Гоё үг хэлж болно, гэхдээ түүнийгээ үйлдэл болгох хэрэгтэй. Компани өөрөө засаглал, санхүүгийн тал дээр ажилтнууд болон харилцагчдадаа итгэл өгөхүйц чадамжтай болох ёстой. Энэ чадамжийг бэхжүүлэх нь захирлын хийх гол ажил юм.
Шинэ жилийн баяр дөхөж байлаа. Э.Жавхланбаяртай хамт ажилладаг хоёр найз бүсгүй нь саяхан авсан кредит картаа ашиглаад Бээжин явж аялангаа баярын даашинз авах санал гаргав. Зэс картаа зах зээлд нийлүүлээд удаагүй байсан Голомт банкныхан хэдхэн хоногийн өмнө тэдний ажил дээр ирж кредит карт гэж юу болох, хэрхэн ашиглаж болдог талаар сургалт орж, зээлийн эрх нээж өгчээ.
Э.Жавхланбаярт таван сая төгрөгийн зээлийн эрх нээгджээ. Гэвч түүний толгойд Бээжингийн дэлгүүрүүдээс илүү Хятадын хэдэн жижиг хотод байх үйлдвэрүүдийн тухай бодол эргэлдсээр байв. Төлөвлөсөн газруудаараа явж амжихын тулд, зардлаа хэмнэхийн тулд буудлын өрөөгөө хуваалцаж, метронд заримдаа суудалгүй, вагон хоорондын залгаасан дээр зорчиж явахаас аргагүй өдрүүд ч байлаа.
Кредит картынхаа мөнгөөр өөртөө юу ч авч чадсангүй. Найз хүүхнүүд нь Бээжингийн паркуудаар зугаалж, шоппинг хийж байхыг хараад “Хэзээ надад ингэж явах боломж олдох бол?” хэмээн эмэгтэй хүний хувиар дотроо атаархаж байв. Тэрбээр ирээдүйд амьдрал болох эсэх нь мэдэгдэхгүй бизнес санаагаа хөөж явсан юм. Хэдийгээр зах зээлийн орон зайг том зургаар нь олж харж чадсан, чамгүй түвшинд санхүүгийн тооцоолол хийчихсэн, шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эдээ судалж явсан ч жинхэнэ бизнес болоход ямар бэрхшээл, саад учрах талаар ямар ч төсөөлөлгүй байлаа. “Уулын оройг олж харчхаад л тэр чигээрээ зүтгэчихсэн. Замдаа ямар чулуунд бүдэрч, хөл гараа яаж гэмтээх талаар юу ч бодоогүй. Би алаад өгнө өө л гэж бодож байсан” хэмээн Э.Жавхланбаяр дурсав.
Бизнесийнх нь түүхийг сонсоход эрсдэл гаргах нь бизнесийн салшгүй нэг хэсэг гэдэг нь улам батлагдана. Түүний тухайд эрсдэл гэдэг хэвийн зүйл байгаад зогсохгүй заримдаа хэтэрсэн юм биш үү гэж хэлэхээр түвшинд байжээ. Давхар биетэй хэрнээ үүргэвчээ үүрээд Хятад, Японы хотуудаар үйлдвэрүүд хэсэж явахдаа үүргэвчнээс гадна эрсдэлээ ч давхар үүрч явав. Отгон охиноо дутуу тээлттэй төрүүлчхээд эмнэлэгт бизнесийн төслөө бичсээр байхдаа ч эрсдэл хийсээр байсан, эмнэлгээс гараад ахиад үүргэвчээ үүрээд гарахдаа ч эрсдэл дагуулсаар гарсан. “Тухайн үедээ энэ талаар ухамсарлаагүй, дэндүү зоригтой алхмууд хийж байсан. Одоо түүнийгээ бодохоос айдаг” хэмээн Э.Жавхланбаяр ярив.
Гэхдээ өнөөдөр түүний бойжуулсан хоёр “хүүхэд” хэдийнээ бие дааж эхэлжээ. Нэг нь сургуулийн сурагч, нөгөө нь 90 гаруй компанид 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгч болоод байна.
АПУ-ийн асуудалтай нийлүүлэгч: Then and now
Ард санхүүгийн нэгдэлд аудитораар ажиллаж байхдаа хүнсний болон ахуйн хэрэглээний сав баглаа боодол, гялгар уутны үйлдвэрлэл эрхлэх тухай бодож эхэлсэн бөгөөд Японд нэгэн үзэсгэлэнд оролцсоны дараа түүндээ улам итгэлтэй болсон байна. Аливааг төгс хийхийг зорьдог уламжлалтай, сав баглаа боодол нь хэдэн давхар ч тун ойлгомжтой заавартай хийгддэг япон бүтээгдэхүүнтэй харьцуулахад Монголоос ирсэн бүтээгдэхүүний сав баглаа боодол тун болхи харагджээ. Хэдийгээр оригинал, чанартай гэгддэг ч буруу нээгддэг, нээгдэхдээ урагддаг, үзэмж муутай, өнгө, текст нь олон улсын стандартад нийцээгүй зэрэг алдаанаас болж Японы том супермаркетуудын лангуунд тэнцэхээргүй байгааг тэр анзаарсан байна. Нэг үгээр, монгол бүтээгдэхүүн хэчнээн чанартай байлаа ч чанаргүй сав баглаа боодлоосоо болж үнэ цэн нь буурч буйг ойлгожээ.
Э.Жавхланбаяр нийтдээ гурван жил орчим ирээдүйн бизнесээ судалж, төслөө бичиж явсаар 2019 онд анх тоног төхөөрөмж, түүхий эдээ татан, гадаадаас мэргэжилтэн авчирч үйлдвэрээ угсраад 2020 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хэдэн жил дотроо бойжуулсан бизнес нь одоо л биеллээ оллоо гэж бодтол бодит амьдрал тэс өөрөөр эргэв. Эхлээд энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоо байхгүйг анзаарч, бизнест машин биш, хүн хамгийн чухал байдгийг ойлгов. Ямар ч байсан нөхрөө оролцуулаад гурвуулхнаа эхэлж, цаашдаа хүний нөөцөө цоо шинээр хөгжүүлэхээс өөр арга байсангүй.
