Шинэчлэн баталсан аялал жуулчлалын хууль болон татвартай холбогдох заалтыг хоёр хуульд тусгахдаа “алдаа”- тай гэхээсээ илүүтэй зөв зохицуулаагүйгээс салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд маргаан үүсгэж, ойлгомжгүй байдал бий болгожээ.
Аялал жуулчлалын шинэчлэн баталсан хуульд буй “алдаа” юу вэ? Зөвхөн татвартай уялдах байдлаар нь авч үзэв.
- Энэ хууль хэзээнээс эхлэн хэрэгжиж эхлэх тухай заалт алга. Уг нь чухал заалт.
Гэхдээ ингэж баталсан хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэсэн өдрөөр тооцох тухай Дээд шүүхийн тайлбар байдаг. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2023 оны зургаадугаар сарын 23-ны 24 (1272) дугаарт энэ хууль хэвлэгдсэн байна. Тэгэхээр зургаадугаар сарын 23-ны өдрөөс хууль хүчин төгөлдөр болж байна.
Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь яагаад энэ удаад илүү ач холбогдолтой байсан бэ гэвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд тур операторын борлуулалтын “орлогод хөнгөлөлт” эдлүүлэх заалт нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2026 оныг дуустал гэж тодорхойлсон байна. Ердөө дөрвөн жил татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилсан аж.
Яагаад энэ хугацааг чухалчилж яриад байна вэ гэвэл тур операторуудын тайлант хугацаанд олсон орлогоос хууль хүчин төгөлдөр болсон хугацаа буюу зургадугаар сарын 23-ны өдрөөс хойших борлуулалтын орлогод “хөнгөлөлт” эдлүүлэх ёстой юм.
Тур оператор компаниудын нягтлангууд 2023 оны санхүүгийн жилийн нийт борлуулалтын орлогоосоо зөвхөн хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш олсон орлогодоо “хөнгөлөлт” эдлүүлэхээр тайлагнах ёстой болно. Түүнээс өмнөх хугацааны орлогод энэ хөнгөлөлтийг эдлүүлэхгүй. “Хөнгөлөлт” гэдэг үгийг онцлоод байгаа нь дараах алдаатай холбоотой.
- Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдан гарсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлт юм. ААНОАТ-ын тухай хуулиар тур оператор компанийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр хуульчилжээ (Хуулийн 22.5.12 заалт). Энэ нь тур операторын 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрөөс хойш олсон орлогод ногдох албан татварыг 100 хувь хөнгөлнө гэж ойлгогдоно.
Энэ заалтыг тур оператор компаниуд орлогыг нь татвараас “чөлөөлсөн” гэдэг утгаар ойлгосон аж. Магадгүй хуулийн төсөл боловсруулахдаа ингэж ойлгоход хүргэсэн байж мэднэ.
“Хөнгөлөлт” гэдэг үг бол ногдуулсан татварыг хөнгөлнө гэсэн утгатай. Орлогыг хөнгөлнө гэх ойлголт байдаггүй. Орлогыг чөлөөлөх гэсэн ойлголт бий. “Албан татварын хөнгөлөлт” хэмээх ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйл нь ногдуулсан татварыг хэдэн хувиар хөнгөлөх тухай байдаг. Харин тур оператор компаниудын “үйл ажиллагааны орлого” гэж заасан нь магадгүй орлогыг нь татвараас “чөлөөлжээ” гэх ойлголтыг түгээсэн байж болох юм. Орлогыг татвараас чөлөөлөх гэдэг ойлголт нь хуулийн “Албан татвараас чөлөөлөх” гэсэн 21 дүгээр зүйлд хамаатай.
Хууль батлуулах, эсвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ямар нэг бүлэг өөрийн боломжийг баталгаажуулж, бусдаасаа давуу эрх авч, бизнесээ дархлаажуулах нь манайд нийтлэг болжээ.
Тур оператор компаниудын 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал хугацааны орлогод ногдуулсан албан татварыг 100 хувь хөнгөлж байна гэсэн үг. Харин түүнээс өмнөх тайлант хугацааны орлогод хамаарахгүй. Тэгэхээр эдгээр компанийн 2023 оны борлуулалтын орлогод ялгаа гарна.
