Монгол Улсад 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 94 мянга нь хөдөлмөрийн насныхан. Гэвч тэдний 30 хүрэхгүй хувь нь л ажил, орлоготой байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газарт хүсэлт хүргүүлж, ЖАЙКА (JICA) -тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Чиба Хисао болон түүний багийнхан сургагч багш бэлтгэж, ажил олгогчдод нөлөөллийн сургалт зохион байгуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд хөтлөх ажлын байрны дадлагажуулагчдыг ч бэлтгэж байна.
Харааны бэрхшээлтэй Ө.Мөнхтөр мөрөөдлөө дагаж эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн ч “Харахгүй байж мөнгө тоолж чадах уу?” гэсэн гайхшрал, үл итгэх байдлын улмаас хэд хэдэн ажлын ярилцлагад бүдэрчээ. Гэсэн ч тэр 2016 оноос Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд компьютерын чиглэлээр хоёр жил суралцаж, мэдлэг чадвараа ашиглах арга хэлбэрээ илүү шинэ түвшинд гаргаж чадсан байна. 2017 онд “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы үеэр Ө.Мөнхтөрд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцах боломж тохиож, хөрөнгийн зах зээл, хувьцаа сонирхдог талаараа яриа өрнүүлсэн нь түүнд гайхалтай мэдрэмж төрүүлсэн гэдэг. Гэвч сэтгэлийнх нь гүнд байдаг өнөөх л айдсаасаа болж компанид нь ажиллах хүсэлтэй явдгаа тухайн үед хэлж зүрхлэлгүй өнгөрчээ. Харин 2019 онд тэрбээр айдсаа ардаа үлдээж чадсанаар “Ард Кредит ББСБ”-ийн дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний төвд ажиллах сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажилласны ачаар Ө.Мөнхтөр дараа жил нь л гэхэд, “Ард Кредит ББСБ”-ийн зээлийн газарт мэргэжлээрээ ажиллах болж, мөрөөдөл нь биелжээ.
Байгууллагаас нь түүнд зориулж ажлын байранд нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Одоо Ө.Мөнхтөр дэлгэц уншигчийн тусламжтайгаар дижитал платформ болон цахим орчинд саадгүй ажиллаж чаддаг. Хамт олон нь ч түүний харааны бэрхшээлтэйг анзаардаггүй гэсэн юм. Ө.Мөнхтөрийн ширээний анд Б.Барсболд “Түүнийг анх харахад компьютерын гар тачигнуулан их л завгүй ажиллаж байгаа харагдсан. Анхны сэтгэгдэл тэгж л үлдсэн. Тухайн үед харааны бэрхшээлтэйг нь мэдээгүй. Одоо бол бэрхшээлийг нь бус найрсаг, алиа хошин байдлыг нь л хамгийн ихээр анзаардаг даа” гэж ярьж байсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй ч бэрхшээлийг нь бус ур чадвар, хандлагыг нь чухалчилж, ажиллах хүчнийхээ тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хүч сэлбэсэн сайн жишээ цөөнгүй. “Сүү” ХК, “Хаан банк” ХК “Мишээл групп” ХХК, MGL Aqua ХХК, “Хасу Мегаватт” ХХК гэх мэт нийгэмд үлгэрлэж буй компаниудад Ө.Мөнхтөрийнх шиг гайхалтай түүхийн эзэд олон бий.
Үл үзэгдэх хүч
Та бидний дунд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн аж төрж байна. Тэдний 94 мянга нь хөдөлмөрийн насныхан. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 хүрэхгүй хувь нь л ажил, орлоготой байна. Тэдний хөдөлмөр эрхлэлт зөвхөн тэдний л асуудал уу гэвэл үгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цаана гэр бүлийнхэн нь бий.
Тоо баримтаас Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьцангуй цөөн гэж ойлгож болох ч, нөгөө талаар манай улс юуг “хөгжлийн бэрхшээл” гэж тодорхойлж байна вэ гэдгээ эргэн нягтлах цаг болжээ.
