Business.mn болон Сүү ХК-ийн хамтран бэлтгэсэн сэтгүүлийн тусгай дугаараас
2022 онд “Сүү” ХК 21.5 сая литр сүүг 30 орчим тэрбум төгрөгийн өртгөөр сүү бэлтгэн нийлүүлэгч гэрээт малчдаасаа хүлээн авчээ. Нийслэл, сум, орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой байхад ихээхэн үүрэг гүйцэтгэж буй тус компани хөрөнгийн зах зээлд ч мөн том тоглогчдын нэг. Сүүлийн 10 жилд 15 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилсан “Сүү” ХК үйлдвэрлэлийн хүчин чадлаа хурдацтай, тасралтгүй тэлж, цаашид сүү бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг улс орон даяар өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж компанийн гүйцэтгэх захирал М.Болод онцоллоо.
2023 оны 12 дугаар сар
“Сүү” ХК-ийн зах зээлд эзэлсэн байр суурийг та хэрхэн тодорхойлох вэ. Цаашид тэлэх орон зай хэр байна вэ?
Хүнсний манлай ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” ХК салбарын чиг хандлагыг тодорхойлогч үндэсний томоохон компани болтлоо өргөжин тэлээд байна. Бид сүүний зах зээл дэх нийт борлуулалтын 70 орчим хувийг зөвхөн “Миний монголын сүү”-ээрээ хангаж байна. Бусад төрлийн сүүн бүтээгдэхүүний зах зээлд худалдан авалтын тал хувийг дангаараа эзэлж байгаа. Гэхдээ бид сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлж байна гээд тайвшраагүй.
Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өнөөдрийн байдлаар 100 сая орчим литр сүү боловсруулж, хүн амын хэрэглээнд нийлүүлж байна. Гэтэл ДЭМБ-аас санал болгож байгаа зөвлөмж хэмжээ үүнээс гурав дахин их. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар 300 сая литр сүү боловсруулж, хүн амын хэрэгцээнд нийлүүлж байж дотоодын хэрэгцээгээ хангаж чадна.
Ийм хэмжээний сүү боловсруулах нь зөвхөн нэг компанийн хичээл зүтгэлээс хамаарахгүй. Салбарын хэмжээнд бүх талын оролцогчоос хичээл зүтгэл шаардана. Тиймээс хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, малын удмын сан, малчид, бэлтгэн нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд цөм нэгдэж байж монголчууд бид жилдээ 300 сая литр сүү боловсруулдаг болно. Бид лангуун дээр импортын бүтээгдэхүүн байхгүй болтол нэгдэж ажиллах ёстой. Бидэнд өсөж тэлэх хангалттай том орон зай бий.
Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ. Хамгийн том зорилгоосоо хуваалцахгүй юу?
Монголчуудын цаг тоололд жаран хэмээх ойлголт чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр “Сүү” ХК 65 жилийнхээ босгыг даваад байна. Бидний хоёр дахь жарны талаарх таамаг, төсөөлөл тун гэрэлтэй байгаа. Сүүлийн гурван жилд бид гэр бүлийн хэрэглээ гэхээсээ илүү өөртөө худалдан авдаг жижиглэн сав, баглаа боодол бүхий бүтээгдэхүүний хөгжүүлэлт рүү зоригтой орж чадсан.
Хөрөнгө оруулалтыг оновчтой чиглүүлж, тоног төхөөрөж, хүчин чадлаа ч сайжруулсан. Энэ хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, компанийн борлуулалт, ашигт ажиллагаа өсөж байна.
Одоо бид алс ирээдүйгээ 10 жилээр төлөвлөж, энэ хугацаанд ямар хөрөнгө оруулалт хийж, шинэ хэрэглээг хэрхэн бий болгох талаар төлөвлөн ажиллаж байна. Ойрын таван жилд бид сүү бол зөвхөн цай сүлдэг хэрэглээ биш, харин ард иргэдийг эрүүлжүүлэх стратегийн гол хүнс гэдгийг олон нийтэд таниулахад төвлөрч ажиллана. Энэ үүднээс бүхий л бүтээгдэхүүнээ эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн болгохыг зорьж байна. Экспортын тухайд, том мөрөөдөл, том зорилго бий. Гэхдээ юуны түрүүнд дотоодын хэрэглээгээ бүрэн хангах нь чухал байна.