Түүнд энэ салбарын шаардлагатай мэдлэг, ур чадвар анхнаасаа байгаагүй ч “Энэ л зам мөрөөр зүтгэх ёстой” гэсэн мэдрэмж нь хэзээ ч хуурч байсангүй.
Шинэ бизнес, тэр дундаа үйлдвэрлэлийн жижиг бизнес жаахан хүүхдээс огт ялгаагүй. Үүсгэн байгуулагч хэчнээн эрч хүчтэй, хүсэл зоригтойгоос үл хамаарч ийм үед нь туршлагатай түнш, алсын хараатай хөрөнгө оруулагч зайлшгүй хэрэг болдог. Э.Жавхланбаярын хувьд түүний жижиг үйлдвэрийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн том түнш нь АПУ ХК байв.
Энэ компанийн шаардлагыг хангана гэдэг маш хэцүү даваа байлаа. Байсхийгээд л “Царамтайн Арвайгаас болоод үйлдвэрийн шугам зогсчихлоо” гэсэн мэдээ хүлээн авч дуудагдана. Өөрөө ороод юу ч шийдэж чадахгүй хэрнээ зогссон шугам дээр очихоос өөр аргагүй. “АПУ-ийнхан байдаг Viber группт мессэж ирэх болгонд би өөрийн эрхгүй салганадаг байсан” гэж тэр ярив.
Харин өнөөдөр “Царамтайн Арвай” ХХК нь АПУ ХК-ийн бүх ус, ундааны шошгыг үйлдвэрлээд зогсохгүй технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн түвшинд хамтран ажиллаж байна. Тухайлбал, ус ундааны шошгыг хоёр давхар материалаар хийдэг байсныг нэг давхар болгожээ. Ингэснээр хоёр давхар материал нь соронзлогдох асуудал байсныг бүр мөсөн арилгаж, үйлдвэрлэлийн үе шатыг цөөлж, бүтээгдэхүүний өртөг, үйлдвэрийн зардлыг бууруулж чадсан байна. Мөн шар айрагны баглааг нь өөр нэгэн компанийн шаардлагын дагуу дөрвөн өнгөнд биш, тэдний хүссэнээр буюу найман өнгөөр хэвлэх технологи болон хүний нөөцийн чадамжтай болсон байна. Энэ мэтээр тус үйлдвэр захиалсны дагуу үйлдвэрлэхээс гадна тухайн сав баглаа боодол, гялгар уутны загвар гарахаас өмнө харилцагчдадаа зөвлөж ажиллах түвшинд очсон юм.
ХХБ-ны хэцүү харилцагч: Then and now
Гадаад, дотоод гэлтгүй бизнесийн орчны амьдралаас анзаарахад энтрепренер хүн бий болдог, хөгждөг нэгэн зүй тогтол бий. Нэг талаас тухайн үеийн нийгэм, эдийн засгийн орчин, тэнд шийдэгдэхгүй байгаа асуудал ба сорилт, боломж, нөгөө талаас тэдгээрийг хэрэгжүүлэх санаа тээсэн бие хүний араншин, эрч хүч нь тухайн бизнесийг амилуулах гол нөхцөл болдог. Э.Жавхланбаярын хувьд энтрепренерийн тэрхүү араншин, бууж өгдөггүй характер нь арилжааны банкнуудтай харьцахад, үйлдвэрээ нээгээд удаагүй байхад нь эхэлсэн цар тахлын нөхцөлд илэрсэн юм.
Түүнд бизнесийн санаанаас өөр юу ч байгаагүй учраас үйл ажиллагаа эхлүүлэх санхүүгийн эх үүсвэр олох эрэлд гарчээ. Монголын нөхцөлд хамгийн нийтлэг хувилбар нь банкны зээл. Гэвч энэ нь амар байсангүй. Тэр зургаан банканд зээлийн хүсэлт өгсөн боловч бүгд татгалзсан хариу өгчээ. Гэхдээ нэг банкнаас татгалзсан хариу аваад төслөө дахин сайжруулж, илүү судалгаа хийж дараагийн банканд хандаж явав. Нялх биетэй эмнэлэгт байхдаа ч төслөө сайжруулсаар байв. Учир нь энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх боломж байгаа гэдэг итгэл үнэмшил нь түүнийг хөтөлсөөр байсан юм. Үр дүнд нь, долоо дахь банкнаас хөрөнгө оруулалт хийх шийдвэр гарчээ.
“Царамтайн Арвай” ХХК сав баглаа боодол, шошго, гялгар уутны чиглэлд 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 90 гаруй компанид нийлүүлж байна.
Дараа нь үйлдвэрээ нээгээд л мөнгөний машин угсарчихлаа гэж бодож байтал үнэндээ бэрхшээл үйлдвэрлэдэг машин угсарчихсанаа ойлгов. Хамгийн эхний цохилт нь цар тахал байв. Энэ үеэр олон бизнес хаалгаа барьсан ч Э.Жавхланбаяр харилцагчдын захиалсан бүтээгдэхүүнийг яаж ийгээд нийлүүлэхийн тулд, улмаар үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд болохоос болохгүйг хүртэл бүх алхмыг хийсэн байна. Хил хаагдахаас гурван хоногийн өмнө наашаа хөдөлсөн гурван чингэлэг нь Замын Үүд-Эрээний хил дээр гацсаны дараа бүтэх эсэхийг нь мэдэхгүй ч “стратегийн хүнсний үйлдвэрлэлд хэрэгтэй” гэсэн үндэслэлээр холбогдох бүх газрын хаалгыг татаж, чингэлгийг нь татаад өгөөч гэсэн хүсэлт тавьж явав. Энэ талаараа “Асуудлын ард яаж ийгээд гарах ёстой гээд л зүтгэсэн” хэмээн тэр ярьж байна. Эцэст нь нүүрс тээвэрлэдэг Ханги боомтоор нүүрсэн дунд түүхий эдээ тээн авчруулжээ. Харамсалтай нь, уг түүхий эдийг хэдийнэ ашиглах боломжгүй болж, шинжилгээний хариу нь “Устгалд оруул” гэсэн дүгнэлттэй гарав.
Цар тахлын улмаас тэр Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) -ны хамгийн асуудалтай харилцагчдын нэг болсон байна. “Царамтайн Арвай” ХХК орлоготой байгаа мөртөө яагаад зээлээ төлөхгүй байна гэсэн асуудал яригдав. Улмаар зээлийн мэргэжилтнүүд нь газар дээр нь очиж зээлийг нь төлүүлэхээр үйлдвэр дээр иржээ.
