Гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны тухай сургамжтай түүх өгүүлэх “Санхүү өгнө, авна” цуврал нийтлэлийн оршил хэсэг.
Санамж: Энд өгүүлсэн үйл явдлууд нь үнэн бодит боловч оноосон нэрнүүд болон тоонуудыг зохиосон. Хэрвээ хэн нэгэнтэй давхацсан бол санамсаргүй явдал юм шүү
***
Хамтарч үүсгэн байгуулсан компани маань надад мэдэгдэлгүй татан буугдсан байв. Арай л аймар уу? Жижиг дунд компаниудын хувьцааны портфель үүсгэх санаачилгын маань хүнсний чиглэлийн анхны компани байсан тул миний хувьд өндөр ач холбогдолтой байсан юм. Тус компанийн захирал Жаргал эгч бид хоёр харилцаа нилээн тааруу байсан ч би уг нь ойлголцсон л гэж бодож байлаа. Мөн өөр нэг компани болох “Пив принт”-тай үүссэн үл ойлголцлууд стресстүүлж байсан цаг хугацаа лд. Эдгээрийн тухай хуулийн зөвлөх Тэгшээ ахад хэлвэл шууд л “ШҮҮХДЧИЙ Л ДАА” гэж хэлнэ. Бас л чанга хүн шүү дээ… Миний хувьд элдэв төвөгтэй асуудалд оролцох хүсэлгүй байсан тул энэ удаад Тэгшээ ахыг “араар нь тавьж”, өөр нэг хуульч найз болох Алтангэрэлтэй уулзахаар шийдэв.
Би:
- Ёоо, Энэ Монголын жижиг дунд бизнес гэж яг нэг Western wild гэдэг шиг л байхымаа
Алтангэрэл:
- Чалва, Тухайн үеийн western wild чинь улсынхаа хуулинд захирагддаггүй байсан ч өөрсдийн гэсэн тоглоомын дүрэмтэй байсан. Манайд тийм тоглоомын дүрэм ч байхгүй.
“Truthlize”-ыг байгуулах санаачилга маань иймэрхүү л зүйлсээс эхтэй. Ковидын үед аялал жуулчлалын бизнес маань урагш ахихгүй нь тодорхой болсноор хэд хэдэн ирээдүйтэй гэж үзсэн бизнест мөнгө болон менежментийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж, тэдний эхлэл нь “Нүүдэлчин”, “Пив принт” нар байсан юм. Урьд өмнө хөрөнгө оруулалтын санхүүжилтын чиглэлээр компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, компаниудтай хамт ажилладаг байсан бол энэ удаад өөрөө хөрөнгө оруулагчийн талд сууж, тэдний ажил, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж эхлэв. Тодруулбал бизнесийг хөрөнгө оруулагчийн нүдээр харсан анхны тохиолдлууд маань юм. Бүх зүйл санаснаас өөр байсан тул өөр мэдрэмж нь надад өөр арга барилаар ажиллахыг шаардаж байлаа.
“Нүүдэлчин”-ийн Жаргал эгч, “Пив принт” Баатраа нартай ойлголцох гэж хичээж байв. Өөрийгөө бүгдийг сайн, бас зөв хийсэн гэж хэлвэл хэтэрхий нэг талыг барьсан болох биз. Алдаа бий бий. Гэхдээ тэдний хамтын шийдвэрээ надгүйгээр өөрчлөх, орлогоо нуух, тайлангаа үнэн зөв гаргахгүй байх зэрэг нь бизнесийн асуудлаасаа том асуудлууд байлаа. Миний хувьд бизнесийг хурдхан хугацаанд дараагийн шатанд нь гаргахын тулд, нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэх нь гол зорилго байсан тул бизнес хөгжүүлэлтийн үндсэн чиглэл, санхүүгийн хувьд нээлттэй ил тод байдлыг хангах зэрэг нь тун чухал байв. Харамсалтай нь тэдэнд тийм ойлголт, хандлага байгаагүйн дээр хөрөнгө оруулалтын харилцааг ч сайн ойлгохгүй байв.