Манай улсад хүн амын 3.4 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэйд тооцогддог бол Японд энэ үзүүлэлт найман хувьтай байна. Түүнчлэн дэлхий дахинд нийт хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тоо судалгаа ч байна. Тэдний холбоо хамаарал бүхий хүмүүс, гэр бүл, ойр дотныхныг хамруулж тооцвол хүн төрөлхтний тал хувь хөгжлийн бэрхшээлгүй ирээдүйг мөрөөдөж буй нь лавтай. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын танилцуулж буй энэ тоо баримтаас Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьцангуй цөөн гэж ойлгож болох ч нөгөө талаар манай улс юуг “хөгжлийн бэрхшээл” гэж тодорхойлж байна вэ гэдгээ эргэн нягтлах цаг болсныг илтгэнэ. Манай улсын хувьд, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт хэр оновчтой талаар, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ард харж асардаг ойр дотнын хэчнээн хүн байгаа талаарх нарийвчилсан тоо судалгаа байхгүй. Тийм ч учраас нийгмийн энэ бүлэг идэвхгүй байлаа гээд улс орны хөгжил, эдийн засагт тусгал нь хэр хүчтэй бууж байгааг тодорхойлж хэлэхэд хүнд байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил, орлоготой болгосноор нийгэм, эдийн засагт тийм хэмжээний өсөлт бий болно гэж яг таг хэлэх боломжгүй ч тэд ажил орлоготой болсноор “үл үзэгдэх хүч” хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод тэдний гэр бүлд үгээр хэлэмгүй аз жаргалыг авчирдаг.
“Хасу Мегаватт” компанийн үйлдвэрийн оффист 2020 оноос ажиллаж буй 26 настай С.Одгэлмаа бол үүний тод жишээ. Тархины саажилттай тэрбээр түүхий эд захиалах, бараа бүтээгдэхүүн илгээх, орлого, зарлагын баримт бичиж, цэгцлэх ажлыг хариуцаж хийдэг. Бэрхшээлээсээ болоод анхандаа өгсөн үүрэг даалгаврыг сайн ойлгодоггүй байсан ч одоо юуг яаж хийхээ сайн мэддэг болжээ. Үйлдвэрийн дарга Б.Доржсэмбэ ч түүнд байнга зааж зөвлөдөг байна. Б.Доржсэмбэ “Одгэлмаа манайд ажилд орохоосоо өмнө нийгмийн харилцаанд бараг орж үзээгүй юм уу гэмээр байсан. Энгийн, ажил хэргийн зүйл ярьж байхад загнаж байна гэж бодоод уйлчихдаг их эмзэг байсан. Тийм ч учраас бид С.Одгэлмааг нээлттэй болгох гэж их олон арга хэрэглэсэн” гэсэн юм. Хэсэг хугацаа өнгөрөхөд С.Одгэлмаагийн эмээ түүн рүү залгаж, “Манай ач охин танай үйлдвэрт ажиллаж эхэлснээс хойш илт өөрчлөгдөж, их яриа хөөрөөтэй болсон. Бас өөртөө анхаарч, гоёж гангалах дуртай болсон шүү” гэж талархлаа илэрхийлжээ. Энэ бол С.Одгэлмаа болон түүний гэр бүлийнхэнд “үл үзэгдэх хүч”-ний нөлөө ямар том өөрчлөлт авчирсныг илтгэх “хөөрхөн түүх” юм.
Хөгжлийн бэрхшээлтэй ХҮН үү, эсвэл НИЙГЭМ үү…
“Хөгжлийн бэрхшээл” гэх ойлголтыг хувь хүнтэй бус, нийгэмтэй холбон ойлгох шаардлагатай гэсэн үзэл баримтлал бүхий “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар”-ын талаар уншигч та дуулж байсан уу? Хэрэв дуулаагүй бол арга ч үгүй биз. Энэ ойлголтыг Монголд нутагшуулах оролдлого үргэлжилсээр байна.