Энд Э.Жавхланбаяр үнэхээр шазруун араншинтай, хатуу самар гэдгээ харуулав. Тэрбээр “Та нар зээлээ нэхэхийн оронд надад нэмж зээл өгөх хэрэгтэй” гэсэнд банкныхан гайхаж хоцорчээ. Гэвч уг шаардлага үндэслэлтэй байв. Учир нь “Царамтайн Арвай” ХХК орлого олж байгаа нь үнэн, зээлийн эргэн төлөлтөө тасалдуулж байгаа нь үнэн ч байгаа жаахан орлогыг нь банк зээлдээ авчихвал харилцагчдадаа бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй болохоор байлаа. Ингэсэн тохиолдолд харилцагчдын бизнес тасалдаж, доголдсоноор Э.Жавхланбаярын бизнес нь мөн зогсож, үр дүнд нь, банк нэг чухал харилцагчаа алдаж болохоор байв. Зээл төлөхөө хойшлуулан жаахан орлогоо дарж байгаад захиалсан ч нүүрсэн дунд тээвэрлэснээс болж устгалд оруулахаар болсон түүхий эдээ хүртэл тэдэнд үзүүлжээ. Тиймээс “Та нар үнэхээр үүнийг хүсэж байна уу?” гэхэд нь банкныханд хэлэх үг олдолгүй, нэмэлт зээл олгох шийдвэртэй буцаж байв.
Энэ тухай ХХБ-ны удирдлага олж сонсоод, тэрхүү “этгээд” харилцагчтай өөрөө уулзахаар үйлдвэр дээр нь ирээд энэхүү бизнесийн потенциалыг хадгалахын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэдгийг ойлгосон байна. Эдүгээ “Царамтайн Арвай” нь асуудалтай харилцагч биш, харин Монголын томоохон банкнууд зээл олгохын төлөө “булаацалддаг” харилцагч болж хувирчээ.
Уг түүхээс бид нэгэн чухал зүйлийг олж анзаарах хэрэгтэй. Монголд банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо эрсдэлээ бодож одоогийн мөнгөн урсгалд тулгуурлаж зээл олгох нь нийтлэг. Мэргэжлийнхэн энэ талаар “Балансад тулгуурлаж бизнесийг үнэлэх” гэж ярьдаг. Харин хөгжингүй орнуудад бизнесийн ирээдүйн үнэ цэнийг харгалзаж хөрөнгө оруулалт хийдэг соёл бий. Зарим мэргэжилтэн жижиг, дунд бизнесүүд хөгжихгүй байгаагийн нэг гол шалтгааныг алсын хараа, зорилгод бус орлого, зарлагад үндэслэсэн үнэлгээтэй холбон тайлбарладаг.
ХХБ тухайн үедээ зээл төлөлтөө тасалдуулсан бизнес эрхлэгчид нэмж зээл олгож, тэр нь оновчтой шийдвэр болсон нь өнөөдөр тус банкны зээлийн эдийн засагчдын хувьд судлах ёстой сайн кэйс болжээ. Энэхүү хөрөг нийтлэлийг бичихээс хоёрхон долоо хоногийн өмнө ХХБ-аас Э.Жавхланбаярт нэгэн дуудлага ирсэн нь чухам үүнтэй холбоотой байв. Тодруулбал, тус банкныхан зээлийн энэхүү сайн кэйсийг мэргэжилтнүүддээ судлуулахын тулд түүнээс тухайн үеийн зарим тоо баримтаа ирүүлэхийг хүсжээ.
Брэндийн үнэ цэнийг багцална
Халуун хотуудаар хөлсөө дуслуулан явж, ар гэр, үр хүүхдээ мартан бизнес төсөлдөө улайрч, дараа нь АПУ дээр хөглөж, банкныхантай үзэлцэж явахдаа Э.Жавхланбаярын олж харсан тэр “том зураг” чухам юу байсан бэ?
Хэрэглэгч бүр сав баглаа боодол, гялгар уутны салбарын талаар мэдэхгүй ч үйлдвэрлэгчид тэдгээрийг дотоодод үйлдвэрлэхийн ач тусыг маш сайн мэднэ. Монгол Улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг голдуу гадаадад захиалгаар хийлгэж, импортоор авдаг. Гаднын үйлдвэр заавал их хэмжээгээр захиалуулдаг, төлбөрөө урьдчилж авдаг, алдаа гарвал буцаалт хийдэггүй зэрэг хатуу шаардлагатай. Гэвч манайх шиг тээвэр ложистикийн шат дамжлага, өртөг ихтэй зах зээлийн нөхцөлд үргүй зардал гарах, цаг хугацаа алдах эрсдэл өндөр. Харин дотоодод үйлдвэрлэх тохиолдолд тээврийн асуудал гарахгүйгээс гадна хүссэн хэмжээгээрээ шаардлагатай цаг үедээ захиалж, алдаа гарвал үйлдвэрлэгчийг дуудаж ирүүлж засах, эсвэл буцаах боломжтой.
Хоёрдугаарт, сав баглаа боодол, шошго нь тухайн бүтээгдэхүүний брэндийн үнэ цэнийг хадгалах, тодруулах арга хэрэгсэл болдог. Бүтээгдэхүүн бүр дээр брэндинг хөгжүүлэхтэй холбоотойгоор гаднын экспертүүд хөлслөх, үнэтэй дизайн гаргуулах гэх мэтээр их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүн хүч, хичээл зүтгэл шингэсэн байдаг. Энэ бүхний үр дүн сав баглаа боодол, шошго дээр илэрч, хэрэглэгчийн сонголтод шууд нөлөөлөх учиртай. Нэг үгээр, тухайн бүтээгдэхүүний “амин сүнс”, хувь заяа нь сав баглаа боодол, шошгод агуулагддаг гэж болно. Гадаадад захиалж хийлгээд нэг өнгө л зөрүүтэй хэвлэгдвэл брэндингийн хөдөлмөр талаар болж, мөнгө зүгээр л салхинд хийссэнтэй адил болно.
Сав баглаа боодол, шошго нь тухайн бүтээгдэхүүний брэндийн үнэ цэнийг хадгалах, тодруулах арга хэрэгсэл болдог.