Энэ мэт нөхцөл байдалд стресстэх ахуй дор Отгоо төрсөн өдөртөө урив. Ковидын үеийн сулхан хөл хорионы үеэр тойрч, төөрч, будилж явсаар Отгоогийнд иртэл түүний найзууд хэдийн цуглан хөөрхөн халцгаажээ. Эрчүүд болсон хойно ярианы сэдэв янз бүрийн зүйлсрүү хөрвөcөөр эцэст нь ажил хэрэг бизнесрүү ороод явцгаачихлаа. Өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын тухай ярьж, нөгөө western wild тодорхойлолтоо хэлтэл дуу нэгтэй дэмжицгээв. Тэд бүгд л жижиг дунд бизнесүүдэд их бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж үзсэн аж. Мөнхөөгөөс 150 сая төгрөг авсан бууз баншны цехийн захирал санхүүжилт авснаасаа хойш тун удалгүй “ажил нь урагшлахгүй байна” гэх шалтгаанаар Францыг зорьж одсон бол Золбаяраас мөнгө авч ногоо тарьсан залуу бүх ургац нь өвчин тусаад баларсан тухайгаа хэлэхдээ гаалиас дөнгөж буусан шинэхэн машинтай ирсэн гэв. Тэдний хажууд Баатраа, Жаргал хоёр маань хүний хайлан мэт санагдаад явчихлаа. Энэ мэтийг тойрч ярьсаар суух үед надад хөрөнгө оруулалт хийх гэхээсээ илүү хөрөнгө оруулагч ба үүсгэн байгуулагч нарын хоорондын харилцааг судлах ёстой юм байна гэсэн бодол ирж ирэв.
Маргааш нь бичил тандалтын ажлаа эхлэв. Монголын гарааны бизнесийн эко системийн хөгжлийн түвшингээс доош нь татдаг хамгийн том үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын орчин байдаг тухай JICA судалгааныхаа тайланд дурдсан байв. Мөн Монголын ХАА-н салбар ДНБ-ийн 20 гаруй хувийг үйлдвэрлэдэг атлаа нийт хөрөнгө оруулалтын ердөө 1 хүрэхгүй хувь нь тус салбарт ордог аж. Дэндүү хангалтгүй үзүүлэлт биз. Түүнчлэн хэд хэдэн хөрөнгө оруулагсан хүмүүстэй ярилцлагын болон анкетын аргаар судалгаа хийснээр үр дүнд нь
“Монголын жижиг дунд бизнест оруулсан хөрөнгө оруулалтын нийт тохиолдлын 78% нь бүтэлгүйтдэг”
гэдгийг олж тогтоов. Эцсийн тоо болж чадахгүй ч ерөнхий хандлагыг илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Үүний шалтгааныг улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гэх мэттэй холбож ойлговол дэндүү харалган хэрэг болно. Тэгвэл юунаас болоод, яагаад?
Монголын жижиг дунд бизнесийн ертөнцөд хөрөнгө оруулалтын соёл тогтоогүй байна. Монголд хэрэгжиж байгаа “хөгжүүлэх хөтөлбөр”, “дэмжлэг” гэх мэт уриатай төрийн олон сангуудаас шалтгаалан аж ахуй эрхлэгчид хөрөнгө оруулагчийг өгөөж хүртэх зорилготой гэдгийг бүрэн ухамсарлахгүй байна. Хүмүүс хөрөнгө оруулалтыг мэргэжлийн харилцаа гэхээсээ илүүтэй бие биенээ дэмжих процесс гэж хандаж байгаа учраас Монголын компаниудын “хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадамж” хангалтгүй түвшинд байна. Мэргэжлийн бус нөхцөл байдал нь компани болон хөрөнгө оруулагч нарыг хэлцлийн үед тохиролцох шаардлагатай 30 хүчин зүйлсийг харах боломжийг олгохгүй байгаа тул үүнээс шалтгаалан тэднийг хэзээ ч ойлголцох боломжгүй үл ойлголцолруу хөтөлдөг. Эцэст нь бие биенээ “ёс зүйгүй” гэж тодорхойлдог. Хаана байгаа ёс зүйн кодекс вэ? Энэ чинь Western Wild шүү дээ.
Western wild гэдгийг хангалттай зохицуулалтгүй, төлөвшсөн процессгүй, соёлын ойлголтгүй, ангилалгүй, магадлан итгэмжлэлгүй системийг хэлж ойлгож байгаа юм. Western wild.д хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй, хөрөнгөгүй тул хөгжихгүй. Гэвч нөгөө талаас баян хоосны ялгаа нэмэгдэж байгаа гэдэг шиг бизнесүүдийн том жижгийн ялгаа бас нэмэгдэж, эдийн засгийн нөхцөл байдлууд 10 жилийн өмнө байдаг байсан шиг жижигхэн хөөрхөн бизнес орших нөхцөлийг бага багаар үгүй хийж байгаа тул бизнес бүрт хөгжлийн болон санхүүжилтын төлөвлөгөө шаардлагатай болчихлоо. Ийм учраас л оршлоо “оршицгооё” гээд нэрлэчихсэн юм.
