– Business.MN сэтгүүлийн 2024 оны 03 дугаар сарын дугаар (№64) -т хэвлэгдсэн нийтлэл –
Томоор мөрөөдөж, зоригтой алхаж чаддаг, асар их тэмүүлэлтэй эмэгтэй хэмээн түүнийг тодорхойлоход буруудахгүй. Улаанбаатар хотын зүрхэнд байрлах Central Park барилгын 13 давхар дахь “Лхам” галерейд түүнтэй ярилцан суухад чухам ийм л сэтгэгдэл төрсөн юм. Монголын анхны олон улсын контемпорари урлагийн галерей хэмээх тодотголтой “Лхам” галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэнтэй уулзсан нь энэ бөгөөд түүнтэй ярилцан суухад цаг мэдэгдэлгүй өнгөрч байлаа. Эзэмшсэн боловсрол, ажилласан туршлага, сониуч зантай хосолсон тэмүүлэл, түүний төлөөх ухаалаг алхмууд нь орчин үеийн ажил хэрэгч залуу бүсгүйн гол имижийг бүрдүүлэх аж.
Галерейгаа нээгээд удаагүй ч жил хагасын ахархан энэ хугацаанд тэрбээр багийн хамт асар олон ажлыг амжуулж, далайцтай алхмуудыг хийхдээ олон улсын галерейн жишгээр тодорхой дэс дараалал, эмх цэгцийг эрхэмлэн мэргэжлийн түвшинд ажиллаж буй. Үүний үр дүнд, дэлхийн хамгийн том урлагийн платформд тооцогдох Artsy -д хүлээн зөвшөөрөгдөж, вэбсайтад нь албан ёсоор байршсан Монголын анхны галерей болжээ. Ингэснээр дэлхийн урлаг сонирхогчид, мэргэжлийн хүрээнийхэн Artsy.net -ээс “Лхам” галерейн болон хамтран ажилладаг уран бүтээлчдийн талаарх мэдээлэлтэй нэг дороос танилцах боломж нээгдээд байна.
Санхүү, стратеги, хөрөнгө оруулалтын чиглэлээр Английн King’s College London, Оксфордын их сургууль тэргүүтэй гадаад, дотоодын их сургуульд суралцаж дөрвөн ч магистрын зэрэг хамгаалсан М.Нацагсүрэн олон улсын түвшинд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ цэвэр өөрийн хүсэл сонирхол, дотоод эрмэлзэлд тулгуурлан “Лхам” галерейгаа нээж, том амбиц тээн ажиллаж буй. Ингээд санхүүч мэргэжил, урлагийн сонирхлоо хослуулан асар завгүй ажил, амьдралын хэмнэлээр улс, тив дамнан ажилладаг түүнтэй хөөрөлдсөнөө сийрүүлэн хүргэе.
Тив дамнасан тэмүүлэл
Франц, Парис: Өнгөрсөн аравдугаар сард Франц улсын нийслэл Парис хотноо зохиогдсон урлагийн долоо хоногийн үеэр “Лхам” галерей анхны олон улсын үзэсгэлэнгээ урлаг судлаач, доктор Кристианна Бонины дэглэснээр тун амжилттай толилуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд 150 гаруй зочид хүрэлцэн ирсний дотор oлон улсын зарим музей, галерейн удирдлагууд, кураторууд болон Соёлын сайд Ч.Номин, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастьян Сүрүн нар багтаж байв. Энэ бол монгол галерей олон улсын хэмжээний үзэсгэлэн гаргаж буй анхны тохиолдол болсноороо онцлог. Монголчуудын тэнгэр өөд сэтгэлийн сүүн цацал өргөх ёсыг бэлгэдэн “Цагаан сүүгээр хөх тэнгэрээ мялаах” хэмээн нэрлэсэн уг үзэсгэлэнд Монголын орчин үеийн урлагийн төлөөлөл болсон зургаан уран бүтээлчийн бүтээл багтсан бөгөөд өмнө дурдсан “Лхам” галерейн бүтээлч захирал, куратор Кристианна Бонин уран бүтээлчдийг сонгон шалгаруулсан байна. Мөн үзэсгэлэнгийн хамтрагчаар Олон улсын уран зургийг хөгжүүүлэх холбоо буюу IADA (International Art Development Association) оролцжээ. “Лхам” галерейн хувьд зөвхөн эхлэл болсон энэхүү томоохон ажлын араас төлөвлөж, зорьж буй олон төсөл нь тэднийг хүлээж байгаа юм.
