Байгууллагын стратеги чиглүүлэгчийн хувьд IT хариуцсан захирал нь технологийн боломжийг бизнесийн зорилготой уялдуулж, инновацыг байгууллагын оршин тогтнох тулгын чулуу болгож өгдөг.
***
Монголын бизнесийн орчинд банк болон үүрэн холбооны салбарт (мэдээллийн) технологи хариуцсан захирал (CIO, Chief Information Technology Officer, CTO, Chief Technology Officer, ТХЗ)-ын ажлын байр анх бий болж байсан бол өнөөдөр томоохон групп компани, дунд хэмжээний компаниуд ТХЗ-ыг гүйцэтгэх удирдлагын багтаа шинээр оруулж ирэх нь түгээмэл болоод байна.
Өөрчлөлт нь цорын ганц байнгын зүйл болсон өнөөгийн бизнесийн тодорхойгүй орчинд гүйцэтгэх захирал болон ТХЗ хоёрын харилцан уялдаа бүхий хамтын ажиллагаа нь урьд урьдынхаас илүү ач холбогдолтой болж ирлээ. Зах зээл өөрчлөгдөж, шинэ технологи, шийдэл ар араасаа түрэн гарч ирж буй нөхцөлд ТХЗ нь гүйцэтгэх захирлын стратегийн хамтрагч төдийгүй ач холбогдлоороо гүйцэтгэх захиралтай эн тэнцэхүйц болох учиртай. Ийнхүү компанийг бүхэлд нь дээд түвшинд харж, гүйцэтгэх захиралтай ижил хараанд компанийн удирдлагад оролцох нь өнөөг хүртэл голчлон техникийн болон программ хангамжийн чиглэлээр ахлах түвшинд (бусдын удирдлагад) ажиллаж ирсэн, шинээр томилогдсон ТХЗ-аас шинэ хандлага, ур чадварууд шаардаж байна.
Стратегийг чиглүүлэх нь
Технологийн хурдацтай дэвшил болон зах зээлийн өөрчлөлт дунд ТХЗ нь байгууллагын хувьд стратегийн чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, зөвхөн технологийн мэргэжилтэн байхаас гадна бизнесийн зорилго, зорилтыг технологийн стратегитай уялдуулах гол хүн юм. Мөн шинэ технологиудыг өөрийн бизнест ашиглах бололцоог ойлгож, танихын зэрэгцээ дунд хугацааны технологийн замын зургийг буулгахаас гадна зах зээлийн өрсөлдөөн, өөрчлөлтийг даган хувьсах чадвартай байхад анхаарах нь ТХЗ -ын гол үүрэг.
Үүний зэрэгцээ компанийн зүгээс зах зээлд өрсөлдөх давуу талаа тодорхойлон хэрэгжүүлэхэд ТХЗ-ын стратегийн чиглүүлэгчийн өнцөг илүүтэйгээр тодорно. Учир нь технологийн чиг хандлагыг урьдчилан харж, бизнесийн стратегийн хэрэгжилтэд төсөөлөн тусгаж чадах, цоо шинэ өрсөлдөх давуу тал гаргаж чадах эсэх нь цаашид тогтвортой өсөлт үзүүлэх үндэс суурийг тавихад шууд нөлөөлнө. Ойрын болон дунд хугацаанд компаниуд нийтээрээ тодорхой хэмжээнд цахимжиж, тодорхой үндсэн системүүдийг хэрэгжүүлж, цахимжилт нийтлэг болсон байх тул өрсөлдөөнд оройлохын тулд технологийн давуу талыг гаргаж ирэх, инновацаар удирдан чиглүүлэх чадвартай ТХЗ-ын эрэлт хэрэгцээ их байна.
Өрсөлдөөнд инновац зайлшгүй болох нь
Моод дагасан үг төдий байсан инновац нь стратегийн зайлшгүй бүрдэл хэсэг болохоос өөр аргагүй байна. Иймд, ТХЗ нь инновацыг урагшлуулах гол тоглогчийн хувьд бүтээлч сүйтгэл бүхий технологийг таньж мэдэхээс гадна компанийн дотоод соёл, уур амьсгалыг шинэ санал, санаачилга байнга гаргадаг, шинэчлэлт өөрчлөлтөд таатай ханддаг байнгын инновацлаг болгох үүрэгтэй.