Яагаад энэ ойлголтыг дахин дахин тайлбарлаад байна вэ гэвэл сургалтад суусан оролцогчдоос тайлангийн сүүлийн өдрийг хүртэл маш олон асуулт ирсээр байсан учраас нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй бичих шаардлагатай юм байна гэж бодоход хүргэсэн билээ.
Хамгийн сүүлд нэг оролцогч маань “Хөнгөлөлт эдлэхийн тулд ногдсон татвараа хуулийн хугацаанд бүрэн төлсөн байх шаардлагатай гэнэ. Тайлангийн маягтдаа эртхэн өөрчлөлт оруулаад өгсөн бол төлөх татвараа хамт төлөөд хөнгөлөлтөө эдлэх байсан шүү дээ” гэж харамсангуй өнгөөр асуулт асуусан юм.
Яагаад хөнгөлөлт эдлэхийн тулд татвараа заавал төлсөн байх шаардлагыг татварын алба нь тавьсан юм бол гэдгийг гайхаад л хоцров.
Татварын хуульд хөнгөлөлт эдлэхэд хангах ёстой шаардлагууд гэж бий. Гэхдээ энэ жилийн тайлан авах сүүлийн хугацааг сунгахдаа Татварын алба энэ жил гэнэтийн “цочир” мэдэгдэл гаргасан.
Тайлангийн сүүлийн өдөр Цагаан сарын шинийн нэгэнтэй давхцсанаас гадна санхүүгийн цахим тайлангийн системүүд нь шинэчлэгдсэний улмаас хэвийн ажиллах хүртлээ нэлээд цаг хугацаа авсан. Магадгүй энэ шалтгааны улмаас Сангийн яам тайлан авах хугацааг сунгасан болов уу. Үүнийг дагаад Татварын албаны тайлан авах хугацааг сунгасан. Гэтэл Татварын алба “Тайлан авах хугацаа сунгасан болохоос төлөх хугацааг сунгаагүй. Тиймээс 2024 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тухайн жилд ногдуулсан татвараа бүрэн төлөөгүй бол хөнгөлөлт эдлүүлэхгүй” гэсэн утга бүхий мэдэгдэл гаргаж, хөнгөлөлтийн тайлангийнхаа мэдээлэл оруулах цонхыг бүхэлд нь хаасан байна.
Татварын албаны энэ мэдэгдэл нь тун хариуцлагагүй, хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн санагдсан юм. Эндээс харахад төрөөс жижиг, дунд бизнесийг дэмжихээр хуулиар олгосон боломж болох “татварын хөнгөлөлт”-ийг өгөхгүй байхын тулд Татварын алба эрх мэдлээ ашиглаж буй хэлбэр харагдаж байна. Өнгөрсөн жил ч мөн хуулийн хугацаагаа сунгаж хойшлуулж байсан. Цагаан сар, Наадам нь жилийн эцэс болон хагас жилээр давхацдаг, мөн системд нь өөрчлөлт орсноор систем гацах, алдаа гарах гэх мэт асуудал үүссээр байгаа тул сүүлийн жилүүдэд тайлан хүлээн авах хугацааг байнга сунгах болсон.
Татвар төлөх дүн гэдэг нь тайлан өгснөөр баталгаажиж бүрэн тодорхой болдог бөгөөд Татварын ерөнхий хуульд “татвар төлөх, тайлагнах өдөр нэг” гэж тодорхойлсон байдаг (ТЕХ 29.2). Энэ ойлголтоор олон жил тайлагнаж, төлж байсан татвар төлөгч нар хөнгөлөлт эдлэх болонгуут төлөх хугацааг үгүйсгэж байгаа нь хачирхалтай.
Татварын албаны шинэ удирдлага, шинэ ойлголт төлөвшүүлэхээр өөрийн эрх, сүр хүчийг үзүүлж байж мэднэ.