Швейцарь, Цюрих: Швейцарийн Цюрих хотын томоохон музейн нэг Rietburg -т ирэх онд Монголын талаар сэдэвчилсэн том хэмжээний үзэсгэлэн зохион байгуулахаар тэд ажилдаа ороод байна. Энэхүү үзэсгэлэнд “Лхам” галерей, тэр дундаа, М.Нацагсүрэнг төлөөлөгчөөр сонгосны хүрээнд тэрбээр туслах куратор, партнераар ажиллаж эхлээд буй. Үзэсгэлэн дэлгэхтэй холбогдуулан Монголын орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлээс сонгон шалгаруулах үйл явц удахгүй эхлэх аж. Мөн энэ ажилтай холбогдуулан М.Нацагсүрэн тун удахгүй Цюрихийг зорих гэж буйгаа ярилцлагын үеэр онцолж байв.
Тасралтгүй суралцагч
Өнгөрсөн найман жилийн хугацаанд М.Нацагсүрэн Англи, Хонконгийн хөрөнгө оруулалтын сангуудад ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулаад амжжээ. Харин яг одоо тэрбээр “Лхам” галерейн ажлынхаа хажуугаар Сингапурын нэгэн хөрөнгө оруулалтын санд ажиллаж буй. Боловсролын тухайд Английн King’s College London, Оксфордын их сургууль тэргүүтэй гадаад, дотоодын их сургуульд санхүү, стратеги, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж дөрвөн ч магистрын зэрэг хамгаалжээ. Магадгүй “Би их сониуч, суралцах дуртай, аливааг шинэлэг талаас харахыг эрмэлздэг хүн. Мөн мэдэхгүй зүйлээ мэдэхийн төлөө үргэлж тэмүүлж байдаг” хэмээн өөрийгөө тодорхойлсон нь түүний харьцангуй залуудаа энэ хэмжээнд боловсорч, тасралтгүй суралцаж чадсаных нь хариулт болов уу. Үндсэн ажил мэргэжилдээ дуртай ч дотоод сэтгэлийн дуудлагаар урлагийн салбарт хөл тавьсан тэрбээр цаашид урлагийн зах зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр Францад докторын зэрэг хамгаалахаар мөрөөдөж буйгаа хуваалцаж, франц хэл сурч эхэлсэн талаараа ч дуулгалаа. “Би урлагт их хайртай хүн. Миний эзэмшсэн мэргэжил маань тэс өөр ч эрт, орой хэзээ нэгэн цагт урлагийн салбартай холбогдон ажиллах ёстой л байсан юм шиг. Яаж ийгээд л огтлолцсон. Энэ салбарт ажиллаж буй хүн франц хэл заавал сурах ёстой гэдгийг яваандаа ойлгосон учраас дээрх алхмыг эхлүүлсэн” гэлээ.
“Удам дамжсан” боловсрол
М.Нацагсүрэн багаасаа урлагт хайртай охин болон өсөхөд гэр бүлийнхэн нь их нөлөөлжээ. Аав, ээж нь урлагийн хүмүүс биш, шинжлэх ухааны докторууд хэдий ч охиноо урлагт хайртай, урлагийн боловсролтой нэгэн болгоход багаас нь анхаарчээ. Тиймдээ ч бяцхан М.Нацагсүрэнгийн урлагтай холбогдсон түүх харьцангуй эрт эхэлсэн юм. Анх найман настайдаа “Кармен” дуурь үзэж байснаа тэр тод санадаг. Эндээс түүний сонгодог урлагт дурлах “аялал” эхэлсэн гэж хэлж болно. Аав, ээж нь магистр, улмаар докторын зэргээ хамгаалахаар Америкийг зориход охин зургаан настай байв. Тэнд эцэг, эхээ даган дуурь, балет, музей, үзэсгэлэн үзэж урлагт нэгэнт дурласан охин өсвөр насандаа эх орондоо эргэн ирсэн байна. Хэдий гэр бүлийнхнийхээ зөвлөснөөр санхүүгийн мэргэжил сонгосон ч урлагийг гэх халуун сэтгэл нь оршсоор, амьдралынх нь салшгүй нэг хэсэг хэвээр үлджээ.
Би урлагт их хайртай хүн. Хэдий эзэмшсэн мэргэжил маань тэс өөр ч эрт, орой хэзээ нэгэн цагт урлагийн салбартай холбогдон ажиллах ёстой л байсан юм шиг. Яаж ийгээд л огтлолцсон.
