– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –
Хайрга, чулуу л үлдэх вий
Зохиолч, сэтгүүлч Ж.Мягмарсүрэнгийн “Чив чимээгүй Туул” өгүүллэгт “... Уул усаа их гомдоожээ. Хэрэв нэг л шөнө Туул Хэнтийгээсээ ирэхээ байгаад хоновол яах бол! Яг л цоргоны ус гоожиж байснаа тасрах шиг, эсвэл чийдэн асаж байснаа унтрах шиг. Тэгвэл чив чимээгүй болж хайрга чулуу л үлдэнэ” гэсэн мөрүүд бий. Мөн “Улаанбаатараас дээш Туул, Улаанбаатараас доош дууль. Туулын тухай гунигт дуулийг эндээс харж болно, мэдэж болно, бас амсаж болно” гэж бичжээ.
Өнөөдөр Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус Туул голд цутгадаг хэсэгт очиход энэ мөрүүд өөрийн эрхгүй санаанд орно. Зарим явган яриагаар голын энэ хэсэгт ямар ч амьд амьтан байхгүй, харин хүчилтөрөгчгүйгээр амьдардаг бичил биетнүүд үүссэн гэх. Энэ яриа үнэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л нэг зүйл гарцаагүй үнэн. Бид усыг ариг гамтай хэрэглэхгүй л бол “цоргоны ус гоожиж байснаа тасарч, хайрга чулуу үлдэх” өдөр наашилсаар байх болно.
Ус сувгийн удирдах газрын тоогоор газар доорх усны 0.8 хувийг хүн амын унд ахуйн хэрэглээнд, 99.4 хувийг үйлдвэр, үйлчилгээний хэрэглээнд хэрэглэдэг байна.
Монгол орон бол усны нөөц нэн багатай 22 орны нэг. Сүүлийн 40 жилд хийсэн судалгаагаар манай улсын усны нийт нөөц 564.8 сая шоо км байгаагийн 10.8 сая шоо км буюу 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг. Тэгсэн хэрнээ нийт усны хэрэглээний 85 хувийг экологийн эмзэг тогтоцтой, нөхөн сэргээгдэх хугацаа нь хэдэн арван жилээр тооцогддог газар доорх уснаас хангадаг. Ус сувгийн удирдах газрын тоогоор газар доорх усны 0.8 хувийг хүн амын унд ахуйн хэрэглээнд, 99.4 хувийг үйлдвэр, үйлчилгээний хэрэглээнд хэрэглэдэг байна. Усны нийт хэрэглээ 2014 онд 534 сая м3 байснаас 2018 онд 560 сая м3 болж нэмэгдсэн. Хөдөө аж ахуй нь усны хамгийн том хэрэглэгч (40%) бөгөөд дараа нь аж үйлдвэр (25%), мал аж ахуй (19%), ахуйн хэрэглээ (16%) орж байна. Аж үйлдвэр, ахуйн хэрэглээний усны ихэнх хэсгийг бохир ус болгон системд буцааж оруулдаг бөгөөд (цэвэрлэсний дараа) дахин ашиглах боломжтой болно. Харин хөдөө аж ахуйд хэрэглэсэн усны ихэнх хэсэг нь ургамлаар дамжин ууршиж алга болдог.
