Бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн талхагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай Монголын газар нутагт ган зудын давтамж улам ихэсч, хил хязгааргүй цөлжилт нүүрлэхийн хамгийн үндсэн шалтгаан болоод байна хэмээн судлаач Ц.Энх-Амгалан үзэж байна.
Манай улс ямар бэлчээртэй вэ?
Монгол эрдэмтэд бэлчээр нутгийн нахиалан ургах хугацаагаар нь дараах байдлаар судлан тогтоожээ:
- Хавар эртийн
- Хаврын
- Зун эртийн
- Зуны
- Зун оройн гэж 5 хуваадаг байна.
Мөн мал сүрэг идээшлүүлсний дараа, эсвэл өвсийг нь хадаж авсны дараа бэлчээрийн ургамал төлжин ургахад ойт хээр, уулын хээрт 24-36 хоног, хоёр дахь удаагаа таслахад 36-45 хоног шаардагддаг байна. Яг энэ үеийг заавал тооцоолж, бэлчээрийн ачааллыг бууруулж, зохицуулахгүй бол бэлчээрийн ургац, төрөл зүйл, үржил шим жил ирэх тутам улам доройтох нь тодорхой. Нүүдэл хийдэг, бэлчээр сэлгэдэг гол шалтгаан нь энэ. Хашир туршлагатай малчид хаврын бэлчээрийг зун намартаа нөөцөлж, дотор нь алсын, ойрын нөөц гэж хуваарилан ашигладаг байжээ. Ингэж чадвал мал тэжээлгүйдэхгүй, гагцхүү малын хариуллага маллагаанд анхаарах болно. Зуднаас сэргийлэхийн тулд МАА-г эрчимжүүлснээр шийднэ гэж үздэг хүмүүс бий. Эрчимжсэн МАА-г хөгжүүлсэн орнуудын нийтлэг давуу талуудыг харахад бэлчээрийн бүтээмж өндөр, жилийн дөрвөн улиралд дулаан, ус чийг элбэг голдуу таримал бэлчээр байдаг. Энэ нь голдуу нэг төрлийн ургамал байх жишээтэй. Харин манай Монгол орны нутаг дэвсгэрийн 8.3 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 41.3 хувь нь говь, цөлийн бүсэд хамаарагдах тул экологийн хувьд “өндөгний хальс” шиг хэврэг, талхагдаж доройтохдоо хялбар, төдийгүй дахин нөхөн сэргээх маш төвөгтэй, бараг боломжгүй, амьдрал дээр бүтэшгүй зүйл гэж эрдэмтэд үздэг.
Академич Н. Жагварал 1950-иад оны дундаас бэлчээр сэлгэн ашиглах судалгаа хийгээд Монголд таван үндсэн хэв маяг байгааг тодорхойлж байжээ. Үүнд:
- Альпийн буюу баруун аймгууд,
- Уулын тайгын буюу хангай
- Ойт хээрийн буюу Хэнтий
- Хээрийн буюу Дорнодын тал
- Цөлийн буюу говь гэсэн нүүдэл.
Тодруулбал, өндөр уултай нутгийнхан мөнх цасны хормой хүрч зусаад, хэсэг уруудаж уул хоорондын өргөн хөндийгөөр намаржаад уулын бэл хормойн нам уулсын энгэрээр өвөлжөөд жаахан доошилж дов толгодоор хаваржина. Нүүдэл хоорондын зай 60-80 км, заримдаа 100 гаруй км хол нүүх явдал бий. Хангай нутгийн малчид өндөр уулын зоо, дэнжээр зусаад уулын бэл хормойд намаржаад уулын дунд хэсэгт өвөлжинө. Хаваржаа нь ихэвчлэн өвөлжөөнөөс доош нам уулс, дов толгод дотор байна. Хэнтий Хянганы нутгийн малчид голын хөндийгөөр зусаад уулын бэл хормой өөд өгсөж намаржаад модны хаяа хүрч өвөлжөөд бага зэрэг уруудаж хаваржина. Нүүдлийн дундаж зай 25-30 км. Тал нутгийн малчдын нүүдэл, ихэвчлэн хойшоо, урагшаа чигтэй байна. Ухаа толгод, нам уулсаар зусаад уруудаж нам хотос хоолойгоор намаржаад нам уулс, бөөрөг толгодын энгэр, хотос, хонхор газар дагаж өвөлжиж хаваржина. Нүүдлийн дундаж зай 30-40км. Энэ нь нэг ёсондоо бэлчээрийн МАА-н нарийн технологи байжээ.
Бэлчээр хэрхэн доройтов?