Гэхдээ энэ шаардлага зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогод ногдуулсан татварын 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэх заалтад хамаарна. Харин тур оператор компаниудын хөнгөлөлт энэ заалтад хамаарахгүй. Тэгэхээр татварын албаны мэдээлэл өгч буй байцаагч нар энэ талаарх мэдлэг дутмаг байгаа нь татвар төлөгч учраа олохгүй байдалд хүргэж “дарамт” үүсгэж байна. Харин хамаарч болох нэг үндэслэл нь тур операторуудын 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрөөс өмнө олсон орлого 300 саяас давсан тохиолдолд л гарна.
Манай төр хурааж авснаа “өөрийн нам, сайдын нэрээр хаяглан” буцаан өгөх дуртай учраас бодлогын алдаатай байдлаас гарч чадахгүй байна.
Тэгвэл эдгээр компани хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх орлогоо яаж тайлагнах вэ гэсэн асуулт үүснэ. Энэ хугацааны орлого нь хуульд байх бусад хөнгөлөлтийг эдлэхээр тайлагнана. Хэрвээ тур оператор компанийн энэ хугацаа хүртэлх орлого 300 сая хүртэл бол нэг хувийн татвар төлнө. Үүнээс дээш орлоготой байсан бол 90 хувийн заалтаар хөнгөлөлт эдэлнэ.
Хамгийн гол нь энэ хөнгөлөлтийг эдлэх боломжийг Татварын алба цахим системдээ нэгдүгээр сарын төгсгөл хүртэл оруулаагүй байв. Татварын зөвлөхүүдийн хүсэлтээр тайлангийн хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө цахим системд өөрчлөлт орсон боловч ашиглахад хүндрэл үүсгэж буй тухай нягтлангууд зөвлөхүүдэд гомдоллосоор л байлаа.
Тайлангийн маягтад оруулсан өөрчлөлтөөс харахад дээрх ялгааг татварын албаныхан ч одоохондоо мэдэхгүй байгаа бололтой. Мэдэхгүй байгаа нь өнөөдөр татвар төлөгч нарт ашигтай мэт боловч хэсэг хугацааны дараа татварын шалгалт орохоор бол тэдэнд энэ үндэслэлээр акт тавих боломж бүрддэг. Гэхдээ Монголын нөхцөлд хяналт шалгалтад ортол зай ч байна, акт тавилаа гэхэд энэ ялгааг олж харах татварын байцаагч таараа ч уу үгүй ч үү гэж бодож буй бизнес эрхлэгчид бас бий
Хууль батлагдсаны дараа холбогдох журам, аргачлал, тайлангийн маягтаа, тэгээд дараа нь цахим системдээ өөрчлөлт хийнэ. Гэтэл энэ ажил огт хийгдээгүй байсан нь дээрх хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж сургалт авах хэрэгцээ болсон байжээ. Сургалтын үр дүнгээр бичиг цаас болж байгаа ч өнөөдрийг хүртэл хараахан үр дүн гараагүй л байна.
Татварын алба хуулийн өөрчлөлтөөс хамаарч тайлангийн маягтдаа оруулах өөрчлөлтөө батлаагүй байсан ч цахим тайлангийн систем иргэдийн гомдлыг хурдан шийдэж өгч буй мэт боловч төрийн байгууллагын үйл ажиллагааны дэг жаяг зөрчигдөж байна. Системд гэнэтийн өөрчлөлт оруулснаас үүсэх гацалт, буруу таталт, хөнгөлөлтийн тооцоолол буруу хийгдэх гэх мэт асуудал үүсвэл хариуцах “буруутан” олдохгүй.
Төрийн албанд буруу мэдэгдэл хийсэн, эсвэл бусдад төвөг учруулсан шийдвэр гаргасан албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй учраас энэ байдал хэвийн үзэгдэл болсон. Тиймээс төрийн албаны удирдах албан тушаалтан нь “хэмжээгүй эрхтэй эзэн хаан” мэт ямар ч асуудлыг өөрийн үзэмж, тархин дахь мэдлэгийнхээ хэмжээгээр шийдвэрлэдэг эрх мэдэлтэн гэсэн давуу тал үүсгэдэг. Тэдний энэ шийдвэр, шийдлээс нийгэмд үүссэн бухимдалд Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайдаа “буруутан”-аар тодруулж, төр засгаа унагаах улс төрийн зэвсэг болгон сошиал медиад элдвээр бичих нөхцөл болдог. Тэд улс удирдаж байгаа тул буруутан байж болох ч, жинхэнэ буруутан нь дараагийн Ерөнхий сайддаа тал алдахгүйг хичээгч төрийн албан тушаалтан юм.