Инновацаар удирдан чиглүүлэх чадвартай технологи хариуцсан захирлын эрэлт хэрэгцээ их байна.
Хэдийгээр Монголд дэлхий даяар яригдаж буй шинэ технологиуд (хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, блокчэйн технологи) ээлж дараалан нэвтэрч буй боловч тэдгээрийн боломж бололцоо, чадавхыг бүрэн дүүрэн ашиглах үндсэн дэвсгэр нөхцөл болох ERP системийг зөв сонгон, чанартай нэвтрүүлэх, цаашид хэрэглээг хэвийн болон өргөжүүлэн авч явах тухайд учир дутагдалтай хэвээр байна. Үүнээс шалтгаалан ERP систем хэрэглэгч компаниудын цаашдын хөгжил, цахимжилтыг боомилсон байдалтай хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ нөхцөл байдлаас яаралтай гарч, шинэ тутам технологийг үйл ажиллагаандаа идэвхтэй нэвтрүүлэх нь тухайн компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийн тэргүүлэх тоглогч болгоно.
Цахим (Дижитал) шилжилтийг бүтээх нь
Цахим шилжилт гэдэг нь хөгжингүй орнуудад бол мэдээллийн технологийн олгож буй хуучин хэрэглээ, боломжийг шинэ хэрэглээ, боломжоор дэс дараатайгаар солих тухай юм. Монголд ч мөн адил шинэ технологийн хэрэглээ, боломжийг шууд таньж мэдэн бизнесийн үйл ажиллагаандаа тусгах боломжтой. Үүнд нэвтрүүлэх системүүдэд тавигдах шаардлага, нэвтрүүлэх ээлж дараалал, хоорондын хамаарал зэрэг ерөнхий нөхцөл байдал хөгжингүй орнуудынхаас ялгарахгүй. Жишээлбэл, ERP системийг зөв сонгон, чанартай нэвтрүүлсний дараа л тайлагналын BI (Business Intelligence) системийг нэвтрүүлэх нөхцөл болох компанийн үйл ажиллагааны өгөгдөл харилцан хамааралтай, зөв, цэгцтэй цуглах нөхцөл бүрдэнэ.
Цахим шилжилт, хувиргалтыг хийж хэрэгжүүлэхэд техник, технологийн шийдвэрээс гадна стратегийн төлөвлөлт, дотоод бүтэц зохион байгуулалт, соёлыг анхаарч үзэх тул олон талт аргачлал, хандлагаар хандаж, оролцогч олон талт этгээдэд үзүүлэх үр нөлөөг давхар бодох шаардлагатай. Ийм болохоор гүйцэтгэх захирал нь мөн ТХЗ-тайгаа идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай болно.
Олон талт стратегийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа
Хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлт хэрэгцээ нь гүйцэтгэх захирал болон ТХЗ-ыг хослон ажиллаж нэгдмэл, үр ашигтай стратегийг бий болгож, хамтарсан удирдлагын арга замыг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Алсын хараа, бизнесийн туршлага бүхий гүйцэтгэх захирал компанийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон гаргах бол ТХЗ өөрийн техник, технологийн мэдлэгт түшиглэн туслах хэв шинжтэй байсан шийдлүүдийг стратегийн ач холбогдол бүхий шийдэл болгож, шийдвэр гаргахад тусгана.
Гүйцэтгэх захирал, ТХЗ хоёр идэвхтэй, эргэх холбоотой хамтран ажилласнаар бизнесийн стратеги болон мэдээллийн технологийн стратеги нь салангид бус, харилцан сүлэлдсэн байдлаар тодорхойлогдож хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, бизнесийн стратегиа боловсруулсныхаа дараа мэдээллийн технологийн стратегиа дагалдан гаргах биш, давхар боловсруулж, зэрэгцүүлэн гаргах байдлаар ажиллана гэсэн үг.