Бидний хувь энэ мэт асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “пивоны ширээний ард” яригддаг хөрөнгө оруулалтын процессийг арай мэргэжлийн байж болох процессоор загварчилж, хувьцаа эзэмшигчдийн хоорон дахь харилцан ойлголцлыг иж бүрэн түвшинд хүргэхийн тулд таван гэрээ, найман хавсралтыг загварчилж, түүнийгээ бизнес хөгжүүлтийн чадамжийн дүн шинжилгээ, хувьцаа эзэмшигчдийн өмнөх хариуцлага хүлээх чадамжийн дүн шинжилгээ, стратеги төлөвлөлтийн өөрсдийн боловсруулсан арга зүйгээр баяжуулав. Эдгээр нь зөвхөн Монголд тохирох хэдий ч ганцхан бидэнд байдаг арга зүй. Ийнхүү Truthlize нь хөрөнгө оруулалтын гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани болж хувирсан ба үүний үр дүнд 1 жил хүрэхгүй хугацаанд хэд хэдэн алдагдалтай бизнесүүдээс хувьцаа эзэмшигчдийг оруулсан хөрөнгийг нь өгөөжтэй гаргаж чадлаа. Лаг байгааз… 😀
За тэр лаг маг ч яахав. Ажлаа гайгүй хийж байгаа нь бидний л хэрэг. Хэн нэгэн хэзээ нэг цагт та нар энэ нийгэмд юу үлдээхийг хүсч байгаа вэ? гэж асуувал бид “хөрөнгө оруулалтын харилцаагаар дамжуулж, Монголын бизнесийн харилцаанд мэргэжлийн чиг баримжаа, хандлагыг суулгахыг хичээж байна” л гэж хэлнэ. Энэ бол бидний үлдээхийг хүсч байгаа легаси, бас соёл. “Truthlize” гэдэг үгээр аливаа асуудлын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх гэсэн санаа илэрхийлэхийг хичээсэн.
Тэгээд уг нь ном бичье гэж бодсон юм аа. Тэгсэн ном маань ч төдийлөн урагшилсангүй, хүртээмж нь ч юу билээ гэж бодлоо. Тэгээд л Даваадоржтой ярилцаад business.mn сайт дээр 30 цуврал бичье гэж шийдэцгээсэн юм. Энэ гучин цуврал бол миний ажиллаж байсан хөрөнгө оруулалтын хэлцлүүдээс хамгийн сургамжтай гучийг сонгон авч бодит үнэн, түүнээс авах сургамжийг өгүүлэх бөгөөд жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцаанд үүсдэг асуудлууд, түүний кэйсүүд, амжилттай ба амжилтгүй кэйс, шийдвэрлэсэн байдал, судалгаа зөвлөмжийн тухай юм. Энэ цувралыг бүхэлд нь уншсанаар мундаг хөрөнгө оруулагч, эсвэл олон тэрбумын үнэлгээтэй бизнес бүтээнэ гэж амлаж чадахгүй. Харин Монгол дахь хөрөнгө оруулалтын харилцааны тухай анхны ойлголтыг авч, соёлын ойлголтын суурь хандлагуудын тухай танин мэдсэнээр та бүгд хөрөнгө оруулалт хийхдээ, нөгөө талаас санхүүжилт авахдаа шаардлагатай суурь хандлагуудын тухай танин мэдэх болно гэдгийг амалъя.
Санаачилга: “Хөрөнгө оруулалт бол дэмжлэг биш, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай харилцаа юм” гэдэг үзэл санаа бол бидний жижиг дунд бизнест шингээхийг хүсдэг хандлага. Үүнийгээ туршлага хуваалцахаас илүүтэйгээр хэрхэн ойлгуулах билээ дээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд оролцож байсан хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн харилцаанаас хамгийн сургамжтай гэж үзсэн 30-ийг нь шигшин авч, бодит үнэнийг өгүүлэхээр шийдлээ. Яриад суухаар сонссон хүмүүс нь юм боддог болохоор гэнэт өөрийгөө тоогоод, бичихээр шийдсэн нь энэ юм. Хэрэг болох нэгэндээ хэрэг болох болтугай.
Зиа, эхэллээ!!!
Сонирхолтой байна. Сургамжтай юм байна. Бүгдийн уншнаа.