“Санхүү өгнө, авна” төслийн эхний үе шат болох гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны тухай бодитоор өгүүлэх “Санхүү өгнө, авна” цуврал нийтлэлийн дугаар №4.
Санаачилга: “Хөрөнгө оруулалт бол дэмжлэг биш, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай харилцаа юм” гэдэг үзэл бодол бол бидний жижиг дунд бизнест шингээхийг хүсдэг хандлага. Үүнийгээ туршлага хуваалцахаас илүүтэйгээр хэрхэн ойлгуулах билээ дээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд оролцож байсан хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн харилцаанаас хамгийн сургамжтай гэж үзсэн 30-ийг нь шигшин авч, бодит үнэнийг өгүүлэхээр шийдлээ. Яриад суухаар сонссон хүмүүс нь юм боддог болохоор гэнэт өөрийгөө тоогоод, бичихээр шийдсэн нь энэ юм. Хэрэг болох нэгэндээ хэрэг болох болтугай.
Санамж: Энд өгүүлсэн үйл явдлууд нь үнэн бодит боловч оноосон нэрнүүд болон тоонуудыг зохиосон. Хэрвээ хэн нэгэнтэй давхацсан бол санамсаргүй тохиолдол юм шүү
***
Энэ нэг юм хөрөнгө оруулалтын тухай бичнэ гэчихээд сүүлийн үед юу бичээд байна аа гэж та нар бодож байна уу? Энэ гэхдээ хөрөнгө оруулалтын өмнөх болон дараах харилцаанд үнэхээр хэрэг болдог зүйл шүү.
Хүүхнүүд голдуу байгаль, хүрээлэн буй орчин болон нийгмийн салбарт компани байгуулан ажиллаж байгаа хэсэг бүлэг залуусын коммунити байдаг. Цаашид хэрэглэгдэх тул “нөгөө коммунити” гэж нэрлэе. Тэдний нийтлэг шинж нь тэд ажиллаж байгаа салбартаа үнэхээр хайртай, Содкогүй л бол Монгол улс ногоорохгүй юм шиг, Ариукагүй л бол Монгол улс хогноосоо салахгүй юм шиг, Билгүүнгүй л бол байгаль орчин цэвэршихгүй юм шиг ханддаг. Тэд ч, тэр коммунити ч, баг нь ч тэрхүү зүйлээ үнэт зүйлээ болгон, түүнээсээ мотиваци аван ажиллацгаадаг. Нийтийн асуудалд шийдэл харсан тэд бүгдэд хөөрхөн харагдана. Тиймээс хажуугаас нь “Яасан мундагийн…!!!” гэх хошгоруулагчид олоон, яджаахад…
Яджаахад бас, тэдний заримыг нь танилын журмаар, заримыг нь данс тооцоотой нь мэднэ л дээ. Харамсалтай нь тэдний санхүүгийн гүйцэтгэлийг ямар нэг зүйлтэй зүйрлэх гэхээр ТВ-ээр ДИИД!!! дохио өгдөг үг болох гээд байна. Санхүүгийн хүндрэлд ороход ихэнх бизнесмен хэрсүүжиж, алдаанаасаа суралцан урагшаа ахидаг бол өөрсдийгөө ертөнцийн аврагч гэж төсөөлсөн тэдний хувьд өөр байдаг. Орлогын гүйцэтгэл хангагдахгүй байгаагаа “Монголчууд нийгмийн асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа болохоор бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдаж авахгүй байна” гэж хэрэглэгчдээ буруутгадаг. Энэ нь тэднийг альтуристууд болгож хувирдаг. Товчхондоо ажилд нь бизнесийн хэв маяг байхгүй гэсэн үг. Энэ нь тэднийг онцолсон шалтгаан юм. Хэтэрхий олон хүн “мундаг” гэж тодорхойлсон тул ерөнхийдөө эго нь хэтийдсэн. Энэ нь тэднийг харалган болгодог. “Та нар бол альтуристууд” гээд хэлчихвэл хойноос нь хичээл заах хэрэг гарна. Тиймээс “Та нар бол Marvel-ийн баатрууд, та нар кинон дотроо л амжилттай байна” гэж хэлдэг. Зарим нь уурлана, зарим нь хагас дутуу хүлээж авна. Одоо бүгдээрээ бодъё. Batman хэдийгээр баян, зоригтой, өндөр ур чадвартай хэдий ч түүний ертөнцийг аврах үйл ажиллагаанд хэн хөрөнгө оруулалт хийх вэ?
