– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –
“Шоколад бол энгийн амттан биш” хэмээн технологичид тодотгодог бол судлаачид “Аз жаргалын гормон ялгаруулагч, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн” гэж тайлбарладаг. Тэгвэл энэхүү онцгой амттаныг хэрэглэгчдэдээ өдөр бүр шинээр нь хүргэж буй Монголын анхны шоколад үйлдвэрлэгч “Есөн од” ХХК-ийн Golden Gobi брэндийг бид онцолж байна.
Монгол шоколадны 20 жилийн нөү хау
Шоколад идэх дуртай, тэр дундаа, шинэ шоколад ямар амттайг, аманд ороод хэрхэн хайлж уусан амтлах мэдрэмж дүүргэхийг энэхүү амттанд дуртай хүн бүр л мэднэ. Өчигдөр үйлдвэрлэсэн Golden Gobi брэндийн шоколаднуудыг маргааш өглөө нь үйлдвэрээс зөөж, дэлгүүрүүдэд хүргэх ажил өдөр бүр өрнөнө. Хэрэглэгчдийн гарт очтол олон хоног, сараар тээврийн контейнерт хадгалагдаагүй, Бельги улсын технологиор, бельги технологичийн жороор 20 жилийн турш дотоодын хэрэглэгчдэдээ хүрч буй брэнд бол Golden Gobi.
Тансаг амттан гэгдэх шоколадыг 2004 онд эх орондоо анх нутагшуулж, сүүтэй шоколад үйлдвэрлэснээр үйлдвэрлэлийн гараагаа эхлүүлсэн “Есөн од” компани нь өдгөө “урын сан” -гаа баяжуулж, хавтгай шоколад, набор, үрэл зэрэг 70 гаруй нэр төрлийн шоколадан бүтээгдэхүүнтэй болжээ.
Шоколадны кремийг үйлдвэрлэж дотоодын үйлдвэрлэгчид дундаа анхдагч болов.
20 жил гэдэг урт хугацаа. Хүнээр бол нас биед хүрэх үе. Олон жилийн үйл ажиллагааны туршилт, туршлага, сайжруулалтын үр дүнд монголчууд ямар амтыг илүү таашааж буйг анзаарахын зэрэгцээ олон улсын шоколадны зах зээлээс аль амтыг дотоодын хэрэглэгчдэдээ хүргэж дэлхийн хэрэглээтэй хөл нийлүүлэх вэ гэдэгт тус брэндийн хамт олон онцгойлон анхаарч, тасралтгүй эрэл хайгуул хийсээр иржээ. Тухайлбал, тархи, зүрхний үйл ажиллагаанд сайн, өөх шатаах шидтэй гэдгээр хэрэглэгчдийн сайн мэдэх хар шоколадыг монголчуудын амтлах таашаалд нийцүүлж, 56 болон 76 хувийн какаоны агууламжтай үйлдвэрлэдэг.