Гуравдугаарт, нэг компани хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол бүтээгдэхүүн бүрийн хэрэглэгчдийн тоо, зах зээл, амьдралын мөчлөг нь өөр өөр. Бүгдэд нь зориулж олон тооны сав баглаа боодол захиална гэдэг хэтэрхий хайран, үрэлгэн хэрэг болно. Харин дотоодын үйлдвэрт захиалбал энэ хэрэгцээний шийдлүүдийг богино хугацаанд боловсруулж гүйцэтгэдэг.
Дөрөвдүгээрт, эрүүл ахуйн тал дээр сав баглаа боодол нь хүнсний аюулгүй байдлын салшгүй хэсэг, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл юм. Тиймээс дотоодод үйлдвэрлэхэд эрүүл ахуйн хувьд илүү найдвартай.
Тавдугаарт, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг өөрчлөх, ISO авах, эсвэл ямар нэгэн хууль, дүрэм өөрчлөгдөхөд түүнийгээ сав баглаа боодол, шошгондоо нэмэх, Наадам, Цагаан сар гэх мэт тэмдэглэлт баярын үеэр бүтээгдэхүүн дээрээ хэрэглэгчдэдээ зориулан мэндчилгээ бичих зэрэг олон талын хэрэгцээ бий. Импортоор авч буй тохиолдолд тэр бүрийг шингээн шинээр захиалга хийхэд зардал өсөхөөс гадна агуулахад олноор хуримтлагдсан хуучин загвар нь хог болоод л үлдэнэ.
Цар тахлын үеэр “Царамтайн Арвай” ХХК харилцагчдаа алдахгүйн тулд, тэдэнд өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэж байсан нь ийм учиртай. Хүнс үйлдвэрлэгчид ч сав баглаа боодол, шошгыг дотоодод үйлдвэрлэхийн ач тусыг Ковид-19 цар тахлын нөлөөгөөр сайн ойлгож авчээ. Тухайн үед импортоор сав баглаа боодлоо авдаг байсан олон компанийн бүтээгдэхүүн тасалдсан бол “Царамтайн Арвай” ХХК түүхий эдийн нөөцтэй байсан учраас гэрээтэй ажиллаж байсан үйлдвэрүүдэд тийм асуудал тулгараагүй. Ингэснээр бизнес болон ажилтнуудынх нь орлого тасалдах эрсдэлээс зайлсхийж чаджээ.
Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны мэдээгээр 2023 оны байдлаар манай улс сав баглаа боодлынхоо 50 орчим хувийг импортоор хангаж байна. Мөн онд 300 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бэлэн бүтээгдэхүүн импортолсноос 90 хувийг нь БНХАУ-аас, үлдсэн хувийг ОХУ болон бусад улсаас татан авсан байна.
Өнөөдөр “Царамтайн Арвай” ХХК нь харилцагчдын бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэх, амьдралын мөчлөгийг уртасгах, эрүүл ахуй, ногоон хөгжлийн шаардлага хангах зэргээр давуу талаа бэхжүүлсээр байна.
Технологийн хувьд, өмнө нь зөвхөн импортоор авдаг байсан сав баглаа боодлын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох матте, гялгар хосолсон хэвлэлтэй технологийг 2021 оны тавдугаар сард Монголд анх удаа амжилттай нэвтрүүлж чаджээ. Тэрбээр сав баглаа боодлын чиглэлээр олон улсад нэвтэрч буй сүүлийн үеийн соёл, хандлагыг үргэлж судалж, салбарынхаа олон улсын үзэсгэлэнгүүдэд алгасахгүй очдог. Хамгийн сүүлд л гэхэд 800 мм өргөнтэй, найман өнгөөр хэвлэдэг байснаа 1100 мм өргөнтэй, есөн өнгөөр хэвлэх тоног төхөөрөмжийг суурилуулан технологио шинэчилж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулжээ. Энэ тоног төхөөрөмжийг зах зээлд нэвтрээд удаагүй байхад нь захиалсан олон улсын хоёрдогч, Монголын анхны үйлдвэрлэгч болсон тухай Э.Жавхланбаяр бахархалтай ярилаа.
Хүнд суртлын намгийг туулсан нь
Монголд үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг эр зоригийн асуудал гэж зарим бизнес эрхлэгч хэлдэг. Үүний томоохон шалтгаан засаглал, хууль эрх зүйн орчинтой холбоотой. Энэ талаар олон улсын болоод дотоодын төрөл бүрийн судалгаа, рейтингийн дүгнэлтээс уншиж болно. Тухайлбал, МҮХАҮТ-аас явуулсан “Монголын бизнесийн орчин-2023” судалгааны үр дүнгээр төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад хүндрэлтэй, дүрэм журмууд тодорхойгүй, төрийн байгууллагууд уялдаагүй, хүнд суртал ихтэй байдгийг бизнесменүүд онцолсон. Мөн “Авлигын төсөөллийн индекс-2023”-аар Монгол Улс 180 орноос 121-т жагсаж өмнөх оноос таван байр ухарсан нь ардчилсан бус орнуудтай ижил байгаа юм.
Энэ мэт тооны үр дагаврыг Э.Жавхланбаяр биеэрээ мэдэрсэн нь Эрчим хүчний яамтай холбоотой. Түүнд үйлдвэрийн бүсэд газар авах хөрөнгө байгаагүй учир Хужирбуланд үйлдвэрээ барьжээ. Өргөтгөж буй үйлдвэрийнхээ цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай байлгахын тулд 400 кВА хүчин чадалтай трансформатор суурилуулжээ.
Гэхдээ Улсын комисс хүлээн авах ёстой ч цар тахлын улмаас ирц бүрдэхгүй байсан учир Улсын комисс ажиллахгүй байлаа. Тиймээс Эрчим хүчний яаманд хандаж нэгэн албан тушаалтанд бичгээ өгсөн ч тэр нь цааш уламжлалгүй орхижээ.
Удалгүй зөвшөөрөлгүй трансформатор залгасан гэх үндэслэлээр 176 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Ингэхдээ хэрэглэсэн цахилгаан эрчим хүчээр нь биш, төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадлаар тооцож торгосон байлаа. Энэ нь түүний бизнест ялын тогтоол уншсанаас өөрцгүй байв.