Хувь хүний хөгжлийн багш нар гээд гараад ирлээ. Зарим нь компаниудад очиж үнэт зүйлсийг нь зааж өгөх нь бий. Арай дөнгүүр нь ажилтнуудыг нь “ажиллуулж”, тодорхойлж “өгдөг”. Тэд “үнэт зүйлгүй л бол бизнесүүд дампуурдаг” гэх мэт мэссэж ашиглан борлуулалтаа хийдэг. Энэ чиглэлийн подкастууд ч хандалт өндөр. Надад энэ аймшигтай санагддаг. Нэр усыг нь хэлээд юүгхүү. Нэг сайт дахь компаниудын жагсаалтаас “сүүлд мэдээллээ шинэчилсэн” хэсэгт байгаа эхний 10-г нь сонгон үнэт зүйлсийг нь ухав. Нэг нь вэб сайтгүй юмсанж. Үлдсэн 9 компанийн 7-ийнх нь вэбсайтны үнэт зүйлс хэсэгт “хариуцлага” гэдэг үг, 6-д нь “багийн ажиллагаа”, мөн өөр 6-д нь “инноваци”, 4-т нь “ёс зүйтэй” гэдэг үг өгүүлбэр нийтлэгджээ. Нөгөө хувь хүний хөгжлийн багш нарын ажлын үр дүн гэхэд хол зөрөхгүй.
Нөгөө коммунитигийн компаниудын үнэт зүйлс хэсэгт энэ үгнүүд бий. Тоолсонгүй. Үнэт зүйл нь компанийн соёл, зан төлөв, шийдвэр гаргалтын зан төлөвийн үндсэн зарчим (нийтлэг тодорхойлолт) болохын хувьд энэ нь маркетингийн гэхээсээ илүү хүний нөөц, тэдгээрийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал юм.
Компани хэдэн хувьцаа эзэмшигчтэй, тэдгээр нь хэдэн хувийг эзэмшдэгээс үл хамааран бизнесийн хөгжлийн эхний үе шатуудад үүсгэн байгуулагчид бүх ачаа ирнэ. Учир нь бизнесийг тодорхой амжилттай үе шатанд хүрэхээс өмнө тэдний хүчин чармайлт л тухайн компанийн амин сүнс нь байдаг. Бид үүнийг Gross Domestic Passion гэж “нэрлэдэг”. Зөвхөн тэдний арга барил л гарааны болон жижиг дунд компанийн үнэт зүйлсийн суурь болж, бизнес хөгжлийнхөө дараагийн шатанд гарах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг. Хөгжил ба хөрөнгө оруулалтын шийдвэрт энэ л нөлөөлдөг болохоос олон сая төгрөг төлж, компанийнхаа түлхүүр ажилтнуудын олон цагийг алдуулж боловсруулсан таван өгүүлбэр үнэндээ түй ч хамаагүй.
Арав хүрэхгүй ажилтантай нэг компани ажлынхаа хоёр өдрийн хагасыг зарцуулан нийт ажилтнуудаа цуглуулж, хувь хүний хөгжлийн багшид 2.5 сая төгрөг төлж, багаараа үнэт зүйлсээ тодорхойлсон юм. Бид тус компанид жижигхэн хувьцаа эзэмшдэг байсан ба миний бие төлөөлөн зөвлөхөөр ажилладаг байлаа. Намайг суухыг санал болгосон ч би эелдэг бусаар татгалзсан юм. “Битгий тийм юманд цагаа үрцгээ” нтр гэциймаа. Тэд “цагаа үрж”, үнэт зүйл нэртэй хэд хэдэн холбоо үгтэй болсны дунд “харилцан хүндлэл, дулаан харилцаа” гэдэг хэсэг байв. Хааяахан “Бие биенээ далдуур муулдаг” байсныг эс тооцвол тэд үнэхээр бие биетэйгээ сайхан харилцдаг байсан юм аа. Захирал бүсгүй “Бие биеэ хайрла” гэх үгийг байнга хэлдэг байв. Тэр хамт олондоо үнэхээр хайртай байсан байх аа.
Харамсалтай нь тэдний санхүүгийн үзүүлэлтүүд намайг ажиллаж эхэлснээс хойш унасаар, богино хугацаат өр төлбөрийн хэмжээ нэмэгдсээр байв. Өөрсдөөсөө гадна бусдыг ч хайрладгийн улмаас авлага ч нэлээн үүсэв. Өр төлбөр төлөх ба авлага цуглуулах дундаж хугацаа холдохын хирээр зээл авах шаардлага ч өсөж байв. Дахин санхүүжилтад бэлтгэх үүрэгтэйгээр жижигхэн хувьцаа эзэмшигч болсон надад энэ байдал нь таалагдахгүй байлаа. Анхаарах шаардлагатай үзүүлэлтүүдийг олон удаа тодорхойлж, хэлж, ингэхдээ хэд хэдэн удаа ширүүхэн үг хэрэглэсэн би эцэстээ тэднээс “токсик харилцаатай” гэсэн тодорхойлолт авав. Токсик гэж яг юу ч гэсэн үг юм. Хэрвээ бодит нөхцөлийг нь хэлсэн нь токсик болоод, нөхцөлөө огт ойлгохгүйгээр бизнесээ өрийн дарамтад оруулснууд нь эрүүл гэвэл би токсик, бүр ултра экстрим токсик баймаар байна. Эцсийн эцэст тэдний хайр, талархлаар би охиныхоо төлбөрийг төлөхгүй билээ. “Энд асуудал шийдэгдэхгүй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн би бусад хувьцаа эзэмшигчдэдээ нөхцөл байдлыг танилцуулж, өөрийн хийсэн ажлаа үнэлэн, өөр үйлчилгээгээр авахаар тохиролцож, гарах шийдвэрийг гаргасан билээ. Хайран 2.5 сая төгрөг, хоёр хоног. Ийм зүйлд цаг нөөцөө зарцуулдаг бизнесийг яаж хөрөнгө оруулагчдад танилцуулаад явж байхав дээ.