Хөрснөөс цухуйж гарсан ургамлын зөвхөн 50%-иас дээшгүйг малд идүүлж, үлдсэн 50%-ийг хөндөхгүй үлдээж чадвал бэлчээрийн талхагдал эрчимтэй өсөхгүй байх тухай 50/50 гэж нэршсэн аргачлалыг олон улсын эрдэмтэд боловсруулсан байдаг. Гэтэл манай улсын хувьд энэ харьцаа алдагдсан.
Өнөө үед бэлчээрийг төлөвлөгөө, зохицуулалтгүй ашиглаж байгаа нь бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна. 1990-ээд оноос өмнө бэлчээр ашиглалтыг их нарийн төлөвлөдөг байжээ. Жишээ нь 1980-аад оны хүн амын хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах 2000 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа бэлчээрийн даацын норм нормативыг гарган зун намар 87.4 сая хонин толгой буюу 5 төрлөөр …, өвөл хаварт үүнээс бараг 2 дахин бага 49.9 сая хонин толгой мал бэлчээр тэжээх бололцоотой гэж гаргаж байжээ. Ингэхдээ 1960-1970-аад оны 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоосон байдаг. Одоо гэтэл бэлчээрийн талбайн хэмжээ тэр үеийнхээс 20 сая га-гаар багасаад бэлчээрийн ургац талхлагдаад буурсан байхад таван толгойгоор 66.2 сая толгой болсон, хонин толгойд шилжүүлснээр 110,270,000 болсон байдаг. Бэлчээр малын тооны зохистой харьцаа нэгэнт алдагджээ. Сүүлийн 15 жилд 100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 36 хувиар өсч, улсын хэмжээгээр 1990 онд хонь ямааны тооны харьцаа 3:1 байсан бол ойролцоогоор 1:1 болжээ. Хөрс, ургамал эх байгалиас заяасан нөхөн төлжих чадвараа нэгэнт алдах тэр үе шатыг “босгоо давах” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Энэ босгыг давсны дараа ургамал, түүний хөрс өөрийн нөхөн төлжих чадвараа бүрмөсөн алдлаа гэсэн үг. 10 см үржил шим хөрст байгальд бий болоход 2000 жилийн хугацаа ордог. Бэлчээрийн хөрс талхлагдаж нягтарснаар ус чийг агаар нэвтрүүлэх горим алдагдана. Энэ нь ургамлын үндэсний өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Бэлчээр соргог байх үед 1 га-д 8 тонн үндэс агуулагддаг байсан бол талхлагдсан бэлчээрт түүнээс хоёр дахин бага буюу дөрвөн тонн болдгийг эрдэмтэд тогтоожээ. Мөн хөрсний ус нэвтрүүлэх чадвар буурч хур борооны ус хөрсөнд шингэхгүй, газрын гадарга дээгүүр урссанаар хөрс, усанд угаагдаж эвдэрдэг байна.
Зудын үндсэн шалтгаан бэлчээрийн доройтол
Бэлчээрийн талхагдалтай нутагт бороо хур ороод ороод ургамал ногоо харьцангуй удаж гардаг, үндэс муутай учир гарсан ургамал нь армаг тармаг, тачир хэнз байдаг. Нэгэнт ургамал ногоо тачир тармаг ургасан учир мал бэлчээрлэх газар нутаг их байх шаардлагатай болдог ба энэ нь бэлчээрийн ачаалалд эргээд нөлөөлдөг. Энэхүү гинжин урвалаас болж Монгол нутагт ган гачиг нүүрлэх нь улам ойрхон давтамжтай болж байна. Ган гачигтай зун намрын улиралд сайтар цадаж, тарга тэвээргээ гүйцэт авч чадаагүй мал сүрэг өвлийн улиралд өлдөж даарах нь амархан тул ялимгүй цас орох юм уу, харьцангүй хүйтрэхэд тарга хүчээ бүрэн алдаж нэрвэгддэг.Доктор С. Цэрэндашийн судалгаагаар бэлчээрийн даац хэтэрснээс болж ургамлын төрөл зүйл гурав дахин, ургац хоёр дахин буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн доктор Д. Аваадорж, Я. Баасандорж нарын хийсэн судалгаагаар 1960-аад оны үетэй харьцуулахад 2000 оны эхэн үе хийсэн судалгаагаар бэлчээрийн га-ийн ургац хоёр дахин, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн мөн хоёр дахин буурсныг тогтоосон байна. Тухайлбал, ойт хээрийн ургамлын зүйлийн төрөл 48 байснаа 23 болж буурсан бол, хээрийнх 33 байснаа 16, цөлөрхөг хээрийнх 23-аас 12 болж, харин цөлийн бүсийнх 16-аас 11 болтлоо буурсан байна. Энэ нь малын идэш тэжээлийн амт шимт чанар буурч байгааг илтгэнэ.