Клауд үйлчилгээ нь хиймэл оюуныг сургахад нэн чухал үүрэгтэй учраас АНУ-ын зохицуулагчдын анхааралд өртөж эхэллээ.
Хятадын хагас дамжуулагчийн салбарын эсрэг АНУ-ын тавьсан экспортын хориг гол цэг нь болж байсан технологийн дайнд сонирхолтой эргэлт гарлаа. Эл эргэлт нь хиймэл оюуныг загварчлахад ашигладаг клауд платформуудтай холбоотой юм. Клауд технологийн хувьд Хятадын компаниудын хүчин чадал АНУ-ын фирмүүдээс хол хоцорч байна. Гэвч тэд Америкийн клауд үйлчилгээний компаниудыг ашиглан компьютерийн чиглэлд хүчин чадлаа өргөн хүрээнд эрчимтэй нэмэгдүүлж эхэлсэн. Тиймээс АНУ-ын клауд дэд бүтцийг ашиглан Хятад улс хиймэл оюун хөгжүүлж байгааг зогсоохын тулд клауд хэрэглэгчдийг бүртгэх арга ашиглахаар Байдены засаг захиргаа шийдсэн бололтой.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд АНУ-ын Худалдааны яам Amazon Web Services, Microsoft Azure, Google Cloud зэрэг компанийн үйлчилгээг зохицуулах журмуудыг санал болгов. Эдгээр журам нь АНУ-ын холбоотон бус улсууд дахь хөгжүүлэгчдийн клауд хэрэглээ, хиймэл оюуны сургалтыг хянах, бүртгэхэд чиглэж байгаа юм. Эл алхам нь АНУ-ын клауд үйлчилгээ үзүүлэгчдийг технологийн маш олон компани нь (Infrastructure as a Service (IaaS) байдлаар) ашигладаг БНХАУ-ыг шууд бусаар онилж байгаа гэж ойлгож болно. Ингэснээр клауд үйлчилгээний салбар нь санхүүгийн үйлчилгээний салбар шиг “хэрэглэгчээ таних” (KYC) үйлчилгээг ашиглах ёстой болох юм. Нийтэд зориулсан клауд үйлчилгээ үзүүлэгчид нь “хэрэглэгчийг таних программ” ашиглах, бусад улсад ажиллаж буй гадаадын дахин борлуулагчдаас хэрэглэгчийн мэдээллийг нь авах, IaaS-ийг ашиглаж хиймэл оюуны том загварыг сургаж буй бол Худалдааны яаманд мэдэгдэх зэрэг үүргийг тэд хүлээнэ.
Клауд үйлчилгээ үзүүлэгчдийн дагаж мөрдөх ёстой тодорхой арга хэмжээнүүдийг уг журамд тусгах аж. Эдгээр “тусгай арга хэмжээ” нь IaaS үйлчилгээг хэрэглэж буй тодорхой хэрэглэгч, оролцогчдын (тухайлбал БНХАУ) эрхийг хязгаарлах боломжийг клауд үйлчилгээний компаниудад олгох юм. Гадаадын аж ахуйн нэгжүүд АНУ-ын IaaS-ийг шууд ашигласан, дамлан борлуулсан, эсвэл буруу зорилгоор IaaS-ийг байнга ашиглаж байгаа нь илэрвэл АНУ-ын компаниуд арга хэмжээ авах эрхтэй болно. Ийм арга хэмжээний хүчинтэй хугацаа нэг жил үргэлжлэхээс гадна эрхийг нь дахин сэргээх боломжгүй байх аж.
Хиймэл оюуны хөгжүүлэлтэд тэргүүлэх байр сууриа хадгалахын зэрэгцээ хиймэл оюуны салбараа хөгжүүлэх амбицад нь шаардлагатай дээд зэрэглэлийн технологи, үйлчилгээнээс Хятадыг холдуулахыг Вашингтон хичээж буй нь тодорхой.