“Бохирдолтой менежмент”
Эндээс бидний нэн түрүүнд менежмент хийх ёстой хэсэг бол аж үйлдвэр, ахуйн чиглэлээр зарцуулдаг гүний усны хэрэглээ юм. Монголчууд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өдөртөө 1.5 сая шоо метр ус ашиглаж байна. Зарим тооцооллоор тэрхүү усныхаа 80 гаруй хувийг газрын гүнээс авч, үлдсэнийг нь гадаргаас авдаг. Дэлхий дахинд хаягдал усны 80 хувийг дахин цэвэршүүлэхгүйгээр хаядаг бөгөөд энэ нь голдуу хөгжиж буй орнуудад байдаг хандлага. Харин хөгжингүй орнуудад хэрэглэж буй усныхаа 70 хүртэлх хувийг дахин цэвэршүүлэх дэд бүтцээ хөгжүүлж чадсан бол хөгжиж буй орнуудын хувьд энэ үзүүлэлт наймхан хувьтай байдаг ажээ. Түүнчлэн хаягдал бохир ус нь цэвэршүүлсэн бохир уснаас ойролцоогоор гурав дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг байна. Монголд ус, ариун цэврийн байгууламжийн эрэлт огцом өссөн, түүнээ дагаад бохир усны ялгарлын хэмжээ ч нэмэгдсэн. Гэхдээ энэ салбарын бодлого, менежмент, хөрөнгө оруулалт үүнээсээ хол хоцроод байна. Одоогоор манай улсад зарим нэг том ААНБ-ын санаачилгыг эс тооцвол цэвэршүүлсэн бохир усыг дахин ашиглах, дахин боловсруулах нэгдсэн систем байхгүй. Хэдийгээр Засгийн газар бохир усыг дахин ашиглахыг дэмжих бодлого гаргасан боловч усны тариф нь шаардлагатай технологи нэвтрүүлэхэд хамгийн том саад болж байна. Тодруулбал, цэвэршүүлсэн усыг дахин ашигласнаас шууд цэвэр ус ашиглах нь хамаагүй хямдхан байдаг. Түүнээс гадна аж үйлдвэрээс нийлүүлж буй нийт бохир усны хэмжээ цэвэрлэх байгууламжийн одоогийн хүчин чадлаас хамаагүй илүү гарч, тэр нь гадаргын усыг бохирдуулж байна. Энэ бүхэн хүн амын оршин суух, аюулгүй амьдрахтай холбоотой эмзэг сэдэв болоод байна. Ариутгах татуургын сүлжээнд бохир усаа нийлүүлж буй байгууллагуудыг нийтэд нь “бохирдуулагчид” гэж нэрлэдэг. Үүнд, авто засвар, машин угаалгын газруудаас эхлээд мах, сүү, ноос ноолуур, архи ундаа, талх, нарийн боов, нэхмэл, арьс ширэн эдлэл, модон эдлэл, хуванцар, хэвлэх үйлдвэрүүд гээд олон төрлийн байгууллага хамаарна.
“М-Си-Эс Кока-Кола” компани нэг литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээг 29 хувь бууруулан хоёр литр болгосноор улсын дунджаас зургаа дахин бага ус зарцуулдаг болжээ.
Эндээс бидний хамгийн сайн мэдэх авто угаалгын газраар жишээ авъя. Нэг машин угаахад ойролцоогоор 40-50 литр ус зарцуулдаг. Ингэхдээ газрын гүнээс авсан цэвэр усаа даралтаар шүршиж машин угаадаг. Тэгвэл Улаанбаатар дахь авто угаалгын газрууд өдөртөө 2000 тонн, жилдээ 150 мянган м3 ус ашигладаг. Харин тэд газрын гүний цэвэр усаар биш уураар машин угаавал 10 дахин бага ус ашиглана. Мөн тэдэнд саарал ус ашиглах гэсэн хамгийн дөт шийдэл байгаа. 2022 оны хавар Ус сувгийн удирдах газрын мэдээлж байснаар тус газартай гэрээ байгуулсан 134 авто угаалгын газар байгаагаас 34 нь саарал ус ашиглаж байжээ. Гэрээ байгуулаагүй газруудыг нийлүүлбэл 160 орчим, зарим тоогоор 240 орчим авто угаалгын газар Улаанбаатарт бий. Ил задгай талбайд угаалга хийдэг газруудыг нэмбэл бүр их болно гэдгийг албаны хүмүүс ярьж байна. Саарал ус ашигладаг угаалгын газрын тоо 2020 оноос хойш өсөөгүй. Энэ нь саарал ус ашиглах технологи үнэтэй, нөгөө л усны хямд тарифын улмаас цэвэр ус ашигласан нь өртгийн хувьд хямд байдагтай холбоотой. Тиймээс Засгийн газар 2024 оноос авто угаалгын газрууд цэвэр ус ашиглахгүй байх шийдвэр гаргасан. Одоогоор энэ шийдвэрийг үнэлж, хэмжсэн үр дүн гараагүй байна.