Асуудал дэгдлээ. Э.Жавхланбаяр “Асуудлын ард яаж ийгээд гарах ёстой” гэдэг нөгөө л итгэл үнэмшлээрээ болохоос болохгүйг хүртэл оролдож байв. Учир байдлаа тайлбарлуулсан бичгийг ХХААХҮЯ-аас авч Эрчим хүчний яаманд заасных нь дагуу нэгэн хүнд дамжуулж өгөв. Гэтэл яг тэр асуудлыг хариуцсан албан тушаалтан нь ажлаа өгчихсөн байсныг хожим олж мэджээ.
Үйлдвэр байрласан хороонд хамаарах тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд хүртэл хандаж үзэв. Эцэст нь уг асуудал Засгийн газарт, тодруулбал, салбарын сайдын түвшинд очиж шийдэгдсэнээр Э.Жавхланбаяр 70 сая төгрөгийн торгууль төлөхөөр болжээ. Торгуулиа төлчхөөд цахилгаанаа залгуулахын тулд эхлээд яаманд хүсэлтээ өгч, дараа нь Бөхийн өргөөний орчимд байрлах Зүүн түгээх төвөөс нэг нарийхан бичиг авч, 100 айл орчмоос бас нэг зөвшөөрөл авах гэх мэтээр нэг хэсэгтээ таваргав. Оргил ачаалалтай давхацсан энэ үеэр үйлдвэрийн үйл ажиллагаа нь 12 хоног зогссон байна.
Шошго хэвлэдэг болохоос мөнгө хэвлэдэггүй түүний хувьд 170 саяын торгууль төлөх ямар ч боломж байсангүй. Энэ бол төр засаг дотоодын үйлдвэрээ хүнд суртлын намагт оруулж “нугасалдаг” нэгэн жишээ. Чухам ийм үед олон бизнес эрхлэгч шантарч, олон сайхан санаа унтардаг. Чухам ийм үед олон бизнес эрхлэгч бизнесээ хамгаалахын тулд, эсвэл бизнес эрхлэхгүйгээр мөнгө олохын тулд улс төрийг сонгодог. Зарим нь ёс зүйгээ баримтлан хүнд суртлын намгийг туучих уу, эсвэл төрд өөрөө орж бялуу хуваан, ёс зүй гээчийг мартах уу гэдэг сонголттой (dilemma) тулдаг. Өнгөрсөн 30 гаруй жилд бид төр нь өөрөө бизнесийнхний ажлыг булаадаг, жинхэнэ ажил хэрэгч хүмүүсийн “хүчилтөрөгчийг боож” мөнгө хийдэг ийм л системийг бойжуулсан.
Магадгүй Э.Жавхланбаяр аль нэг албан тушаалтны оймсонд ам.доллар хийчихсэн бол ажил нь хялбар бүтэх байсан болов уу. Гэхдээ л тэр ёс зүйгээ баримтлан хүнд суртлын намгийг туучих сонголт хийжээ. Бизнесийнхээ үнэ цэнийг ойлгосон үүсгэн байгуулагчид, бизнес эрхлэгчид аливаа бэрхшээлээс халширдаггүй ч хүнд суртлын тойрог дотор аргагүйн эрхэнд ядардаг тухай тэр хэлж байв.
Тэр үед өглөө ажилдаа явна гэдэг түүний хувьд өдөр бүр тулаанд орохоор явж буйгаас өөрцгүй байжээ. “Хожим нь би яамны хажуугаар өнгөрөхдөө дотор тавгүйтдэг болсон” гэж Э.Жавхланбаяр ярив.
Итгэлт баяны excel ба бизнесийн төлөвшил
Э.Жавхланбаярт энэ салбарын шаардлагатай мэдлэг, ур чадвар анхнаасаа байгаагүй ч “Энэ л зам мөрөөр зүтгэх ёстой” гэсэн мэдрэмж нь түүнийг хэзээ ч хуурч байсангүй. Тэр эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд санхүүгийн системд 20-иод жилийг өнгөрөөсөн хүн. Түүнээс таван жилд нь мэргэшсэн нягтлан бодогчоор ажиллажээ. Ард санхүүгийн нэгдэлд дотоод хяналтын менежерээр ажилд ороод ганцхан жилийн дараа аудитын албыг бий болгож, удалгүй тэр албаа толгойлох болсон аж. Тэрбээр тоон доторх НО-г гярхай олж чаддаг, түүгээрээ мэргэжлийнхээ хүрээнд нэрд гарсан нэгэн байв.
Нэг үгээр, тэр маш сайн мэргэжилтэн байсан. Гэвч сайн мэргэжилтэн бүр сайн бизнес эрхлэгч болж чаддаггүй. Э.Жавхланбаярын бизнес ч хүүхэд наснаас эхэлж, үйлдвэрээ асааж эхэлсэн өдрөөс л хүний нөөц, хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчинтой холбоотой олон тооны бэрхшээл ар араасаа залгав. Үүн дотроос хамгийн ярвигтай нь хүний нөөц, багаа хөгжүүлэх байв.
Э.Жавхланбаярыг АПУ дээр будилж байхад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг үйлдвэрлэгч хүнд ISO стандарт хэрэгтэй талаар үг цухуйлгаж, энэ тал дээр мэргэшсэн зөвлөх, “Обзерв Консалтинг” ЗҮБ-ын үүсгэн байгуулагч Д.Отгонбаттай холбогдох дугаарыг өгчээ. Компанидаа гурвуулхнаа байсан тэрбээр үүрийн зургаан цагт Д.Отгонбатын оффис дээр очиж ISO нэвтрүүлэх бодолтой байгаагаа дуулгахад стандарт нэвтрүүлэхийн тулд эхлээд түүнийг хэрэгжүүлэх баг байх ёстой гэсэн хариуг авав. Тиймээс багаа бүрдүүлсний дараа дахиад ирээрэй гэж захижээ.
Харин өнөөдөр “Царамтайн Арвай” ХХК 40 гаруй ажилтантай. Эмэгтэй бизнес эрхлэгч, дотоодод шинэлэг зах зээл хөгжүүлж, ажлын байр бий болгож буй гэдгээр нь үнэлж, олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэгэтэйгээр чанарын удирдлагын тогтолцоо – ISO 9001, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо – ISO 22001 стандартыг “Обзерв Консалтинг” ЗҮБ-тай хамтран нэвтрүүлж байна.