“Тэргэнцэртэй хүн нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа нь тэр хүн өөрөө алхаж чадахгүй байгаатай холбоотой биш. Харин тэргэнцэртэй хүн ажиллаж амьдрах дэд бүтэц, шийдлийг нэвтрүүлж чадахгүй байгаа тухайн улс орон, нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлтэй”.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)” -ийн ахлах зөвлөх Чиба Хисао бол “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар” хэмээх ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд ажил, амьдралаа зориулж яваа нэгэн. Тэрбээр 1996 оныг хүртэл инженерээр ажиллаж байгаад нийгмийн хамгааллын чиглэлээр НҮБ-д ажиллах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Австралийг зорьжээ. Тэнд Чиба Хисао англи хэл сурч, нийгмийн хамгааллын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсныхаа дараа 1999 онд мөрөөдөл болсон НҮБ-даа хөл тавьсан гэдэг. Үүнээс гурван жилийн дараа ЖАЙКА-ийн гэр бүлд нэгдэж, Тайландад ажиллах болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд гүн гүнзгий шумбасан аж. 2016 оноос хойш Монгол Улсад ажиллаж байгаа тэрбээр өдгөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)” -д бүхий л зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байна. “Тэргэнцэртэй хүн нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа нь тэр хүн өөрөө алхаж чадахгүй байгаатай холбоотой биш. Харин тэргэнцэртэй хүн ажиллаж амьдрах дэд бүтэц, шийдлийг нэвтрүүлж чадахгүй байгаа тухайн улс орон, нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлтэй” гэж тодотгох түүний яриа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт минь ямар нимгэн болохыг ойлгуулж байлаа.
“Хөгжлийн бэрхшээл” гэх ойлголт нийгэмд хамаатай гэх үндсэн ухагдахуунд суурилсан “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар”-ын үзэл баримтлал 1960-аад оны үед АНУ, Англи, Япон зэрэг хөгжингүй оронд анх бий болжээ. Гэсэн ч бараг хагас зуун жилийн дараа буюу 2006 онд л НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д энэ талаар анх тусгажээ. Өдгөө 180 гаруй орон энэ конвенцод нэгдэн орсны нэг нь Монгол Улс юм. Манай улс 2009 онд энэ конвенцод нэгдэн орсон бол 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг соёрхон баталжээ. Энэ хүрээнд Монгол Улс Японы Засгийн газрын олон улсын байгууллага ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлэх санал тавьж, 2016 оноос “Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг анх хэрэгжүүлжээ. Дөрвөн жил хэрэгжсэн эл төсөл 2021 онд хоёр дахь шат руугаа шилжсэн нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”. Энэ төслөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн сул дорой хэсэг гэж үзэх үзэл хандлага эернэ гэдэгт итгэж буйгаа төслийн ахлах зөвлөх Чиба Хисао хэлж байсан юм. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдралын идэвхгүй, хүсэл зорилгогүй нэгэн болгон хувиргаж буй нийгэм өөрөө л хөгжлийн бэрхшээлтэй” гэх түүний хэлсэн үг харах өнцгийг бүрэн өөрчилнө.
Тогтвор суурьшилтай, бас үнэнч
Б.Энх-Амгалан Voyage цэвэр усаараа монголчуудад танигдсан MGL Aqua компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Түүнийг энэ хорвоод мэндлэх үед төрөхийн хүндрэлийн улмаас эмч баруун гараас нь хүчтэй татсанаар мэдрэлийн судас нь гэмтэж, саажилттай болжээ.
Өдгөө эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг Б.Энх-Амгалан “Хүүхдүүдээ хоёр гараараа өргөж чадахгүйгээ бодохоор гунигтай санагддаг ч гэр бүл, хамт олон, ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэгийн ачаар хөгжлийн бэрхшээлдээ тийм ч их ач холбогдол өгдөггүй” хэмээн ярьж байсан юм. 260 гаруй дэлгүүр, супермаркетыг Voyage усаар хангаж, борлуулалтыг нь хариуцан ажилладаг түүний хувьд, харилцаа хандлага бол хамгийн гол хүч, бас давуу тал нь.
“Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилдаа дасаад, хэрхэн ажиллах учраа олчихвол яг л Б.Энх-Амгалан шиг хамгийн үнэнч сэтгэлээр тогтвор суурьшилтай ажилладаг”.