Алдарт Жаргал эгчийгээ муулахгүй л бол миний хувьд бичлэг маань давсгүй хоол шиг болох гээд байхын. Үнэт зүйл үүсгэн байгуулагчид хадгалагддаг гэдгийг би Жаргал эгчтэй ойлголцох гэж хичээж байхдаа ухаарсан билээ. Тэрбээр хөрөнгө оруулагчид дэмжих биш, ашиг хийх гэж хөрөнгө оруулалт хийдэг гэдгийг ухамсарладаггүй Монголын ЖДҮ-чдийн нийтлэг хандлагыг яаж агуулахгүй байх билээ. Түүний олон удаагийн орлогоо нуусан явдал хийгээд, ЖДҮ сангаас зээл авснаа барилгын тусгай зөвшөөрөл аван, цаашид ферм байгуулах хүсэл нь яагаад ч миний арга барил биш байлаа. Ер нь санхүүжилтын эх үүсвэрийг зориулалтын бусаар зарцуулах нь бусад улсад “гэмт хэрэг” байдаг билээ.
За за, баахан хүн муулчихлаа. Одоо жоохон хэрэгтэй юм яръя.
Үнэт зүйл нь үүсгэн байгуулагчдын дотор оршдог. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагчдын хувь хүний хөгжлийн багш нарыг биш, өөрсдийгөө ухах нь хөрөнгө оруулалтын харилцаанд чухал үр нөлөөтэй. Тиймээс тодорхойлсон үнэт зүйл нь бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаа нягталж үзэх шаардлагатай. Гэхдээ л өөрийгөө ух. Өөрийгөө ухан гаргаж ирсэн үнэт зүйлсдээ бодит учир шалтгаан, үр дүнг тодорхойлох нь чухал. Энэ нь хөрөнгө оруулалтын харилцаанд гурван чухал үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
- Хөрөнгө оруулагчдад утга учиртай сонсогддог. Тэд үүсгэн байгуулагчдыг таньж мэдэх, хүндэтгэх шалтгаан болдог. Эцэст нь үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нар хоорондоо харилцах, шийдвэр гаргах суурь зарчмуудтай болдог ба зарим тохиолдолд сул талыг тань хүлээн зөвшөөрөх шалтгаан болдог. Манай үндсэн компанийн хувьцаа эзэмшигчид хэд хэдэн удаа намайг “түрэмгий” гэж тодорхойлж байсан. Эцэст нь ийм байхаас аргагүйг ойлгосон билээ.
- Зарим тохиолдолд хөрөнгө оруулагчид компанид өөрийнхөө соёлыг тусгахыг хичээдэг. Гарааны болон жижиг дунд компанийн удирдлага солигдоход үндсэн багийн 50-аас дээш хувь нь ажлаасаа гардаг. Хүний нөөц хомстолтойн дээр хамтарч ажиллаж дадсан багийнхаа гишүүдийг алдах нь хэний ч хувьд ашиггүй. Тэд хуучин удирдлагынхаа хамтарч ажиллах соёлд дадсан байдаг хэрэг лдээ. Тиймээс үүсгэн байгуулагчдын дотроос гарсан үнэт зүйл нь компанийнхаа удирдлагыг алдахаас үүсэлтэй удирдлагын эрсдэлээс хамгаалж байдаг юм.
- Хөгжлийн чиг баримжаатай, хамгийн эхний бичлэгт дурдсан шинж чанар бүхий алсын харааг тодорхойлсон компанийн зорилго нь үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг болдог. Өмнөх бичлэгт магтсан Батка захирал зорилгоо залхтал ярьдаг байв. Энэ нь түүний үндсэн багийн гишүүдийн юуны төлөө ажиллаж байгааг тогтмол сануулж, энэ нь тогтвортой ажиллах үндэс болдог байлаа. Манай анхны харилцагчдын нэг болон нэгэн технологийн бизнесийг маань хөрөнгө оруулагчид нь хоёр жил санхүүжүүлж, үүсгэн байгуулагчийг нь хөгжүүлэхийн тулд үнэтэй цагаа зарцуулж яваа шалтгаан нь тус технологийн компанийн ирээдүй юм.
Энэ бүхний эцэст хэлэхэд үнэт зүйлээ тодорхойлохын тулд хувь хүний хөгжлийн багш хөлслөв дөө!!!