Эмэгтэй хүүхдүүдээс “Чи том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ” гэж асуухад ихэнх нь багш, эмч, сэтгүүлч гэх мэтээр хариулдаг. Эдгээр мэргэжлээр манлайлагч болсон эмэгтэйчүүд олон учраас охид тэднээс үлгэр дуурайлал авч, тэдэн шиг болохыг зорьдог. Гэтэл бүсгүйчүүд яагаад технологийн салбарт ажиллаж лидер болж болохгүй гэж? Мэдээж болно. Харин зөвхөн Монгол гэлтгүй бусад улсад ч гэсэн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд бага хувийг эзэлж байна.
Тодруулбал, дэлхий даяар компьютер технологийн салбарт ажиллаж буй нийт хүмүүсийн 21 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин манай улсын хувьд 25 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Мөн жил бүр мэдээллийн технологийн салбарын мэргэжлээр төгсөж байгаа оюутны 20 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
Монгол улсын технолгийн салбарт ажиллаж буй нийт хүмүүсийн 25 хувь нь эмэгтэйчүүд байна
Яагаад эмэгтэй хүн технологийн салбарт ажиллах нь ховор байна вэ?
Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, охидод үлгэр дууриалал болох эмэгтэй багш, эмэгтэй дүр хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ салбарын тухай мэдлэг мэдээллийг охидод дунд ангиас нь эхлэн чиглүүлмээр байна гэж “Empasoft” компанийн компанийн үүсгэн байгуулагч Ц.Баатар үзэж байна.
“Empasoft” компанийн хувьд Монголд анх удаа технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг уулзуулсан “Mongolian Woman in Tech” арга хэмжээг зохиосон юм. Үүнийг тус компанийн эмэгтэй ажилчид санаачилсан бөгөөд олон улсын эрсдэлийн менежер буюу CISM-ын сертификатыг дэлхий даяар ердөө 32 мянган хүн эзэмшдэгийн монгол дахь цор ганц эмэгтэй, 1000 хувьцаа эзэмшэгчтэй “Itools” компанийн захирал, системийн инженер ээж, Цахим худалдаа хөгжлийн төвийн захирал, системийн архитект зэрэг мэдээллийн технологийн салбарт тэргүүлэх байр суурьтай эмэгтэйчүүд оролцсон.
Охидод үлгэр дууриалал болох технологийн эмэгтэй багш, эмэгтэй дүр хэрэгтэй
Бид IT-н салбарын хүнийг 30 гаруй насны, нүдний шилтэй, ганц бие, Кока Кола уусан, бургер пицца идэж, гэртээ огт харьдаггүй мэтээр төсөөлдөг. Гэтэл царайлаг, дэгжин, нүдээрээ инээмсэглэсэн эмэгтэйчүүд байх бөгөөд тэд цөөхүүлээ ч гэлээ уг салбарт цахиур хагалан ажиллаж байна. Инженер хүмүүст нийтлэг байдаг зан чанар нь үг, дуу цөөтэй байдаг шүү дээ. Тэд ярихдаа тааруу. Систем доголдсон, гацсан, унтарсан, алдаа заасан л гэж ярьдаг. Энэ ч утгаараа, анх удаа болсон технологийн салбарын эмэгтэйчүүдийн уулзалтад оролцож олны өмнө илтгэл тавьсан IT-н эмэгтэйчүүд сандарч байсан. Харин яг технологийн тухай, ажлынхаа тухай ярихдаа хэнээс ч дутахгүй хамгийн шилдэг илтгэгч болж хувирсан юм. Мэдээж тэд Монголын технологийн салбарт хөдөлмөрлөж, амжилтад хүрэхийн тулд хичээж буй эгэл жирийн эмэгтэйчүүд юм.
Хөдөлмөр эрхлэх насны дийлэнх эмэгтэйчүүдэд хоёр том сонголт тулгардаг. Хувийн карьер хөөж ажил хийх үү, эсвэл үр хүүхдээ асарч, гэрийн сайн эзэгтэй болох уу? Тиймээс уг арга хэмжээний гол сэдэв нь эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдээ ажил карьертайгаа хэрхэн зохицуулах тухай байсан юм. Илтгэл тавьсан эмэгтэйчүүд энэ талаар өөр өөрсдийн бодол болон туршлагаа хуваалцлаа. Тухайлбал, Төрийн банкны Мэдээлэл технологийн аудитор Х.Сувдаа технологийн эмэгтэйчүүдэд хандан карьераа төлөвлөхдөө нэгд зорилготой байх, хоёрт тууштай байх, гуравт хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн. Учир нь IT, технологийн салбар нь тухайн хүний ур чадварт суурилсан, тууштай байдлыг дандаа шаарддаг, олон удаагийн бүтэлгүйтлийн үндсэн дээр бүтдэг ажил.