Хамт олон нь ч түүнийг “Эрч хүчтэй, даалгасан ажлыг маш нямбай, үнэнчээр хийж гүйцэтгэдэг” хэмээн урамшуулдаг. Ажилд орсон эхний үед ажил олгогч нь түүний хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзэж, ачааллыг нь бага зэрэг хөнгөвчилсөн ч ажилдаа дадсан Б.Энх-Амгалан одоо яг л бусдынхаа хийдгийг хийж гүйцэтгэдэг байна. Гол нь харилцаа хандлагаараа тэр бусдаас гойд ялгардаг. “Ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг танихаасаа өмнө түүний бэрхшээлд хамгийн түрүүнд төвлөрдөг. Тэгээд л шууд дайжчихдаг” гэж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийн багийнхан хэлж байв. Ажил олгогчдын энэ хандлагыг өөрчлөх нь тэдний хамгийн том зорилго. “Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэн хийх ажилдаа дасаад, хэрхэн ажиллах учраа олчихвол яг л Б.Энх-Амгалан шиг хамгийн үнэнч сэтгэлээр тогтвор суурьшилтай ажилладаг” гэж Чиба Хисао онцолж байна. “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд бусад шиг ажлаасаа уйдах, тушаал дэвших, цалин өсгөх талаар санал шаардлага хүргүүлээд байх нь харьцангуй цөөн. Гагцхүү тэд баталгаатай ажилд тогтвор суурьшилтай ажиллаж, нийгмийн харилцаанд орж, хамт олны уур амьсгалыг мэдэрч буйгаа л аз жаргалд тооцдог” гэж тэрбээр тодотгож байв. Гэвч бодит амьдралд тэднийг тогтворгүй гэж хардаг өрөөсгөл хандлага түгээмэл. Энэ нь ажлын байрны тохируулга хийж, хоёр талаас хүчин чармайлт гаргаж чадаагүйтэй холбоотой гэж төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлаж байна. Ерөнхийд нь авч үзвэл манай ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн ажиллах, яаж заавар чиглүүлэг өгөх талаар арга дүй багатай. Энэ нь ирээдүйд үнэ цэн бүтээх үнэнч ажилтныг цааш түлхэх гол шалтгаан болдог аж. Тиймээс хийх ажлыг нь танилцуулахаас эхлээд л хэвшсэн аргаасаа нэг удаад татгалзах хэрэгтэй. Үйлдвэрт харааны бэрхшээлтэй хүн ажилд орлоо гэхэд орц, найрлага тохируулах шаардлагатай бол зөвхөн тэр хүнд тохирсон хэмжих хэрэгслүүдийг өгч болно. Заавар чиглүүлгийг тогтсон үг хэллэг, бичгээр өгдөг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлдлээр, эсвэл зөвхөн тухайн хүнд тохирсон энгийн аргаар тайлбарлаж, тохирсон хэрэгслээр нь хангаад өгчихвөл тэдэнтэй хамтран ажиллах нь тийм ч хэцүү зүйл биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд тохируулж, ажлын байраа сайжруулж, шаардлагатай тохируулгуудыг хийх нь бусад ажилтанд ч ээлтэй орчныг бүрдүүлдэг байна. АНУ, Япон зэрэг оронд хийсэн судалгаанд, тухайн ажлын байр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх тусам таатай оффис болж хувирдаг талаар онцлон дурджээ. Энэ нь зөвхөн ажлын байран дээр ч анзаарагддаггүй. Нийгмийн бусад дэд бүтцийн хувьд ч ийм дүр зураг ажиглагддаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, гүүрэн гарцанд лифт байрлуулах нь өндөр настай хүмүүс, ачаа ихтэй зорчигчдод ч тав тухыг бэлэглэдэг. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлыг шийдвэл тэд хэвийн аж төрж, бусад хүн илүү тухтай ажиллаж амьдрах болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамтран ажиллах нь ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулахаас гадна тухайн байгууллагын уур амьсгалд ч эергээр нөлөөлдөг болохыг зарим судалгаанд онцолжээ. Мөн үүнийг батлах нэгэн түүхийг “Сүү” ХК-ийнхан төслийн багийнханд хуваалцаж байсан нь анхаарал татав.