Тиймээс ч дэлхийн урлагийн төв болсон Нью-Йорк, Лондон хотуудад суралцах хугацаандаа цаг л гарвал музей, галерей, дуурь, балет үздэг байв. Хүмүүс сонгодог урлаг сонирхох нь харьцангуй бага тул ганцаараа ч хамаагүй яваад л үзчихдэг байж. Тэр ч бүү хэл 21 настайдаа анх ажилд орж, анхны цалингаа бүхэлд нь хоёр ширхэг уран зураг худалдан авахад зарцуулж гэрийнхнийгээ гайхшруулж байсан удаатай. Эндээс л гэр бүлийнхэн нь түүний урлагийг гэх чин сэтгэлийг ойлгож, хүндлэх болсон гэдэг. Тэр цагаас хойш М.Нацагсүрэн урлагийн бүтээл бага багаар цуглуулж, өөрийн гэсэн хувийн жижиг цуглуулгатай ч болоод амжиж. Аав, ээж нь түүнд зөвхөн урлагийн боловсрол олгох бус ухаантай, хүлээцтэй байхыг захиж ирсэн нь сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй буруу шийдвэр гаргахаас зайлсхийж, аливаад хүлээцтэй, тайван, ухаалаг хандахад сургасан талаар тэр мөн хуваалцаж байв. Түүнчлэн эмэгтэй хүний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол эрдэм мэдлэг гэдгийг ойлгуулж өсгөсөн нь тасралтгүй суралцагч болоход нөлөөлж, боловсролын зам мөр нь урт удаан байх үндсийг тавьжээ.
Олон улсын туршлага
Аливааг маш хурдан амжуулж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэн ажилладаг тэрбээр цаг үрэх дургүй, цагийн үнэ цэнийг гойд эрхэмлэдэг хэмээн хариулсан нь тийм ч гайхмаар зүйл биш байлаа. М.Нацагсүрэн ажлын өдрийн дийлэнх цагаа галерейн үйл ажиллагаа, Сингапурын хөрөнгө оруулалтын сантай холбогдох ажлууддаа зарцуулдаг ч цагийн зөрүүнээс шалтгаалж оройн цагаар олон улсын хурал, уулзалтад оролцох нь цөөнгүй. “Лхам” галерейн ажил хэргээ ч яг л олон улсын стандартын дагуу явуулж, хамтран ажиллах уран бүтээлчдийг сонгон шалгаруулах үйл явцыг мэргэжлийн хүнд нь буюу доктор Кристианна Бонинд хариуцуулжээ. Тиймдээ ч тус галерейд дэлгэгдэж буй бүхий л үзэсгэлэн Кристианна Бонины дэглэснээр олонд хүрч буй. Мөн тухайн үзэсгэлэн нийтэд хүрэх хугацаанд маркетинг, сурталчилгааны бүхий л ажлыг галерейнхан өөрсдөө хариуцдаг бөгөөд уран бүтээлчээс ямар нэг зардал гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, “Лхам” галерей тухайн уран бүтээлчийг 100 хувь төлөөлж ажилладгаараа Монголдоо анхдагч болж буй.
Тодорхой уран бүтээл худалдан авахад хүн маш их хөрөнгө зарцуулдаг. Тиймээс тэр бүхэн хөрөнгө оруулалт байх ёстой.
Үүний зэрэгцээ хамтран ажилладаг уран бүтээлчид болон тэдний бүтээлийн талаар онцолсон мэргэжлийн түвшний нийтлэлүүдийг олон улсын сэтгүүлүүдэд илгээж, хэвлүүлж буй зэргээс ажилдаа хэр мэргэжлийн, нухацтай ханддаг нь анзаарагдана. “Лхам” галерейн энэ бүх үйл ажиллагаанд М.Нацагсүрэн болон Кристианна Бонин нарын олон улсын түвшинд ажиллаж ирсэн туршлага, нетворкинг ч ихээхэн нөлөөлж буй нь тодорхой биз ээ.
Урлагийн ертөнц дэх хөрөнгө оруулалт
“Монголд хувийн цуглуулагчид тодорхой хэмжээнд бий. Гэхдээ юу цуглуулж буйнхаа мөн чанарыг ойлгож буй байдал заримдаа дутмаг санагддаг. Мэдээж хэрэг урлагийн бүтээлийг заавал гүн гүнзгий ойлгосны үндсэн дээр худалдан авах шаардлагагүй. Тухайн хүнд зүгээр л таалагдсан учраас худалдан авч болно. Гэвч энэ бүхний хажуугаар трэнд дагах үзэгдэл мэр сэр анзаарагддаг нь харамсалтай. Трэнд бол трэнд. Тодорхой хугацааны дараа байхгүй болно. Гэтэл аливаа уран бүтээл худалдан авахад хүн маш их хөрөнгө зарцуулдаг. Тиймээс тэр бүхэн хөрөнгө оруулалт байх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл, цааш үнэ цэн нь тасралтгүй нэмэгдэж байдаг, өндөр чанартай, бүтээл гэдэг үүднээсээ дээд түвшинд байгаасай гэж хүсдэг.