Цахим эрсдэл, хамгаалалт
Байгууллага цахимжихийн хэрээр цахим эрсдэлийн хамрах хүрээ өснө. Биет эрсдэлээс ялгаатай нь цахим эрсдэлийн “довтлох” аргачлал байнга шинэчлэгддэг учраас хамгаалах аргууд ч мөн тогтмол сайжирч шинэчлэгдэх шаардлагатай. ТХЗ эрсдэлийг үнэлэх, бууруулах, кибер аюулгүй байдлыг хангах, байгууллагын дижитал хөрөнгө, үйл ажиллагааны хамгаалалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Технологитой холбоотой эрсдэлийг тодорхойлох, бууруулах ажил нь идэвхтэй, стратегийн аргачлалыг шаардана. ТХЗ мэдээллийн аюулгүй байдлын ахлах ажилтан (CISO) болон бусад холбогдох оролцогч талтай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлын найдвартай арга хэмжээг авдаг. Үүнд, аюул заналыг илрүүлэх дэвшилтэт системийг нэвтрүүлэх, мэдээллийн нууцлалын биелэлтийг хангах болон ажилтнуудад кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийг олгох, соёлыг төлөвшүүлэх зэрэг багтана.
ТХЗ -ын эрсдэл бууруулах үүрэг нь зөвхөн кибер аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй, нийлүүлэгчээс хамааралтай байдал, мэдээллийн зөрчил, системийн доголдол зэрэг технологи ашиглахад холбогдон үүсэх эрсдэлийг урьдчилан тааварлах, удирдан чиглүүлэхэд ч хамааралтай юм.
Дүгнэлт
Зах зээлийн ороо бусгаа нөхцөл, технологийн хувьсгалын эринд ТХЗ-ын уламжлалт үүрэг өөрчлөгдөж, гүйцэтгэх захирлын түвшинд буюу стратегийн шинж чанартай болж ирлээ. Энэхүү хоёр ажил үүрэг ийнхүү холилдож байгаа нь зөвхөн захирах, удирдуулах тухай асуудал биш бөгөөд зах зээлийн болон технологийн хөгжлийн дагуу гарч ирж буй бодит байдал болно.
Байгууллагын стратеги чиглүүлэгчийн хувьд ТХЗ нь технологийн боломжийг бизнесийн зорилготой уялдуулж, инновацыг байгууллагын оршин тогтнох тулгын чулуу болгож өгдөг. ТХЗ дижитал шилжилтийг гардан бүтээгчийн хувьд байгууллагыг ирээдүй рүү хөтлөх технологийн замын зургийг гаргаж, хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэх захиралтай хослон манлайлж бизнесийн бүх нэгжид технологийн хэрэгцээг таниулан хэрэгжүүлнэ. Мөн аюулгүй байдал дээд зэргийн ач холбогдолтой болсон өнөө үед ТХЗ эрсдэлийг бууруулах, кибер аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээж, байгууллагын дижитал хөрөнгийг хамгаалдаг.
ТХЗ-ыг гүйцэтгэх захирлын түвшинд авч үзэх нь нэр төдий өөрчлөлт биш, зах зээлд компани, аж ахуйн нэгж цаашид өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллахад мэдээллийн технологийн үүрэг, бий болгох бололцоог стратегийн түвшинд хүлээн зөвшөөрч буй үйлдэл юм. Гүйцэтгэх захирал, ТХЗ-ын хамтын ажиллагаа нь зүгээр нэг хамтын ажиллагаа биш. Харин байнгын хувьсаж буй бизнесийн орчинд компанийн уян хатан байдал, шинэчлэлт, хөгжил цэцэглэлтийн суурийг тавих стратегийн хоршил болно. Үүнийг хүлээн зөвшөөрч, зөв хэлбэрээр хэрэгжүүлсэн компаниуд зах зээлийн хүнд нөхцөлд ч амжилттай ажиллах нөөц бололцоогоор хангагдсан байна.