Эмэгтэйчүүдийг хөлсгүй хөдөлмөрөөс чөлөөлөх, гэрийн ажлыг дахин хуваарилах, асрахуйн хөдөлмөрийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд ямар гарц шийдэл байгаа талаар, мөн дэлхийн улс орнууд үүнд хэрхэн анхаарал хандуулж буйг энэ удаад онцолж байна.
Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрчүүдийнх 68.3 хувьтай байна. Үүнд, голлон нөлөөлж буй хүчин зүйл бол эмэгтэйчүүдэд асрахуйн хөлсгүй хөдөлмөр, сэтгэлзүйн ачаалал оногдож буйтай холбоотой юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 120 мянган ээж хүүхэд харах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд орж чадахгүй байгаа аж. Азийн хөгжлийн банкны тооцоолсноор манай улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог 63.2 хувь хүртэл өсгөж чадвал 30 жилийн дотор ДНБ -ийг 16 хувиар өсгөх боломжтой гэжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийг хөлсгүй хөдөлмөрөөс чөлөөлөх, гэрийн ажлыг дахин хуваарилах, асрахуйн хөдөлмөрийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд ямар гарц шийдэл байгаа талаар, дэлхийн улс орнууд хэрхэн анхаарал хандуулж буйг онцлон хүргэе.
ХБИ-ийн хувийн туслахын ажлыг мэргэжлийн болгох шаардлагатай
Монгол Улсад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэнд өдөр тутам асаргаа үзүүлж буй хүмүүсийн 75 хувь нь охид, эмэгтэйчүүд бөгөөд тэдний 45 хувь нь ямар нэг цалин хөлс, үнэлгээгүй хөдөлмөрлөдөг гэх судалгаа бий. Төр засгаас өрхийн асаргаа шаардлагатай өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан асарч буй хүнд сард 275 мянган төгрөгийн урамшил олгодог. Гэвч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэд дахин бага дүн юм.
Тэгвэл байнгын асаргаа шаардлагатай иргэдэд тусламж үзүүлж буй хүмүүсийг мэргэшүүлж, зах зээлд өрсөлдөхүйц цалин өгдөг болох цаг нь иржээ. Энэ талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж яваа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо Япон улсын туршлагаар жишээ татан ярьсан юм. Тэрбээр “Япон улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувийн туслахын сонгодог туршлагатай орон. Тэнд хувийн туслах гэдэг тусдаа мэргэжил бий болж, түүгээрээ цалинжаад явдаг хүмүүс олон бий. Манай улсын хувьд 2019 оноос энэ жишгийг бага багаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хувийн туслахын цагийн хөлсийг 3500-5000 төгрөгөөр үнэлж буй. Цаашид энэ тал дээр анхаарал хандуулж хөлстэй, хөлсгүй асрахуйн үйлчилгээ үзүүлэгчдэд ур чадвараа нэмэгдүүлэх боломж олгох, сургах, цагийн ажлын системд шилжих хэрэгтэй” гэв. Үүнийг Асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх бодлогын зөвлөмжид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг олноор бэлтгэн, цагийн ажлын байрны систем, оюутны сайн дурын болон дадлага ажлын зохицуулалттай уялдуулах хэрэгтэй” гэж тусгажээ.
Хүүхдээ асарч буй ээжид төр засгаас сард 50 мянган төгрөгийн цалин өгдөг. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 11 дахин бага тоо юм.
Үүнээс гадна Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлд цэцэрлэг, сургуулиас хүүхэд зөөдөг үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, бодлогоор дэмжих, хүүхэд түр харах үйлчилгээг шинээр нэмэх, санхүүжилтийг хүртээмжтэй хуваарилж, батлах, хянах шаардлагатай гэж дээрх зөвлөмжид онцолжээ.
