүн, компанийн төлөөлөгчөөр эзэмшиж буй хувьцааных нь хувьд ногдол ашиг авдаг этгээд
Нэрлэсэн хувьцаа эзэмшигчид нэрлэсэн хувьцаа эзэмшигч байхаа больсноос хойш 30 хоногийн дотор компанид мэдэгдэх ёстой. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 5000 сингапур доллар (3578 ам.доллар) хүртэл торгууль ногдуулдаг. Гадаад, дотоодын компаниудад бүртгэлтэй хянагчдыг өөрчилснөө Нягтлан бодох бүртгэл, корпорацын зохицуулах газарт (ACRA) мэдээлэх ажлыг хоёр өдрийн дотор бүртгүүлэх үүрэгтэй.
dd