“Сүү” ХК-ийн хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд дунд гэргий Э.Цасанчимэгийнхээ хамт ажиллаж буй Д.Бямбадорж гэх залуу бий. Гэр бүлийн хоёрын ажлаа чин сэтгэлээсээ хийж буйг хараад бусад ажилтан ч урам зориг авдаг тухайгаа удирдлагууддаа хэлж байжээ. “Тэр хоёр байнга л бусдад талархлаа илэрхийлдэг. Манай ажилтнууд ч тэднээс үлгэр авч, харилцан бие биедээ талархах нь ихэссэн юм шиг санагддаг. Ер нь компанид бүхэлд нь их эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог” хэмээн хүний нөөцийн мэргэжилтнүүд нь онцолсон байна.
Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэний ур чадвар, хандлагыг таньж чадсан бол эхний алхам амжилттай байлаа гэсэн үг. Харин дараагийн алхам нь шийдвэр гаргаж, хамтран ажиллахаар шийдсэн бол ажлын байрны тохируулгад анхаарах юм. Тухайн хүний онцлогийг харгалзан үзэж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай хэрэгслээр хангаж, зарим тохиолдолд цагийн менежментийн уян хатан хувилбарыг санал болгох нь ажлын байрны тохируулгын үндсэн хэсэг болдог. Түүнчлэн гэрээсээ ажиллах боломж олгох нь ч ажлын байрны тохируулгад хамаардаг. Мэдээж эдгээр тохируулга нь ажил олгогчид дарамт болох учиргүй. Мөн ажлын байрны тохируулга хийхдээ ажлын байрны дадлагажуулагчдын туслалцааг авах нь илүү үр дүнтэй аж.
Ажлын байрны дадлагажуулагч гэж хэн бэ?
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)” нь хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь ажил олгогч тал буюу байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллуулах талаар нөлөөллийн семинар явуулах бол нөгөө нь “ажлын байрны дадлагажуулагч” хэмээх чухал мэргэжилтнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх юм. Олон улсад job coach хэмээн нэрийдээд буй энэ мэргэжилтэн нь бидний мэдэх “ажилд зуучлагч”-аас эрс өөр. Ажлын байрны дадлагажуулагч нь гүйцэтгэх үүргийн хувьд, илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 1980-аад онд АНУ-д бий болсон энэхүү ажил мэргэжил нь Америкаас Японд дамжиж, улмаар Азийн орнуудын хөдөлмөрийн зах зээлд тогтолцооны чухал хэсэг нь болон төлөвшиж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүсэлтийн дагуу ажил олж өгөөд орхидоггүйгээрээ хөдөлмөр зуучлагчаас ялгаатай. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудыг аль алиныг нь дэмжин ажиллах чиг үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тухайн ажлын байранд дасан зохицоход хоёр тал ямар хичээл зүтгэл гаргах шаардлагатайг, ажлын байрны тохируулгыг яаж хийвэл илүү оновчтой байх талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх нь тэдний үндсэн үүрэг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг илүү урт хугацааны тогтвортой ажлын байраар, ажил олгогчийг тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнээр хангахад анхаарч буйгаараа зуучлагчдаас ялгардаг. Ажил олгогч болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтан хоёр анхнаасаа л ярьж тохирсноороо эвсэж нийлээд ажилладаггүй. Явцын дунд сорилт, бэрхшээлтэй тулгардаг. Энэ бүхний шалтгаан нөхцөлийг судалж, шийдэл эрэлхийлж, байнгын эргэх холбоотой ажиллах нь ажлын байрны дадлагажуулагчийн үүрэг юм. Одоогоор төслийн хүрээнд Монгол Улсад 66 хүн албан ёсоор ажлын байрны дадлагажуулагч болоод байна. Тэд 120 шахам хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлж ажилласнаас 73 нь ажлын байртай болж, тогтвор суурьшилтай ажиллаж байна. Мөн дийлэнхдээ хүний нөөцийн мэргэжилтнүүд, эсвэл хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд ажлын байрны дадлагажуулагч болох нь түгээмэл байгаа аж.