Асрахуйн ажлын хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэд дахин бага байна
Өнөөдөр манай улсад 0-2 насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажил орхигдсоор байна. Үүнээс шалтгаалан ээжүүд хүүхдээ дор хаяж 2-3 жил асарч, нийгмийн харилцаанд оролцож чадахгүйд хүрч буй. Хүүхдээ асарч буй ээжид төр засгаас сард 50 мянган төгрөгийн цалин олгодог. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 11 дахин бага тоо юм. Түүнчлэн хүүхдийн тоо харгалздаггүй нь тухайн ээж асрахуйн ажлаас хэд дахин ачаалал авч буйд анхаарал хандуулдаггүйн тод жишээ. Мөн гэртээ хүүхдээ хардаг ээж түр хугацаанд хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлүүлж, нэмэлт орлого олсон тохиолдолд улсаас олгодог 50 мянган төгрөгийн цалинг нь шууд хасдаг систем манайд үйлчилж байгаад эдийн засагч Б.Лакшми шүүмжлэлтэй хандаж байв. Үүнээс гадна манай улсад асрагч, сувилагчийн цалин хамгийн бага түвшинд байдаг бөгөөд ихэнх нь өрх толгойлсон ээжүүд, эсвэл ар гэрээ аргагүйн эрхэнд тэжээж буй эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл асрагч, сувилагчдын цалинг нэмэгдүүлснээр асрахуйн хөдөлмөрийг үнэлэх нийгмийн сэтгэлзүйн хандлага өөрчлөгдөх боломжтой билээ.
Жендэрийн мэдрэмжтэй гэр бүлийн бодлого үгүйлэгдсээр
“Цалинтай ээж” хөтөлбөрт “Ээж” хэмээн хүйсийг онцолсон нь эмэгтэйчүүд л хүүхэд асрах, гэрийн ажил хийх ёстой гэсэн хэвшмэл сэтгэлгээг бататгаж буй мэт. Тэгвэл “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Золзаяа “Асрахуйн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд жендэрийн мэдрэмжтэй гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хүүхэд асрах чөлөөг эцэг эхэд тэгш хуваарилах, оролцоог хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд эцэг эхийн аль нэг нь хүүхэд асрах чөлөө авах, чөлөөний хугацааг шилжүүлэх боломжтойгоор нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн ээж аавд аль алинд нь ажил олгогч цалинтай чөлөө олгох, алсын зайнаас болон хагас цагаар ажиллах боломж олгохыг хуульчлах шаардлагатай байна” гэж ярьсан юм. Асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх бодлогын зөвлөмжид “Асрахуйн ажлын талаарх жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах агуулгыг боловсролын бүх шатны хөтөлбөрт тусгах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх шаардлагатай” хэмээн онцолжээ.
Асрахуйн эдийн засгийг хөгжүүлсэн олон улсын туршлагууд
Энэ асуудал зөвхөн манай улсад тулгараад байгаа бус дэлхий нийтээр асрахуйн эдийн засагт анхаарал хандуулж эхэлсэн билээ. Тиймээс олон улсын туршлагаас хуваалцъя.
Финланд улс аавуудад цалинтай чөлөө олгодог
Асрахуйн эдийн засаг хөгжсөн, халамжийн бодлогоороо тэргүүлдэг орнуудын нэг нь Финланд улс. Тус улсад гурваас доош насны хүүхэд цэцэрлэгт явдаггүй, гэрт нь өсгөдөг тул гэр бүлд, хамгийн гол нь эмэгтэй хүнд сонголт хийх боломжийг олгох зорилгоор төрөөс гурваас доош насны хүүхэдтэй өрхөд сард 338 евро, 3-6 настай бол арай бага хэмжээний дэмжлэг олгодог. Мөн ээжүүдэд зориулсан багц олгодог нь хамрах хүрээ, агуулгын хувьд дэлхийд цор ганц, нийгмийн шинэлэг шийдэл бөгөөд аавуудад мөн цалинтай чөлөө олгодог. Багцад эх, нярайд зориулсан чанартай, үзэмжтэй хувцас, хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүн, ном болон бусад зайлшгүй хэрэгцээт зүйлс багтдаг. Үүнээс гадна Финланд улс иргэдээ ойр дотнын хүн, хамаатан саднаа асран халамжлахад зориулан асрахуйн үйлчилгээ, мөнгөн төлбөр болон бусад үйлчилгээгээр дэмждэг. Мөнгөн төлбөр нь сард 393 еврогоос эхэлдэг бөгөөд харгалзан дэмжигч нь ажлаа түр хугацаагаар орхих бол 784 евро байдаг.
