“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн II шатны үр дүнгийн хурлын тоймыг хүргэж байна.
ХӨНДСӨН СЭДВҮҮД
- Бизнесийн ёс зүй гэж юу вэ. Ямар ач холбогдолтой вэ?
- Тогтвортой хөгжлийн бодлогоор хэрхэн хөрөнгө оруулалт татах бэ?
- Бизнесийн ёс зүйд хэрхэн суралцах вэ?
Хүн хоорондын бүхий л харилцаа хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг барьж, зөв, шударга зарчимтай байж чадвал илүү сайн ойлголцож, хамтран ажиллахад төвөггүй болдог. Энэ утгаараа бизнесийн байгууллагууд өнөө үед илүү тогтвортой өсөлтийг бий болгохын тулд ёс зүйн хэм хэмжээгээ зөв тодорхойлж, хариуцлагатай, шударга байдлыг үйл ажиллагааныхаа бүхий л шатанд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан 2021 оноос эхлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Рио Тинто Монгол ХХК, Трансперенси Интернэшнл Монгол ТББ хамтран “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн ёс зүйн төв”-ийг үүсгэн байгуулсан юм. Тэгвэл энэ сарын 4-нд дээрх төслийн хоёрдугаар шатны үр дүнгийн хурлыг МҮХАҮТ-ын Их танхимд амжилттай зохион байгуулаад байна.
Уг хурлыг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: “Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй өнөө цагт бизнес эрхлэгчид эерэг нөлөөллөө нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа илүү хариуцлагатай болгох зайлшгүй шаардлагатай тулгарч байна” гэдгийг онцоллоо. Харин, Рио Тинто Монгол ХХК-ын гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: “Рио Тинто группийн хувьд 36 улсад 50 мянган хүнтэй мега бизнесийг амжилттай авч явах суурь нь дэлхийн хаана ч үйл ажиллагаа явуулсан ил тод байдал, хүнлэг үйл ажиллагаа, ёс зүйн дүрмийг чанд баримталдагт оршдог” хэмээн тодотгосон юм.
НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра: “МҮХАҮТ болон “Рио Тинто Монгол” ХХК-д ёс зүйн төслийг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлье. НҮБ нь МҮХАҮТ-тай хамтран НҮБ -ын Даян Дэлхийн гэрээний талаар бизнес эрхлэгчдэд мэдлэг, ойлголт түгээх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийж буй. Энэ нь бизнесийн салбарт тогтвортой хөгжлийг дэмжих олон улсын санаачилга юм” гэлээ.
ҮНДСЭН ИЛТГЭЛҮҮДИЙН ГОЛ САНАА
Төслийн II шатны үр дүнг үнэлсэн судалгааг МҮХАҮТ-ын Эдийн засгийн судалгааны институтын дарга О.Түмэн-Амар танилцуулахдаа:
“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны үр дүнгийн судалгаанд оролцогчид Бизнесийн ёс зүйн талаарх сургалтыг цаашид бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж, ойлгомжтой болгох, сургалтад хамрагдагсдын боловсрол, мэдлэгийн түвшинд тохируулж, зааварчлах хэрэгтэй. Харилцан туршлага судлах, солилцох арга хэмжээ зохион байгуулж байхыг хүсэж байна. Сургалтын агуулгыг нарийвчлан төрөлжүүлж баяжуулах, эргэх холбоо, хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэх зэрэг санал санаачилгыг илэрхийлж байсан” гэлээ.
Судалгаанд оролцогчдын 67.9 хувь нь Бизнесийн ёс зүйн төвөөс санал болгодог бизнесийн ёс зүй, комплаенсын сургалт арга хэмжээнээс сурсан мэдлэг, туршлагадаа үндэслэн байгууллагадаа үүнтэй холбоотой ажлыг ямар нэг байдлаар санаачлан хэрэгжүүлсэн байна. Үүнээс 38.6 хувь нь ёс зүйн дүрэмтэй болсон, 28.1 хувь нь байгууллагадаа ёс зүйн хороо байгуулсан, 14 хувь нь авлига хээл хахуулийн тухай бодлоготой болсон зэрэг үр дүн гарсан байна. Бизнесийн ёс зүйн төвийн төслийн II шатны үйл ажиллагааг үнэлсэн судалгаанд тус төвийн үйл ажиллагаанд хамрагдсан болон хамрагдаагүй, эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бичил, дунд, том 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагджээ.
“Премиум Нэксус” ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг “Хувийн хэвшилд бизнесийн ёс зүйг бий болгох нь” илтгэлдээ:
“Манай компанийн хувьд бизнесийн ёс зүй, шударга байдлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цөөнгүй дүрэм хэрэгжүүлж байна. Тухайлбал, бид үйлчлүүлэгчдээ батлагдаагүй мэдээллээр реклам хийхгүй байх, улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх дүрэмтэй.