Стандарт нэвтрүүлэх гэдгийг энгэрийн тэмдэг зүүхтэй адил бодож явсан үе түүнд бий. Гэвч энэ нь үнэндээ бизнесийг явуулах замын зураг, бизнесийг төлөвшүүлэх чухал хэрэгсэл болохыг ойлгожээ. Заримдаа тэр аль нэг компанитай хамтын ажиллагаа ярихын хажуугаар өөрөө хүргэлт хийж, ачигчийн үүрэг гүйцэтгэх үе цөөнгүй байв. Гэвч “Жем интернэшнл” ХХК, “Витафит” групп, ТЭСО корпорац гэх мэтээр харилцагчийн хүрээ улам томорч, зарим нь экспортын бүтээгдэхүүний хөгжүүлэлтдээ хамтран ажиллах болов. Ингэснээр түүний бизнест тэлэлт, хариуцлага хоёр зэрэг иржээ.
Аливаа бизнес хөгжлийнхөө эхэн үед үүсгэн байгуулагчийн энергиэр голдуу урагшилдаг. Удирдлага ихэнх ажилд оролцож, бүтээж, зааж чиглүүлж анхны үнэнч хэрэглэгчдийг бий болгодог. Нэг үгээр, үүсгэн байгуулагч бизнес дотроо идэвхтэй ажиллаж, бизнес нь түүний эхлүүлсэн ажил, мэргэжлийн томруулсан үргэлжлэл байдаг. Гэвч харилцагчид, ажлын төрөл хоёр нэгэн зэрэг өсөж, мөнгөн урсгал нэмэгдэхийн хэрээр удирдлага бизнес дотроо биш бизнестэйгээ ажиллах хэрэгцээ үүсдэг.
Э.Жавхланбаярын бизнес энэ шатандаа явж байна. Одоо тэр бизнесийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг үүсгэн байгуулагчаас хамааралтай байхыг багасгаж, систем болгон хөгжүүлэх үе иржээ. Наад зах нь нягтлангууд орлого, авлагаараа төрөлжиж байна. Чанарын менежертэй болсноор алдаа гарвал өөрөө тухайн үйлдвэр дээр гүйж очих шаардлагагүй болж байна. Тоног төхөөрөмж шинэчлэгдэхэд, эсвэл шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд заавал түүнийг байлгахгүйгээр өөрсдөө хийгээд, нэгнээ сургаад явах хэмжээний хүний нөөцтэй ч болж чаджээ. Хамгийн чухал нь чиглэл хариуцсан менежерүүдтэй болж, удирдлагын багаа бүрдүүлж эхэлсэн юм.
ISO нэвтрүүлэх болсноор өмнө нь мэдэж байсан ч хэрэгжүүлж чадаагүй, мөн огт сонсоогүй ч маш хэрэгтэй зүйлс гарч ирж буйг тэр ярилаа. Захирал зөвхөн өөрийн мэддэг, чаддагаар бизнесийг хязгаарлаж болохгүйг зөвлөхүүдийн ачаар тэр ойлгодог болсон. “Хэрэв хэрэгтэй цагтаа менежментээ сайжруулж мэргэжлийн хүмүүсээс тусламж авч чадахгүй бол захирал хүргэлтээ хийсэн хэвээр байх болно. Захирал ямар өнгөнд дуртай байх нь бизнест ямар ч хамаагүй. Тиймээс захирлын дуртай өнгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй, хэрэглэгчийн нүдээр харах нь чухал” гэж тэр хэллээ.
Түүний хамгийн сайн мэддэг гэж болох санхүүгийн бүртгэл, мэдээллийн функц хүртэл өмнөхөөс тэс өөр байдлаар өрнөж, процессын хувьд үл таних өнгө болон хувирчээ. Өмнө нь тэр компанийнхаа санхүүгийн мэдээллийг “төлсөн”, “төлөөгүй” гэх мэтээр Еxcel программ дээр өнгөөр ялган бүртгэх арга барилтай байв. Харин санхүүгийн дижитал системийг нэвтрүүлж эхэлснээр тус арга нь өнөөгийн дижитал шийдлүүдтэй харьцуулахад “Итгэлт баяны Еxcel” гэж тодорхойлж болохуйц хуучирсан арга болжээ. Жижигхэн оффис, нимгэн хана, чанга дууны ачаар ажилтнууд хооронд санхүүгийн мэдээллээ “дамжуулдаг” байсан үе өнгөрч, дижитал аргаар санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон тухай хошигнон ярилаа.
Хөргөгч хоосон ч цалингаа тавих ёстой
Хүний нөөц гэдэг өнөө цагт хамгийн их хувьсан өөрчлөгдөж буй ойлголт болж байна. Өмнө нь боловсон хүчин (кадр) хэмээн ярьдаг байсан нь саяхнаас нөөц болж, зарим хөгжингүй зах зээлд хүнийг ажил хөдөлмөрөөр нь дамжуулж хэрхэн аз жаргалтай байлгах тухай ярьдаг болж. Гэхдээ хүний нөөцөд нэг онцгой чанар байдаг. Тэр нь хүнийг буруу удирдвал зардал, зөв удирдвал баялаг болдог зүй тогтол юм. Баялаг болохдоо бизнест ашиглаж буй бусад төрлийн нөөцийг арвижуулдаг. Тиймээс хүндээ хөрөнгө оруулдаг, хүндээ чиглэсэн бодлого, үнэт зүйлс давамгайлсан байгууллагууд илүү амжилт олдог.
Э.Жавхланбаяр санхүүгийн байгууллагад аудитын албыг ахалж байхдаа ажилтныг өршөөлгүй халдаг байсан бол өнөөдөр ажилтнаа алдахаас хамгийн их айдаг болжээ. Албаны дарга байхдаа өндөр цалин авдаг байсан бол өөрөө цалин тавьдаг болсноор үсэнд нь буурал суужээ. Централ товерт ажилладаг “эрлэгийн элч” байсан аудитор Хужирбулан дахь жижигхэн үйлдвэрийн дарга болж, эгэл бор амьдралтай олон ажилтны амьдралын чанар уруудах, өгсөхийг шийдэх хүндхэн хариуцлага үүрэх болов.