Швед найман нас хүртэл хүүхдээ асарч буй эцэг, эхэд тэтгэмж өгдөг
Скандинавын бусад орнууд тухайлбал, Шведэд дээрхтэй ижил төстэй бодлого хэрэгждэг. Найман нас хүртэл хүүхэд асрахад тэтгэмж олгодог бөгөөд хүүхдээ асрахаар ажил, сургуулиа орхисон, ажил хайхаа больсон эцэг, эхэд өдөрт 250-952 крон болон орон сууцны зардлын тэтгэмж өгдөг. Мөн 12-оос доош насны өвчтэй хүүхдээ асрах шаардлагатай ажил эрхэлдэг эцэг, эхэд богино хугацааны тусламж (Хүүхэд хүнд өвчтэй, байнгын анхаарал халамж шаардлагатай бол 16, эсвэл 18 нас хүртэл) олгодог. Үүний зэрэгцээ Финланд, Швед улс нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд дэлхийн бусад улс оронд сайн жишиг болохуйц нийгмийн цогц бодлогыг олон төрлөөр хэрэгжүүлдэг билээ.
Франц улс хүүхдийн асрагч, цэцэрлэгийн зардалд тэтгэлэг олгодог
Асрахуйн эдийн засгийн загвар сайн хөгжсөн Европын өөр нэг улс бол Франц. Тус улс жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжийг зөвхөн ажилтай гэлтгүй ажил хайгч, түр ажилгүй болсон эмэгтэйчүүдэд (Сүүлийн 12 сарын дотор) ч олгодог. Үүнээс гадна эхчүүдэд өдөрт 86 евро хүртэлх тэтгэмж олгодог байна. Мөн түр хугацаагаар ажилгүй байгаа (Сүүлийн 12 сарын дотор) аавуудад тэтгэмж олгодог. Түүнчлэн Францад гэр бүлд (Ажил эрхэлдэггүй ч) хэд хэдэн тэтгэмж олгодог нийгмийн даатгалын код бий. Мөнгөн тусламж нь дунджаар 422 евро байдаг. Цаашилбал, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй (Бүгд 20-иос доош настай, орлого нь 982.42 еврогоос доош) гэр бүлд зориулсан байнгын тэтгэмж ч бий. Үүний зэрэгцээ хүүхэд төрсний дараа 970 еврогийн нэг удаагийн тэтгэмж олгодог бөгөөд Финландтай адил зургаа хүртэлх насны хүүхдээ асрахад дэмжлэг үзүүлдэг. Ажил эрхэлдэг эцэг, эхчүүдэд хүүхдийн асрагч, цэцэрлэгийн зардалд нь ойролцоогоор 240 (0-3 насны хүүхдэд) – өөс 481 евро (3-6 насны хүүхдүүдэд) хүртэлх тэтгэлэг олгодог.
Харин Герман улсын хувьд мөн л хэд хэдэн нийгмийн багцыг санал болгодог. Жишээлбэл, “Эцэг эхийн тэтгэмж” буюу хүүхэд төрүүлэхээс өмнө олдог байсан орлогын нийлбэрийн 67-оос доошгүй хувийг сар бүр 1800 еврогийн хязгаартайгаар 12 сарын хугацаанд олгодог. Хэрэв ажил эрхэлдэггүй бол тэтгэмж нь 300 еврогоос дээшгүй байдаг.
