Жим Альбрехт
Радио, телевиз, интернэт, харин одоо хиймэл оюун зэрэг шинэ технологийг хэвлэмэл мэдээллийн салбар нь үргэлж муулсаар ирсэн билээ. Учир нь мэдээлэл түгээх чиглэлд урт удаан хугацааны туршид сонин нь монопол байсаар ирсэн агаад инновац бүр нь тэдний давамгайллыг сулруулж байв.
Хэвлэмэл мэдээллийн салбарын бэрхшээл нь миний ч бэрхшээл байсаар ирсэн. Сүүлийн долоон жилийн турш би вебийн экосистемийг сонин хэвлэлд илүү таатай болгоход чиглэсэн Google-ийн багийг удирдаж байгаа юм. Сонин захиалгыг хялбаршуулах, хэвлэн нийтлэгч нарт өөрсдийн байр сууриа илэрхийлэх, ингэснээр уншигчдаа илүү үр дүнтэй олоход нь зориулж зардал өндөртэй сэтгүүл зүйн үйлдвэрлэлийн зардлыг танахад чиглэсэн олон бүтээгдэхүүнийг (бичиг баримтад анализ хийх, аудиог текст болгон хөрвүүлдэг дэвшилтэт хиймэл оюуны хэрэглүүрүүд) бид хөгжүүлж байна. Энэ бүхэн дэлхийн олон орны хэвлэн нийтлэгч нарт олон тэрбум долларын үнэ цэнийг бий болгосон юм.
Гэвч өдөр тутмын сонины үнэ цэнийг интернэт бууруулсан гэсэн гашуун үнэнийг эдгээр хэрэглүүр бүхэлд нь өөрчилж чадаагүй. Спортын уралдаан тэмцээний дүн, хувьцааны үнийн мэдээлэл, кино гарах хугацаа, бөөний худалдаа хаана болох, ямар концерт удахгүй болох зэргийг мэдэхийг хүсвэл сонин уншдаг цаг үе байсан. Харин одоо интернэт нь ийм мэдээллийг өөр юутай ч харьцуулшгүй хурднаар олох боломжийг олгож байна.
Тиймээс өмнө нь сонин худалдаж авах 20 шалтгаан байсан бол өдгөө ганцхан буюу мэдээ унших гэсэн ганц шалтгаан үлджээ.
Хүн хүч их шаарддаг, зардал өндөртэй сурвалжилга, мэдээ бэлтгэх хөдөлмөртэй зар сурталчилгаа олгогчид орооцолдохыг тэр бүр хүсдэггүй. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх, өнгөрсөн үеийн давамгайллаа олох, ашигт ажиллагаагаа сэргээхийн тулд эхлээд Европын, улмаар дэлхийн бусад улсын сонин хэвлэлийн компаниуд хууль тогтоогч, зохицуулагч байгууллагуудад хандаж эхэллээ. Энэхүү эрэлтэд Google ямар хариу үйлдэл үзүүлэхийг олж мэдэх нь миний үүрэг болоод байна.
Google, Facebook зэрэг платформ өөрсдийнх нь контентыг хулгайлж, өөрсдийн сайт, мэдээн дээр линкийг нь тавьж байна гэж хэвлэл мэдээллийнхэн гомдоллодог. Гэвч “хүн бүхэн хандалт хүсдэг” гэсэн интернэтийн универсал хуультай харшилдаж байгаа учраас энэ нь үнэндээ тэнэг гомдол байлаа. Хэвлэл мэдээллийн компаниуд интернэт хайлтын компаниуд, нийгмийн сүлжээний менежерүүдэд ямар их хугацаа, мөнгө зарцуулж өөрсдийн вэб, пэйж рүү хандалт авахыг хичээж байгааг л харах хэрэгтэй.
Гэвч энэ тал дээр хууль тогтоогчид гомдол гаргагчдын талыг барьсан бөгөөд ингэснээр платформууд мэдээ, товчлол, линкийг нь харуулах бүрдээ тухайн мэдээг бэлтгэсэн байгууллагад төлбөр төлөх ёстой болж ирсэн юм. Нэг талаар сүрдүүлэг гэж болох эл журам Европ, Австрали, Индонез, Бразил, Канадад тархаж эхэлснээр би ихэнх цагаа мэдээний бүтээгдэхүүнийг хүчингүй болгох, хайлтын системээс хасах, гарсан мэдээг тоолж, төлбөрийг тооцох систем үүсгэхэд зарцуулах болов.