Аялал жуулчлалын компаниудад татварын ямар “хөнгөлөлт” хэрэгтэй байсан бэ?
Энэ хөнгөлөлт тэднийг бэрхшээлээс гаргаж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц болж чадах уу?
Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн төлөхөөр тайлагнасан татварын 0.68 хувийг аялал жуулчлалын салбарыг багтаасан ангилал эзэлж байна. Энэ тооноос хувилж үзвэл аялал жуулчлалын салбар маш бага татвар төлдөг гэсэн үг. Тэгэхээр ААНОАТ-ын хуульд төлөх татварын хэмжээ нэг хувь байдаг учраас ААНОАТ-ын хуульд орсон энэ “хөнгөлөлт” тэдний үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц дэмжлэг болохгүй.
Тур оператор компаниудын орлого болон зардлын аль алиныг баримтжуулахад хүндрэлтэй учраас нягтлангууд багагүй бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь аялал жуулчлалын салбарын орлогыг үнэн, зөв бүртгэж, татварын тооцоолол хийхэд хүндрэлтэй нөхцөлд оруулж байна. Тиймээс нягтлангууд орон нутгийн хөтчөөс эхлээд аялал жуулчлалаар амь зуудаг байгууллага, иргэдэд хатуу ханддаг. Харин тэдгээр нь эргээд өндөр үнэ хэлж, энэ салбарынхан гинжин урвалаар нэг нэгнээ “бэрхшээлийн тойрог”-т татан оруулдаг бололтой.
Магадгүй тэдний орлогыг татвараас чөлөөлсөн бол салбарын орлогыг үнэн бодитой тайлагнаж болох талтай. Төсөвт төдийлөн их нөлөө үзүүлэхээр татвар төлдөггүй ч эдийн засагт оруулах хувь нэмэр, иргэдийн амьдралд үзүүлэх нөлөөлөл өндөр салбар учраас зөв бодлого хэрэгжүүлбэл далд эдийн засагт оруулж буй мөнгөн дүн нь илрэх боломж бүрдэх юм. Аялал жуулчлалын салбарт 10 тэрбум төгрөг төсвөөс хуваарилсан. Төлсөн татвараа буцаан авч байна гэсэн үг. Орлогын татварын чөлөөлөлт эдлэхийн тулд орлого, зардлаа бүрэн тайлагнасан байх ганц шаардлага тавьж, үүнийгээ төсвөөс өгөхөөр хуваарилсан 10 тэрбум төгрөгтэй нь уясан бол салбарын бодлого хоорондоо зөв уялдаж хөгжилд нь түлхэц өгөхүйц дэмжлэг болж чадах байжээ. Гэвч манай төр хурааж авснаа “өөрийн нам, сайдын нэрээр хаяглан” буцаан өгөх дуртай учраас бодлогын алдаатай байдлаас гарч чадахгүй байна.
Нийтийн эрхзүйн хуулийн этгээд энэ хуульд орж ирсэн нь маргаантай байдлыг буюу өмнөх болон шинэ хоёр холбооны дунд зөрчил бий болгожээ (Хуулийн 26 дугаар зүйл). Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог шинээр энэ хуулиар үүсгэн байгуулж тур оператор, аяллын агентуудыг бүртгүүлсэн байхыг үүрэгжүүлсэн нь маргааны эхлэл бололтой (Хуулийн 6.4 дугаар зүйл). Нийтийн эрхзүйн хуулийн этгээд болох “мэргэжлийн” байгууллагаа тухайн үед аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байсан компаниуд нь хамтран байгуулна гэж хуульдаа заажээ. Тур операторыг гурван хэлбэрээр ялгаж бүртгэх ангиллыг “мэргэжлийн холбоо” нь гүйцэтгэх аж (Хуулийн 12.1 дугаар зүйл).