Монгол Улсад 66 хүн албан ёсоор ажлын байрны дадлагажуулагч болоод байна. Тэд 120 шахам хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлж ажилласнаас 73 нь ажлын байртай болж, тогтвор суурьшилтай ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уг мэргэжлийг 2021 онд “Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт”-д оруулж, 2022 онд үйл ажиллагааг нь зохицуулах удирдамжийг баталсан байгаагаас харахад ажлын байрны дадлагажуулагчийн ажил нь цаашид улам бүр хүрээгээ тэлэх төлөвтэй байна. Учир нь хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил, орлоготой болгох замаар эдийн засгийг идэвхжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-ны чухал зорилтуудын нэг болоод байна. Ажлын байрны дадлагажуулагчид бол сайн дурын ажилтнууд биш. Дэмжлэг гэхээр хүмүүс үнэ төлбөргүй гэж ойлгодог. Тэгвэл албан ёсны эрх бүхий ажлын байрны дадлагажуулагчид цагийн 15 мянган төгрөгийн хөлстэйгөөр ажиллах талаар холбогдох журамд тусгасан байна. Тэдний хөдөлмөрийн хөлсийг ажил горилогч болон ажил олгогч талын аль аль нь хариуцахгүй. Харин улсаас тэдний цалингийн санхүүжилтийг шийдэх нь оновчтой гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Дэлхий дахинд ч ийм зохицуулалт түгээмэл аж. Нөгөө талаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх тогтолцоог бэхжүүлэх хамгийн гол хөшүүрэг нь санхүүжилт гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа. Тэд энэ санхүүжилтийг Хөдөлмөрийн тухай хуульд хэдийнэ тусгасан “Ажлын байрны төлбөр”-өөр шийдэхийг зорьж байгаа ч аж ахуйн нэгжүүд энэ төлбөрийг төлөх нь бага байдаг байна.
Хуулиа л дагая
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд хаа нэг хэвлэлийхний мэдээний сэдэв болоод өнгөрдөг сонин жигтэй заалт бий. Сонин жигтэй гэсний учир нь энэ хууль цаасан дээр дурайтал бичээтэй байхаас биш бодит амьдралд төдий л хэрэгждэггүй. Баргийн хүн ч араас нь нэхэл дагуул болж явдаггүй. Хуулийг сануулбал:
Хөдөлмөрийн тухай хууль:
144.2. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна.
144.3. Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 144.2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө.
Хэрэв бид хуулиа хэрэгжүүлдэг бол 100 хүнтэй байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүн ажиллах ёстой. Мөн квотынхоо дагуу дөрвөн хүнээ авч ажиллуулаагүй бол хүн тус бүрт ногдох “Ажлын байрны төлбөр”-ийг 144.3-т тусгасанчлан төлөх шаардлагатай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйх энэ мөнгөн төлбөрийг сар бүр төлөх ёстой ч үүнийг төлдөг нь тун цөөн. Ихэнх аж ахуйн нэгж энэ талаар мэдэхгүй, мэддэг байлаа ч “торгууль” мэтээр ойлгох нь түгээмэл.
Квотынхоо дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилтан авч ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүдийн ердөө зургаан хувь нь л ажлын байрны төлбөрөө төлж байна.
Тухайн компани ажлын онцлог, хэрэгцээ шаардлагаасаа хамаараад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах боломжгүй байж болно. Гэхдээ 25 ажилтан тутамдаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг авч ажиллуулж чадахгүй бол ажлын байрны төлбөрөө төлөх нь маш том соёл, нийгмийн хариуцлага. Гэвч одоогоор квотынхоо дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилтан авч ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүдийн ердөө зургаан хувь нь л ажлын байрны төлбөрөө төлж байна. Төрийн байгууллагад ч хуулийн дээрх заалтууд бүрэн хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй. Энэ бол хуулийн ач холбогдлыг хаа хаанаа ойлгохгүй байгаагийн илрэл юм.