Харин сэтгүүлч нарт хайлт хийх, ярилцлагаа буулгах, захиалагч нараа хадгалах механизм бүтээхэд улам бага цаг зарцуулах болсон. Facebook платформ дээр мэдээний компаниудын авдаг хандалт жил бүр буурч байна. Үүнээс шалтгаалж сонин хэвлэлийнхэн, зар сурталчилгаа өгөгчдийн хоорондох нягт хамтын ажиллагаа багассан юм. Яагаад гэвэл хандалт ихтэй бүтээгдэхүүн, вэбсайт, байгууллага руу реклам урсах нь тодорхой билээ. Зах зээлд ийм үзэгдэл ажиглагдаж байх зуур хэлний том загварууд (LLM) хүний бүтээснээс ялгагдахгүй контент бүтээхэд ойрхон ирсэн тухай яриа сонсогдож эхлэв. Дүрэм шалгах, үг эсвэл өгүүлбэрийг дуусгах хувилбарууд санал болгох зэрэг LLM-ийн функцууд амжилттай ажиллаж байлаа. Хайлтын систем, платформоос сонин хэвлэлийнхэн мөнгө нэхэн хэрүүл хийж байх зуур LLM чимээгүйхнээр, асар хурдтай хөгжиж байсныг ажиглах нь надад тун сонирхолтой байв.
Тэгтэл аянга цахилах мэт ChatGPT нээлтээ хийж, хэрэлдэгч талуудыг таг дуугай болгов. Мэдээ, нийтлэлийн линкийг платформууд бий болгон ашиглаж байгаа нь асуудал байхаа нэгэнт больж, эл шинэ технологийн үр дүнд цоо шинэ орчин үүсэв. Тэд мэдээний сайтуудыг холбосон линк үүсгэх ямар ч шаардлагагүй болж, тухайн мэдээг аваад роботоор дахин бичүүлээд өөрсдийн бүтээгдэхүүн мэт нийтлэх боломжтой боллоо.
Миний хувьд яг тэр мөчид тэнгэр хөмрөх шиг болсон билээ. “Манайхыг улам их хандалттай болго, тэгснийхээ төлөө төлбөр нэх” гэсэн сонин хэвлэлийнхний тэнэг шаардлага ямар ч утгагүй болж, “Танай контентод тулгуурлан бид өөрсдөө бүтээгдэхүүн үүсгээд хариуд нь танай хандалтыг нэмэгдүүлэх гэж хичээх шаардлагагүй болсон” хэмээн технологийн салбарынхан бардмаар тулган шаардав. Урт хугацаандаа эл хоёр байр суурь аль аль нь явцгүй юм. Эдийн засгийн хувьд тун тааруу эл үзэл бодлын үр дүн шүүх, хууль сахиулагчдын өрөөнд шийдэгдэж магадгүй. Эл асуудлыг зөвхөн хэвлэл мэдээлэл болон технологийн салбарынхны ээлжит нэг хэрүүл гэж дүгнэж болохгүй. Цаадах бооцоо нь дэндүү өндөр. Өөрөөр хэлбэл, эл асуудлын нэг талд хэвлэл мэдээллийн салбарын оршин тогтнох эсэх, нөгөө талд нь технологийн инновацын оршин тогтнох эсэх асуудал бий.
Нэгдүгээрт, уг асуудал шүүхээр шийдэгдэх өндөр магадлалтай. OpenAI компани өөрийнхөө LLM моделиудыг сургахдаа контентыг нь ашиглах замаар зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн “New York Times” өнгөрсөн оны 12 дугаар сард OpenAI, Microsoft-ийг буруутгаснаар эхний цохилтыг хийсэн. Технологийн компаниуд энэхүү эхний раундад ялна гэдэгт итгэлтэй байж болох юм.
Хиймэл оюуны бүтээгдэхүүнүүд нь текстийг геометрийн хэлбэртэй болгож хувиргадгаараа мэдээнээс эрс ялгаатай агаад эдгээр математик “вектор”-уудыг анхдагч мэдээ, нийтлэлээр орлуулан өөрчлөх ямар ч боломжгүй.
Өөрөөр хэлбэл, шударга хэрэглээтэй холбоотой эл маргааны эхний шатыг LLM давах боломжтой.
Харин LLM-ыг чатбот, хайлтын систем зэргээр хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн болгон хувиргасан цагт зохиогчийн эрхийг зөрчиж байна гэж үзэх магадлалтай. Учир нь LLM өөрийн хувилбараа зөвхөн текстээр илэрхийлэх боломжтой билээ. Times сэтгүүл саяхан өөрийнх нь бэлтгэсэн контентыг яг тэр чигээр нь ChatGPT ашиглаж байгааг нотолсон нь зохиогчийн эрхийн зөрчил гэж үзэж болохоор асуудал байв. Гэхдээ хүмүүс ч бусдын текстийг өөрийн үгээр өөрчлөн бичдэгтэй адилаар хиймэл оюун ч үүнийг амархан засаж болох юм. Түүнээс гадна баримт, статистикийг хэн ч өөрийнх хэмээн эзэмших боломжгүй билээ. Тэгвэл контент үйлдвэрлэгчдийн эрхийг хэрхэн хамгаалж болох вэ?