Мөн 2900 ажилтнаа сэтгэл ханамжтай байлгахын тулд асуумж бөглүүлдэг. Ур чадвартай ажилтнаа алдахгүйн тулд ажлын байран дахь сэтгэл хангамж, цалингийн системд нь анхаарч байна. Мөн үйлчлүүлэгч, ажилтан, харилцагч зэрэг бидний бизнестэй хамааралтай бүх талбарынхны алийг нь ч гомдоохгүй, тэнцвэртэй, ёс зүйтэй харилцааг төлөвшүүлэхийг хичээж байна. Ур чадвартай нэг ажилтнаа алдахад компанийн ашиг орлого тодорхой хугацаанд буурах эрсдэлтэй байдаг. Тиймээс ирээдүйд манай компанийн гүйцэтгэх захирал болох залуу өнөөдөр ажлын гараагаа касс дээр зогсох, бараа өрж, агуулахад түгээлт хийхээс эхлүүлж байж ч болох учраас ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой, урт хугацаанд ажиллуулахад нь анхаардаг.
“ХААН Банк”-ны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар “НҮБ-ын даян дээрхийн гэрээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Даян дээрхийн гэрээг хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн сайн туршлага” илтгэлдээ:
Мянганы хөгжлийн залгамж, тогтвортой хөгжлийн зорилтууд 2016 оноос эхэлсэн. 2010 онд ХААН Банк Даян дэлхийн гэрээнд элсэн орсон. Тиймээс манай банканд хандаж буй төслүүд нийгэм, байгаль орчинд өндөр эрсдэлтэй бол зээл өгөхөөс татгалздаг системд шилжсэн. ХААН Банк тогтвортой хөгжилд манлайлагч байхыг зорьж ирсэн. Сүүлийн үед тогтвортой хөгжил гэж их яригдаж буй ч өмнө нь байж л байсан зүйл. Бидний хувьд тогтвортой хөгжлийн санхүүжилтээр солонгорсон санхүүгийн эх үүсвэрүүдийг гаднаас татаж, хэрэглэгчдэд тараан хүргэх, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд байгаль орчны засаглалын эрсдэлийг санхүүгийн хөшүүргээр дамжуулан хариуцлагатай болгоход анхаарч байна. Мөн банкны цахим системийг харааны бэрхшээлтэй хүмүүс хэрхэн ашиглах вэ, ажилтнуудад алсаас ажиллах боломжийг хэрхэн олгох вэ гэх зэргээр хүний эрхийг хамгаалсан ёс зүйтэй байх бодлогод илүүтэй анхаарч байна.
ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ КОМПАНИУДЫН ТУРШЛАГА
Хэлэлцүүлгийн модератор, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн зөвлөх Д.Ерөө
Том, жижиг гэлтгүй бүхий л компани үнэ цэнийг бий болгохын тулд хариуцлагатай, шударга тэгш, ёс зүйтэй үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Ёс зүй нийгэмд итгэлцлийг бий болгодог. Ингэснээр байгууллагын эдийн засаг тогтвортой өсөлттэй болох боломжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй панелистуудын сайн туршлагаас сонслоо. Харвардын их сургуулийн судалгаанд дурдсанаар ёс зүйн асуудлыг маш сайн хэлэлцэж ярилцаж байх ёстой. Тэгэх тусам ёс зүйтэй болдог. Ярихгүй цааргалах тусам ёс зүйгүй болно. Мөн буруу, зөвийн тухай ярих биш, үнэ цэнтэй шийдвэр гаргах нь л ёс зүй юм гэсэн байдаг.
“Юнител” группийн Эрсдэлийн удирдлага, комплаенс хариуцсан дэд захирал Л.Пагамсүрэн
Ажиллах хүчний хомсдолтой байгаа өнөө үед ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, ажилчдаа тогтвортой ажиллуулах чухал. Соёл нь шударга, ээлтэй, цаашид өсөж дэвших боломжтой, өрсөлдөхүйц цалин урамшууллын системтэй шударга компанид хүн тогтвортой ажиллана. Мөн гадаад хүчин зүйл талаасаа хөрөнгө оруулагч, гадаад нийлүүлэгч, харилцагчдад манай групп компанитай харилцахад амар, төвөггүй байх ёстой. Хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг олж авах нь компанийн нэр хүндийг өсгөх өгөөж юм. Ингэснээр зөвхөн дотоодын банк, байгууллага гэхээсээ илүүтэйгээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, IPO хийх хүртэл боломжтой.