Төслийн ахлах зөвлөх Чиба Хисао бидэнтэй ярилцах үеэрээ Японы туршлагаас хуваалцсан нь сонирхол татаж байлаа. Японд квотынхоо дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд зарладаг байна. Тиймээс дийлэнх аж ахуйн нэгж нийгмийн хариуцлага, ёс зүйгээ ухамсарлаж, төлбөрөө төлдөг аж. Тэдний төлсөн төлбөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч, энэ мөнгөн хөрөнгөөр ажлын байрны дадлагажуулагчдыг цалинжуулах, ажил олгогчдод нөлөөллийн сургалт зохион байгуулах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулдаг байна. Тиймээс манай улсын аж ахуйн нэгжүүд ч ажлын байрны төлбөрийг торгууль биш үүрэг, хариуцлага гэж хүлээж авбал, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, энэ хэрээр хөгжлийн “хөдөлгүүр” хурдсах боломжтой. Саарын хажуугаар сайн жишээ ч цөөнгүй бий. Монгол дахь бүх компани квот, төлбөрийн хажуугаар нүдээ аньж өнгөрдөггүй. “Сүү” ХК гэхэд, 560 орчим ажилтантай. Тэднээс 22 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Өөрөөр хэлбэл, 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах хуулийн заалтыг энэ хамт олон бүрэн хэрэгжүүлдэг. 2022 онд “Сүү” ХК дохионы хэл мэддэг шинэ ажилтныг хүний нөөцийн ахлах менежерээр томилсон нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр анхаарч буйн тод илрэл юм.
Зөв ойлголт амжилтын түлхүүр
Харааны бэрхшээлтэй хүмүүс бариа массаж хийдэг. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс үйлдвэрт ажиллавал зохимжтой гэх хэвшмэл ойлголт түгээмэл. Ажлын байрны дадлагажуулагчид ажил олгогчидтой хамтран ажиллаж, байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд нөлөөллийн сургалт явуулах үеэр ч “Ямар төрлийн бэрхшээлтэй хүнийг хаана ажиллуулбал болох вэ?” гэж асуух нь нийтлэг байдаг аж. Энэ нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл боловч тэднийг бас буруутгах аргагүй юм. Тиймээс эн тэргүүнд ажил олгогчид, хүний нөөцийн мэргэжилтнүүдийг мэдлэг ойлголттой болгох замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж болох хүртээмжтэй ажлын байрны хөрсийг бэлдэх нь чухал байгааг ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэг хэлж байв. ЖАЙКА -ийн төслийн хүрээнд, өнгөрсөн онд албан ёсоор ажлын байрны дадлагажуулагчийн эрхээ авсан тэрбээр өмнө нь мөн энэ төрлийн ажил эрхэлдэг байжээ. Монголын дауны холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Б.Батцэцэг дауны синдромтой 10 орчим хүнийг сургаж, кофе шопд ажилд зуучилсан байна. Тухайн үед ажил олгогчид даунтай, оюуны бэрхшээлтэй хүнийг ажилд авч болно гэсэн төсөөлөл багатай байсан гэдэг. Дийлэнх нь л сонсголын бэрхшээлтэй хүнийг, эсвэл өмнө нь хамтран ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэйгээ ижилхэн хүнийг л хайгаад байдаг гэж тэрбээр ярьж байлаа. Тиймээс ажил олгогчид ажлын байрны дадлагажуулагчдын мэргэжлийн түвшинд үнэлгээ хийсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахдаа аль болох нээлттэй хандах хэрэгтэйг Б.Батцэцэг зөвлөж байв.