Брэнд бүрт bestseller буюу хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн гэж бий. Golden Gobi брэндийн хувьд онцлох бүтээгдэхүүн нь монголчуудын уламжлалт сууц болох “Монгол гэр” хэлбэртэй төрөл бүрийн шоколадны цуглуулга юм. Энэхүү цуглуулгын амт нь сүү, фундук самар, конъякны агууламжтайгаас гадна савлагаа нь нэн сонирхолтой. Идэхээр задлахад монгол гэрийн үүдийг сөхөх адил хайрцагных нь таг дээш онгойно. Хайрцаг дотроос хуучин монгол айл ямар тавилга, эд хогшилтой байсан яг л тэр дүр зургийг та олж харах юм. Энэхүү савалгааны шийдэл болоод шоколадны амтнаас үүдэн монголчууд төдийгүй гаднын жуулчид хамгийн их худалдан авдаг бүтээгдэхүүн болж чаджээ. Golden Gobi брэнд үүсгэн байгуулагдсан 20 жилийн ойн хүрээндээ хүүхэд залуусын дуртай шоколадны кремийг үйлдвэрлэж дотоодын үйлдвэрлэгчид дундаа анхдагч болов. Чихрийн агууламж өндөртэй гэгдэх импортын шоколадны кремээс самрын агууламжийн хувьд 40 хувиар илүү, мөн уураг өндөр, чихэр бага орсон тул эрүүл, баталгаатай бүтээгдэхүүн болсон байна. Монголчууд шоколаданд дуртай. Тэр дундаа, хольцтой зөөлөн амтыг илүү таашаадаг. Иймд, брэндийн зүгээс самар, криспи, кокос, чацаргана, нэрс, аньс, конъяк, ногоон цайны амттай шоколад үйлдвэрлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, монголчууд дотооддоо энэ бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, туршиж үзэх боломжтой болсон нь хамгийн том давуу тал. Бүтээгдэхүүний орц найрлагаа тохируулж, туршилт хийж, хэрэглэгчдийн таашаалд хэр зэрэг нийцэж буй эсэхийг шууд мэдэж, хөгжүүлэлтээ тэр даруй хийх боломжтой хэмээн Д.Энхтуяа хэлж байлаа. “Есөн Од” компани шоколадаа амт сайтай, хамгийн гол нь чанартай үйлдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг. Тийм ч учраас бүтээгдэхүүнийх нь үндсэн түүхий эд, нэмэлт орцуудын гарал үүсэл тодорхой байдгийн зэрэгцээ олон улсын хүнсний аюулгүй байдлын чанарын сертификаттай Ази, Европын томоохон үйлдвэрлэгчээс татан авдгаараа онцлог.
Бельги амтыг монгол хэв маягаар савлав
Golden Gobi брэндийн ерөнхий технологич бельги хүн гэдгийг өмнө дурдсанчлан бүтээгдэхүүнүүдийн амт, чанарт бельги жор, европ стандарт нэвт шингэжээ. Тус брэнд энэхүү амтыг монгол үндэсний онцлогийг агуулсан хэв маягаар савлаж, хэрэглэгчдэдээ хүргэх үндсэн концепцтой. Ямар ч онцгой тохиолдолд хүмүүс шоколадны цуглуулгаас сонгон нэгэндээ бэлэглэх нь түгээмэл. Тэгвэл гадаад дотоодын хүмүүст бэлэглэхэд нүүр бардам амт, савлагаатай Golden Gobi брэндийн бүтээгдэхүүнүүдээс дурдвал их зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийг сав баглаандаа тусгасан “Welcome to Mongolia”, мөн “Монгол гэр”, Монголын үндэстэн ястны хүүхэлдэйн дүрслэлтэй шоколадны цуглуулгыг нэрлэж болно. Компанийн зүгээс бүтээгдэхүүний савлагаанд ашиглаж буй аливаа уран бүтээлчийн бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр ашигладаг гэдгээ онцолж байв.
Одоогоор Golden Gobi брэнд шоколадан бүтээгдэхүүнээ өмнөд хөрш болон Япон улсад экспортолж буй. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа улам нэмж, цехүүдээ өргөтгөхийн зэрэгцээ тоног төхөөрөмжөө бүрэн автомат болгож, хүний оролцоогүй үйлдвэрлэлийг бий болгохоор ажиллаж байна.
Шоколадны түүхий эдээ Монголдоо үйлдвэрлэнэ
Энэ онд “Есөн Од” компанийн эхлүүлсэн нэгэн том төсөл нь үндсэн түүхий эдээ эх орондоо олон улсын стандартын дагуу үйлдвэрлэх юм. Тус төсөл нь амжилттай хэрэгжсэнээр өөрсдийн хэрэгцээгээ 100 хувь хангаж, мөн мөхөөлдөс, бялуу зэрэг үйлдвэрийн шоколадны хэрэгцээг хангаж, импортыг бүрэн орлох боломжтой болох юм.