“Голомт банк”-ны Байгууллагын хөгжлийн газрын захирал А.Ганчимэг
Банкны салбарт ёс зүй өндөр түвшинд яригддаг. Бусдаас татан төвлөрүүлсэн мөнгөн дээр бизнес хийж ажилладаг учраас өдөр тутам цаг, минут бүр бизнесийн ёс зүйн дүрмийг нарийн мөрдөх шаардлагатай байдаг. Манай байгууллагад ТУЗ-ийн батлуулсан “Бизнесийн ёс зүйн дүрэм” гэж бий. Энэ дүрмийг хэрхэн мөрдөхийг ажилтнууддаа нарийн зааж зөвлөж, дагаж мөрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар манайд нийт 167 ёс зүйн төлөөлөгч бий. Эдгээр төлөөлөгчийг бид дотроосоо томилдог. Тэдний үйл ажиллагаагаар дамжуулан бид ажилтнууддаа ёс зүйн мэдлэг, мэдээлэл тогтмол өгдөг. Мөн хоёр жил тутамд нэг удаа ёс зүйн форумыг зохион байгуулж байна.
Говь ХК-ийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Э.Ивгээл
2022 оноос хойш үнэт зүйлсээ шинэчлэх, шүгэл үлээх системийг бид дотооддоо бий болгосон. Ингэснээр хамгийн ойр ажиллаж буй хүн нь IP хаягаа нууцлан, удирдлагын тухай ёс зүйн алдааг ТУЗ -д дамжуулах боломж бүрдсэн. Харин ажилтнуудынхыг хариуцсан удирдлагууд нь илгээдэг. Гэхдээ манай компани ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх нийт ажлын 70 орчим хувьд урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд бүх газар нэгжийн төлөөллүүдээс ёс зүйн элчийг томилон ажиллаж байгаа. Мөн үүссэн асуудалд хэрхэн зөв шийдвэр гаргах вэ гэдэгт илүү ач холбогдол өгч анхаарч ажиллаж байна. Хүний нөөц дутагдалтай энэ үед хүн хоорондын буруу харилцаа гомдлоос үүдэн нэг нь ажлаасаа гарах тохиолдол ч бий. Тиймээс ёс зүйн асуудалд зөв шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Үүнээс гадна бид гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийг чадавхжуулах, ёс зүйтэй бизнесийн түнш байхад анхаарал хандуулж байна.
“Бармон трейд” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Чин-Өлзий
Манай компани жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Бид бизнесийн ёс зүйн дүрмийг боловсруулан, хэрэгжүүлж байна. ЖДҮ эрхлэгчдийн бүтэц цомхон байдаг учраас гүйцэтгэх удирдлага өөрөө хамгийн ёс зүйтэй байж бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэж би ойлгодог. Манай компани түрээсийн үйлчилгээ үзүүлдэг, 150 гаруй харилцагчтай. Ёс зүйн төвөөс 2023 онд сургалт авч байсны маань үр дүн гарч эхэлж байна. Тухайлбал, ажилтнуудын маань хувийн хөгжилд эергээр нөлөөлсөн. Ёс зүйг дагаж мөрдсөнөөр ажлын бүтээмж өсөж, тогтвортой үйл ажиллаагаа явуулах боломж бүрдэж байна гэж үзэж байна.
“Дайчин Дээдэс Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цэрэндолгор
Манай компани Өмнөговь аймагт барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг. Бид “Оюу толгой” компанитай хамтран ажиллах хүсэлт өгөх бичиг баримт бүрдүүлж яваад “Бизнесийн ёс зүйн төв”-ийг олж мэдсэн. Бидэнд анх тун шинэлэг ойлголт байлаа. Уг төвөөс сургалт авснаар бид компанийн соёл болгон хэрэгжүүлж эхэлсэн нь маш үр дүнтэй байгаа. Өмнө нь ажлаа чанартай сайн хийх ёстой гэсэн ганцхан зүйлд л төвлөрдөг байсан бол бизнесийн ёс зүйд суралцсанаар компани тогтвортой, өсөлттэй удаан оршин тогтнох боломжтой юм байна гэдгийг ойлгосон” гэв.
“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх нь төсөл”-ийнхөө хоёрдугаар шатанд “Бизнесийн ёс зүйн төв” төр, хувийн хэвшлийн нийт 264 байгууллагын 695 оролцогчийг сургалтад хамруулж, бизнесийн ёс зүй, комплаенсын талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах хэлэлцүүлэгт 345 байгууллагын 540 оролцогчийг хамруулжээ. Мөн 20 гаруй бизнесийн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Түүнчлэн МҮХАҮТ-ын сайтад цахим номын сан байршуулан ажиллуулдаг бөгөөд салбарын мэргэжилтнүүдийг шаардлагатай ном, гарын авлага судалгааны материал зэрэг мэдээ, мэдээллээр тогтмол хангаж буй.
Хэрэв та компанидаа бизнесийн ёс зүйг төлөвшүүлж, сургалт зөвлөгөө авах, туршлага солилцох хүсэлтэй бол МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнесийн ёс зүйн төв”-д хандах боломжтой.
Н.Ганчимэг