Бизнест тоног төхөөрөмж, мөнгөнөөс илүү хүн эрхэм гэдгийг ухаарсан өдрөөс хойш тэр компанидаа “хүн төвтэй” соёл бүрдүүлэхийг зорьж явна. Хамгийн бахархалтай нь таван жил гаруйн хугацаанд энэ компанийг удирдахдаа нэг ч удаа цалингаа хоцроож байсангүй. “Өөрийн маань хөргөгч хоосон байсан ч би цалингаа тавьдаг байсан” гэж ярилаа. “Яагаад гэвэл яг үнэндээ ажилтан хийх ёстойгоо хийсэн бол компани мөнгөгүй байх нь түүнд огт хамаагүй. Тэр хүний хөдөлмөрийн үр шимийг ар гэр нь хүртэх ёстой. Ажилтан цалингаа аваад хүүхдэдээ памперс, гэртээ нүүрс аваад очих ёстой. Ажил хийж л байгаа бол иргэний үнэмлэхээ хүнсний дэлгүүрт барьцаанд орхих ёсгүй” гэж хэлээд хоолой нь зангирав.
Томоохон гэрээ байгуулсны дараа ажилтнуудтайгаа баяраа хуваалцаж, хамтдаа пицца иднэ. Эх, үрсийн баяр болоход дэлгүүрт байгаа бэлэн бэлэг авалгүй, хүүхэд болгонд зориулж тусгай бэлэг боож, энэ чухал ажилд өөрөө оролцоно. “Яагаад гэвэл ажилтнууд өөрсдийн ажлаар бахархах, хүүхдүүд нь аав, ээжийнхээ ажлаар бахархах мэдрэмжийг авах ёстой” гэж тэр онцлов.
Э.Жавхланбаярын ийн ярихыг сонсоод энэ эмэгтэй үйлдвэрлэгчдэд зориулж сав баглаа боодол үйлдвэрлэхээс гадна ажилтнууддаа зориулж өөрийн хайр халамжийг “багцалж” өгдөг мэт санагдсан билээ. Мөн компани өсөн тэлж байхад ажилтны амьдралын чанар ч бас сайжирч байх ёстой гэх зарчмыг тэр баримталдаг.
Хүний нөөцөө шинэ хуудаснаас бэлдэж, олон ч удаа алдаа гаргахад түүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч байв. Гурван шуудай хаягдал гаргачхаад нэг ч бэлэн уутгүй зогсож байсан өдөр тэдэнд бий. Гэхдээ Э.Жавхланбаяр тэртээ тэргүй хоёр, гуравхан тоглогчтой, мэргэжилтнээр хомс энэ зах зээлд өрсөлдөгч компаниас цалин амлаж хүнийг урвуулах талаар бодож байсангүй. Учир нь өөр нэг захирал бас л түүн шиг бэрхшээлийг туулж явааг сайн мэдэж байлаа.
Харин өнөөдөр энэ компанийн хүмүүс ажилдаа эзэн болж, салбартаа хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөж, ажилтныг хайх бус ажилтнууд компанийг нь хайж ирдэг болжээ.
“Царамтайн Арвай”-нхан дэлгүүрт ороод юу хийдэг вэ?
Э.Жавхланбаяр дэлгүүрт ганц сүү авах гэж ороод хоёр, гурван цаг болох тохиолдол байдаг. Тэрбээр дэлгүүрийн лангуун дээр өөрсдийнх нь сав баглаа боодол, шошгыг хэрэглэсэн бүтээгдэхүүн яаж өрөгдсөнийг, ямар харагдаж байгааг, худалдан авагчид хэрхэн сонгож буйг, ер нь сав баглаа боодол, шошгын ямар шинэ шийдэл байгааг шинжээд зогсчих нь бий.
Ажилтнууд нь ч ялгаагүй дэлгүүрт орохоороо “өлөн нүдтэй” болж, хийсэн сав баглаа боодол, шошго нь амьдрал дээр хэрхэн үүргээ гүйцэтгэж буйг ажигладаг сайн дурын хяналтын менежерүүд болж хувирдаг. “Тэрний өнгө нь бүдгэрчихсэн байна лээ”, “Үүний уут нь үрчийчихсэн харагдана лээ”, “Тэр өдөр хэн ээлжид гарсан бэ?” гэх зэргээр ирээд ажлаа дүгнэн хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, “Царамтайн Арвай”-н ажилтнуудын хувьд дэлгүүрийн лангуу нь тэр чигтээ ажиглалт, судалгааны талбар болдог.
Тэдний энэ дадал, соёл нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн нүдээр, цаашлаад зах зээлийн хүлээлтийн өнцгөөс харж сурах хэрэгтэй гэдэг зарчмаас үүдэлтэй. Яагаад гэвэл сав баглаа боодол, шошго үйлдвэрлэл нь мөн чанартаа гоо зүйн өндөр мэдрэмж шаарддаг ажил гэхэд болно. “Царамтайн Арвай” ХХК-ийн цаашдын хөгжил аливаа бүтээгдэхүүний брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатанд түншийн харилцаа хөгжүүлэхэд чиглэж байна. Тодруулбал, тухайн шошго дээр юуг тодруулах, юуг маттаар, эсвэл гялгараар хэвлэхийг урьдчилан зөвлөх чадамжтай болжээ.
Тиймээс өмнө нь харилцагч дизайнаа гаргачхаад тэдэнд ханддаг байсан бол одоо цоо шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж эхлэхдээ л зөвлөлддөг болсон аж. Учир нь тухайн брэндэд шингээсэн үзэл санаа, мэдрэмж хэрэглэгчид гажуудалгүй очиход сав баглаа боодлын үүрэг, түүнийг оновчтой шийдэх эсэх нь амин чухал. Энэ утгаараа Э.Жавхланбаярын бизнес зүгээр нэг сав баглаа боодол, шошго үйлдвэрлээд зогсохгүй харилцагчийн асуудлыг шийдсэн үр дүнтэй харилцаагаар дамжуулж “мэдрэмж багцалж өгдөг” гэж хэлж болно.
