Гүрэн Академиас хэрэгжүүлж байгаа “ЖДҮ Зөвлөх” хөтөлбөрийн санхүүгийн зөвлөх, МаркетИнтел компанийн үүсгэн байгуулагч, жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлтийн зөвлөх Б.Зулбаярын Business.MN-ийн Cappuccino Time подкастад өгсөн зөвлөгөөг хураангуйлан хүргэж байна.
Жижиг, дунд бизнест хамаатай тоонуудаас
Улс орон болгон жижиг дунд бизнесийг ангилж, түүнээ дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг. Жишээ нь Европын Холбооны ангиллаар 50 сая еврогоос доош орлоготой, 250-аас доош ажилтантай бол жижиг дунд бизнес гэж үздэг. Монгол Улсад 10-аас доош хүнтэй, 300 сая төгрөгөөс доош жилийн борлуулалттай бол бичил бизнес, 50-аас доош хүнтэй нэг тэрбумаас доош борлуулалттай бол жижиг бизнес гэж ангилдаг. ҮСХ-ноос гаргадаг бизнес регистрийн 2023 онд гарсан тайлангаас харахад Монголд ойролцоогоор 230 мянга гаруй ААН бүртгэлтэй байна. Үүнээс үйл ажиллагаа явуулаагүй, түр зогссон гээд хасагдсаар байгаад 96 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээрээс 82 мянга нь 1-9 хүнтэй ААНБ байна. Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн бараг 85%-86% нь жижиг бизнес юм. Хөдөлмөр эрхлэлт талаас нь авч үзвэл хөдөлмөр эрхэлж буй нэг сая гаруй хүмүүсийн 200 мянга орчим нь төрийн болон нийтийн албан хаагч байгаа бол 600 мянга орчим нь хувийн салбарт ажиллаж байна. Тэгэхээр жижиг дунд бизнес Монголын эдийн засагт хөдөлмөр эрхлэлт талаасаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бизнесийн модель, санхүүгийн моделийн утга учир
Жижиг дунд бизнес тэлэхэд хамгийн гол тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол санхүүжилт. Компаниуд санхүүжилт татах хамгийн эхний сонголт бол Монголын хувьд арилжааны банкнууд. Банканд хандахад тэдний санхүү бүртгэлийн бичиг баримтуудын дутуу бүрдүүлэлт болон барьцаа хөрөнгийн дутагдал нь сул тал болдог. Түүнчлэн санхүүгийн сахилга бат нь жижиг дунд бизнесийнхний хувьд хамгийн гол анхаарал хандуулах зүйл байдаг. Энэ нь санхүүгийн бүртгэл тооцоогоо стандартын дагуу хөтлөхөөс эхэлнэ. Компанийн санхүүгийн балансын тайлан нь хөрөнгийн болон эх үүсвэрийн талаас бүрддэг. Эх үүсвэрийн тал нь байгаа өр төлбөр (зээлийн санхүүжилт) болон эздийн өмч (хувьцааны санхүүжилт) -өөс бүтнэ. Эздийн өмчийн хэсэг нь дүрмийн сан болон хуримтлагдсан ашгаас бүрдэнэ. Монголын жижиг дунд бизнесүүд ихэвчлэн хуримтлагдсан ашгаараа өөрийгөө санхүүжүүлээд явж байгаа. Хуримтлагдсан ашиг байхгүй бол мэдээж эздийн өмчөө (дүрмийн сангаа) нэмэгдүүлнэ. Эсвэл зээл авах шийдлүүд рүү орно. Тэгэхээр компаниуд нь санхүүжилт татахын тулд бизнес модель болон санхүүгийн моделио эргэн харах хэрэгтэй. Бизнес модель нь тухайн бизнес зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж байна уу? Энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд түүхий эд, бараа материал, ажиллах хүчнээ хаанаас, яаж сонгох вэ? Ямар маркетинг, борлуулалтын төлөвлөгөөтэй байх вэ гэдэгт хариулна. Харин санхүүгийн модель бол ямар ч бизнес нь ашгийн хувь өндөртэй байх, тухайн бизнесийг хэрхэн ашигтай ажиллуулах, үйлдвэрлэл үйлчилгээндээ хэрхэн хэмнэлт гаргаж болохоор байна, санхүүжилтийн эх үүсвэрийн хувилбарууд, санхүүжилтийн зардлын тооцоо зэрэгт төвлөрнө.
