Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар барилга” олон улсын үзэсгэлэн худалдаа “Чанарыг эрхэмлэе” уриан дор Мишээл экспо төвд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд гуравдугаар сарын 28-31-ний хооронд Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн, дөрөвдүгээр сарын дөрөвнөөс долооны хооронд “Орон сууц, амины орон сууц, барилгын материал, хот тохижилт”-ын чиглэлээр төрөлжиж буйгаараа онцлог болж байна.
З.Одонтуяа: Барилгын салбарын сургалт зөвлөгөөнийг үнэ төлбөргүй зохион байгуулна
Үзэсгэлэнгийн талаар “Мишээл экспо” ХХК-ийн ахлах менежер З.Одонтуяагаас тодруулахад, “Энэ жил Мишээл экспо төвийн 20 жилийн ой тохиож байна. Харин “Улаанбаатар барилга” үзэсгэлэнгээ 19 дэх жилдээ, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Дулаалгын полиестрал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэнд 80 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа танилцуулж байгаа бол дөрөвдүгээр сарын дөрөвнөөс эхлэх арга хэмжээнд маань 90 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлж, бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Турк, ХБНГУ, БНСУ зэрэг гадаадын болон дотоодын үйлдвэрлэгч нар оролцож буйгаараа онцлогтой болж байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Стандартчлал хэмжилзүйн газар болон бусад салбарын аж ахуйн нэгжүүд үнэ төлбөргүй барилгын салбарын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаараа онцлогтой болно” гэлээ.
Д.Батзориг: Бизнес бизнестэй, хэрэглэгч бизнестэй холбогдох гүүр болж байна
Барилгын салбар Монгол Улсын нийт эдийн засгийн 5.3 хувийг эзэлдэг бөгөөд барилгын салбар өнгөрсөн 2023 онд 1.6 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор авчээ. Энэ бол Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбар жил ирэх тусам өсч буйг харуулж буй явдал юм. Мөн 2024 онд гэхэд барилгын салбарт 8.7 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдэх гэж байна. Үүнийг дагасан барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Тэгвэл үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагч БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга Д.Батзориг ийн ярив. “Энэхүү үзэсгэлэн худалдааны хамгийн гол зорилго бол барилгын материалын дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, олон нийтэд танилцуулах, дотоодын болон импортын барилгын материалуудыг үзэсгэлэн сонирхож байгаа ард иргэдэд танилцуулах юм. Мөн энэхүү үзэсгэлэнгийн бас нэг давуу тал бол барилгын салбарт бизнес эрхлэгчид харилцан хамтын ажиллагаа ярих боломжийг олгохоос гадна бизнес хэрэглэгчидтэй холбогдох гүүр болдог” гэсэн юм.
Ц.Амарсанаа: Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт баригдаж байгаа орон сууцны төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна
Үзэсгэлэн худалдаанд хамтран зохион байгуулагчаар орж буй Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаагаас дараах зүйлсийг тодруулсан юм. Тэрбээр, “Өнөөдөр монгол оронд маань хаврын улирал ирж, барилгын салбарын үйл ажиллагаа эхэлж байна. Энэхүү үзэсгэлэн маань хоёр үе шаттайгаар Мишээл экспо хувьцаат компани барилгын салбарын материал үйлдвэрлэгчид болон бүтээн байгуулагч компаниудтайгаа хамтран зохион байгуулдаг. Хоёр дахь үе шат маань дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр эхлэх бөгөөд орон сууц, хувийн орон сууц, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр явагдана. Үүгээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт баригдаж байгаа орон сууцны төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах юм. Орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа ард иргэд маань Мишээл экспо дээр ирж нэг дороос орон сууцныхаа мэдээллүүдийг авч, эндээс сонголтоо хийхэд хялбар дөхөм болдгоороо онцлогтой юм” гэлээ.