Чех улс аавуудын оролцоог сурталчилсан кампанит ажил хийж байна
Зүүн Европын улс орнуудын загварыг Чех улсаар жишээ болгон харуулбал: “530 орчим еврогийн нэг удаагийн санхүүгийн тусламжийг хүүхэд төрсний дараах зайлшгүй зардалд зориулан олгодог. Мөн “Эцэг эхийн уян хатан тэтгэмж” хэмээх хүүхэд асрах, санхүүгийн тусламж үзүүлэх олон талт тогтолцоотой. Эцэг, эхчүүд хүүхдээ гурван нас хүртэл 1-4 жилийн багцаар хүүхэд асрах чөлөө авах боломжтой. Мөн хүүхдийн тэтгэмжээ авахын зэрэгцээ цалинтай ажил эрхлэх боломжтой байдаг. БНЧУ-д аавуудын тухай телевизийн баримтат кино гаргах гэх зэргээр сурталчилдаг боловч эрчүүдийн оролцоо харьцангуй бага. Хэдий тийм ч, энэ чиглэлээр өрнүүлж буй кампанит ажлууд жендэрийн тэгш байдлыг хангахад эерэг үр дүн авчирсаар байна. Цаашилбал, 10-аас доош насны хүүхэдтэй хүмүүст гэр бүлийн гишүүн нь өвдсөн, цэцэрлэг, сургууль хорио цээрийн улмаас хаагдсан зэрэг шаардлагатай үед асрамжийн тэтгэмж олгодог. Түүнчлэн эрүүл мэндийн байдал хүндэрсэн гэр бүлийн гишүүн, хамаатан саднаа долоо хоногоос дээш эмнэлэгт хэвтэх, эсвэл 30 хоногоос дээш гэрээр асран сувилах шаардлагаар түр хугацаагаар ажиллах боломжгүй болсон бол урт хугацааны асрамжийн тэтгэмж олгодог. Амьжиргааны доод түвшин болон гэр бүлийн орлогын зөрүүг төр хариуцаж, доогуур орлоготой өрхүүдэд санхүүгийн тусламж үзүүлдэг байна.
Балтын тэнгисийн орнуудад гэр бүлийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг
Балтын тэнгисийн орнуудын тоонд багтах Литва, Латви, Эстони улс нийгмийн хөтөлбөр, асрахуйн эдийн засгийн хөгжлийн төстэй чиглэлтэй бөгөөд хүүхэд төрүүлэх, асрах чиглэлээр гэр бүлийг дэмжих институтийн зарчимд суурилсан хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Литвад хоёр нас хүрээгүй хүүхэдтэй гэр бүлд үндсэн орлогын 75 хувьтай тэнцэх, 2-18 хүртэлх настай (оюутан бол 23 нас хүртэл) бол 40 хувьтай тэнцэх тэтгэмж олгодог.
Латви улсад 1-15 насны хүүхэдтэй гэр бүл (оюутан бол 20 нас хүртэл) мөн ижил төрлийн тэтгэмж авдаг. Хоёроос доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд сар бүр 171 еврогийн хүүхэд асрах тэтгэмж өгдөг. Хүүхэд төрсний дараа буюу үрчлэгдсэний дараа олгох нэг удаагийн тэтгэмж нь ойролцоогоор 421 евро байдаг.
Эстони улсын хувьд 16-аас доош насны (оюутан бол 19 хүртэлх насны) хүүхэдтэй бол эхний хоёр хүүхдэд сард 55 евро, гурав дахь болон дараагийн хүүхдүүдэд сар бүр 100 еврогийн хүүхдийн тэтгэмж олгодог. Харин гурваас доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд сар бүр ойролцоогоор 76.7 еврогийн хүүхэд асрах тэтгэмж олгодог.
Канад улс асрахуйн эдийн засгийг үр дүнтэй хөгжүүлж байна
Канадад жилд 31,120 канад доллараас доош орлоготой гэр бүлд хүүхдийг нь 18 нас хүртэл тэтгэмж олгодог. Тэтгэмж авахын тулд асран хамгаалагч нь жил бүр орлогын мэдүүлэг өгдөг бөгөөд орлого нь дээрх босгыг давсан бол тэтгэмжийг зохих хэмжээгээр бууруулдаг. Харин зургаагаас доош насны хүүхдэд зориулсан тэтгэмжийн тухайд жилд ойролцоогоор 6,639 буюу сард 553,25 канад доллар байдаг бол 6-18 насны хүүхэдтэй өрхөд жилд дунджаар 5,602 буюу сард 466,83 канад доллар олгодог байна.