Ойрын хугацаанд бизнесээ засаглал, менежментийн хувьд бэхжүүлэх олон ажил түүнийг хүлээж байгаа бөгөөд бизнесийнхээ алсын харааг “Сав баглаа боодлын салбар дахь бүх хэрэгцээг хангах” хэмээн тодорхойлоод байна. Тодорхой хугацааны дараа хувьцаагаа олон нийтэд санал болгохыг ч үгүйсгэхгүй.
Стратегийн хувьд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн тэлэлтэд түлхүү анхаарч захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна өөрийн брэндийн бэлэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг болохоор төлөвлөжээ. Мөн тогтвортой хөгжлийн үзэл санааны дагуу байгальд ээлтэй шийдлүүд түлхүү хөгжүүлэхийг зорьж байна.
“Гоё үг хэлж болно. Гэхдээ түүнийгээ үйлдэл болгох хэрэгтэй. Компани өөрөө засаглал, санхүүгийн тал дээр ажилтнууд болон харилцагчдадаа итгэл өгөхүйц чадамжтай болох ёстой. Энэ чадамжийг бэхжүүлэх нь захирлын хийх гол ажил” хэмээн Э.Жавхланбаяр удирдлагын зорилгоо томьёолов.
Emotional Home
Сэтгэл зүйн шинжлэх ухаанд Emotional Home хэмээх ойлголт бий. Энэ нь тухайн хүн сэтгэл хөдлөлийн хувьд хамгийн их цаг хугацаа, энергиэ зарцуулдаг газар юм. Сэтгэл зүйн үүднээс оршин байх ийм газар нь тухайн хүнийг тухтай, эсвэл тухгүй болгож, бодитоор амьдардаг газраас ч илүү амьдралын чанарт нөлөөлөх нь бий. Жишээлбэл, гутранги үзэлтэн Зайсангийн аманд тансаг хауст амьдардаг байлаа ч сэтгэл зүйн хувд байнгын аюул, түгшүүрт амьдарч болно.
Э.Жавхланбаярын хувьд сэтгэл тэнэгэр байж чаддаг. Emotional Home нь юуны түрүүнд түүний гэр бүл юм. Тэр нэг ах, хоёр эрэгтэй дүүтэй. Айлын ганц охин хэрнээ тэдэн дундаасаа хамгийн “хатуу ширүүн” нь. Аав, ээж нь дөрвөн хүүхдээ атгасан гар шиг хүмүүжүүлж чадсан бөгөөд энэ бизнесийг босгоход ах болон дүү нарынх нь дэмжлэг чухал үүрэгтэй байв.
Тэр бас дөрвөн охинтой. Гэр бүлийн хүнтэйгээ их сургуулийн ширээнд танилцсан. Газрын тосны мэргэжилтэй нөхөр нь хоёр ихрээ төрөөд удаагүй байхад нэг л өдөр маш том шийдвэр гаргачхаад гэртээ орж иржээ. “Би ажлаасаа гаръя. Миний хань мэргэшсэн нягтлан бодогч болж карьераа хөөсөн нь дээр юм байна. Би хүүхдүүдээ харъя” гэж хэлжээ. Ийнхүү дэргэд нь дэмждэг, ойлгодог хүн байсны ачаар Э.Жавхланбаяр ардаа санаа зоволгүй ажил хэргээ хөөцөлддөг байлаа.
Тэрбээр саад бэрхшээлийн дундуур зоригтой туучиж яваа нь яах аргагүй эргэн тойрондоо дэмждэг хүмүүсээр хүрээлүүлсэнтэй холбоотой.
Өнөөдөр Э.Жавхланбаярт цэнэг авах Emotional Home нэг бус бий. Тухайлбал, үйлдвэр дээрээ очвол түүний хувьд л онцгой гэж болох хэвлэлийн машинаас гарах өвөрмөц үнэрийг мэдэрч, гэртээ очоод охиныхоо зулайг үнэрлэж, хэдхэн жилийн өмнө энэ бүхнээ хэрхэн эхлүүлж байсан, одоо ямар болсныг эргэн нэг бодоход л сэргээд ирнэ.
Гэхдээ найз бүсгүйчүүддээ ярихад тохиромжгүй, гэр бүлийнхэн тэр бүр ойлгохгүй, зөвхөн захиралд хамаатай зовлон гэж бий. Өөрөөр хэлбэл, аливаа бизнесмэнд мэдлэг, мэдээлэл солилцож, ажил хэргийн зовлон, жаргал нэгтэй хүмүүстэйгээ ярилцах хүрээлэл, коммюнити хэрэгтэй болдог. Э.Жавхланбаяр ийм хүрээллээ BNI Mongolia-аас олж авчээ. Энэ нь BNI (Business Network International) нэртэй олон улсын хамгийн том бизнес реферал сүлжээний хэсэг юм.
Энэ байгууллагад тэр идэвхтэй гишүүн байж, олон зүйл суралцаж авсан ч компани дээрх ажил, гэр бүлдээ цаг зарцуулах шаардлагын үүднээс удахгүй завсарлах бодол тээж явсан ч нэг өдөр бас л гэнэтийн санал хүлээж авав. Тэр нь уг байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллах тухай байв. Эхэндээ шууд татгалзсан ч өөрийгөө сорьж үзэх сониуч зан нь дийлэв. Өмнө нь ХААН Банкны нэгэн уулзалтад хэсэг захирлуудын өмнө илтгэл тавьж айдсаа даван туулсан тэр л мэдрэмжээ тогтмол мэдрэх юм шиг санаж хорхой нь хүрчээ. Тэрбээр “Олон хүн надад итгэж байхад яагаад болохгүй гэж? Захирлуудыг манлайлж чадах эсэх дээр өөрийгөө соримоор байна” гэж энэхүү гэнэтийн шийдвэрээ тайлбарлав.
Харин компаниа яагаад “Царамтайн Арвай” гэж хуучны маягаар нэрлэсэн нь ч огтхон ч гэнэтийн хэрэг биш аж. Түүний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Царамтай хэмээх нэртэй хайрхан уул бий. Зээл хөөцөлдөж зургаан банкнаас татгалзсан хариу аваад байхдаа Царамтай хайрхандаа очиж арвай будаа өргөн залбирч, хэрэг бүтсэний дараа ирээдүйн бизнесээ ийн нэрлэхээр шийджээ.
Нээрэн л өнөөдөр түүний үйл хэрэг арвай будааны адил үржиж, дэлгэрч явна.