Өөрөөр хэлбэл, хэнийг тур оператор, хэнийг агентаар бүртгэхтэй вэ гэдэг тусгай “эрх”-ийг мэргэжлийн холбоо нь хуулиар авсан байна. Харин яагаад хуучин холбоогоо ажиллуулах биш шинэ холбоо байгуулах болов гэсэн асуудал нь маргааны эх үүсвэр байж мэднэ.
Тур оператор компаниуд “мэргэжлийн холбоо”-нд бүртгүүлснээр татварын хөнгөлөлт авах эрхтэй гэсэн ойлголт нь улсын бүртгэлийн байгууллагын эрхийг “булаацалдаж” байх талтай.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн байгууллага эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр бүртгэж, гэрчилгээ олгох үүрэг хүлээдэг. Тиймээс аж ахуйн нэгж улсын бүртгэлийн гэрчилгээ дээр эрхлэх үйл ажиллагааг тодорхой бүртгүүлж, энэ мэдээллээр улсын статистик тоог нэгтгэдэг.
Харин мэргэжлийн холбоо энэ ангиллыг харгалзахгүйгээр үйл ажиллагааг нь задлан ангилж, бүртгэж буй нь өөр зорилготой. Тодруулбал, тур оператор компаниудын хувьд “мэргэжлийн холбоо”-нд бүртгүүлснээр татварын хөнгөлөлт авах эрхтэй болж байгаа нь улсын бүртгэлийн байгууллагын эрхийг “булаацалдаж” байна гэж харагдана. Татварын хөнгөлөлтийг хуулиар олгодог бөгөөд хуульд заасан төрийн бүртгэх байгууллага энэ эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажуулдаг.
ААНОАТ-ын тухай хуульд тур оператор компаниудад төдийлөн ашигтай бус “хөнгөлөлт”-ийн заалт оруулсан нь энэхүү “мэргэжлийн холбоо”-г дэмжиж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн далд санаа агуулсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
Аливаа холбоо “мэргэжлийн” гэх нэртэй байснаараа татварын хөнгөлөлт эдлүүлэх эрхгүй. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өөрт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн жагсаалтаа хөнгөлөлтөд хамруулахаар Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Татварын байгууллагын удирдах албан тушаалтан нь Аялал жуулчлалын тухай хуульд байгаа заалтыг баримтлан шийдэж мэдэх юм. Тэгвэл энэ мэргэжлийн байгууллага хуулиар олгосон эрхийг давуулан хэрэгжүүлж байна гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, тэд татварын хөнгөлөлтийг холбоондоо бүртгүүлэх бүртгэлийн хураамжаар наймаалцана байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар аливаа байгууллагын оноосон нэр сонгох амаргүй байдаг. Гэтэл энэ байгууллага хуульд хэрэглэж болохгүй гэж хориглосон үгийг нийлүүлж “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” гэсэн нэр авсан нь төрийн байгууллагын түвшинд давуу эрх эдэлжээ гэсэн дүгнэлт хийхээр байна.
Мэргэжлийн гэх үг нь бусдад давуу байдал олгох уу, цаашлаад татварын хөнгөлөлт эдлүүлэх эрхтэй байж болох уу гэдгийг судлаачид болон салбарын бусад талаас асуух шаардлагатай.
Хуульд шигтгэсэн далд санааг хэрхэн илрүүлэх вэ?
Хэн нэгэн албан тушаалтны үзэмжээр асуудлыг хуульчилж болох уу? Энэ үзэгдэл зөвхөн аялал жуулчлалын салбарт үүсээд байгаа юм биш. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиас ч үүнийг анзаарч болох бөгөөд маш олон салбарт энэ гажуудал хавтгайрсан. Бид төрийн албаны стандартаа ийм байдлаар хэрэгжүүлж ирсэн нь эхнээсээ гацаанд орж, шийдэж чадахгүй олон асуудлыг бий болгосон нь эдийн засгийн хөгжлийг хойш чангааж байна.