ДЭМБ нэг хүн жилд дунджаар 180 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Гэтэл нэг монгол хүн жилд ойролцоогоор 60 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Зөвлөмж хэмжээнээс гурав дахин бага байгаа учраас ясны сийрэгжилт, кальцийн дутагдал, ханиад томуу буурахгүй байна. Тиймээс эхлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая. Хоёрдугаарт, алслагдсан сум орон нутагт сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар сүү бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог улс орон даяар бий болгох зорилго өвөрлөн ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн амьжиргаа, орлого дээшилж, нийслэлийг зорьсон их нүүдэл ч татарна. Одоогоор бид Улаанбаатар хотын эргэн тойронд, 300 км радиуст 14 хоршоо байгуулаад байна. Мөн Орхон аймгийн Эрдэнэт хот болон Хэнтий аймгийн Батширээт суманд салбар үйлдвэрүүдтэй. Ирээдүйд бид аймаг бүрд “Сүү” ХК-ийн салбар үйлдвэрийг барихаар төлөвлөж байна. Ингэснээр хөдөөд ажлын байр бий болно. Үүний дараагаар бид дэлхийд тэмүүлнэ. Ойрын 5-10 жилдээ бид энэ зорилгууддаа шат дараатай хүрэх болно.
Уул уурхайн бус экспортыг тэлэх хамгийн потенциалтай салбар нь хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбар гэж үздэг. Тэгвэл үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд юунд анхаарах шаардлагатай вэ?
Маш сайхан асуулт байна. Ярилцлагын эхэнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид жилд 300 сая тонн сүү боловсруулдаг болох хүртлээ нэгдэх ёстой гэж хэлсэн. Үүний тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Учир нь ямар ч импортлогч улс бүтээгдэхүүний гарал үүслийг чухалчилдаг. Мал сүргээ вакцин, үзлэгт тогтмол хамруулж, үйлдвэрлэлийн тодорхой шат дамжлагуудыг дамжсан, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж экспортын тухай ярих боломжтой. БНХАУ л гэхэд энэ оноос зөвхөн Өвөр Монголын бүс нутагт бэлтгэж, боловсруулсан, гарал үүслийн бичиг нь тодорхой, вакцинд бүрэн хамрагдсан малын сүүг экспортолно гэдгээ худалдааны түнш улсууддаа мэдэгдчихсэн. Манайх ч мөн ийм л байх хэрэгтэй. Өвөр Монголын 14 аймаг 30 сая оршин суугчтай. Тэд сүүний хэрэглээгээ өөрсдөө хангаж чадах ч манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийн түвшинд хүрч хөгжсөн, амт чанарын хувьд ч сайн, органик учраас хэрэв бид энэ зах зээлд нэвтэрвэл асар өргөн боломж нээгдэнэ. Зах зээл 10 дахин тэлнэ гэсэн үг шүү дээ. Тиймээс гарал үүслийг илүү тодорхой болгож, ямар ч өвчингүй малаас гарсан бүтээгдэхүүн гэдгээ бид баталгаажуулах шаардлагатай. Үүний тулд Малын удмын сан, Мал эмнэлгийн хүрээлэн, аж ахуйн эрхлэгчид, хоршоодууд, төр засгийн удирдлагууд хамтран 5-10 жилийн цогц бодлого тодорхойлох хэрэгтэй.
Мөн үйлдвэрлэгчид зөвхөн үнээний сүүгээр хязгаарлагдаж болохгүй. Эдийн засгийн эргэлтэд тэр бүр орж чадахгүй байгаа ямаа, ингэ, сарлагийн сүүг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох шаардлагатай.