Тогтвортой манлайлал
Хүлэмжийн хий, стандарт хангаагүй бохир ус гэх мэт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Засгийн газар гэхээс илүү хувийн хэвшил хамгийн чухал оролцоотой байх шаардлагатай. Тэгвэл “М-Си-Эс Кока-Кола” компанийн 2010 онд ашиглалтад оруулсан “Үйлдвэрлэлээс гарсан хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр”-ийг дурдах хэрэгтэй. Нийтдээ хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан энэ үйлдвэр хоногт 2000 тонн үйлдвэрийн хаягдал усыг стандартын дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. “М-Си-Эс Кока-Кола” компани жилд дунджаар 180 мянган тонн хаягдал усыг цэвэршүүлдэг бөгөөд хуванцар сав зайлах, шилэн лонх, авдар, тоног төхөөрөмж, шүүлтүүр угаах, хөргөлтийн туннелд ус ашиглах зэрэг дамжлагаас хаягдал ус бий болдог. Энэхүү хаягдал усыг MBR /мембран био-риактор/ технологиор цэвэршүүлсний үр дүнд загас амьдрах боломжтой орчин үүсдэг аж. Ингэж цэвэршүүлсэн усаа тус компани ААНБ-уудад үнэ төлбөргүй нийлүүлдэг. Тухайлбал, зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар Хот тохижилтын газар, “Бат өндөр хайрхан” компани, БЗД-ийн “Эко тохижилт” зэрэг байгууллага авч байна. Бас “Чанар хийц компани” зам гүүрийн барилга, байгууламж барихдаа, Гал унтраах аврах анги түймэр унтраахдаа эдний цэвэршүүлсэн усыг ашигладаг.
Түүнчлэн “М-Си-Эс Кока-Кола” компани өөрсдийн түгээлтийн машинаа цэвэршүүлсэн хаягдал усаараа угааж цэвэрлэдгээс гадна зарим байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж буй модоо услах зорилгоор авдаг байна. Гэхдээ цэвэршүүлсэн хаягдал усны ердөө тавхан хувийг ийм байдлаар ашиглаж, үлдсэн 95 хувийг Төв цэвэрлэх байгууламжийн шугамд нийлүүлдэг. Энэ дашрамд, “М-Си-Эс Кока-Кола“ компани цэвэршүүлсэн хаягдал усны хэрэглэгч болохыг ААНБ-уудад уриалж буйгаа онцолсон юм. “М-Си-Эс Кока-Кола” компани хаягдал усаа цэвэршүүлж, түүнийхээ хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрлэлдээ зарцуулж буй усныхаа хэмжээг шат дараатай бууруулсаар иржээ. Үүний үр дүнд, нэг литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны стандарт хэмжээгээр бүсдээ хэмнэлттэйгээрээ нэгдүгээрт жагсдаг.
Монгол Улсад нэг литр ундаа үйлдвэрлэхэд дунджаар 12 литр ус зарцуулдаг байна. Харин тус компани усны энэ хэрэглээг бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, 2005 онд 5.1 литр болгосон бол 2023 онд хоёр литр болгож улсын дунджаас зургаа дахин бага ус зарцуулдаг болжээ.
Тодруулбал, Монгол Улсад нэг литр ундаа үйлдвэрлэхэд дунджаар 12 литр ус зарцуулдаг байна. Харин тус компани усны энэ хэрэглээг бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, 2005 онд 5.1 литр болгосон бол 2023 онд хоёр литр болгож улсын дунджаас зургаа дахин бага ус зарцуулдаг болжээ. “М-Си-Эс Кока-Кола” компанийн энэ төсөл бол хаягдал ус цэвэршүүлэх хүнсний салбар дахь хамгийн анхны санаачилга юм. Хэдийгээр цэвэршүүлсэн хаягдал усны хэрэглээ нь хангалтгүй байгаа ч энэ төсөл нь хувийн хэвшил нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталж буйн бодит жишээ, эхний чухал алхам юм. Цаашдаа энэ практик улам хүрээгээ тэлэх ёстой. Яагаад гэвэл Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлахдаа 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангаж, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлдэг болох зорилго тавьсан. Бас манай улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа (ХХЯ) 22.7 хувиар бууруулах үүрэг, амлалтыг дэлхий нийтийн өмнө авсан. Хэрэв бид хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэдэг болбол хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бууруулах боломжтой.