Үүний хариулт нь LLM бодит бус зүйлийг зохиох хандлагатай байдаг бөгөөд эдгээр моделийг сургах нь асар өндөр зардалтай байдагт оршино гэж би бодож байна. Times сэтгүүл шүүхэд гаргасан гомдолдоо дурдсанчлан хиймэл оюуны бүтээгдэхүүн нь “нягтлах” гэж нэрлэдэг процесст тулгуурладаг бөгөөд энэ нь аливаа үйл явдал, баримтыг зохиогоогүй гэдгээ баталгаажуулахын тулд холбогдох эх сурвалжтай тулгаж хянахыг нь хэлдэг юм.
LLM-ийг сургах цаг мөчид байгаагүй шинэ, сүүлийн үеийн үйл явдлын талаар хэрэглэгч хиймэл оюунаас асуух үед энэ процесс асар чухал болж ирнэ. Ийм тохиолдолд хиймэл оюун нь хамгийн сүүлийн үеийн найдвартай эх сурвалжаас мэдээллээ нягталж, тулгах ёстой болох бөгөөд чухам тийм мэдээллийг зөвхөн сонин хэвлэлийнхэн нь л хангаж чадах билээ. Тиймээс хиймэл оюуныг сургахдаа ашиглах материалыг хэвлэл мэдээллийнхнээс худалдаж авах, лицензийн төлбөр төлөхийг шүүх шаардаж магадгүй бөгөөд ийм төлбөр нь хэвлэлийн салбарынхны хамгийн чухал ажил болох шинэ мэдээллийг олж нээх, баталгаажуулах ажлыг нь санхүүгийн хувьд дэмжих, ийм ажил улам их хийх санхүүгийн хөшүүрэг болж өгөх юм.
Мөн хүн бүрийн мэддэг хуучны баримт мэдээллийг дахин бичих бус өөрсдийн хиймэл оюуны загваруудыг шинэлэг, үнэн зөв мэдээлэл, контентод тулгуурлан сургаж, ингэснээр зах зээлд давуу тал олох, бусдаасаа ялгарахыг технологийн компаниуд хүсэх нь гарцаагүй. Энэ нь эргээд хэвлэл мэдээллийнхэнд орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоно. Ялангуяа хэвлэл мэдээллийн том компаниуд бус орон нутгийн медиа компаниуд өөрсдийнхөө нийтлэл, баримтуудыг лицензлэхийг хүсэж болно. Тэд аливаа баримт материалыг үүсгэх, үнэн зөвийг нь баталгаажуулах, цоо шинэ контент үүсгэснийхээ төлөө төлбөр авах, түүнийг нь худалдаж авч ашиглаж буй технологийн компани хиймэл оюуны загвараа улам сайжруулах боломжтой болох зэргээр харилцан ашигтай ажиллах боломжтой.
Энэ бүхэн хууль тогтоомжид тусгагдвал шинэ медиа ертөнц ямархуу болж өөрчлөгдөх вэ? Нэгдүгээрт, эл шинэ орчинд хэрэглэгчдийн хүлээлт эрс өөрчлөгдөнө гэдгийг медиа компаниуд ойлгох ёстой. Хэвлэмэл медиагийн эрин үед нийтлэлийг бий болгож, цаасан дээр хэвлээд түүнийгээ уншигчдад түгээдэг байв. Харин веб энэ бүхнийг өөрчилж, түгээлт, сонины форматыг өөрчилсөн ч нийтлэл бараг өөрчлөгдөөгүй.
Харин ирээдүйд медиа компаниуд нийтлэлийн тухай бага бодож, хэрэглэгчидтэйгээ хэрхэн ярилцах талаар илүүтэй бодох ёстой болно.
Хэрэглэгч нар ч нийтлэл уншихаа багасгаж, нийтлэлийн талаар ярьдаг болно. Үүнийг бодит жишээгээр өгүүлбэл, нийтлэлүүд нь медиа компанийнхаа бий болгосон Google-ийн Alexa шиг туслахуудаар дамжин аудио байдлаар хэрэглэгчдэд мэдээлэл өгдөг, хувийн болон ажил хэрэгт нь тусалдаг туслах болон хувирах магадлалтай юм. Гэхдээ энэ таамаглал өөрөөр ч эргэж болох агаад хэрхэх нь өдгөө шүүх дээр яригдаж буй зохиогчийн эрхийн маргаан болон ирээдүй нь өнгөрснөөс тэс өөр болно гэдгийг медиа компаниуд хэр хурдан ухамсарлахаас л хамаарна. Медиа компаниудын бэлтгэж буй контент нь магадгүй тэднийг дахин мэдээллийн найдвартай эх сурвалж болон давамгайллаа сэргээх, эсвэл эргэн сэргэхийн аргагүй эцсийн шатны сүйрэл рүүгээ орох эсэхийг шийднэ.