Манай компанийн хувьд, энэ ажил одоогоор судалгааны түвшинд явж байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт бид “Алтайн ингэний сүү” брэндийг үүсгэхээр энэ оны зургаадугаар сараас эхлэн ингэний сүүг татан авч боловсруулаад бэлэн бүтээгдэхүүн болгон туршиж байна. Ирээдүйд бид энэ төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Солонгос, Япон, цаашлаад Дубай руу экспортлохоор судалж байна. Энэ бүтээгдэхүүнээ зохицуулах үйлчилгээтэй, эмчилгээний шугамаар хэрэглэх сайн чанартай бүтээгдэхүүн болно гэж бид итгэж байгаа. Энэ мэтчилэн дэлхийд тэмүүлэх тэмүүллийг төр засаг ч бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарын бүх талын оролцогчийн нэгдмэл байдал, тодорхой алсын хараа, бодлогоос гадна хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн боломжууд илүү өргөн байх шаардлагатай байна.
“Сүү” ХК үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулах тал дээр нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Хүчин чадал хэр хэмжээнд нэмэгдсэн бэ?
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж монголчууд ярьдаг. Саваа бэлдэхийн тулд бид хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Тухайлбал, “Сүү” ХК Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хас банкны хамтарсан зээлийн санхүүжилтийг гурван транчаар татаж, 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүчин чадлаа сайжруулахад зарцуулаад байна. Мөн сүү хүлээн авах хүчин чадлаа 200 тонноор нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрлэлээ гурав дахин өргөжүүлсэн. Борлуулалтын машиныхаа тоог 50 хувь өсгөснөөс гадна сүү хүлээн авах сүүний машиныхаа тоог ч нэмэгдүүлсэн. Малчны хотноос гарсан сүүг үйлдвэрлэлийн шат дамжлагаар боловсруулж, дэлгүүрийн лангуунаас айл гэрийн хөргөгчинд хүртэл чанарыг нь алдуулахгүйгээр хүргэхийн тулд авто баазын шинэчлэлдээ 4.5 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний зэрэгцээ сүү, сүүн бүтээгдэхүүний амин сүнс болсон хүйтэн сүлжээндээ бид ихээхэн ач холбогдол өгдөг. Тиймээс жил бүр 1000-1500 ширхэг хөргөгч хөлдөөгч худалдан авч харилцагч дэлгүүрүүддээ байршуулж байна.
Боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулснаар энэ оны эхний хагас жилийн тайлангаар борлуулалт 8.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өслөө.
Энэ бол хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлсний үр дүн. Түүнчлэн бид үйл ажиллагааны зардлаа хэмнэхэд анхаарч, сав, баглаа боодол, түүхий эд, материалын өртгийг хэд хэдэн удаагийн хэлцлийн хүрээнд 30-40 хувиар бууруулж чадсан.
“Сүү” ХК-ийн бизнесийн үнэ цэнийг та хэрхэн тодорхойлох вэ?
“Сүү” ХК-ийн хамт олон бол сүүн соёлыг ирээдүй, хойчдоо түүчээлэгчид. Үүгээрээ бид хамгийн их бахархдаг. Хотжилт, хэт төвлөрөл нэмэгдэж байгаа өнөө үед сүүн соёлыг хадгалж хамгаалах нь хамгийн том нийгмийн хариуцлага. Сүүн цацал өргөх, цайныхаа дээжийг гэрийн эзэндээ барих, алс холыг зорьж буй хүнийхээ аяны дөрөөг сүүгээр мялаах гэх мэт Монголын биет бус өвийн дархлааг бид үргэлж хамгаалж, сурталчилж байх болно. Энэ эрхэм үүргээ ч бид 550 ажилтандаа цаг үргэлж хэлж сануулж байдаг. “Бид зөвхөн сүү тараг үйлдвэрлээгүй. Бид мянга мянган ээжийн сүүн цацлыг үйлдвэрлэдэг шүү” гэж ажилтнууддаа хэлдэг юм.
Сүү бол амьд бүтээгдэхүүн. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хүн сайхан бодолтой, зөв үйлтэй байх хэрэгтэй. Байгууллага дотор маргаан үүсэхэд л тараг бүрэлдэхээ байчихдаг. Ажлын төлөө маргаан байж болох ч бид сүүн цацал үйлдвэрлэж байгаагийн хувьд, харилцаа, хандлагыг чухалчилдаг. Бидний бүтээж буй үнэ цэнийг олон талаас тодорхойлж, тодотгож болно.