Заавал өндөр үнэтэй байж л тухайн уран бүтээл үнэ цэнтэй, өндөр түвшнийх гэсэн үг биш. Монголд үнийн хөөрөгдөлт маш их байна.
Зарим хүн урлагийн бүтээл болон декор артыг хооронд нь хольж сольж ойлгох тохиолдол ч бий. Энэ бол маш харамсалтай. Учир нь худалдан авч буй хүн өөрөө давхар хохирч байна гэсэн үг. Энэ ч үүднээс бид хувийн цуглуулгаа бүрдүүлж буй хүмүүст нэмэлт мэдээлэл олгодог. Хоёрт, манай галерейгаас худалдан авч буй уран бүтээл үнэ цэнээ тогтвортой хадгална гэдэг хамгийн чухал. Тиймээс ч бид олон улсын куратортай хамтран ажиллаж байна. Гуравт, таны худалдан авсан бүтээл хөрөнгө оруулалт болж чадна гэсэн үнэ цэнийг бид олгож буй.
Нөгөө талаар, заавал өндөр үнэтэй байж л тухайн уран бүтээл үнэ цэнтэй, өндөр түвшнийх гэсэн үг биш. Монголд үнийн хөөрөгдөлт маш их байна. Энэ бол буруу. Зохицуулалт байхгүй учраас нэг зураг маш үнэтэй, нөгөөх нь тун бага гэх мэтээр зах зээлийн дундаж үнэ гэх ойлголт алга. “Лхам” галерейн хувьд хэт хөөсөрсөн үнээс зайлсхийж, олон улсын зах зээлтэй үнийн харьцуулалт их хийж байж бодит үнээ тогтоож байна. Энэ утгаараа томоохон цуглуулагчдад зориулсан бүтээлүүдээс гадна сонирхсон хэн ч цуглуулга үүсгэх боломжтой, үнийн хувьд олон төрлийн сонголт бүхий бүтээлүүд манай галерейд бий. Бид чанартай, үнэ цэнтэй бүтээлүүдийг багцлан хүргэдгээрээ ялгардаг”.
Дотоод сэтгэлийн дуудлага
“Лхам” галерейн бас нэг томоохон зорилго бол урлагийн боловсрол түгээх. Тэр дундаа, залуучуудад хандсан ажлуудыг түлхүү хүргэхийг чухалчилдаг. Энэ утгаар нэгдүгээрт, урлагийн боловсрол олгох үнэ төлбөргүй лекцүүд олон нийт, залуучуудад зориулан хүргэх. Хоёрт, уран бүтээлчид буюу мэргэжлийн хүрээнийхэнд зориулсан лекцүүд тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна уран бүтээлчид, урлагийн чиглэлээр судалгаа хийдэг доктор, профессоруудыг урьж мэргэжлийн яриа өрнүүлэх, тодорхой уран бүтээлийг тайлбарлуулан таниулах зэргээр чөлөөт сэтгэлгээний орон зай бүрдүүлэхийг хичээж буй.
“Лхам” галерейнхан зөвхөн уран зураг, инстолляц чиглэлээр үйл ажиллагаа явуулах бус дэргэдээ “Лхам” ТББ -ыг үүсгэн байгуулж, уран зураг, сонгодог хөгжим, утга зохиолын хөгжилд чиглэсэн ажлууд цаашид хийнэ гэдгээ ч онцолсон юм. Галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэнгийн хувьд, салбарынхаа ирээдүйн хөгжлийг өөдрөгөөр хардаг. Эртний мөрөөдлөө биелүүлж, цэвэр дотоод сэтгэлийн дуудлагаараа урлагийн салбарт хөл тавин ажиллаж буйдаа тэр туйлын баяртай байдаг. Тиймээс ч Монголд улам олон галерей нээгдээсэй, уран бүтээлчид, урлаг судлаач, шүүмжлэгчид илүү олноороо төрөн гараасай гэж хүсдэгээ хуваалцсан юм. Тэгж байж л энэ салбар, энэ зах зээл эрүүл зөв хандлагатай болно гэдгийг онцолж байв.
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 03 дугаар сарын дугаар (№64) -т хэвлэгдсэн нийтлэл –