Түүнчлэн зарим эмэгтэйчүүд дэмий юманд стрессддэг. “Ингэж өөрсдийгөө зовоож байснаас бусадтай өрсөлдөх, бусдаас хоцролгүй шургуу ажиллах гэх мэт өрсөлдөөний зүйлд өөрсдийгөө стрессдүүлж, түүний хэрээр өсөж байх хэрэгтэй” гэж Itools компанийн захирал Б.Тамир хэлж бусдад эрч хүч, инээд хөөрийг бэлэглэсэн юм. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн эрчүүдтэй өрсөлдөх хамгийн том чадвар нь нээлттэй ярилцаж, бүх хүмүүстэй ижил төвшинд харилцах гэж үзэж байна.
Технологийн салбарын бас нэг онцлог нь таниас эрсдэл буюу зоригийг байнга шаарддаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү нухацтай, сахилга баттай байдаг нь нэг талаар давуу тал болдог ч нөгөө талаар тэднийг “банк” шиг болгодог. Энэ нь эмэгтэйчүүдэд шинэ боломжийг алдалгүй ашиглах, шат ахихад нь саад болдог. Тиймээс “Эмэгтэйчүүд, тэр дундаа технологийн эмэгтэйчүүд олдсон боломж болгоныг ашиглах гэж оролдож байх, эрсдэлээс айхгүй зоригтой байх хэрэгтэй” гэж “Дэйл Карнеги Трэйнинг Монгол” компанийн сургалт хариуцсан захирал Э.Чинзориг хэлж байлаа.
Эмэгтэйчүүд яг банк шиг. Үргэлж эрсдэл тооцоолж байдаг. Гэтэл технологийн салбар таниас үргэлж эрсдэл буюу зориг шаарддаг
Холын хүнээс үг сонс гэдэг шиг технологийн салбарт амьдралаа зориулсан энгийн даруу монгол эмэгтэйчүүдээс уг салбарт ажиллахаар зорьсон, ажиллаж эхэлж буй гэх мэт олон эмэгтэйчүүд урмын сайхан үг, сэтгэлийн дэмийг олж авсан.
“Empasoft” академийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан “Mongolian woman in tech” арга хэмжээний хамгийн чухал үр дүнг “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн нөлөөллийг нэмэх, тэдэнд тэгш боломжийг олгох шат дараалсан арга хэмжээг зохиох” гэж хэллээ. Учир нь ”эрчүүдийн” гэх ойлголт нийгэмд нэгэнт тогтсон мэдээлэл технологийн салбарт тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллана гэдэг бүсгүй хүний хувьд амаргүй. Гэтэл энэ салбарт ч гэсэн эмэгтэй хүний нарийн ухаан, чамбай байдал хэрэгтэй. Тодруулбал эмэгтэй хүний тууштай, сахилга баттай, тогтвортой байдал нь тулгамдсан асуудлууд дээр оновчтой үр дүнг гаргах боломжтой. Хоёрдугаарт, ээж болсон эмэгтэйчүүд аливаа асуудал тулгарахад сэтгэлээр амархан унадаггүй, эцсийг нь үздэг, үр хойчдоо хэрэгтэй технологиуд руу эрч хүчээ зарцуулах хүсэлтэй байдаг аж. Тиймээс дэлхийн технологийн том компаниуд эмэгтэй ажилчдыг аль болох дэмжиж, тэдэнд боломж олгож байна. Тухайлбал, онлайн худалдааны Amazon компанийн ажилчдын 37 хувь, Ebay компанийн 42 хувь, Linkedin компанийн 31 хувь нь эмэгтэйчүүд юм.
Дэлхийн технологийн том компаниуд эмэгтэй ажилчдыг аль болох дэмжиж, тэдэнд боломж олгож байна
Одоогоор технологийн эмэгтэйчүүдийн технологид үүсгэж буй үнэ цэн Google-ийн хэмжээнд биш хэдий ч тэд олуулаа болвол тэр хэмжээнд очиж чадна. “Интерактив” ХХК-ын системийн архитект Т.Номин-Эрдэнэ хэлэхдээ “ Миний бүтээсэн софтвэйр хэрэгтэй учраас хүмүүс хэрэглэж буйд баярладаг. Би өөрийнхөө бүтээж буй үнэ цэнийг түрүүнд тавьдаг” гэсэн юм. Одоогоор эрэгтэйчүүд давамгайлсан технологийн салбар нь эрчүүд рүү чиглэсэн технологи ихтэй. Харин технологийн салбар дахь эмэгтэйчүүд олуулаа болохын хэрээр эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд зориулсан технологийн зах зээл бий болж илүү тэнцвэртэй орчин бүрдэнэ. Тиймээс мэдээлэл технологоор бүхнийг хийдэг болох цаг ирж буй энэ үед үнэ цэнтэй технологи бүтээх эмэгтэй таны оролцоо, хичээл зүтгэл хэрэгтэй байна.