Харин ажил горилогч талаас “чөдөр тушаа” болж буй хамгийн том хүчин зүйл нь өөртөө итгэлгүй байдал. Ажил олгогч, хамтран ажиллагсад нь өөрийг нь гадуурхах вий, эвгүйцэх вий гэсэн бодлоос үүдсэн энэ байдал нь олон хүнийг байгаа газарт нь уядаг. Яг ийм хүлээтэй байдалд өөрийгөө түгжиж байсан хүмүүсийн нэг нь “Мишээл” тавилгын их дэлгүүрийн залны үйлчлэгч Н.Сарандагина юм. 2021 оны арваннэгдүгээр сараас “Мишээл групп”-т ажиллаж байгаа тэрбээр оюуны бэрхшээлтэйн дээр мэдрэлийн гаралтай саажилттай учраас баруун гарын ажиллагаа нь муу аж. Гэвч Н.Сарандагина ажил хийж эхэлснээс хойш “Чи их өөрчлөгдсөн байна” гэх үгийг их сонсох болжээ. Гэрийнхэн нь ч урьд урьдынхаасаа илүү түүнийг дэмжиж, Н.Сарандагина бусадтай айж ичилгүйгээр ярьж чаддаг болжээ. Тэрбээр одоо амьдралын туршлагаа бусадтай хуваалцаж, бусдад урам хайрладаг нийгмийн идэвхтэй, манлайлагч эмэгтэй болохыг ч нууцхан мөрөөдөх болсноо төсөл хэрэгжүүлэгчдэд хуваалцсан байна. Энэ мэт хоёр талд үүссэн өрөөсгөл ойлголт, өөртөө итгэлгүй байдлыг засаж залруулах нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийн багийнхны эрхэм зорилго.
Хоёр талд үүссэн өрөөсгөл ойлголт, өөртөө итгэлгүй байдлыг засаж залруулах нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийн багийнхны эрхэм зорилго.
Төслийн хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагчид өнгөрсөн хугацаанд зургаан аймагт нөлөөллийн сургалт зохион байгуулсныг ч ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэг мөн онцолж байлаа. Гайхалтай нь орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах эрмэлзэл бүр ч өндөр байгаа нь анзаарагдсан аж. Мөн тэрбээр технологийн эрин үед дэлгэц унших программын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй олон мянган хүн компьютер, дижитал платформууд дээр чөлөөтэй ажиллаж, интернэт орчинд аялж чаддаг болсныг онцолж байв. Хэрэв манай улс олон улсын жишгээр WCAG стандартыг нутагшуулчихвал харааны бэрхшээлтэй иргэдийн цахим хэрэглээ бүр ч сайжирна. Монголын хөгжүүлэгчид WCAG стандартын ААА биш юм гэхэд АА түвшинд платформоо хөгжүүлэхэд, харааны бэрхшээлтэй олон хүн дижитал эриний гайхамшгийг мэдрэх боломжтой гэж Б.Батцэцэг ярьж байв. Энэ стандартын чухлыг манай сэтгүүлийн тусгай дугаарын зочин Г.Батдэлгэр ч мөн онцлон ярьж байсан удаатай. “И-Монгол академи” УТҮГ-т сургагч багшаар ажилладаг тэрбээр харааны бэрхшээлтэй ч ухаалаг төхөөрөмж, хэрэглээний программууд дээр торох зүйлгүй ажилладаг. Мөн WCAG стандартыг баримтлан хөгжүүлсэн гадаадын вэбсайтуудаас хүссэн мэдээллээ авч чаддаг. Гэвч хүн бүр англи хэлгүй учраас дотоодын хөгжүүлэгчид платформоо хөгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бодолцохыг Г.Батдэлгэр чухалчлан хүсэж байсан юм. WCAG стандартыг Монголд нэвтрүүлж, аппликэйшн, мэдээллийн сайтууд ойрын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болж хувирах боломжгүй ч бид хүн бүрт ээлтэй ирээдүй рүү тэмүүлэх нь гарцаагүй үнэн. Бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхлэхгүй удчихсан байдаг төдийгүй мэдээллийн хүртээмж муугаас мэдэх эрх нь зөрчигдөж буйгаа ч анзаарахаа больчихсон байдаг. Зарим нь ойр дотныхныхоо өрөөсгөл хандлага дунд итгэлээ алдчихсан байх нь бий. “Чи хөгжлийн бэрхшээлтэй юм чинь ажил хийх шаардлагагүй, сургуульд явах хэрэггүй” гэх үгс тэдний эргэн тойронд цухалзсаар байдаг нь ч нууц биш. Тиймээс эн тэргүүнд бүх нийтээрээ сэтгэлгээгээ өөрчилж байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэрхшээлээсээ ангижрана гэдгийг ойлгох учиртай. Яг л ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэгийн хэлж байсанчлан хандлага, ойлголт зөв бол амжилт ойрхон.