Хууль батлуулах, эсвэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ямар нэг бүлэг өөрийн боломжийг баталгаажуулж, бусдаасаа давуу эрхтэй болж, бизнесээ дархлаажуулах нь манайд нийтлэг болжээ. Энэ нь шударга, тэгш байдлыг алдагдуулж, баталсан хуулийг нийтээрээ зөв дагаж мөрдөхгүйд хүргэж, улсаараа хөгжихгүй байх нөхцөл, гол “гацаа” болж байна. Гэвч залуус энэ замаар өмнөх үеийнхээ арга барилыг давтаж төрийн албанд “дарга” болохоор зүтгэцгээсэн хэвээр.
Хуулийг шинэчлэн батлахдаа хэрэгжиж ирсэн хуульд үнэлгээ өгч “алдаа”-г нь зөв тодорхойлж, гаргалгааг нь оролцогч бүх талаас санал авч боловсруулдаг болох шаардлагатай. Тухайн асуудлаар мэргэшсэн судлаачдын саналыг түлхүү тусгаж, шийдвэр гаргах процесст оролцуулдаг байх хэрэгтэй. Үр дүнг нь мөн хариуцлагажуулснаар шийдэл нь зөв эсэхийг цаг хугацааны үнэлэмжээр тодорхойлох юм.
Хэдийгээр батлагдсан хуулийг үнэлэх ойлголт нь Хууль тогтоомжийн тухай хуульд бүтэн бүлэг хэлбэрээр бичигдсэн байдаг ч хэрэгжилтийг нэг албан хаагчид хариуцуулдаг нь огт хангалтгүй байна. Ийм нөхцөл бусад оронд ч үүсэж байсан болов уу. Бид хөгжлийнхөө явцад бусдын алдааг давтаад л явж байгаа.
БНСУ-ын зохицуулалтын системийн хөгжлийн чиг хандлагын талаар тус улсын төрийн захиргааны удирдлагын хүрээлэнгийн зохицуулалтын бодлогын судалгааны хэлтсийн дарга Хун Сынхон манай төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, албан хаагчид болон судлаачидтай уулзахдаа Солонгосын туршлагыг ингэж томъёолсон юм:
“БНСУ-ын Төрийн захиргааны зохицуулалтын суурь хууль 1998 оноос хэрэгжсэн. Энэ хуулийн зорилго нь иргэний эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээг боогдуулж, эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарладаг төрөл бүрийн баталгаажуулалт, зөвшөөрөл зэргийн зохицуулалтыг нэгдсэн бөгөөд тогтвортой байлгахаар цэгцэлж хэт олон хягзаарлалт үүсэх явдлыг арилгах юм”. Өөрөөр хэлбэл, манайд одоо үүсээд буй асуудлын оновчтой шийдлийг БНСУ 25 жилийн өмнөөс хэрэгжүүлсэн туршлага байна. Зохицуулалтын систем хэрэгжүүлснээр гарах үр дүн нь иргэдэд дарамтгүй төрийн үйлчилгээ юм байна.
Хууль бол төрийн бодлогын цаасан дээр буусан хэрэгжилт. Гэвч бодлогыг зохицуулалтыг бүтээлч байдлаар боловсруулаагүй бол бодлогын хэрэгжилт бодит байдалд үр дүнгээ өгөхгүй, төрийн байгууллагуудын дунд асуудал хаягдан, “хэний буруу” болох нь тодорхойгүй болж, ингэснээр бодлогын хэрэгжилт нь иргэддээ хүндрэл үүсгэж буйг аялал жуулчлалын салбарын жишээ харуулж байна.
Хуулийн хэрэгжилтийн үнэлгээг бодитой хийж, Засгийн газрын бодлогыг олон талын оролцоотойгоор хэрэгжилттэй нь нягт уяж, үр дүнг нь зөв тооцдог байснаар энэ бүх асуудалд цэг тавих боломжтой болно.
Эс бөгөөс иргэд хуулийн алдаанаас үүсэж буй асуудалд амьдралынхаа цаг хугацаа, энергийг дэмий үрж, төрийн байгууллагууд нэг асуудалд хариу өгөхийн тулд тал тал тийш албан бичиг “шиддэг” байдал үргэлжилсээр байх болно.