Манайд 2500 орчим малчин сүүгээ бэлтгэн нийлүүлдэг. 2022 онд 21.5 сая литр сүүг 30 орчим тэрбум төгрөгийн өртөгөөр сүү бэлтгэн нийлүүлэгч гэрээт малчдаасаа хүлээн авсан. Бид малчид, бэлтгэн нийлүүлэгчдээ ийм хэмжээний орлогын эх үүсвэртэй болгож байна.
Хөдөө орон нутгийн иргэд орлоготой байснаар хэт төвлөрөл саарна. Мөн бид малчдыг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Нийгмийн асуудлыг нь шийдэхийн тулд малчдад зориулсан хөнгөлөлттэй зээлүүдийг ч санхүүжүүлж байна.
Бидний бизнесийн хамтрагч, харилцагч болсон 5000 орчим дэлгүүр, зах, бөөний төв болон сүлжээ дэлгүүрүүд бий. “Сүү” ХК -ийн бүтээгдэхүүний эрэлтийг дагаад тухайн борлуулагчийн орлого өсөж байдаг. Бид судалгаа хийж үзэхэд “Миний монголын сүү”-г борлуулж буй харилцагчийн борлуулалтын орлого бусад дэлгүүртэй харьцуулахад 35 хувиар илүү байсан. Сүүгээ авахын тулд хүмүүс тэр дэлгүүрт очдог. Очсон хойноо бусад бүтээгдэхүүнээ дагалдуулж авдаг.
Мөн хамгийн тодотгож хэлэх үнэ цэн бол бид хүн амын эрүүл энхийн манаанд хариуцлагатайгаар зүтгэж байна. “Сүү” ХК хүнсний аюулгүй байдлын чанар стандартыг эрхэмлэж, хоёр дахь жарантайгаа золгохдоо салбартаа чанараар манлайлж ирсэн. Стратегийн хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүн амын дархлааг дэмжих, шүдний өвчлөлийг бууруулах, кальцийн хэрэглээг дэмжиж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
“Сүү” ХК бол олон нийтэд нээлттэй хувьцаат компани. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний ногдол ашиг тараасан бэ Цаашид олон нийтийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх үү?
“Сүү” ХК -ийн хувьцаа эзэмшигчдийн тоо өнөөдрийн байдлаар 9000-д хүрээд байна. Бид хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр ногдол ашиг тараадаг. Өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. Сүүлийн 10 жилд хувьцаа эзэмшигчдэдээ тараасан ногдол ашгийн хэмжээ 15 тэрбум төгрөгт хүрээд байна. “Сүү” ХК олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хувьд бэлтгэн нийлүүлэгч, эцсийн хэрэглэгч, хувьцаа эзэмлшигч гээд бүх талд үр өгөөжөө хүртээдэг. Мөн хязгаарлагдмал хариуцлагатай компанитай харьцуулахад бүхий л мэдээлэл ил тод нээлттэй. Ямар ч хэрэглэгч, харилцагч, хувьцаа эзэмшигч манай үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай танилцах боломжтой. Хувьцааны төвлөрлийн тухайд, бид олон нийтийн хувь эзэмшлийг улам нэмэгдүүлэхээр зорьж байна.
Одоогоор нийт хувьцааны долоон хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжиж байна. Харин ойрын хугацаанд 86 сая ширхэг хувьцааг зах зээлд нэмэлтээр гаргаж, олон нийтийн хувь эзэмшлийг 25 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Ногдол ашгийнхаа хувь хэмжээг ч мөн нэмэгдүүлье гэж зорьж байгаа. Ингэснээр компани сонгодог утгаараа олон нийтийн компани болох юм. Энэ намар бид нэмэлт хувьцаагаа гаргая гэж төлөвлөж байсан ч томоохон банкууд нээлттэй хувьцаат компани болоод удаагүй байгаа учраас хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан ирэх онд нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгохоор төлөвлөж байна.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.