Урьд өмнө байгаагүй шинэ зах зээл бий болгох боломжийг эрэлхийл
Жижиг, дунд бизнесүүдийн хувьд хэрэглээний шинэ зан төлөвийг нээх, танилцуулах, түүнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах нь одоо байгаа зах зээлд өрсөлдсөнөөс илүү үр дүнтэй байж болно. Мэдээлэл технологийн компаниудын хувьд аль хэдийн амжилттай хэрэгжсэн кэйсүүд байна. Зээлийн аппликэйшн гэхэд Монголын зах зээл дээр эхэлж гарсан нь энэ шинэ зах зээлийг бүтээгээд, бусдыгаа манлайлаад явж байна. Салхи хагалсан компани амжилттай яваад эхлэхээр араас нь маш олон компани зээлийн аппликэйшн гаргаад шинэ зах зээл дээр амжилттай ажиллаж байна. Монголд саяхныг болтол маркетингийн агентлаг гэдэг байгууллага байгаагүй. Харин өнөөдөр видео контент, график дизайн, сошиал медиа контент гэх мэтээр хийж чаддаг зүйлээрээ төрөлжсөн олон маркетингийн агентлаг бий болж, шинээр зах зээлээ бүтээгээд явж байна. Групп компаниуд өөрсдөө хийхээсээ илүү чадвартай мэргэжлийн компаниар маркетингийнхаа ажлуудыг хийлгэдэг болсон.
Оюуны өмчийн хамгаалалтыг одоогоос анхаар
Технологийн компаниудын хувьд оюуны өмчийн хамгаалалт нэлээн сул байгаа. Мэдээж Оюуны өмчийн газар бичиг баримтаа бүртгүүлээд өгнө, хэдэн сар хүлээнэ, хугацаа алдана. Ижил төстэй компаниуд гарч ирж болно. Маргах нэлээн төвөгтэй. Оюуны өмчийн маргаан их цаг хугацаа авна. Хүмүүс хамтарч байгаад нэг нь “За би болилоо” гээд явсан мөртөө яг ижил төстэй зүйл хийгээд явчихвал яах вэ. Тэгэхээр оюуны өмчийн хамгаалалтын асуудал бол ялангуяа стартап компаниудад гол анхаарах асуудал юм.
Тууштай бай
Тухайн бизнес зах зээлийн эрэлт хэрэгцээг аль хэдийн олж харсан бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тест байдлаар танилцуулж худалдан авагчаа татах, үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд анхаарах нь зүйтэй. Компаниуд сонирхолтой бизнес санаа олж, хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргадаг ч тэр нь Proof of concept-гүй буюу тэр бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зарагдах магадлал нь тодорхойгүй, туршигдаагүй, орлого олж эхлээгүй байдаг. Энэ мэтчилэн сул талтай байж мөнгө хайгаад явж байх нь элбэг. Энэ нь санаагаа алдах эрсдэлд оруулдаг.
Хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ тодорхойлоогүй, бизнес төлөвлөгөөгүй байдал нь санхүүжилт татах боломжийг хязгаарладаг.
Дүгнэж хэлэхэд, ЖДҮ бизнесүүд, гарааны компаниуд бичиг баримт гэдэг юм бараг байхгүй явж байдаг. Ийм төлөвлөгөөгүй, тооцоогүй байдал нь тухайн бизнес санаандаа илтгэл үнэмшилгүй болох, санхүүжилт татаж чадахгүй байх зэрэг үр дагавартай. Тэгэхээр санхүүжилт амжилттай татахын тулд бизнес санаагаа, бизнес үйл ажиллагаагаа ямар нэгэн байдлаар бичиг баримтжуулж, албажуулж авах хэрэгтэй. Тухайн бизнес нь зах зээлийн ямар эрэлт хэрэгцээг хангаж байгаа, зах зээлийн өрсөлдөөний орчин, эхний жилүүдийн борлуулалт зэргийг төлөвлөсөн бол хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн хувьд тухайн бизнест итгэл үнэмшил төрж, санхүүжилт олгох магадлал нэмэгдэнэ.
Гарааны бизнесийн тухайд мэдээлэл технологийн шийдэл нь эхний жилүүдэд борлуулалтын орлого муу эсвэл байхгүй байсан ч хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байвал тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээл дээр эрэлттэй байж бизнесийн үнэлгээ нь нэмэгдэх боломжтой. Тухайн гарааны компани бизнесийн хувь эзэмшлээ санал болгоод санхүүжилт татах гэж байгаа бол зах зээлийн үнэлгээ маш чухал. Тэгэхээр манай Монголын жижиг дунд бизнесүүд, старт ап компаниудын гол анхаарах зүйл нь төлөвлөлтийн асуудал.
Монголын жижиг дунд бизнесүүдэд санхүү гээд ярихаар санхүү, татварын тайлан гаргах, тайлагнах тухай ойлгоод байдаг. Гэтэл бизнесийн үйл ажиллагааны гол зорилго бол ашиг олох. Өнөөдрийн таван сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн жилийн дараа зургаан сая төгрөг болгох гэдэг бол бизнесийн үйл ажиллагаа юм. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны компаниуд мөнгөний өнөөгийн болон ирээдүйн үнэ цэний тухай ойлголтоо сайжруулж, ирээдүйн ашиг орлогоо төлөвлөж хөрөнгө оруулагчдад хандах юм бол хувьцааны санхүүжилт авах боломж байдаг.