Гэхдээ хиймэл оюуны сургалтыг зохицуулах гэсэн эдгээр арга хэмжээ нь Хятадын эсрэг үр дүнгээ өгөх эсэх нь тодорхойгүй байна. Тухайлбал, клауд үйлчилгээ үзүүлэгчид чухам юунд тулгуурлаж тайлангаа гаргахыг Худалдааны яам тодорхой болгоогүй.
Технологийн дайны гол цэг нь технологийн хувийн томоохон фирмүүд болж байгаа энэ үед тэд зохих дүрэм журмыг тогтвортой дагаж мөрдөх эсэх нь сорилт хэвээр байна. АНУ-ын клауд үйлчилгээ үзүүлэгчид дэлхийн зах зээлийн дийлэнх хувийг атгаж байгаа ч санал болгож буй журам нь богино хугацаандаа тэдний өрсөлдөх чадварыг бууруулах юм. Учир нь гадаадын компаниудын хувьд нэн чухал хувийн мэдээлэл, хадгалалт, өгөгдөл ашиглах үйлчилгээний эрэлт буурна. Хэдий эл журам нь Хятадыг хязгаарлахад чиглэж байгаа ч Европын компаниудад ингэх сонирхол тун бага байна. Учир нь дижиталчлалын давлагааны ачаар сүүлийн жилүүдэд зах зээл нь нээлтэй программ, алгоритм, хардвэрийн загваруудаар дүүрэн болсон учраас тэд мэдээллээ хуваалцахыг хүсэхгүй нь ойлгомжтой юм.
Өдгөө үргэлжилж буй чипний дайны явц, үр дүнгээс харвал Хятадын компаниуд хууль бус аргаар ч хамаагүй аливаа технологийг шинэчлэх, өөрчлөх, олж авах боломжтой болсон байна.
БНХАУ руу GPU гаргахыг хориглосон экспортын хориг арга хэмжээний 2022 оны тайланг АНУ өнгөрсөн жил гаргахад үр дүн нь хангалтгүй байсан. Nvidia-гийн хиймэл оюуны суурьтай A100, H100 GPU-г Хятадын компаниуд олж авч чадаж байгаа нь эл тайлангаас тодорхой болсон юм.
Өөрөөр хэлбэл, Хятадын компаниудыг дээд зэрэглэлийн хиймэл оюуны дэд бүтцийг ашиглах явдлыг нь АНУ-ын зохицуулагчид зогсоож чадахгүй байна. Тэдний санал болгож буй сүүлийн журам ч үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй. Учир нь Хятадын компаниуд нээлттэй сургалтын загварыг ашиглаж эхлэх, эсвэл дэлхийн бусад улсын хиймэл оюуны том компаниудаас алгоритмыг нь худалдаж авах боломжой хэвээр үлдэнэ.
Гэхдээ клауд үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, Хятадаас давамгай байр сууриа хадгалахын тулд АНУ-ын клауд технологийг Хятад руу чөлөөтэй “урсахаас” сэргийлэх нь нэн чухал гэдэг нь тодорхой. Клауд технологи нь биет зүйл биш учраас санал болгож буй журмыг сахиулах, хэрэгжилтийг нь шалгах бие даасан байгууллага үүсгэх шаардлага бага юм.
Зохицуулагчид клауд үйлчилгээний салбарт улам их анхаарах болсон нь хиймэл оюун технологийн дайны нэг шинэ талбар болж буйг илтгэж байна. Ирээдүйд клауд технологи, алгоритм нь геополитикийн нүүдлийн том тайз ч болох магадлалтай. Түүнээс гадна технологийн томоохон компаниуд нь их гүрнүүдийн хоорондох технологийн өрсөлдөөний золиос болж магадгүй учраас зах зээлийн өрсөлдөөн болон үндэсний аюулгүй байдлын хүчин зүйлийг зайлшгүй анхаарч үзэхээс өөр аргагүй болж байна.
Нийтлэлч: Мега Шривастава
Эх сурвалж: The Diplomat